Нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулсан төрийн үйлчилгээ
-------------------------------------------------------------------------------------------------------
Хос хэлний боловсрол
Үндэсний цөөнхийн хэл, соёлоо хадгалж хөгжүүлэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Энэ эрхийг хангах үүднээс үндэсний цөөнхийн хүүхдүүдэд хос хэлний боловсрол олгох бодлого хэрэгжиж байгаа бөгөөд энэ бодлогын хэрэгжилтэд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-тай хамтран үнэлгээ хийлээ.
Баян-Өлгий аймгийн сургуулиудыг хамруулсан энэ судалгаагаар хос хэлний боловсрол Монголд эхлэл төдий байгаа нь харагдлаа. Хос хэлний боловсролын үзэл баримтлал, бодлогын чиглэл хэт ерөнхий байгаа нь хэрэгжилтийн түвшинд бэрхшээл үүсгэж байна. Одоогийн байдлаар казак хэлний хичээлд ногдох цагийн нөөцийг хуваан монгол хэлний хичээлд ногдуулж байгаа нь хос хэл эзэмшин ялгаатай соёлын хэв маягийг судалж ойлгоход хангалтгүй юм. Цаашилбал, монгол хэлээр сургалт явуулах бэлтгэл хангагдсан багш дутагдалтай, хос хэлний сургалтын арга зүйд суурилсан сурах бичиг байхгүй, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх ажил хоцрогдож байгаа зэрэг нь танхимын сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Судалгааны үр дүнд тулгуурлан хос хэлний боловсролын үзэл баримтлал, түүнд нийцсэн хос хэлний боловсролын агуулга, арга зүйг боловсруулж багш нарт зориулсан хөтөлбөрт тусгах шаардлагатай байна. 2010 онд “Казак хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийг баталж, Боловсролын Хүрээлэнгийн дэргэд Хос хэлний нэгж байгуулсан нь бодлогын өөрчлөлт хийхэд чиглэсэн эхний чухал алхам юм. Хос хэлний боловсрол нь цөөн хэдэн цагийн монгол хэлний хичээл зааснаар хязгаарлагдах төдий биш казак хэл, соёлыг хадгалахын зэрэгцээ монгол хэлийг дээд боловсрол олох, хөдөлмөрийн зах зээл дээр бусадтай эн тэгш өрсөлдөх түвшинд эзэмшин соёлыг ойлгон хүндэтгэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр байх ёстой. Энэ талаар гадаадын арвин туршлагыг судалж, өөрийн орны нөхцөл, боломжид нийцсэн хувилбар боловсруулахад бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах, мэдээлэл түгээх зэрэгт 2011 оны ажлаа чиглүүлэхээр төлөвлөж байна.
Тусгай хэрэгцээт боловсрол
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь сургуульд сурч чадахгүй, гэртээ голдуу байдгийг харуулсан олон судалгаа бий ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Үүний нэг шалгаан нь тусгай хэрэгцээт боловсролын эрх зүйн орчин сул, сургалтын зохицуулалт дутмаг байгаад оршиж байна гэж дүгнэн ННФ бусад ТББ-тай хамтран бодлогын нөлөөллийн ажил хэрэгжүүлж эхэллээ. “Боловсролд Тэгш Хамруулахын Төлөө” ТББ-уудын сүлжээтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын нөхцөл байдал, эрх зүйн орчинг хэлэлцэн дүгнэх, энэ чиглэлээр ТББ-уудын хэрэгжүүлж байгаа санаачилгуудыг нэгтгэх уулзалтууд хийж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамны /БСШУЯ/ түвшинд хамтран хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөж эхлээд байна. Сүлжээний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж буй Их Британийн хилийн чанад дахь сайн дурынхны байгууллагатай хамтран БСШУЯ-ны мэргэжилтэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлаар ажилладаг дотоодын ТББ-уудтай хамтран цуврал уулзалт хийхийн зэрэгцээ ННХ-ийн Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санаачилга гаргаад байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж
2010 онд ННФ эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, түүнд эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэж буй үүрэг, даатгалд хамрагдахад саад болж буй хүчин зүйлс зэрэг асуудлыг хотын захын хорооллын баримт жишээн дээр судлан илрүүлэх зорилготой судалгааг хэрэгжүүлээ. Энэ судалгааг Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль /ШУТИС/-ийн судлаач багш нартай хамтран Сонгино Хайрхан дүүргийн ажилгүй, ядуу, шилжин суурьшигч ихтэй хоёр хорооны нутаг дэвсгэрийг хамруулан хийв.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл дундуур байна. Иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн даатгалтай ч даатгалын ач холбогдлыг бодитойгоор мэдрэхгүй байгаа нь ийм дүгнэлтэд хүргэлээ. Даатгалтай эсэхээс үл хамааран үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь эмнэлгээр үйлчлүүлэхдээ нэмэлт төлбөр төлдөг байна. Эм, тариа тасарсан үед өөрсдөө худалдаж авах, эмнэлгийн ихэнх ор төлбөртэй болсон тул аргагүйн эрхэнд төлбөр төлж хэвтэн эмчлүүлэхээс авахуулаад шинжилгээ өгөх бүртээ 500-8000 төгрөг, цахим карт нээлгэхэд 2500-3500 төгрөг төлдөг ажээ. Үүний хажуугаар улсын эмнэлгийн эмч, ажилтнуудын хайхрамжгүй хандлага, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зан харьцаа нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж байна.Улмаар боломжтой бол хувийн эмнэлгээр төлбөртэй үйлчлүүлэх нь цаг хэмнэх, эмчилгээний үр дүн илүү байх зэрэг давуу талтай гэж олон хүн хариулжээ.
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой хуримтлагдаад байгаа зарим асуудлыг бодлогын болон мэдээлэл сурталчилгааны арга хэмжээгээр шийдэх боломж байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан хүмүүс тасалдсан хугацааны шимтгэлийг нөхөн төлж байж дахин даатгуулах шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул энэ өрийг хуримтлагдаас нь өмнө “Хүний хөгжлийн сан”-гаас гаргуулах боломжийг судалж үзэхийг судлаачид санал болголоо. Мөн даатгалтай хүмүүс бүхий л төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах ёстой гэсэн хүлээлт үүсээд байгаа нь хуулийн сурталчилгаа хангалтгүй байгаагийн илэрхийлэл юм. Даатгалтай иргэд эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг өөрсдөө төлөх, бүх зардлыг даатгалаас төлүүлэх хүсэлтэй хүмүүс сайн дураар нэмэлт даатгалд хамрагдах шаардлага, хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авах, үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх боломжуудын талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
2011 онд судалгааны үр дүнг төвийн болон орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчдад хүргэх ажлыг судлаачид, судалгаанд хамрагдсан иргэдтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.