2007.06.29 Ардын эрх
-Гэнэтийн ашгийн татвараа хэвээр нь үлдээж, өөрийн зах зээл болох Хятад улсад хайлуулах үйлдвэртэй холбоотой байгаль орчны өртөг зардлыг үүрүүлсэн ч болно-
Нээлттэй нийгмийн хүрээлэнгээс ноён Роберт Конрад, Бэлл Жозеф нар “Оюутолгойн гэрээ байгуулахад анхаарах зүйлс” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийнэ гэж зарлаад хэд хоносон. Гэнэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаргасан “Оюутолгойн гэрээг хийхээс өмнө хариулт авах долоон асуулт” гэсэн анхааруулга тэрхүү хэлэлцүүлгийнх нь бэлтгэл ажил байжээ. Учир нь, дээрх хоёр эдийн засагч тэрхүү долоон асуултын талаар олон нийттэй “Ингэх хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй. Гэхдээ бид сайн мэдэхгүй байна л даа” гэсэн хэлбэрээр санал солилцов. Гэхдээ олон нийт гэдэгт Монголын газар шорооны төлөө үзэл бодлоо илэрхийлдэг “Миний Монголын газар шороо”, “Үндэсний соёмбо”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөнийхөн болоод нийгмийн идэвхтэй хэсэг бүлэг хүмүүс орсон гэдгийг юун түрүүнд хэлье. Энэ дунд шинэ содон байсан хүн нь яах аргагүй дээрх хоёр шинжээч. Тэд өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарсан тоймтой хэдэн мэдээг үндэслэж дүн шинжилгээ хийсэн гэнэ. Ингэхдээ асуулт бүхэнд “Бид сайн мэдэхгүй, мэдээлэл хомс байсан. Тун удахгүй Монголын Засгийн газраас “Айвенхоу майнз” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл олон нийтэд ил болох гэсэн. Харамсалтай нь, тэр үед бид Монголоос явсан байх болно” гэж байлаа. Гэсэн ч тэднээс асуусан асуултын хариуг товчлон хүргэе.
-Гэрээ байгуулахад манай талаас юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ бол санхүүгийн гэрээ. Иймд та бүхэн надад хэдэн төгрөг ирэх вэ, хэзээ тэр мөнгийн авах вэ, ирэх магадлал нь хэр вэ гэсэн гурван асуултад хариулах ёстой. Түүнчлэн гэрээг хэрэгжүүлж эхлэх цаг мөчөөс эхлэн хяналт тавих нь зөв. Учир нь гэрээнд гарын үсэг зурснаар бүх асуудал дуусах бус харин ч эхэлж байгаа юм. Ер нь гэрээний явцаас хараад байхад УИХ-аас баталсан хуулиа эргээд гэрээнд зохицуулж өөрчилж мэдэхээр байна. Наад зах нь гэнэтийн ашгийн татвараас чөлөөлнө гэж байгаа.
-Тэгвэл гэрээ байгуулахаас өмнө хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Монголын хуулийн талаар ямар нэгэн зүйл хэлэхээс болгоомжилж байна. Учир нь бид тийм ч сайн мэдэхгүй. Гэсэн ч тодорхой нэг заалтыг өөрчилнө гэж ойлгож байгаа.
-Монгол Улс ноогдол ашиг авахыг яагаад муу гэрээ гээд байгаа юм?
-Ноогдол ашиг авахын тулд ямар нэгэн зүйлийг золиослохоос өөр аргагүй. өөр сонголт байхгүй. Иймд юуг золиосолж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.
-Хайлуулах үйлдвэр байгуулах хэрэггүй гэж үзсэнээ тайлбарлахгүй юу?
-Энэ нь эргээд нэмэлт эрсдэл үүрүүлж мэднэ. Хайлуулах үйлдвэр байгуулснаар хуульд гэнэтийн ашгийн татвар төлөхгүй байх заалт бий. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Мэдээж үйлдвэрийн хүчин чадлаас их зүйл шалтгаална. Харин Монголын Засгийн газар өөрсдийн хөрөнгөөр хайлуулах үйлдвэр байгуулах юм уу, аль эсвэл гэнэтийн ашгийн татвараа хэвээр нь үлдээж, өөрийн зах зээл болох Хятад улсад хайлуулах үйлдвэртэй холбоотой байгаль орчны өртөг зардлыг үүрүүлсэн ч болно. /Яагаад Хятадад хайлуулах үйлдвэрээ барих санааг оруулсан юм бэ гэсэн асуултад тодорхой хариулт өгөөгүй тул “Оюутолгойн гэрээг хийхээс өмнө хариулт авах ёстой долоон асуулт” гэсэн илгээмжээс нь сүүлчийн өгүүлбэрийг авлаа/
-Монголын Засгийн газар эзэмших магадлалтай 34 хувийн талаар ямар бодолтой байна?
-Та бүхэн хувь гэхээс илүү мөнгөнд санаа тавь. Хувь эзэмшинэ гэдэг чинь үнэгүй наймаа биш.
-Удахгүй төслийн талаар олон нийтэд танилцуулна. Иймд ингэж тодорхой бус, тарчиг мэдээлэлд үндэслэж дүгнэлт хийх хэрэг байсан уу. Зарим хүмүүсийн хувьд улстөр гэж үзэж байгаа?
-Улстөржүүлнэ гэж хэлэх нь оновчтой бус. Ард түмний эрх ашгийн тухай ярьж байхад мэдэхгүй байна гэдэг бол хүнд асуудал. Түүнчлэн Оюутолгойн гэрээний талаар мэдээлэл байхгүй бус харин ч их байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай их мэдээлэл гарсан. Мөн зарим чухал асуудлыг УИХ-аар санал бодлоо илэрхийлэх боломж олгохгүйгээр шууд, маш хурдан хугацаанд баталдаг. Иймд бид өөрсдийн туршлагаа үндэслэж ийм анхааруулгыг гаргасан юм. /Энэ асуултад “Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн захирал Эрдэнэжаргал хариулсан/
-Бусад гэрээг харьцуулж үзсэн үү. Тэр дундаа “Тавантолгой”-н гэрээний талаар?
-Харин “Тавантолгой”-н талаар үнэхээр мэдээлэл бага байсан. Гэхдээ бид цаашид судлана. /Энэ асуултад “Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн захирал Эрдэнэжаргал хариулсан/
-Долоон асуултад азаар “Рио Тинто” “Айвенхоу майнз”-тай хамтарч байна гэж оруулсан байсан. Та бүхэн “Рио Тинто”-д итгэл хүлээлгэж байгаа хэрэг үү?
-”Рио Тинто”-той хамтарч байгаа нь сайн талтай. Тус групп НҮБ-ын “Глобал Компакт”, бизнесийн хээл хахуулийг таслан зогсооход чиглэсэн “Транспаренси Интернэйшнл”-ийн хүчин чармайлт болон Олборлох Үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг анх дэмжиж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн байгаль хамгаалахдаа их туршлагатай групп. Хэлэлцүүлгийн үеэр иймэрхүү асуулт хариулт өрнөсөн бөгөөд энэ үеэр өөрийгөө уул уурхайн хуульч хэмээн танилцуулсан америк эр “Танайхаас тавьсан долоон асуулт дунд Ливи улсын жишээг иш татсан байсан. Дуудлагаар худалдсан газрын тосны орд газрын нийт ашгийн Ливийн төрд ногдох хувь нь 80 хувиас илүү гарч байлаа гэсэн хэлэлцээрийг саяхан хийсэн гэж оруулсан байна билээ. Үнэндээ би 20 жилийн өмнө энэ хэлэлцээрт оролцож байсан юм шүү дээ. Энэ бол төөрөгдөл байлаа” гэсэнд Роберт Конрад, Бэлл Жозеф шинжээчид маань ямар ч хариулт өгөөгүй өнгөрөөнө билээ.
Г.Энхлэн