Оюу Толгойн гэрээний төслийг “АЭ” сонинд нийтлэгдснээр толилуулж байна

A- A A+
Оюу Толгойн гэрээний төслийг “АЭ” сонинд  нийтлэгдснээр толилуулж байна

Оюу Толгойн гэрээний төслийг “АЭ” сонинд  нийтлэгдснээр толилуулж байна

2007.07.02 Ардын эрх

Монголын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэлгэрэнгүйгээр нь танилцуулах гэж байна. Энд бидний зүгээс ямар нэгэн нэмэлт тайлбар хийхийг зориогүй бөгөөд зөвхөн та бүхэнд төслийн талаар ойлголт өгөх зорилгоор гол гэсэн хэсгийг тэр дундаа татвартай холбоотой зүйл ангийг нь нийтлэхийг зорилоо. Дараагийн дугаарт үргэлжлэл нь гарах учир яаран дүгнэлт хийхээ азнаарай.
Гэрээний үйлчлэх хугацаа хийгээд хувь эзэмших хувилбар1.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюутолгой” ордод нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу “Оюутолгой” төсөлд “Айвенхоу майнз” ЛТД болон “Рио Тинто”-ын санхүүжүүлтээр нийт 2,2724 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулав.
1.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулийн дагуу шаардлагатай бүхий л түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авах хүсэлтээ гаргах бөгөөд Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид тусална.
1.6 Хөрөнгө оруулагчийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрх болон нөхцлөөр хангана.
1.8 “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу болон энэхүү гэрээний “хавсралт-2″-д хавсаргасан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан харилцан тохиролцсон нөхцлөөр Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ.
1.10 Энэхүү гэрээг байгуулснаар болон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төрд шилжүүлснээр “Ашигт малтмалын. тухай” хуулийн 5 дугаар зүйлийн заалтын дагуу Хөрөнгө оруулагч, мөн “Оюутолгой”-н төсөлд Төрийн оролцоог хангах болон хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө.

Татварын орчин ямар байх вэ

2.1 Энэхүү гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан албан татварын тухай хууль, хэмжээ болон татвар ноогдуулах аргачлалын дагуу Монгол Улсын “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зүйлд заасан доорхи татвар, төлбөр хураамжийг төлнө. /Хэт урт жагсаалт гарах учраас бичсэнгүй ээ. Монголд хураадаг бүхий л татвар гэж ойлгоорой/
2.2 Хөрөнгө оруулагч төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-0.3 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
2.3.1 “Оюутолгой” төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээлд өрсөлдөх үнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд “Оюутолгой” төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.
Доорх тохиолдолд гэнэтийн ашгийн татвар ногдуулахгүй.
2.3.2.1 Ил уурхайгаас Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш таван жилийн дотор, эсхүл энэхүү Гэрээний 12.1-д заасан шалтгаанаар уг таван жилээс хойших хугацаанд Хөрөнгө оруулагч дангаар, эсвэл нэг болон түүнээс дээш гуравдагч талтай хамтран Монгол Улсад хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах
2.3.2.2 Энэхүү гэрээний 2.3.1.2-д заасан хугацаанд хайлуулах үйлдвэр баригдаагүй тохиолдолд Гэрээний 2.3..2 дугаар зүйлд хамааруулан тухайн хугацааг хүртэл төлбөл зохих Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг ногдуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор тухайн татварыг бүрэн нөхөн төлөх болно.
2.5 Холбогдох давхар татварын гэрээнээс хамааран Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод 20 хувийн орлогын албан татвар ногдуулна.
2.6 Засгийн газрын зүгээс “Оюутолгой” төслийн эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж Хөрөнгө оруулагч 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах тул “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдэлнэ. Энэхүү хөнгөлөлтийг Монгол Улсын “Оюутолгой” төслийн үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл бодох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад үзүүлнэ.
2.13 Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хулийн 15 дүгээр зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.
2.20 “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль болон энэхүү гэрээнд зааснаас бусад тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна.
2.22 Экспортод гаргасан дараах бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцүү байна
2.22.1 худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, бүтээгдэхүүн.
2.22.2 Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ.
2.24 Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр хилийн боомтыг барьж байгуулсан болон засч тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгө оруулагчийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
2.25 Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн хяналтад байлгах бөгөөд түр горимоор импортолсон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй.
2.26 Хөрөнгө оруулагч түр горимоор импортолсон тоног төхөөрөмжийг хугацаанд нь МонголУлсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна.
2.29 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар төлнө.
2.30 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд, хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар төлнө.
2.31.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан аливаа хууль, тогтоомж эсхүл давхар татварын гэрээгээр тогтоосон хувь хэмжээ нь энэхүү гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур, эсхүл Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар бол тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, татварын бууралт нь Хөрөнгө оруулагчид мөн адил үйлчилнэ.
2.35 Энэхүү гэрээний 3.7 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.14 дүгээр зүйлийн дагуу татвар ногдох нийт орлогоос хасагдах зардалд оруулж тооцно.

Энэ бол Монголын Засгийн газрын “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-тай “Оюутолгой”-н орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг хангах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 1, 2 дугаар зүйлийн талаарх товч танилцуулга. Уг гэрээг УИХ-д оруулахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулах төлөвлөгөө хоёр ч удаа хойшилж байсан. Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас дээрх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зөвшөөрлийг өгч, тун удахгүй олон нийтийн өмнө ил болох төлөвлөгөөтэй байсан бололтой. Харамсалтай нь, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаар уг гэрээний төслийг хэлэлцэх асуудал дахин хойшлох сурагтай байна.

“Айвенхоу майнз”-тай байгуулах гэрээний төслийн үргэлжлэлийг хүргэж байна                                                                                  (Ардын эрх 2007.07.3)

“Ардын эрх” сонины өчигдрийн дугаарт Монголын Засгийн газрын “Айвенхоу майнз”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд татварын зохицуулалтыг
хэрхэн тусгасныг та бүхэнд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ дугаарт дэд бүтцээ хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар болон байгаль хамгаалал, ажиллах хүчний заалтыг нь түүвэрлэн хүргэж байна.

Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа3.1 Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн зэс, алтны ордын 6709А дугаарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашиг малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20, 20 жилээр сунгуулж болно.
3.2.3 хөрөнгө оруулагч тал нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
3.2.4 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон бусад нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй.
3.3.3 Оюутолгой ордыг ашиглах үе шатыг дараахи байдлаар төлөвлөгдсөн. Үүнд:
1. Ил уурхай 2010 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ
2. Далд уурхай 2014 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ
3.4 Оюутолгойн ордын олборлолтын үйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм дүрэм, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр үр ашигтайгаар иж бүрэн ашиглана.
3.5 Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. Үүнд:
3.5.1 Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана.
3.5.2 Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэнэ.
3.5.3 Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ.
3.7 хөрөнгө оруулагч 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний энэхүү гэрээний 3.5-ийн дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болон өдрөөс тогтворжсон таван хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө.
3.8 хөрөнгө оруулагч нь жил бүр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон 15 ам.долларын төлбөр төлнө.
3.10 Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангана.
3.12 Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай” хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу уурхайг хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас долоон жилийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.

Газрын харилцаа4.1 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна. хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд шаардагдах газар ашиглахтай холбоотой шаардлагатай бүх зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн хэрэгцээнд шаардлагатай Засгийн газрын өмчид харьяалагдах аливаа газрыг ашиглахад Засгийн газар, Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана.
4.2 Засгийн газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсвэл олон нийтийн ашиг сонирхлын үүднээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд хамаарах газрыг авах, эсхүл хуваарилахаас өөр аргагүй болсон тохиолдолд Хөрөнгө оруулагчаас газрыг буцааж авч болно. Хэрэв хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд үүнээс үүдэн Оюу толгой төсөлд тусах нөлөөллийг багасгах талаар Засгийн газар хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол Улсын болон олон улсын зарчмыг үндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно.
4.3 Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “Газрын тухай” хууль, Газар ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
4.4 Газар ашиглах гэрээг хөрөнгө оруулагчийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дагуу уг газар ашиглах гэрээ нь сунгагдана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох хүчингүй болох үед хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байсан болон бусад барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхүл Мэргэжлийн хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрсөн бусад бүх машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.
4.5 Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед тогтворжсон хувь хэмжээгээр уг төлбөрийг ногдуулна. Хөрөнгө оруулагчийн төлсөн газар ашигласны төлбөрүүд нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.

Байгаль орчин5.1 Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжүүлнэ.
5.2 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг “Байгаль орчны тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу авна. Оюутолгой төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ.
5.3 Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.
5.4 Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.
5.5 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсний дараа уг хөрөнгийг хөрөнгө оруулагч жил бүр буцааж авах эрхтэй.
5.6 Хэрвээ хөрөнгө оруулагч аль нэгэн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол энэхүү гэрээний 5.4-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулагчаас үл маргах журмаар гаргуулна.
5.7 Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шижилгээ хийх, мониторингийн иж бүрэн үнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллагад хүргүүлнэ. Байгаль орчны хяналт шинжилгээгээр агаар ус хөрс, амьтан ургамал болон газрын хэвлийд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, байгаль орчинд учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө.
5.10 Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төсөвт төлнө. Усны төлбөрийн хувь хэмжээ нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөр тогтворжсон байна. хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөр нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
5.12 Хөрөнгө оруулачийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”, “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 жилээс доошгүй хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5, 5 жилээр сунгаж болно.
5.14 Хөрөнгө оруулагч ньУсны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол энэхүү гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ашиглах гэрээг сунгах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр сунгахаас татгалзахгүй.

Дэд бүтэц6.1 Талууд дэд бүтэцтэй холбоотой дараах зүйлийг харилцан тохиролцож байна. Үүнд:
6.1.1 Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор тодорхойлно.
6.1.2 Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Засгийн газар Монгол Улсаас тухайлбал, “Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийн хүрээнд тухайн бүсийн нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөр, түүний өөрчлөлттэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх үүсвэр, нөөц бололцоог ашиглан Монгол Улсын эрчим хүчний системээс найдвартай хангана.
6.1.3 Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахтай холбоотой стратегийн төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн газрын үндэслэлтэй саналд тулгуурласан нэгдсэн шийдэлд хүрнэ.
6.1.4 хөрөнгө оруулагч нь Монгол Улсад Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг барилга байгууламжийг барих, ажиллуулах эрхтэй. Уг цахилгаан эрчим хүч нь Оюутолгой төслийн барилгын ажил болон үйл ажиллагааны үе шатанд Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах болохыг талууд хүлээн зөвшөөрөв.
6.3 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.3.1 Хөрөнгө оруулагч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу авна. Засгийн газар хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд тухайн лиценз, зөвшөөрлийг авах ажилд хөрөнгө оруулагчид туслалцаа үзүүлнэ.
6.3.2 Эдгээр лиценз, зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд хугацаагаар дахин хамгийн дээд хугацаагаар сунгах эрхтэйгээр олгогдоно.
6.4 Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхүү гэрээ хүчин төгөлдөр болон өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь татвар ногдуулах нийт орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
6.6 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.6.2 Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд бай албангүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд ашиглагдах тохиолдолд Хөрөнгө оруулагч тухайн авто болон төмөр зам дамжуулах хоолой бусад замын байгууламжийг ашиглаж буй хүмүүс, байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гарсан зардлыг нөхөн авч болно. хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцөлийн дагуу Хөрөнгө оруулагчийн гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй гуравдагч талтай холбогдох гарсан эсхүл гуравдагч тал төлсөн аливаа нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага , зардал, төлбөрийн хариуцлагыг гуравдагч тал эсхүл Засгийн газрын өмнө хүлээхгүй. Засгийн газар төлсөн тухайн нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагаас Хөрөнгө оруулагчийг чөлөөлнө.
6.8 хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэл доорхи нөхцөлүүдийн дагуу олон улсын чанартай зам барина. Үүнд:
6.8.1 Тус замын чигийн талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай, аль болох Оюутолгой төсөлд Гашуун Сухайтын хилийн боомтыг хооронд нь шууд холбосон байх.
6.8.3 Засгийн газар өөрийн хөрөнгөөр тухайн авто замын засвар, үйлчилгээ хийх болон гуравдагч этгээдийн зам ашигласны төлбөр хураамжийг хураах үүргийг хүлээнэ
6.8.5 Тус зам нь олон улсын зам тул Засгийн газар тухайн замтай холбогдох хууль зүйн хариуцлагыг дангаар хүлээнэ.
Хөдөлмөр, ажиллах хүч
7.4 Талууд доорх зүйлийг хүлээн зөвшөөрөв.
7.4.1 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд дор дурдсан барилгын ажлын явцад тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 75 хувиас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.
7.4.2 Ил уурхай болон далд уурхайн үйл ажиллагаа явуулах үед нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.
7.4.3 Хөрөнгө оруулагчийн авч ажиллуулсан гадаад ажиллагсдын хувь нь гэрээний 7.4.1 болон 7.4.2-д заасан хувиас хэтэрсэн тохиолдолд “Ашигт малтмалын тухай” хуулийн 43 дугаар зүйлийн дагуу хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн сарын хөлсний доод хэмжээ болох 69 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр тогтворжуулан төлнө. Хөрөнгө оруулагч нь дээрх төлбөрийг Оюутолгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах Монгол Улсын иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх болон шинээр сургахад энэхүү гэрээний 7.5-д заасны дагуу зарцуулна.
7.4.4 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд шаардлагатай мэргэшил бүхий инженер-техникийн ажилтан Монгол иргэдийн тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдүүлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргана. Тухайлбал, Үйлдвэрлэл эхэлснээс хойш таван жилийн дотор инженер-техникийн ажилтнуудын 51-ээс доошгүй хувь, арван жилийн дотор 70-аас доошгүй хувь нь Монгол иргэн байх талаар бүхий л арга хэмжээг авна.
7.6 Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасны дагуу нэг сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

“Ардын эрх” сонины дараагийн дугаарт хөрөнгө оруулагч талуудын эрх үүрэг, Засгийн газар болон Монголын салбар хариуцсан сайдуудын эрх, үүргийн талаарх заалтыг үргэлжлүүлэн хүргэх болно.

“Айвенхоу Майнз”-тай байгуулах гэрээний төслийн сүүлчийн хэсгийг дэлгэж байна                                                                       (Ардын эрх  2007.07.04  )

“Ардын эрх” сонины өнгөрсөн хоёр өдрийнхөө дугаарт Монголын Засгийн газрын “Айвенхоу майнз”-тай байгуулах Хөрөнгө оруулалын гэрээний төслөөс цувралаар хүргэсэн бол энэ дугаарт төгсгөл хэсгийг нь хүргэж байна. Уншигч та төслийн доорх хэсгээс хөрөнгө оруулагч талуудын эрх үүрэг болоод маргаанаа хэрхэн шийдвэрлэх, эрх үүргээ хэрхэн солилцох талаар мэдэж авах боломжтой юм. Түүнчлэн гэрээний төслийг нийтлэх бүртээ анхааруулж байсан “Энэ бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийн анхны хувилбар болохоос бус УИХ-аар хэлэлцсэн даруйдаа батлах төсөл биш шүү” гэсэн анхааруулгыг дахин хүргэе.

Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг8.1 Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
8.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9, 10 дугаар зүйлүүд ньХөрөнгө оруулагчийн Оюутолгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх Хөрөнгө оруулалтад хамаарна.
8.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулна.
8.4 Хөрөнгө оруулагч нь Моигол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүй гүйлгээ хийж болно.
8.5 хөрөнгө оруулагч нь өнөөг хүртэл Монгол Улсад нийт 400 сая гаруй ам.долларын Хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш таван жилийн хугацаанд нийт 2,724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг хийнэ.
8.6 Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн дараалал, Хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн Хөрөнгө оруулалтын жилд хийх Хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд Сайдад бичгээр мэдэгдэнэ.
8.7 Хөрөнгө оруулагч нь тухай хөрөнгө оруулалтын жилд оруулсан Хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан Сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайланг Сайдад хүргүүлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.
8.8 Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, төхник, тоногтөхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хийх эрхтэй.
8.9 Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газар болон сайдын эрх, үүрэг9.1 Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулахад эрх зүйн болон санхүүгийн орчныг Гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.
9.2 Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдэлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
9.3 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн Хөрөнгө оруулалтыг бүрдүүлж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгүй. Сайд нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюутолгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөлийг хууль бусаар цуцлахгүй.
9.4 Засгийн газар хөрөнгв оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бүх арга хэмжээг авна.
9.5 хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ давтагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлээгүй зургаа cap өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Сайд гэрээг цуцлах эрхтэй. Энэхүү 9.5 дугаар зүйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх үед тухайн мэдэгдлийг өгөхгүй.
9.6 Засгийн газар энэхүү гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхүү гэрээний хамтын зорилгод хүрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авна.
9.7 Хөрөнгө оруулагч сайд Засгийн газраас энэхүү гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шардлага гаран хүсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах эсхүл хойшлуулахгүй.

Гадаадын Хөрөнгө оруулалтыг хамгаалах10.1 Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь Үндсэн хууль, гэрээний хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ.
10.2 Хөрөнгө оруулагчийн өөрийн Хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс энэхүү хэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно.
10.3 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх үөийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр саадгүй шуурхай гүйцэтгэнэ.
10.4 Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан Хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

Гэрээ дуусгавар болох11.1.1 Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1 Гэрээний хугацаа дууссан болон энэхүү 15.8-р зүйлийн дагуу хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд
11.1.2 Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд
11.1.3 Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд
11.1.4 Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөн учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд
11.1.5 Энэхүү гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд
11.2 Гэрээ дуусгавар болох нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлүүд, эсхүл Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.
Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл
12.1 Давтагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биөлүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүйн улмаас гарах үр дагаварт талууд хариуцлага хүлээхгүй. Давтагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлзэсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, үүрэг, болзлыгдагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэлжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давтагдашгүй хүчин зүйлийн улмаасүүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах үр дагаврыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давтагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.

Маргаан шийдвэрлэх13.1 Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурдсанаар шийдвэрлэнэ. Үүнд:
13.213.1 -д заасан нөхцлийг хангасан дараа, маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан Нэгдсэн Үндэсний байгууллагын Олон улсын худалдааны хуулийн комиссийн Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу зайлшгүй дагаж мөрдөх арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхийн үйл ажиллагаа дараах нөхцлийн дагуу явагдана.
13.2.1 Арбитрын шүүх гурван шүүгчээс бүрдэнэ
13.2.2 Арбитрын гурван шүүгчийг Нэгдсэн Үндэсний байгууллагын Олон улсын худалдааны хуулийн комиссийн дүрмийн долоо болон 8- заасны дагуу томилох болно
13.2.3 Арбитрын үйл ажиллагаа англи хэл дээр явагдана
13.2.4 Арбитрын шүүх ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу захирагдаж тайлбарлагдана.
13.2.5 Арбитрын үйл ажиллагааг Нэгдсэн Вант улсын Лондон хотод явуулна.
13.2.6 Арбитрын шийдвэр нь талуудын хувьд эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих шүүх эрх мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг даган мөрдөх болон хэрэгжүүлэхдээ аливаа хамгаалалт гаргахгүй болохоо баталж байна.
13.4 Энэхүү гэрээний 13 дугаар зүйлийн заалт энэхүү гэрээ хүчин төгөлдөр байсан хугацаад гарах аливаа маргаан, эсхүл энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаанд хамаарна.

Эрх үүргийг шилжүүлэх14.1 Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй
14.2 Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэгталын энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийг өөрчлөхгүй бөгөөд нэмэгдүүлэхгүй.

Бусад зүйл15.1 Гэрээ нь хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах эрхийг хөндөхгүй
16.2 Энэхүү гэрээний нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь 6708А, 6710А болон 6711А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ эсхүл хүрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамрах орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюутолгой төслийн нэг хэсэг гэж тооцогдоно. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
15.3 Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтлана.
15.4 Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
15.5 Талууд энэхүү гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, хийж гүйцэтгэх болон аливаа баримт бичиг үйлдэх, хүргүүлэхээ харилцан зөвшөөрөв.
15.6 Энэхүү гэрээний дагуу шаардлагатай аливаа мэдэгдэл, харилцаа бичгээр үйлдэгдэн явагдах бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн эсхүл шуудан, факсаар шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилсан төлсөн байдлаар доор дурьдсан талын хаягаар хүргэгдсэн өдрийг тухайн баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөрт тооцно.
15.7 Талуудын эрх бүхий этгээд зөвшөөрсний дагуу талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.
15.8 Хэрвээ Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээнд заасан шаардлагыг хангасан бөгөөд Оюутолгойн төслийн үндсэн үйл ажиллагаанд хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэхүү гэрээ дуусгавар болохоос хоёроос доошгүй жилийн өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлснээр гэрээний хугацааг сунгах эрхтэй. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдлийг хүлээн авснаар гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.
15.9 Монгол Улсын УИХ-аас хүлээн зөвшөөрч баталснаар энэхүү гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна. Гэрээний хавсралтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
15.10 Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд талууд хэл тус бүр дээрх хувийг хадгална. Гэрээний монгол, англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтлана.
15.11 Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдан тайлбарлагдана.

Ийнхүү “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбарыг бүрэн эхээр нь танилцууллаа. Гэрээний төслийн талаар ямар дүгнэлт хийх таны уншигч таны хэрэг ч гэлээ цорын ганц Монголын ашиг гэж харахаас илүүтэй хамтарч ажиллах талуудын харилцан ашигтай байх нөхцлийг нь харгалзан үзэхийг хичээгээрэй. Ингээд хэлэлцээрийн явцад хоёр талаас тавьж байсан саналаас ганц нэгийг дамжуулья. Одоогийн байдлаар 15 зүйл, 157 заалт бүхий гэрээний төслийг хэлэлцэх явцад “Айвөнхоу майнз” болон “Рио Тинто”-гоос томилсон ажлын хэсэг “Оюутолгой” төслийн арван хувийг арилжааны нөхцөлөөр буюу 450.0 сая ам.доллараар, 30 хувийг 1,350.0 сая ам.доллараар худалдан авах саналыг Монголын Засгийн газарт тавьж байсан гэнэ. Түүнчлэн тус төслийн ил уурхайн хэсэг 2010 онд, далд уурхай 2014 оноос ашиглалтад орж 2015 оноос төслийн мөнгөн урсгал эерэг гарч эхлэх бөгөөд дэлхийн зах зээл дэх алт зэсийн үнээс хамаарч “Оюутолгой” төсөлд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлыг 4-11 жилийн хугацаанд нөхөх урьдчилсан тооцоо гарч байгаа аж.

Г.Отгонжаргал