Б.Чимид : Үндсэн хуульд төрийн тогтолцоог буруу хийснээс хариуцлагагүй боллоо гэж хашгирах юм
(Өдрийн сонин 2007.07.03)
Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимидтэй уулзаж ярилцлаа.
-Үндсэн хуулийн эргэн тойрноос яриагаа эхлэх үү?
-Улс орны улс төр хөдөлгөөн хямрал зөрчлийн байдалтай хаваржаад зусаж байна. Үүнтэй холбогдуулаад Үндсэн хууль асуудаг юм. Ер нь бүх буруугаа Үндсэн хууль руу чихээд байна уу даа гэж харагддаг. Ялангуяа улс төрийн зүтгэлтнүүдийн хариуцлагаас мултардаг ганц арга нь системдээ байна, Үндсэн хууль буруу байна гэх ухааны, бүр сүүлдээ юу ч мэдэхгүй хэдэн хөгшчүүл сууж байгаад Үндсэн хууль баталсан гэж зарим намын нөхөд телевизээр яриад байна гэж манай гэрийнхэн хэлнэ билээ. Ингэж бүдүүлгээр хандаж болохгүй байх л даа. Үндсэн хууль биднээс хамаагүй дээгүүр зүйл. Үндсэн хууль ярихаас өөр юу мэдэх вэ гэх маягаар надтай хандах улс байх юм. Би дуртай даа яриад байгаа юм биш ээ. Жишээ нь, Улаанбаатарт өдөр тутам гардаг газрын маргаан байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барилаа. Миний өмчлөөд авсан газрыг компанид өгчихлөө гээд маргаж байна. Хүүхдийн тоглоомын газраас авахуулаад цэнгэлдэх хүрээлэн, залуу байгальчдын станц гээд 20 гаруй га газартай байгууллага ногоон ургамал бут сөөг тарьсан байлаа. Тэр Улсын их дэлгүүрийн урдах өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн өмнөх Ренчин гуайн шоглодог морьтой цэцэрлэг, гэдсээд нь хатгасан юм хойно булгилгүй яах вэ гэж байсан юм гэнэ билээ. Энэ бүгд алга болоод байна. Энэ бүхэн Үндсэн хуульд холбоотой юу? Тэгвэл Үндсэн хуульд “Нийтийн болон тусгай хэрэгцээний газрыг өмчлүүлж болохгүй” гээд заачихсан байгаа. Орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайг Засаг дарга хурал шийдсэн нэрээр захирамж гарган барилгын талбай болгочихож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл. Богд уул дархан цаазтай. Дархан цаазтай газар дөрвөн янз байдаг. Улсын нөөц газар, байгалийн дурсгалт газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэгээд дархан цаазат газар болно. Дархан цаазат газар шувуунаас өөр юм хүрдэггүй юм. Энэ нь дэлхийн жишиг. Гэтэл дэлхийн ууган цаазат Богд уул Улаанбаатарын дарга нарын гарын шүүсийг идэж байгаа юм уу, гарыг нь цайлгаж байгаа юм уу би сайн мэдэхгүй байна. Байгаль хамгаалах нь төрийн үүрэг гээд байж байгаа. За ингээд хог утаа гээд яриад байна. Хүн эрүүл саруул орчинд амьдрах хэрэгтэй гэдэг заалт Үндсэн хуульд байж байгаа. Ийм учраас Үндсэн хуулийг өдөр болгон зөв тайлбарлах нь төрийн албан хаагч, улс төрийн зүтгэлтнүүд, мэргэжлийн гэж ярьдаг хуульч бидний мэргэшлийн ёс суртахууны үүрэг. Тийм учраас яриад байгаа юм. Гэхдээ нэг их ярихыг хүсэхгүй л дээ, аргагүйдээд ярих тохиолдол байна.
-Тухайлбал?
-Үндсэн хуулийг 2000 онд өөрчилчихсөн. Би бол дордуулсан долоон өөрчлөлт гээд сонинд бичсэн. Хууль тогтоогчдод ярьсан, илэн далангүй ярьж байгаа. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн тулгуур зарчмыг эвдсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёрыг нэг дор нэг тогоонд хийсэн. Энэ хоёр нэг тогоонд нэг бүрэлдэхүүнд байж болохгүй. Тусдаа хариуцсан ажилтай, харилцсан тэмцэлтэй УИХ нь Засгийн газраа хянадаг, Засгийн газар нь УИХ-ынхаа итгэлийг олж ажилладаг зарчимтай. Парламентын итгэлийг олоогүй Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ би одоогийн Засгийн газрыг огцор гэж лоозогнож байгаа хэрэг биш шүү. Та нар хэтрүүлээд огцор гэж байна. Чимид гээд биччих вэ? Тэр бол үндэстэй ярих асуудал байх. УИХ хууль гаргаад Засгийн газар улс орон даяар хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нэг хүн хууль гаргаад өөрөө биелүүлнэ гээд хийчихсэн. Яаж биелүүлнэ гэхлээр өөрөө өөртөө тайлганадаг болгосон.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хаших болсон үйлдэл шүү дээ?
-Энэ бол ойлгомжтой нэг хүн хоёр ажил хийхээр болгосон.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэхийг Үндсэн хуульд анх ямар хэлбэрээр суулгаж өгсөн юм бэ?
-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь “Хуулиар өөрийн үүрэгт нь оруулж заагаагүй цалинтай, цалингүй аливаа ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гээд заасан юм. Энэ заалтыг өөрчлөхдөө Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд болно. Дарга нараас өөр хүн хийж болохгүй гээд өөрчилж байгаа байхгүй юу. Ингэж Үндсэн хуулийг зөрчсөн нэмэлт гээч юмыг оруулсан. Гэхдээ энэ бол хууль биш байсан, өмнө гарсан хувилбарыг 1999 онд Цэц хүчингүй болгосон. Гэтэл унасан төслөө дахин босгож ирээд 2000 онд баталчихсан. МАХН олонхи нь байсан. Бурууг эрвэл тэр хавиас эрэх ёстой. Өнөөдөр үүний бурууг, сөрөг үр дагаврыг манай ард түмэн, улс төр ажигладаг бүх хүн мэдэж байгаа. Энэ буруу боллоо гэдэг нь ойлгогдож байгаа. Үүнийг харахгүй байж Үндсэн хуульд төрийн тогтолцоог буруу хийснээс хариуцлагын тогтолцоо алга боллоо гэж хашгираад байгаа юм.
-Хариуцлага гэж юуг хэлээд байгаа юм бэ?
-Энэ бол ёс суртахуун, хууль зүй, ёс зүйн том ойлголт л доо. Хууль зүйн хувьд тодорхой хүн, тодорхой ажлыг, тодорхой хүчний өмнө бүрэн хариуцна гэсэн зарчим байдаг юм. Тухайлбал, Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа бүрэн хариуцна. Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэж заасан байгаа. Хариуцдаг УИХ-тайгаа нийлчихээр ямар юмаа хариуцах юм бэ? Хариуцлагын хамгийн сүүлчийн шат, хэрэв та эсвэл би албан үүргээ умартаж асар цалгар явдал гаргавал, тэр ажил дээрээ, ард түмэнд хохирол учруулбал өөрөө ёс суртахууны болоод эд материалын хохирол хүлээнэ гэсэн ойлголт. Эд материалын гэхээр торгууль шийтгэл гэх мэтийн юм байх байх. Ёс суртахууны гэхээр донгодуулахаас аваад хоригдох хүртэл ял шийтгэл хүлээнэ гэж. Улс төрийн хариуцлага гэж байгаа. Энэ бол албан тушаалаасаа дуртай ч дургүй зайлах ёстой. Үүнийг огцрох гэж нэрлэж байгаа юм. Ийм зүйл Үндсэн хуульд бүгд байгаа, улс төрийн хариуцлагын хувьд … УИХ-ын итгэлийг Засгийн газар хүлээж чадаж байна уу,үгүй юу гэдгийг тогтоолын төсөл оруулаад л шийдэж болно. Парламент итгэл хүлээлгэхгүй байвал огцор. Үүнийг бас УИХ-ын 19 гишүүн парламентад оруулж болно. Ерөнхийлөгч УИХ-ын дарга хоёр парламентыг тарааж болно. Харилцан хариуцлагын тухай ярьж байна. Бишгүй юм байгаа. Ухаандаа итгэл хүлээж байна уу, үгүй юу гэдгийг үзнэ гэдэг дэлхийн хэмжээний зарчим. Гүйцэтгэх эрх мэдэл нь парламентын итгэл хүлээж байж ажиллах нь парламентат ёсны гол зарчим. Гэтэл Засгийн газрын одоо хийж байгаа ажил УИХ-ын тавьж байгаа шаардлага, итгэлийг хүлээж байна уу, үүнийг санал хураагаад л шийдэх ёстой. Тийм юм байхгүй. Хуульд байна.
-Яг өнөөдрийн Засгийн газрын 18 сайдын 16 нь УИХ-ын гишүүн байгаа ийм нөхцөлд дээрх шаардлага хангагдах уу?
-Ёс төдий хийж болох байх. Санал хураахаар итгэл хүлээж байна гэж гарна даа. Өөрөө огцорно гээд өөрсдөө сайн дураараа хэлэхгүй юм шиг байна л даа. Сүүлийн үеийн үйл явдлыг харж байхад С.Отгонбаярын хэлснийг эс тооцвол сайд нар өөрсдөө огцрохгүй юм байна л даа. Сайн ажиллаж байгаа бол болох л байх.
Гэтэл Үндсэн хууль зөрчлөө гээд Цэцийн дүгнэлт гарчихаад байхад гөжөөд суугаад байгаа юм харагдаж байна шүү дээ.
-УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Үндсэн хууль зассан болох нь Цэцийн дүгнэлтээр батлагдаад огцорлоо. Гэтэл засвартай явж байна. Ийм алдааг одоо яаж засах ёстой вэ?
-Хуулийн үр дагавар ярих нь ханиад хүрвэл яах вэ гэдгээс арай том юм. Жишээ нь, Ашигт малтмалын хууль зассан байна гээд ярина билээ. Цэцийн тогтоолд 27 зүйлийг нь авч хаяад 24 бүлэг нэмсэн байна гэсэн юм харагдана лээ. Цэц хэлсэн болохоор үнэн байж таарна. Ингэсэн бол батлагдсан хуульд өдий төдий юм нэмчихсэн байна. Энэ бол засвар биш хуульд оруулсан нэмэлт болчихож байгаа. Үүн дээр Ц.Нямдорж гэдэг хүн огцорсон эсэх нь хамаа алга, угаасаа ийм байж болохгүй гэдэг зарчим нь хэрэгтэй. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд нэмээд оруулсан, хасаад хаячихсан тэр өөрчлөлтөөс нийгэмд ямар хор хохирол учрав гэдгийг судалж, сампиндаж байж гаргана шүү дээ. Тэгээд энэ нь байж энэ нь байгаагүй байж гэдгийг ялгана шүү дээ. Түүнээс гадна уг засвар утгыг нь алдуулаагүй байна. Үүнийг бүр замруулчихжээ гээд ялгана. Үр дагавар нь яаж гарах вэ гэвэл жишээ нь Ашигт малтмалын хуульд зарчмын бус засвар хийсэн бол Монголын үндэсний баялагт халдсан, үрэн таран хийсэн. Албан татварын хувь хэмжээ, субьектыг өөрчилсөн байвал хүний өмчлөх эрхийг зөрчсөн эсвэл улсын орлогыг хаасан болоод л явна. Ийм эдийн засгийн болоод нийгмийн чанартай үр дагавар байхыг үгүйсгэхгүй. Бид тааж хүнийг яллахгүй үүнийгээ судалж үзээ л гэнэ. Нэг юм хэлье, хуулийг баталсан хойно нь засдаггүй. Харин төсөл байхад нь засдаг юм. Энэ талаар Ц.Нямдорж дарга их юм хийсэн юм шиг байгаа юм. Цагаа олоогүй хийсэн юм чинь буруу болдог байхгүй юу. Хууль батлагдсанаас хойш салхи оруулж болохгүй. Энэ бол улс төрийн зүтгэлтэн хүний, тэр дундаа хууль тогтоогчийн шүтэж явах ёстой гол үзэл. Нэгэнт баталсан бол буруу ч зөв ч тэр чигээрээ байна. Зайлшгүй буруу гэж үзвэл дахиж хуралдаад төслөө оруулж л засдаг. Бид ийм зарчмыг байнгын ажиллагаатай парламентыг бий болгохдоо Дэгийн хуульд хийж батлуулж байсан юм. Одоо бичээтэй байгаа. Тэр лүүгээ эргэж ороосой гэж ерөөмөөр байна. Ер нь парламентын хууль тогтоох ажиллагаа гэдэг бол дэлхийн жишгээр дөрвөн үндсэн үе шатаас тогтдог. Үе шат бүр нь нарийн журамлагдсан, журам бүр нь тодорхой түүнийг зөрчсөн бол Үндсэн хууль зөрчсөн болдог хэмжээний юм шүү дээ. Зүгээр нам эвлэлийн хурал шиг шуугилдаж байгаад тогтоол шиг юм гаргаад дараа нь редакц хийчихээрэй гэдэг юм биш. Гэтэл парламентыг хүмүүс нэг ийм юм шиг бодоод байна л даа. Нэг үг өөрчлөхөд л хуулийн үзэл баримтлал алга болно. Яагаад вэ гэхээр одоо тод жишээ байна. УИХ-ын гишүүн хүн үүрэгт нь хамааруулаагүй өөр ажил хийж болохгүй гээд заасан байхад Засгийн газрын гишүүнээс бусад гээд гурван үг оруулчихтай зэрэг бүхэл бүтэн Монголын төрийн байгууллын тогтолцоо ганхаж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хуулийн үг үсэг хүн хоорондын ярианы хэл, захидал харилцааны хэмжээний асуудал биш. Манай зарим эрдэмтэд хууль дэндүү хайрцагласан хатуу байна гэж ярьдаг. Миний үед бол их шүүмжлэгдэж байсан. Ямар ч байсан хаанаас нь ч уншсан ойлгогдохоор хатуу тогтсон нэр томъёо, найруулгатай байх ёстой юм. Төрийн хууль энэ хэмжээнд болохгүй л байна.
-УИХ-аас аливаа асуудлаар шийдвэр гаргах болоход хамгийн олон суудалтай МАХН-ын Удирдах зөвлөл хуралддаг. Тэндээс гаргасан шийдвэр өөрчлөгдөлгүй парламентын шийдвэр болон хувирдаг. Энэ нь Үндсэн хуультай хэр нийцэж байгаа юм бэ?
-Энэ нь Үндсэн хуулиар тогтоосон улс төрийн тогтолцооны үндсийг зөрчсөнөөс болж байгаа юм.1990 оны гурван сард МАХН-ын монополь эрхийг хасч, намын шийдвэрийг хууль болгодог системийг халсан. Үндсэн хуульд олон намын системд шилжлээ гэж өөрчлөлт оруулсан. Ингэснээр намын байгууллага нь парламентын бүлэг нь биш, гадна нь байгаа Төв хороо, Удирдах зөвлөл, намын Их, бага хурал гэх мэт хууль тогтоох байгууллагын ажилд хутгалдан орох ёсгүй. Нэг жишээ хэлж болж байна. Том хүүгээн өрх тусгаарлаж гэрлүүлчихээд өдөр бүхэн очиж юмыг нь онгичоод байвал тэнд ямар байдал үүсэх вэ. Тэгэхээр энэ мэт алдаа нь буруу хуулиас болоогүй буруу үйл ажиллагаанаас болоод байгаа юм. Хүнээс болоод байгаа юм. Гэтэл хүнээс болоогүй гээд яриад байгаа юм. Хүнээс болдоггүй нийгмийн хөдөлгөөн гэж байдаггүй. Ямар адгуусны хөдөлгөөний тухай ярьж байгаа биш. Тэгэхээр нам нь төрийн ажлыг орлон хийдэг. Хүчтэй намаар хүчтэй засаг байлгадаг тухай хуучин төсөөллийг халах хэрэгтэй. Аядуу тэвчээртэй ухаалаг хийх юмаа хийдэг. Хийхгүй юмандаа ордоггүй намууд, хуулиар хариуцуулсан ажлаа чамбай сайн хийдэг парламент, гаргасан шийдвэрийг нь сайн биелүүлдэг гүйцэтгэх Засгийн газар, болохоо байсан цагт нь шүүгээд ташуурдаад өгдөг шударга шүүх хэрэгтэй энэ цөмөөрөө л байгаа. Тэнд харин хуулиар тогтоосон дэг журмаа хатуу сахидаг хүмүүс л хэрэгтэй байгаа юм аа. УИХ хуралдаж чадахгүй байна. Дээр үед Депутатын статус гэж хууль гарсан байдаг юм. Түүнийг Ренчин гуай “Депутат гэдэг бол ард түмнээн төлөөлж,улсын хуралд байнга сууж ажиллах хүнийг хэлнэ” гэж орчуулсан байдаг. Улсын хуралд сууна гэдэг юу гэсэн үг вэ. Өлөв, долов хийгээд орж гараад байна гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа байхгүй юу. Хөөрхий минь гишүүд дотор сайн ажилладаг хүн бий байх. Олон жил болсон сайн гайгүй хүмүүс бий. Харин эдгээр маань дасал болчихоод урагшаа ахихаа болчих оо юу үгүй юү.
Шинэчилж өөрийгөө эргэж харахгүй бол нэг довон дээр эргэлдсэн улс болчихсон юм шиг ээ.
-Үндсэн хуулиар Монгол Улс парламентын засагтай. Одоо энэ хэлбэрийг өөрчлөн Ерөнхийлөгчийн засагтай болох тухай ярьж байна. Гэхдээ энэ бол Үндсэн хуульд гар хүрч байж шийдэгдэх зүйл гэж ойлгогддог. Үндсэн хууль баталсан 1992 онд яагаад Ерөнхийлөгчийн засаг авалгүй, парламентын засгийг сонгосон юм бэ?
-Энэ талаар бүтэн өдөр ярьж болно. Засаглал гэдэг бол буруу үг. Олон улсын хэллэгээр бол парламентын удирдлагатай улс гэж хэлдэг. Төрийн удирдлагын хэлбэр гэдэг юм. За яах вэ зарим нэг нь захиргааны удирдлага гэж хэлж л байдаг. Монголчууд хаант засаг, зөвлөлт засаг гээд яриад сурчихсан учир парламентын засагтай гэж нэр үгээр нэрлээд байгаа юм. Засаглал гэдэг бол үйл үг. Парламентын засаг ярихаас өмнө төрийн хэлбэрийн тухай ярих хэрэгтэй байгаа юм. Орчин үеийн төрийн хэлбэр гурав байдаг гээд л улсууд яриад байна. Тэгвэл орчин үеийн төрийн удирдлагын хэлбэр хоёр байдаг юм. Хаант, бүгд найрамдах гэсэн үндсэн хоёр хэлбэр байна. Тэгэхээр Хаант засаг бол их бүдгэрчээ. Парламенттай холилдож бариад. Одоо бол Япон, Англи гэх мэт хориод орон байна л даа. Бүгд найрамдах засаг гэдэг нь угсаа залгамжилж төр барьдаггүй. Ард түмнээс сонгогдсон этгээд төрийн бодлого тодорхойлдог. Би төрийн бодлого тодорхойлоход оролцдогийг нь хэлээгүй шүү. Тийм орныг парламентын засагтай гэж хэлж байгаа юм. Парламентын засаг дотроо хоёр янз байгаа юм. Ерөнхийлөгчийн удирдлагатай, УИХ-ын удирдлагатай гэж хоёр хуваагдана. Ерөнхий юмыг ярихгүй дундуур нь орж тасалж авч яриад байгаа зарим хүнийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Сонгогдсон субьект засаг барьдаг гэдэг утгаараа энэ хоёр хэлбэр ойролцоо. Гэхдээ төрийн бодлогыг хэн эцэслэн тодорхойлдог вэ гэдгээрээ ялгардаг. Жишээлбэл, АНУ-ын Олон улсын бодлогыг тус улсын Ерөнхийлөгч тодорхойлж байна. Манайд төрийн эцсийн бодлогыг УИХ шийднэ. Ерөнхийлөгч бол УИХ-д ажлаа хариуцдаг, хяналтад байдаг төрийн бодлого боловсруулахад оролцдог, хууль санаачилдаг бас яггүй өргөн эрхтэй төрийн тэргүүн. Өөрөөр хэлбэл төр барих хоёр дахь хүн бол Ерөнхийлөгч. Харин төрийн тэргүүн гэдгийг бүхнийг захирдаг хаан гэдэг утгаар ойлгож болохгүй. Манайхан төрийн тэргүүнийг суут хүн гарамгай удирдагч гэдэг утгаар ойлгоод байдаг, энэ биш ээ. Жишээ нь, Япон улсын төрийн тэргүүн тус улсын эзэн хаан. Гэтэл тэдний Үндсэн хуульд төрийн тэргүүн төрийн удирдлагад оролцож болохгүй гээд заачихсан байгаа.
Яагаад 1992 он парламентын засаг авсан юм бэ гэдэгт хариулахыг оролдъё. Үүнийг бол бид шийдээгүй.
Ардчилсан хувьсгалын эхэнд Монголын ирээдүйн засгийн хэлбэр ямар байх вэ? Авторитар дэглэм халагдлаа. Нам тэргүүлсэн засаг үеэ дуусгалаа. Энэ яах вэ1990-1992 он хүртэл маргасан эд. Нэг хэсэг нь хаант засагтай байна гэж үзсэн. Одоо ч ингэж ярьдаг хүмүүс бий.Үндсэн хуулийн төслийг зохион байгуулах комисс, олон эрдэмтэн мэргэжилтнүүд төсөл гаргаад Улсын бага хурлаар хоёр удаа хэлэлцүүлээд ард түмнээр хэлэлцүүлэхэд энэ асуудлыг зориуд тусгайлж санал авсан юм. Энд оролцсон есөн зуун мянган хүнээс давхардсан тоогоор 200 гаруй мянган санал гарсан юм. Түүний 60 гаруй хувь нь парламентын засагтай байх нь зөв гэж үзсэн. Бусад нь бол Ерөнхийлөгчийн, хаант засаг гэж хуваагдаад доошоо орсон. Тэр үед бас эрдэмтэн сэхээтэн хүмүүс сайн ажиллаж өгөхгүй байсан. Ийм учраас эрдэм шинжилгээний гол байгууллага, парламентын дэргэдэх гол байгууллага оролцоод Улаанбаатарын хэмжээнд мэргэжилтнүүдийн дунд анкетын судалгаа авсан. Тэнд оролцогчдын 50 гаруй хувь нь парламентын засагтай байх нь зөв гэж санал өгсөн юм. Ард түмний энэ саналыг Улсын бага хурал Үндсэн хуульд бичдгээрээ бичээд АИХ-д оруулсан юм. Ардын их хурал үүн дээр бас нэлээд маргасан. Гол нь төрийн хэлбэр дээр маргаагүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг сонгох хэлбэр дээр маргасан юм. Төр эрх зүйн суурь мэдлэггүй улсууд Ерөнхийлөгчийг өндөрт өргөх нь зүйн хэрэг байх. Ерөнхийлөгчөө сонгож мэдэхгүй ард түмэнг ямар ард түмэн гэх вэ гэж манай зарим зохиолчид уран зохиолын халил гаргаж ирсэн юм. Энэ халил дээр үндэслэн хууль зүйн зарим эрдэмтэн ба хууль судалдаг хүн Англи, Япон зэрэг орон хүртэл Ерөнхийлөгчөө сонгодог аж. Тэгээд Ерөнхийлөгчийг сонгох гээд баталчихгүй юу. Далан дээр мөр тасхийгээд яахав гэж үзээд нэг өнжөөд, үгүй нөхөд минь энэ хоёр парламентын хаант засагтай улс, тэнд Ерөнхийлөгч байхгүй, хаан нь угсаа залгамжилдаг. Үүнд хууртаад ийм хууль баталж болохгүй гэж хүртэл яриад үүнээсээ буцаад эргэж маргаад ард түмнээс сонгоё. Гэхдээ хоёр шаттай байна. Ерөнхийлөгчийг ард түмний дундаас хоёр хүн уралдуулаад парламент дээр санал хураагаад хэн ялсныг нь Ерөнхийлөгч болгох төлөө, ард түмнээс олонхийн санал авах юм бол парламент сонгуулийнх нь дүнг хянаад хууль гаргаж эрх олгоно гэсэн хоёр ажилбартайгаар төсвөөсөө хоёр шаттай гэдгийг үлдээгээд ард түмэн дэвшүүлнэ гэдэг. Сонгох болоод хуулиа баталсан. Үүнээс үндэслээд хоёр утга гараад ирсэн тал бий. Ард түмнээс сонгогдсон болохоор Ерөнхийлөгч болсон гээд андуураад байна. Сонгууль бол гол нь биш эрх мэдлийн үндэслэл нь тодорхойлж байгаа юм. Парламент нь төрийн эрх мэдлийг тодорхойлж байна уу Ерөнхийлөгч үү гэдгээр авч үзнэ.
-Тэр үед төрийн бодлого боловсруулж байсан хүмүүсийн хувьд Ерөнхийлөгчийн засаг тогтоох гэж зүтгүүлээгүй юм бэ?
-Бид бас өөрсдийгөө гоёж, чимж, бултан зайлах хэрэг байхгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг. Ерөнхийлөгчийн засаг сонгон авах боломж парламентын засаг сонгон авах боломжоос бага байсан юм. Нэгдүгээрт үнэн хэрэг дээрээ Монгол Улс нэг намын захиргаанд байхдаа намын удирдлагуудыг шүтэж ирсэн, нэг хүнийг, өөрөөр хэлбэл намын ерөнхий нарийн бичгийн тушаал албан даалгавар хуулиас дээгүүр үечилж байсан юм. Дээдэс юу хэлнэ цэрэг хөдөлдөг. Хатуу төвлөрсөн дэглэмтэй байсан учир нэг хүний захиргаатай төр бий болохтой зэрэг хуучин руугаа орох нь халтираад орлоо гэж үзсэн. Тийм учраас хуучнаас ангижрахын тулд арай өөр хэлбэр сонгоё. Гэхдээ 1924 оны төрийн Үндсэн хуулиар тогтоосон, тэр үед тэдгээр зөвлөлт засаг мэдэж байсан ч анх парламентын хэлбэр тогтсон юм. Дараа нь намыг онц эрхтэй болгосноос бүдгэрсэн юм. Хууль дээр нэг янз протан дээр нэг өөр болсон юм. Ер нь Үндсэн хууль өөрөө амьдардаггүй хүн амьдардаг зүйл. Эрх баригчид яаж хандана Үндсэн хууль тэр хэлбэр лүү шилжинэ. Үүнийг хуурамч бодит Үндсэн хууль гэж салгадаг. Тунхагласан байдаг мөртөө биелэгддэггүй нь хуурамч гэж хэлж байгаа юм. Тунхагласан бүхэн нь биелэгддэг хуулийг бодит гээд байгаа юм.
-Үүнээс өөр ямар шалтгаан байсан бэ?
-Монгол Улсын түүхэн сургамж гэж нэг юм байна. Хоёр их гүрний дунд орших гэхдээ энэ бол яриад байх зүйл биш. Гэвч ярихаас өөр арга алга. Манайд нөлөөллийнхөө хүрээг байлгах гэдэг их гүрнүүдийн бодлого явдаг. Ний нуугүй хэлэхэд заримдаа манай нэг хэсэг ч гэж ярьдаг, нийтэлдэг, ил далд бодлого явдаг юм байгаа. Ийм нөхцөлд Монгол Улсын засгийг нэг хүний гарт өгнө гэдэг ихээхэн аз туршсан хэрэг болно. Нэг өглөө босоход Ерөнхийлөгч гарын үсэг зураад нэг улсын гишүүн, муж нь болсон байвал яах вэ. Юмыг муугаар нь бодож сайн үр дүнд хүрдэг гэж үздэг. Хил хязгаарын асуудал дээр монгол хүнийг хамгаалах асуудал дээр. Монгол Улсын газар нутаг хэзээ ч мөхөхгүй байна. Энэ нутаг дээр ямар улс орших вэ гэдэг эргэлзээтэй. Монголчууд эзэгнэж байж чадах уу. Харийнхан эзэгнэх үү? Энэ бол биднээс шалтгаалах зүйл. Тэгэхээр өөртэйгөө ноцолдох хэрэгтэй.
-Одоо дэлхий нийтэд Ерөнхийлөгчийн ямар ямар хэлбэрүүд байдаг вэ?
-Манайхан нэг хүний удирдлагыг насаараа байдаг хаад ноёдын удирдлагуудтай төсөөлж боддог. Одоо сонгуульт ёсыг эрхэмлэсэн ардчилсан орон юм бол тийм засагтай орон болох боломжгүй. Ер нь Ерөнхийлөгчийн засагт дурладаг ямар улс байгаа юм бэ гэвэл Европын орнууд бүгд парламентын засагтай. АНУ-д бол тогтсон журам байна. Тэднийг дуурайсан орнууд байна. Ялангуяа Латин Америкийн орон /трок/ халуун бүсийн орнууд, залуу орнууд Ерөнхийлөгчийн засаг руу тэмүүлдэг. Мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа орнууд байдаг юм. Шинэ залуу орнуудын удирдагчид цэргийн эргэлт хийх замаар нэг хүний удирдлага тогтоож байгаа. Тэнд Ерөнхийлөгчийн засаг тогтоод байна. Тийм учраас эдгээр улcуудын тэмцэл нь парламентын засгийн төлөө байна гэж номонд ингээд байгаа юм. Өөрийнхөө сайн мууг жишиж харалтай. Сайхнаар бодоод муу үр дүнд хүрч болохгүй. Төрийн бодлого гэдэг төлөг нядлахтай адилгүй. Өнөөдрийн асуудал яах вэ. Алсаа бод. Монгол Улс 500 жил орших байх гэж Бумсев хэлсэн юм гэнэ лээ. Ер нь өнө удаан оршихын тулд төрийн бодлого чинь тэр 500 жилтэйгээ дүйж, түүнээс цаадахыг харж зөгнөсөн байх хэрэгтэй. Иймд тусгаар оршихын учир төрийн бодлогоо тал талаас хэлэлцэж, түүний өмнө шүүгдэж шийддэг тэвчээр хэрэгтэй. Парламентад Монголыг яах вэ гэж хэлэлцэхээр хэдэн өдөр хэдэн сар хэрүүл болно биз дээ. Тэгэхээр түмэн мэднэ дээ. Нэг хүн бол ердөө гарын үсэг зураад гүйцээ. Манай нэг эзэн Манжид дагаар орсон явдал бий. Түүнийг орчин цагийнх нь нөхдүүд мэдээд сайнтай, муутай байдаг болохоор сайны зэрэгтэй муу зүйл хийсэн явдал бий. Өөрийнхөө нутгийн зарим нэгийг өөрөө мэдээд бусдад тасдаад өгчихсөн хүн байна.
Ер нь Ерөнхийлөгчийн засаг гурван хэлбэртэй болсон байхгүй юу. За яах вэ гүйцэтгэх засгийг парламентын хяналттай, шүүхийн хяналттай эрхэлдэг орон байна. Үүнийг ардчилсан гэж хэлж байгаа юм. Хууль тогтоох болон шүүхээсээ онцын хяналтгүй дангаараа хэрэгжүүлдэг орон бий. Түүнийг супер Ерөнхийлөгчтэй орон гэнэ. Ямар ч хяналтгүй дангаараа бүх зүйлийг хийдэг орныг дангаараа дарангуйлан захирагчтай Ерөнхийлөгчийн орон гэж хэлж байгаа юм. Энэ рүү л яваад байгаа юм. Казахстаныг хар. Парламентын хугацаагаа сунгаад Ерөнхийлөгчөө сонгодог байхад насаар нь тавьчихлаа. Ингээд л ахиад байгаа юм. Ийм хэлбэр лүү явах уу үгүй юу гэдэг нөгөө дарангуй маягийн системээс хол явах уу, ойрхон байх уу гэдэгтэй л холбоотой ард түмний цэвэр агаар байхуу, бохир агаар байх уу. Улс төрийн зангуунд байх уу өлгийд байх уу гэдэгтэй холбоотой. Энэ бол нэг хоёр хүний мэргэн цэцэн, эрх чөлөөтэй, чөлөөгүй баян төртэй байх асуудал биш ээ. Ийм юмыг олон талаас нь бодох хэрэгтэй. Манайхан орон тоо хэмнээд Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлчихдог орон болно гэж байгаа. Энэ чинь тийм биш. Ийм л төсөөлөлтэй байгаа юм. Хэрэв Ерөнхийлөгчийн засаг гэх юм бол Ерөнхийлөгч Засгийн газар толгойлдог юм байхгүй. Ерөнхийлөгчийн засаг захиргааны байгууллага бий болно. Тэр чинь бол парламентын хяналтын гадуур байдаг. Өнөөгийн Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч өөрөө томилно. Хоёр танхимтай бол дээд танхимд танилцуулдаг. Сайдуудыг парламент асуухгүй. Ерөнхийлөгчид инпижмент гэж нэг юм гарч ирнэ. Тэр бол ганц хоёр тохиолдол. Хяналтгүй төр засаг бий болно.
-Үндсэн хууль мөрдөгдөж байгаа гэдэгт та хэр зэрэг итгэлтэй байдаг вэ?
-Саяхан Ерөнхийлөгчийг үг хэлэхэд эхэндээ сайхан сонсогдож байлаа. Парламентад ёсыг дэмжинэ гэнэ, шударга ёсыг тогтооно гэнэ, тэгж байснаа эргээд явчихдаг юм байна. Хариуцлагын тогтолцоо Монголд алга. Энэ нь Үндсэн хуулиас боллоо. Үндсэн хуульд буруу зүйл орчихжээ гэж. Тэр нь УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох ажлыг гагцхүү УИХ-д хадгалагдана гэдэг заалт гэнэ дээ.
Ингэж хэлдэг эрдэмтэд бол бий. Ерөнхийлөгч бол Үндсэн хуульт байгууламжуудыг хадгалж, хамгаалах хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талаар иймэрхүү зүйл хэлэхэд болохгүй болчихож байгаа юм. Би гурван Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Зөрж байгаагүй. Энэ бол миний аймхайгаас болсон зүйл биш ээ.
Н.Багабанди Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж хэлж байсан. Тодорхой хугацаанд ойлгож, хамгаалж ирсэн. Харин одоогийн Ерөнхийлөгч маань жинхэнэ Ерөнхийлөгч болоогүй, сурах шатандаа яваа. Энэ нь Үндсэн хуулийн талаарх ойлголт нь жигдрээгүй байгааг харуулж байгаа бололтой.
Г.Эрдэнэбат