Оюу толгойн тухай оддын дайны сэтгэмжүүд (Өнөөдөр 2007.07.05)

A- A A+
Оюу толгойн тухай оддын дайны сэтгэмжүүд  (Өнөөдөр 2007.07.05)

Оюу толгойн тухай оддын дайны сэтгэмжүүд  (Өнөөдөр 2007.07.05)

Дэлхийд байхгүй хоёр ордтой гэж дээлэндээ багтахгүй дарцаглаж явна даа, бид хэмээн танил бизнесмэн маань санааширлаа. Дарцаг марцаг хийсгэж сагсуурах болсны учир нь зэс, алтны зах зээлийн үнэ тун өндөр, коксжих нүүрсний ханш 2005-2006 онд оргил үзүүлэлтдээ хүрснийх. Үнэ ханшийн энэ таатай мэдээг монголчууд бид тэмдэглэж аваад өвөртөө хийчихлээ. Оюу толгой, Таван толгойн ордыг эзэмших хувьцааг гайхалтай ашигтайгаар борлуулах мөрөөдөл цээжинд халуу шатааж эхэлсэн түүх ийм.

Дэлхийд зэс болоод коксжих нүүрсний нөөцөөрөө дээгүүрт орох ордуудынхаа  хувьцааг бүгдийг авна гэж арай муйхарласангүй. Ямар ч байсан тал нь манайх шүү гэцгээлээ. Блуумбергийн шинэ мэдээнд зэсийн ханшийн үзүүлэлт 7000 ам.доллар давахыг үзмэгц дахин уухай хашгирцгаав.  График өгсөөд байх тусам эх орны яндашгүй баялгийг улам харамлах хар төрөөд өвөртөө хадгалсан цаасыг ирээдүйдээ зориулан хав дарахаар зарим нь сэтгэл шулуудав.

Ингээд Монголд “Айвенхоу майнз” гэх нэрийг амнаасаа унагасан хүн болгон дайсан, эх   орноо худалдагч цол хүртэн, “Таван толгой” төслийг сонирхож ирсэн гадаадын төлөөлөгч бүрийг сэжигтэй нүдээр дагуулан харах өвчин дэлгэрлээ. Оюу толгойн ордын тал хувийг монголчууд эзэмших учиртай гэсэн халуурал ялимгүй намжихыг хүлээсээр Ц.Элбэгдоржийн, дараа нь М.Энхболдын танхим амаа хамхижээ. Айдас бүгдийг хүлж багласан  байлаа. Монголын төр, засгийнхны айдас хүйдсийн түвшин дэлхийн зах зээл дэх үнэ ханшийн өндөрлөгтэй давхацсаар удав.

“Оддын дайны” түгшүүр дундуур 34 хувь гэсэн тоо гараад ирлээ. Оюу толгойн ордын хувьцааны 34 хүртэлх хувийг манай Засгийн газар эзэмшихээр Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хийчихээд дахин чимээ чагнаж гарав. “Одоо л иргэний хөдөлгөөнийхөнд алуулна даа…” гээд амьсгаа даран хүлээжээ. “34 хувь бага байна, өшөө нэм”  “ Жирийн иргэдэд хувьцаа эзэмших боломж олго”…  Байзаарай. Дурдсан 34 хувиа эзэмшихийн тулд Монголын Засгийн газар нөгөө “Айвенхоу майнз” компаниас чинь мөнгө зээлэх гэж байгааг дуулсан уу? Хоёр тал ийм тохиролцоонд хүрээд байна.

Зүгээр л иргэний хөдөлгөөнийхнөөс айгаад 50, 50 хувиар гэх мэт уран сэтгэмжээр жигүүрлэсэн тоо нэхвэл  худалдаж авах мөнгө нь хаана байна? Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд урьдчилсан байдлаар тусгасан 34 хувиа өөрийн мэдлийнх болгохын тулд бидэнд 900 сая ам. доллар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг триллион гаруй буюу Монгол Улс нэг жилийн турш бий болгосон үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний орлоготой тэнцэх дайны хөрөнгө босгох болох нь. Чухам энэ мөнгөнд барьцаалагдсан Засгийн газар гэнэтийн ашгийн 68 хувийн татвар дээр “Айвенхоу майнз”-д буулт хийснийг эрхэм уншигч анзаараа болов уу. Аливаа гэрээ хэлцлийг хоёр талын ашиг сонирхлын уулзварт үзэглэдэг болохоор ний нуугүй ярилцах цаг одоо болсон байна.

Нэг триллион илүү төгрөг өгч хувьцааныхаа эзэн болохын тулд манай Засгийн газар “Айвенхоу майнз” болоод “Рио Тинто”-д татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж таарна. Лав зэс хайлуулах үйлдвэр ажиллаж эхлэх хүртэл ямар нэгэн байдлаар хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх нь. Тэгэхээр энэ зуур нөгөө бидний дээлэндээ багтахгүй баяжмаар төлөвтэй явсан гэгээн мөрөөдөл замхарч байна биш үү. Хувьцааныхаа төлбөрийг хийх хүртлээ төсөвт Оюу толгойгоос овойж оцойсон орлого орохгүй. Харин гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар багагүй мөнгө олох бололцоотой. Гэхдээ нэг триллион төгрөгний өр болоод гэнэтийн ашгийн орлого хоёрын өгч, авах графикийг   хэрхэн уялдуулсан нь одоогоор бүрхэг байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнээс хий айж явахаар яг ийм заалтууд дээр оновчтой байр суурь, хувилбартайгаар бид хэлэлцээрт орох ёстой. УИХ-ын гишүүд найр наадам, ёслол тахилгын хөөрүү сэтгэгдлээсээ салж аваад, тунгааж бодмоор янз бүрийн хувилбарыг төслийн ажлын хэсгээс  нэхвэл  сайнсан. Иргэний хөдөлгөөнийхөн ч мориноосоо бууж, магадгүй энэ өдрүүдэд Монгол Улсын эдийн засаг их үсрэлтийнхээ өмнө ирээд байгаа талаар бодож үзүүштэй юм. Хэрэв  зарим хөдөлгөөнийхний  хүсээд байгаа шиг иргэндээ хувьцаа эзэмшүүлэх эх оронч санааг хэрэгжүүлбэл эргээд нөгөөх нь хятадуудын гарт оччих магадлал өндөр гэдгийг ч бодолцох ёстой.

 Оюу толгой болоод Таван толгойн гэрээний төслийг чөтгөр рүү илгээх санаархал  өнөөдөр моодноос гарчээ. Харин гэрээнд урьдчилан тусгасан ямар заалтыг яаж өөрчилбөл, ямар аргачлалаар тооцоо хийвэл Монгол Улсад ашигтай тухай ажил хэрэгч санаачлага л нойл зааж байна. Үнэхээр Оюу толгой тийм хэмжээний нөөцтэй юм уу, “Айвенхоу майнз”-ын үзүүлээд яриад яваа нөөцийн тухай статистикт далд нуугдах  баялгийн хэмжээг оруулж тооцсон уу? Хэрэв говийн гүний усыг төсөлд заасан хүчин чадлаар нь ашиглавал Монголын баян бүрд хэдхэн жилийн дараа оргүй алга болно гэсэн судлаачдын сануулга хариу тайлбар нэхэж байна.

УИХ-ын гишүүдийн цөөнгүй нь  энэ хоёр төсөл дээр тоглолт хийхээр зэхэж байгаад эргэлзэхгүй. Гэхдээ тоглолтынхоо завсраар эдгээр төсөл эх орны ирээдүйн хөгжил дэвшилд тулах хамгийн хүчирхэг хөшүүрэг болохыг ухаарч, жүжиг дэглэх бус ашигтай санал оруулбал ирээдүй хойчдоо хэрэгтэй биз ээ. 2010-2015 онд барьж байгуулна гэж төсөлд заасан зэс хайлуулах үйлдвэрийн талаар бас л эргэж тунгаамаар зүйл бий. Хэрэв уг үйлдвэр ашиглалтад орвол нөгөө 68 хувийн татвараа монголчууд авч чадахаа болино. Гэрээнд ийм заалт орчихсон. Тэгэхээр Зарим бараанд ногдуулах гэнэтийн орлогын албан татварын тухай хуулийн заалт зөвхөн Оюу толгойн тохиолдолд өөрчлөгдөх болж байна уу? Түүнчлэн Таван толгойн ордын хувьцааны тал хувийг төр өөртөө үлдээх болж байна. Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан нөөцийг нь  төсвийн хөрөнгөөр тогтоосон орд тул хүссэн хүсээгүй 50 хувь нь засагт ногдоно. Гэтэл амьдралын шаардлагаар эл 50 хувийн эзэмшигчийг компанид шилжүүлэх, өөрөөр хэлбэл менежерийг нь солих хэрэгцээ гарах үест мөн л Хөрөнгө оруулалтын гэрээнд зориулж хуулиа өөрчлөх болох юм биш биз.

Ерөөс дээрх хоёр ордтой холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээ цаашид Цагаан суваргын, Төмөртэй, Цав, Цайдамын орд газруудын асуудал яригдахад үлгэр болох учиртайн хувьд монголчуудын санаа бодол хамгийн сайн нэгдэж нягтарсан чамбай төсөл болох ёстой.

Оюу толгойн уурхайг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх үест говийн экологийн унаган тогтцод өөрчлөлт оруулах хэд хэдэн хүчин зүйл бий. Тэгэхээр “Айвенхоу майнз”-ын хийлгэсэн байгаль орчны үнэлгээний байдлын дүнд үнэхээр итгэж болох уу. Ер нь төслүүдэд аудит хийсэн гадаадын компаниудын дүгнэлт хэр үндэслэлтэй вэ. “Таван толгой” төсөлд бүр 1998 онд Norwest компани үнэлгээ хийсэн. Үүнд өнөөдөр итгэж болох уу. Эргэлзэх нь эсэргүүцэх санаа биш агаад Их хурлын гишүүдэд төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнээс асуух бэлэн будаа бэлтгэж өгч байгаа  хэрэг. Манай гишүүд бие биесээ огцруулах унагах асуудлаар илүү мэргэшсэн улс болохоор  Оюу толгой, Таван толгой төслийн тэр зузаан материалыг эргүүлж тойруулж үзэх нь юу л бол?! Дээрх санаанууд нь төсөл батлах хугацааг сунжруулах шалтгаан бус, эх орны хөгжлийн тулах цэгийг найдвартай бэлтгэхэд зориулагдав. 

“Таван толгойгоо яах гэж байна, Ерөнхий сайд аа?” гэж өнгөрсөн сарын эхээр нэг “пээдгэр” хүү М.Энхболдоос асуусан удаатай. Үнэ ханшиийн таатай мөчлөг ертөнцийн улирал лугаа ээлжлэн хувьсдагийг тэр айхтар жаал нэг хоёрхон жилийн дараа илүү ойлгож эхэлнэ ээ. Ийм мэдрэмж шинэ цагийнхны хувьд ердийн чанар. Зэс болоод коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ төслүүдийг дөнгөж гараас гаргаад байгаа энэ өдрүүдэд өндөр байгаа. Өөрөөр хэлбэл монголчуудад ашиг сонирхлоо илүү зоримог илэрхийлэх, хэлцэлд амжилт олох нөхцөл бүрджээ. Хүлээлтийн эрсдэлийг Рио Тинто ч юм уу, Таван толгой төслийн тендерт оролцох гадаадын том компаниуд илүү мэдэрч мэднэ. Монголд улсын баяр наадам болж, гишүүд нутаг орноо эргэж тойрсны дараа энэ асуудлыг ярина гэсэн тайлбарт тэд нэг удаа ам таглуулж магадгүй ээ.

Харин дэлхийн зах зээлийн үнэ манай хэдийг тойргоо эргээд ирэг ээ хэмээн хүлээх биш. Таван толгой , Оюу толгойн гэрээний төсөл гэдэг гэмт хэргийн хавтаст материал биш, энэ тухай ярьсан хүн эх орноо худалдагч бус, иш мухаргүй эсэргүүцлээ гээд Монголд аврал авчрагч бүр ч биш ээ. Яг энэ өдрүүдэд 2005 оны хаврынх шиг улс төрийн эгзэгтэй цаг мөч ирээд байна. Засаг солихыг хүсэгчид шинэ танхимын бүтцийг яриад чихэр хүлхсэн хүүхэд шиг болчихож. 2005 оны хавраас буюу Монголд улс төрийн ээлжит хямрал дэгдэхэд “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш тасралтгүй унасаар байсан билээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр хэвээр атал IVN хувьцааны чансаа навс хямдарсан юм. Одоо ч IVN-ийг ийм эрсдэл хүлээж байна. Гагцхүү Рио Тинто тэвчээртэй хөрөнгө оруулагч гэдэгт найдъя. Засгийн газрыг унагах бужигнааны тоос татраагүй байхад ирэх жилийн сонгуулийн синдром залгахыг туршлагатай хөрөнгө оруулагчид тооцоолж байгаа биз. Рио тэвчээр алдаад Оюу толгойн хувьцааныхаа 10 хувийг хятадуудад зарчихыг хэн байг гэхэв.

50 хувиа авна гэж дайнд мордсон бид түүнийхээ эргэн тойронд өрнөх олон нөхцөл, гарцыг алдаж байна. Дутуу алсан могойн үлгэр үргэлжилсээр. Оюу толгой, Таван толгой төслийн хувь заяаг улстөрчийн дөрвөн жилийн мөчлөг бүхий карьерт даатгахын учир юу вэ.

Л.БОЛОРМАА