П.Очирбат: Үндсэн хуулийн цэц ганц хүн дураараа цамнаж байдаг газар биш (Өнөөдөр 2007.07.05)
П.Очирбат бол Монголын төрийг 1990-1997 онд тэргүүлсэн анхны Ерөнхийлөгч. Түүнийг эдүгээ хаана, ямар ажил эрхэлж яваа бол хэмээн сонирхох уншигч цөөнгүй бий. Тэгвэл тэрбээр сүүлийн үед ард түмний хувьд шударга, зарим улстөрчийн хувьд улстөржсөн шийдвэр гаргаж, маргааны “бай” болоод буй Үндсэн хуулийн цэцийн гишүүний албыг хашдаг.
Мөн ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн багийн тэргүүлэх профессорын ажил эрхэлж байна. Цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэц улстөржсөн шийдвэр гаргаж байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед сонсогдоод байх болов. Есөн гишүүнийг нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс гурав гурваар нь санал болгож томилдогтой үүнийг холбоотой гэх нь бий. Цэц бусдаас хараат байх зарчим, гишүүдийг нь ийн санал болгодог тогтолцоо хоёр зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Цэцийн гишүүнээр томилуулах саналыг дээрх субьектууд гаргаж, УИХ томилдог. Нэр дэвшүүлсэн хүнийг томилохгүй байх тохиолдол бий. Цэцийн гишүүд өөрсдийг нь томилсон УИХ, нэрийг нь дэвшүүлсэн институц, гишүүн нь байсан нам зэргийнхээ алинаас нь ч хараат биш ажилладаг. Хараат биш болох нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл дүгнэлтийг гаргаснаас ойлгогдох байх. Зарчим, тогтолцоо хоёрт ямар ч зөрчил байхгүй.
-Тэгвэл “Парламентын засаглалыг нухчин дарах гэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаархал Цэцийн шийдвэрээр надад ирлээ” гэж Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаас огцрохдоо мэдэгдсэн шүү дээ. Цэц үнэндээ Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг “утсан хүүхэлдэй” болчихсон юм биш үү?
-Ц.Нямдорж юу ярих нь Үндсэн хуулийн цэцэд падгүй. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хооронд ямар дотоод зөрчил байдгийг би мэдэхгүй. Цэц Үндсэн хуулийг элдэв зөрчлөөс хамгаалах л үүрэгтэй. Тэгэх тусмаа Үндсэн хуулиар тунхагласан Парламентын засаглалыг “нухчин дарах санаархал” гээчийг илэрхийлэх гэдэг эрүүл ухаантай хүний яриа биш. Тэгээд ч Ц.Нямдорж УИХ биш. УИХ-ын дарга гэдэг бол мөн чанартаа хурал удирдагч спикер, түүнийг огцруулах асуудлыг УИХ-ыг нухчин дарах гэсэн оролдлого мэтээр хэт дөвийлгөж ярих нь инээдтэй байна.
-Танай хүргэн Батжаргалын гэрээс генерал Баатарыг барьсан. “Үндсэн хуулийн цэц намайг огцруулах дүгнэлт гаргасан нь П.Очирбатын хийж байгаа ажил” гэж Ц.Нямдорж хэлсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Манай хүргэнийхээр хэн орж гарч байх нь надад ямар хамаатай билээ. Миний хүргэн Батжаргал шулуун, шударга, хүнд тусархуу сайн хүү. Өөрөө хуульч, Тагнуулын газрын ажлыг сайн мэддэг, одоо ч энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа. Тайж гаралтай, цэвэр ариун хүн. Үндсэн хуулийн цэцийн талаар Ц.Нямдорж ойлголтгүй хүн юм билээ. Хүн юм мэдэхгүй, муу мулгуу байж болно. Түүгээрээ түрий барих хэрэггүй. Үндсэн хуулийн цэц гэдэг чинь ганц хүн дураараа дургиж, цамнаж байдаг газар биш. Тийм боломж, тийм орчин Цэцэд байхгүй. Хэзээнээсээ Цэцдийн зөвлөл цэцэн цэлмэг, зөв шударга шийдвэр гаргадаг уламжлалтай байсан юм билээ. Ц.Нямдорж яагаад над руу үсчээд дайраад байгааг би мэдэхгүй юм. Би түүнд муу юм хийгээгүй. Бас мэдэх ч үгүй. Сүүлийн үед нэг хэрүүлч нөхөр гарч ирчихээд цамнаад байх болсон байна лээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан учраас Та одоо Н.Энхбаярын “хамсаатан” болсон мэтээр Ц.Нямдоржийн мэдэгдлээс харагдаж байна шүү дээ?
-Н.Энхбаяр бид нэгэн цагт Монголын төрд хамтран зүтгэж явсан. Намайг Ерөнхийлөгч байхад тэрбээр Соёлын сайд байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмэн түүнийг сонгоод ажиллуулж байна. Монголын төрд уламжлал, залгамж чанар гэж байдаг юм бол миний эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, зам мөрийг дагаж, түүнийг тодруулж, өргөтгөхөд дараа дараагийн Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа чиглэх ёстой. Энэ утгаараа бид “хамсаатан” байх учир холбогдол бас бий. Харамсалтай нь хүмүүс ийм байж чадахгүй байна.
-Тэгвэл Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү?
-Би Ерөнхийлөгчийн засаглалыг хэзээ ч дэмжиж байгаагүй. Цаашдаа ч дэмжихгүй. Дэлхийн хандлага ийм байгаа. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх Франц маяг руу нэлээд хэвийсэн, гадаадын зарим судлаачийн дүгнэлтээр хагас Ерөнхийлөгчийн хэлбэрийг агуулсан гэдэг юм.
-Таны тэргүүлж явсан үетэй өнөөгийн төрийг жишвэл ямар эерэг, сөрөг өөрчлөлт гарч байна вэ?
-Монгол Улс сонгосон зам, тавьсан зорилго руугаа тууштай урагшилж яваа, ардчилсан тогтолцоотой, чөлөөт эдийн засагтай, улс төр, эдийн засгийн нээлттэй орон боллоо. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний нийгэм цогцлоох үйл хэргийнхээ төлөө түмэн бэрхшээл, сорилтыг туулж явна. Иргэд маань өмчтэй байх тэгш эрхээр хангагдах, өмчийн олон хэлбэр зэрэгцэн орших Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж, мал, орон сууц, газраа өмчлөн авч амьдралаа өөрөө төвхнүүлэх бүрэн эрхээр хангагдаж байна. 15 мянган оюутан сургах найман их, дээд сургуультай байсан бол одоо энэ тоо 10 дахин нэмэгдлээ. Боловсрол олох хүрээ ингэж тэлжээ. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллагсдын тоо жилээс жилд өсөж байна. Ингээд тоочвол Монголын нийгэмд эерэг өөрчлөлт асар их бий. Сөрөг өөрчлөлтөд хамруулж болох үзэгдэл гэвэл хүний мөс муудаж, түүний үр дагавар их хорлонтой байна.
-Парламент үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн халаа сэлгээ ярьж, улстөрждөг боллоо. Тиймээс тарааж ээлжит бус сонгууль зарлах ёстой гэж УИХ-ын цөөнгүй гишүүн, улс төрийн зарим нам, хөдөлгөөн үзэж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Мордохын хазгай “парламент” хазгайгаараа дуусаг. Төрийн хэргийг цөөхөн этгээд “самарч” болдгийг харлаа. Намуудын бодлогыг мөнгөнд биш ухаанд төвлөрүүлэх, иргэдийн сонголтыг худал амлалт, хуурамч жиргээнд биш, ноён нуруунд түшиж хийх хэрэгтэй болжээ.
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд нисдэг тэрэг осолдож, 15 хүн амь үрэгдлээ. Тэр үед холбогдох салбарын сайд нар наргиж байсан, эрлийн ажиллагааг хожимдож эхлүүлсэн гэж буй. Энэ нь эдүгээ Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан болж байх шиг...
-Маш харамсалтай, ноцтой аюул боллоо. Хайран сайхан залуучуудынхаа алтан амийг алдлаа. Хэчнээн хүнийг өнчрүүлж, хэчнээн хүний элэг эмтрэв. Даанч яав даа, зүрх шимшрээд нэвтрүүлэг ч үзэж болохгүй байсан.
Ерөөсөө манай хүчний байгууллагын бүтэц, зохион байгуулалт буруу байна. Батлан хамгаалах, хилийн болон дотоодын цэрэг, цагдаа, онцгойн цэрэг гээд буу шийдэм агссан, тангараг өргөсөн дайчид дүүрч, бараг “цэргийн улс” болох нь ээ, энэ Монгол чинь. Гэтэл дундаа ганц нисдэг тэрэгтэй. Түүнийг нь таван сайд командлах янзтай. Онцгой байдлын асуудал эрхэлсэн, Батлан хамгаалахын, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар болон цагдаагийн генерал, Шадар сайд нар. Бас Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд ч оролцох аястай. Хэдэн бие рүүгээ утасдсаар, хэл амаа ололцох гэж хамаг цагаа үрдэг бололтой юм. Урд зуун ямаанд жаран ухна гэж ярьдаг байсан одоо ч нэг ямаанд зургаан ухна гэдэг болох нь.
Түймэр тавигчдыг илрүүлж, залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэд түймэрдээгүй бол ийм аюул хаанаас гарав гэж. Ой хамгаалагчид гэж өөрсдөө ой сүйтгэхээс өөр ажилгүй улсыг гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил хийлгэж болохгүй юу. Тэдэнтэй эвлэрч, урамшуулж суудаг БОЯ-ныхныг орвонгоор нь сэлгэвэл таарна.
УИХ, Засгийн газар огцрох нь гол биш. Эдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг Үндсэн хуулийн дагуу цэгцлэх ажлаа өөрсдийнхөө муу муухай туршлагадаа дүгнэлт хийх үндсэн дээр гүйцэлдүүлээд, бүрэн эрхийнхээ хугацааг дуусгамар аядвал дээр биз дээ.
-Таныг уул уурхайн салбарт гараа нэлээн лав дүржээ гэж хүмүүс ойлгохоор мэдээлэл гараад байх юм. Эрдэс баялгийн орд, тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай Та ямар холбоотой юм бэ?
-Монголын уул уурхайг хөгжүүлэх хэрэгт 1966 оноос хойш 40 гаруй жил зүтгэж явна. Шарын гол, Налайх, Адуунчулуун, Багануур болон орон нутгийн ихэнх нүүрсний, Хар айраг, Бужгар, Хажуу-Улаан, Бор-Өндөрийн жоншны уурхай болон Монголросцветмет, Эрдэнэт гээд бүгдэд нь миний гар, бие, ухаан, хөдөлмөр шингэсэн. Өнөөгийн яриад байгаа Таван толгойн ордыг би оюутан байхаасаа судлаж, 1966 онд Үйлдвэр, хоршооллын мэдлээс улсад авах “буруу” хэрэгт, одоо харийнхны гарт өгөхгүй хамгаалж авч үлдэх хэрэгт оролцож явлаа.
Энэ талаар би “Таван толгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” ном бичиж хэвлүүлсэн. Оюу толгойн ордод эрэл, үнэлгээ, хайгуул хийх ажлыг хөдөлмөрийн баатар, уул уурхайн инженер, техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг санаачилсан юм. Би Ерөнхийлөгч байхдаа түүнийг нь дэмжиж, салбар компани байгуулан Оюу толгойн ордод Гарамжав тэргүүтэй ахмад геологичдын баг бүрдүүлж, судалгаа хийж эхэлсэн. Гэтэл 1996 оноос Ш.Отгонбилэгийг элдвээр муулж, хардан мөрдөж эхэллээ.
Тэр үед Канадын тал Оюу толгойн хайгуулын хөрөнгө оруулалтын 50 хувийг Эрдэнэтийг хариуцаж санхүүжүүлэх хүсэлт тавьсныг Отгонбилэг “яах вэ” гэж надаас асуусан. Хэл амтай, эрсдэлтэй байсан учраас бодож байгаад “Хэрэггүй биз дээ” гэсэн юм. Түүний өмнөхөн Улаан толгойн нүүрсний ордын хайгуулын ажлыг тэрбээр санхүүжүүлсэнд нь ОХУ-ын тал таатай хандаагүй байлаа. Дотоод, гадаад талаас дэмжлэг муутай байхад бас нэг гал өөр дээрээ татаад юугаа хийх вэ гэж би хэлсэн. Хүнээ хайрлаж, Отгоогоо хамгаалж тийм зөвлөгөө өгсөн хэрэг. Тэртэй тэргүй төр энэ хүнээр тоглохыг мэдсэн бол “Эрдэнэт”-ийн мөнгийг тийш нь хийлгэж л байдаг байж гэж бодож суух юм даа.
Би Оюу толгойн ашигтай үр дагаврын талаар гурван судалгаа хийж өгсөн. “Алт” хөтөлбөрийг тэр үеийн Геологийн албаны дарга байсан Барс бид хоёр яриад шийдэж, Ерөнхийлөгчийн захирамж гарган Монголын урдаа барьдаг инженер, эдийн засагч, хуульчдаа суулгаж байж боловсруулсан юм. Шилжилтийн үеийн эдийн засгийг авахад энэ хөтөлбөр аминд орсон. Сайныг саар болгоход манайхан адтайн учир нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчныг сүйтгэж байна. Хажуугаар нь “нинжа” нар гэж хууль зөрчсөн, дуулгаваргүй баахан улс гарч зөрчлийг аюул болголоо. Ийм янзаар үргэлжлэхээр бол гар аргаар ашигт малтмал олборлохыг зогсоох хэрэгтэй.
Би одоо уул уурхайн инженер бэлтгэх үйлсэд зүтгэж байна. Инженерийг нь ч, сайдыг нь ч хийж явсан учраас энэ салбартай гүн гүнзгий холбоотой хүн. Ерөнхийлөгч байхдаа “Нефть”, 3эс”, “Уран” хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, дээлээ нефьтээр мялааж явлаа. Намайг “Алт” хөтөлбөр бий болгож, алтны компаниудаас мөнгө авдаг баян хүн гэх гээд байдаг юм. Энэ хөтөлбөрийн хишиг гэж ганц ам.доллар өгсөн компани байгаа бол нэрээ хэлээч, би мэдмээр байна.
-Та дахин улс төрд хүч үзэх үү?
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахдаа би дахин Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлсэн.
-Манай сонин үндэсний аюулгүй байдлын талаар асуудал хөндөж байгаа. Бид хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг гаднаас авдаг атал үүнд тавих хяналт алга.
-Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг. Манай улс өмнө нь хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан бол одоо гаднаас авдаг болж. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас авч байна гэдэг чинь хүнсний аюулгүй байдал жолоодлогогүй болсны баталгаа. Хүн амаа эрүүл байлгая гэвэл эрүүл хүнсээр хангах ёстой. Эрүүл хүнс хэрэглэж, цусаа цэвэр байлгах нь Монгол орны аюулгүй байдал, оршин тогтнохын баталгаа болно.
С.ТУУЛ