Сүхбаатар-ыг Нүхбаатар болгохгүйн тулд... (Өдрийн сонин 2007.07.05)

A- A A+
Сүхбаатар-ыг Нүхбаатар болгохгүйн тулд... (Өдрийн сонин 2007.07.05)

"Сүхбаатар"-ыг "Нүхбаатар" болгохгүйн тулд... (Өдрийн сонин 2007.07.05)

Жанжин Сүхийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор үүсгэн байгуулж байсан Сүхбаатар аймаг энэ өдрүүдэд 65 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Саяхан тус аймагт ажиллаад ирсэн "Төлсөн авснаа нийтэл" нэртэй төрийн бус байгууллагуудын эвслийн төлөөлөл болох бидний хувьд хурдан морьдоороо алдартай энэ нутагт наадам үзэх гэж биш олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын зарчмуудыг дэлгэруүлэх зорилготой яваад ирлээ.
Олборлох салбарын ил тод байдал гэдэг нь нэг талаас наадамд өнгөт зурагт хандивлахаас өөрөөр гялайлгадаггүй гэж шүүмжлүүлдэг уул уурхайн компаниудын улс, орон нутагт өгч байгаа татвар хураамж, хандив, тусламжийн дүнг нийтэд мэдээлдэг байх, нөгөө талаас эдгээрийг нь хүлээн авсан төр засгийнхан нь ч тайлагнадаг, гурав дахь тал болох иргэд олон нийт энэ бүхнийг харьцуулан хянаж байх тухай санаачилга юм.
Улс даяар дуулиан болоод байгаа Төмөртийн овооны цайрын орд, баяжуулах үйлдвэрийг эс тооцвол уул уурхайн үйлдвэрлэлээр төдий л анхаарал татах бүс нутгийн тоонд энэ аймаг орохгүй. "үүнтэй харьцуулахад Өмнөговь, Өвөрхангайд бол дажин болж байна даа, хэдэн километр үргэлжилсэн нинжа нарын хотхон үүссэн байна. Цэн, тунгаар үнэлэгдэх хүүхнүүдээс эхлээд байхгүй юм тэнд алга..." хэмээн саяхан тэдгээр аймгуудад ажиллаад ирсэн багийн ахлагч маань ярьж явсаар Баруун-Урт хот орлоо.
Гэтэл энэ аймагт 200-д ганцхан дутуу хайгуулын, 24 ашиглалтын лиценз өвөрлөсөн 72 аж ахуйн нэгж ажиллаж байгаа ажээ. Тэдний дунд татвараас зайлсхийсэн хэргээр Татварынхан хайж байгаа Далангурван нэрт өвөрлөгч мэтийн этгээдуүд лицензийг хэд хэдээр нь багцлан барьж явдаг гэх. Цайр, жонш, нүүрс, гянтболд зэрэг ашигт малтмалын зэрэгцээ алтны ганц хоёр ордууд ч энэ нутагт олджээ.
"Тувшин ширээ суманд нинжа нар бий болчихлоо. Цаанаас нь Дорноговиос мэргэшсэн нинжа нар тээрэм, мөнгөн усаа ачиж ирээд манай хүмүүсийг уруу татах боллоо. Очоод тараах гэхээр алга болчихоод, явахаар буцаад л цуглачихна. Шалтгалтынхан явуулах захирамж маань тамгын газраас гараагүй байтал нинжа нарт мэдээлэл оччих юм..." хэмээн аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт ярьж байв. Янз нь тэдгээр алтны нинжа нар кинонд гардаг нинжа шиг ихээхэн сонор сэрэмжтэйн дээр хүссэн үедээ утаа цацаад л ор мөргүй болдог, дараа нь хаанаас ч юм үсрээд л гараад ирдэг бололтой.
Засаг захиргааныхан дийлэхгүй болохоор нь тухайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг компани хотоос баахан хамгаалалтын ажилтан аваад очсон чинь өнөөдүүл нь бас нинжа болчихож гэнэ. Инээдтэй ч юм шиг энэ явдал Монгол орны энд тэндгүй бий болсон "алтны халуурал" Сүхбаатар аймагт бас нүүрлэснийг илтгэнэ. Нэгэнт халуурал гаарч нинжа нар ногоон түмпэнгээ бариад үсрээд ирвэл ямар ч сайн Засаг дарга, секюрити хоёр байгаад нэмэргүйг бид бэлхнээ мэдэх бөгөөд үр дүнд нь ухсан нүхнүүд, тэдгээрт амиа алдсан хүмүүсийн дурдатгал л хоцорно.
Энэ асуудлыг нэг тийш цэгцлэх ёстой. Гар аргаар ашигт малтмал олборлох тухай хууль УИХ дээр нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа ч эрхэм гишүүдийн нэг л зав нь болохгүй байгаа гэнэ лээ.
Иймэрхүү бүрхэг нөхцөл байдалд Сүхбаатар аймагт Монгол, Хятадын хамтарсан "Цайрт минерал" компанийн улсдаа томд орох цайрын баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээр хаа сайгүй л баярлацгааж. Үнэхээр ч энэ үйлдвэр 2005 оны наймдугаар сараас ажиллаж эхлэнгүүт тус аймаг төвлөрсөн төсвөөс татаасгүй аймгуудын тоонд ороод л "мандаж" эхэлж дээ. Өдөр хоногийг өнгөрөөж байсан Тал булгийн нүүрсний уурхайн борлуулалт хоёр дахин нэмэгдэж, Асгат сум усны төлбөрөөр овоо юм олж, аймгийн 250 гаруй залуу ажилтай боллоо, аймаг "Цайрт минерал"-аас олсон мөнгөөрөө дөрөв таван сургууль, цэцэрлэгийн барилга барьж л гэнэ. Хөрсөн дороо баялагтай байсны шимийг одоо л нэг хүртэх нь дээ гэж бодоцгоож л дээ.
Гэтэл урьд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байсан аймгийн төсөв энэ жил тэр л хэвээрээ үлджээ. Уул нь Ашигт малтмалын шинэ хуулиар нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн суманд, 20 хувийг аймагт нь нэмэлтээр өгөх ёстой байтал Сангийн яам төвлөрсөн төсвөөс өгөх татааст нь тэдгээрийг суутгаад хаачихаж. Хуулийн үзэл баримтлалаас хүчтэй нэг тийм журам гарсан юм байх. Сүхбаатарчуудын хувьд цайртай ч хоёр тэрбум, цайргүй ч хоёр л тэрбум гэсэн үг.
Үүнээс гадна "гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэж бас нэг үгийн үнэнийг эндээс харж болно. Ашигт малтмалын хуулийн 43-р зүйлд уул уурхайн компанийн нийт ажилчдын 10 хувиас хэтэрсэн гадаад ажилчин бүрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгуулийг орон нутгийн төсөвт төлж үүнийг нь боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр зарцуулах заалт бий. Энэ заалтын дагуу Сүхбаатар аймаг "Цайрт минерал" компаниас 280 гаруй сая төгрөг авах ёстой гэх ч өнөөг хүртэл авч чадаагүй л байна. Төлөгч тал нь уул нь өгөхөд бэлэн байгаа ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргана гэх нэг журмыг хүлээгээд гацчихаж. Хэзээ гарах журам юм бүү мэд. Юутай ч хууль нь батлагдаад бүтэн жил өнгөрлөө. Байдал ийм байхаар нутагт нь ажиллаж шороо сэндийлээд байгаа уурхайн үр шим юу болохыг иргэд нэхэхээс аргагүй. Баруун-Уртад болсон "Уул уурхайн компаниудын ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдэвт уулзалт дээр "Цайрт минерал" компанийнхан өнгөрсөн жил 83 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа хэлтэл зааланд байсан улсууд золтой л босоод ирсэнгүй. "Ийм их ашиг олж байж манай нутагт өгсөн чинь бага байна, энэ янзаараа байвал үйлдвэрийг чинь хаана" гэж ирээд л үгээ хэлцгээлээ.
Ядаж байхад тус компани тогтвортой байдлын гэрээний дагуу ашгийн татвар төлөхгүй байгаа нь сүхбаатарчууд төдийгүй нийт монголчуудын цөсийг хөөргөөд байгаа хэрэг. Үнэндээ эднийх хуулийн дагуу л төлөхийг нь төлж, чөлөөлөхийг нь чөлөөлүүлж дээр нь хандив, тусламж өгч иржээ. Гэхдээ нөхцөл байдал нэгэнт ийм байгаа, бас чиг хөрөнгө оруулалтын зардлаа нөхчихөж байгаа тул Засгийн газартай яриа хэлэлцээ хийж гэрээнийхээ зарим зүйл заалтыг эргэж харан илүү их татвар төлөх тухай яригдаж байна гэж "Цайрт минерал"-ийн тэргүүн дэд захирал Ч.Цогтбаатар хэллээ.
Хэдэн тонн шороо ухаж хэдэн тонн баяжмал гаргаад ямар ашиг олж буйг нь нэгд нэгэнгүй хэлүүлж бас чиг энэ мэтийн нааштай үг сонссондоо иргэд бага зэрэг уужирч байв. Гэхдээ олборлох салбарын ил тод байдлын төлөө "Төлсөн авснаа нийтэл" эвслийнхний байнгын хяналттай, зохион байгуулалттай байж илүү ил тод болгох тухай яриаг сонсоод зарим нэг нь хөдөлгөөн байгуулах тухай ч ярьж эхлэв. Дээр нь "Миний Монголын газар шороо" хөдөлгөөний дуудлага, Хүний эрх хөгжил төвийн хуулийн зөвлөгөө, зарим газар ардууд нийлж шүүхдээд байгаль орчин сүйтгэсэн компанийг ялж байгаа тухай жишээг сонсоод ихэд урамшиж байгаа янзтай.
Мэдээж хэрэг асуудлын гол нь хөдөлгөөн байгуулж жагсаал хийхдээ биш. Татвар төлбөр төлдөг, авдаг хоёуланг нь ил тод байлгаж иргэд нь мэдээллийг байнга авч, хянаж чаддаг байх нь чухал. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын хүрээнд ийм л зарчмыг дэлгэрүүлж хэвшүүлэх, иргэдийг мэдлэг, чадавхитай болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагууд ажиллаж байна.
Магадгүй, олны анхаарлын төвд байгаа том ордуудаас эхлээд энд тэндгүй байх хэний ч хараа хяналтаас ангид жижиг сажиг ордуудыг ашиглаж дууссаны дараа ухсан нүх, ширгэсэн голтой л үлдэхгүй байхын гол баталгаа нь энэ байх биз ээ.
Юутай ч Сүхбаатар аймгийг "Нүхбаатар" болгож хоцроохгүйн тулд яах ёстой талаар жирийн иргэд мэдээлэл авч саналаа солилцлоо. Тус аймагт зохион байгуулсантай адил арга хэмжээг "Төлсөн авснаа нийтэл" эвслээс өмнө нь Өвөрхангай, Өмнөговь аймгуудад ч мөн зохион байгуулсан бөгөөд удаа нь Дорнодын Тамсагийн сав газрын тосны ордод үргэлжлүүлэх юм.

А.Батпүрэв