Хийсвэр 300 тэрбум ба бодит 15 тэрбум (Өнөөдөр 2007.07.10)
Ирээдүйн сонгуульд нэр дэвшигчид сонгуульд тараах сониноо нэгийг нь 80 төгрөгөөр хэвлүүлэх гэж байгаа юм шиг
Оюу Толгойн орд газар доор 1500 метрийн гүнд байгаа хүдэрт нэг хувийн агуулгатай байгаа зэсийг нэг тонныг нь шууд л 8 мянган ам доллараар үржүүлж, 300 тэрбум ам доллар гэсэн тоо гаргаад иржээ. Үнэхээр тийм их мөнгө газар булаастай байгаа юм бол Иргэний хөдөлгөөний удирдагч гэж өөрсдийгөө нэрлэдэг, эсвэл уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн гэж өөрсдийгөө хөөрөгддөг тэр “зүтгэлтнүүд” нь яагаад эртхэн очоод авчихаагүй юм болоо? Эрдэнэт гээд бас л их мөнгө булаастай байхад заавал чехүүдээр хайгуул хийлгэж, оросуудаар бариулж, байгуулж мөнгө авах хэрэг байсан гэж үү. Хэрвээ үгүй юм бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Монголын төсвийг л бүрдүүлдэг болохоос хүн бүрт мөнгө өгөөд, хувьцаа тараагаад байгаа нь хаана байна вэ?
Тэд Оюу Толгой орд 300 тэрбум ам долларын нөөцтэй байхад Монгол Улс зөвхөн 15 тэрбумыг нь авч байна гэж олон нийтийг төөрөгдүүлэн ярьж байгаа нь үнэндээ бодит амьдралаас хавьгүй хол гэлтэй. Зэсийн үнэ ирэх 45 жилд нэг тонн нь 10,000 ам доллартай /өнөөдөр бэлэн зэс 7500 ам доллар, өөрөөр хэлбэл хэрвээ зэсээ цэврээр нь бэлнээр авахаар очвол энэ мөнгийг төлөөд авна, үгүй бол үнэ нь хэлбэлзэнэ/ тэнцүү байх нөхцөлд л Оюу Толгой ордын газар доор байгаа баялаг 300 тэрбум ам доллартай тэнцэнэ.
Тэр зэс, алтыг ухаад авахад маш их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт хэрэгтэй нь мэдээж. Өөрсдөө зардлаа гаргаад, эрсдэлээ үүрээд тэмээний бэлчээр байсан тэр газрын гүнд тийм баялаг байгааг олж нээвэл, нээсэн компани нь ашиглах, олборлох эрхтэй болохыг Монгол Улсын хууль тогтоомжоор баталгаажуулаад өгсөн.
Оюу Толгой ордын ашиглалтын төлөвлөгөөнд зэсийн үнийг 2,425 ам доллар гэж тооцсон нь урт хугацааны туршид байх зэсийн боломжит үнэ юм. Гэхдээ сүүлийн үеийн мэдээ мэдээллээс үзэхэд энэ үнэ үүнээс илүү дээгүүр байх магадлалтай байна. Зэсийн үнэ өндөр байх тусам Монголын ард түмэнд ч ашигтай, Засгийн газрын сан хөмрөг ч арвин байна. Айвенхоугийн хувьд ч бас багагүй орлоготой байх нь ойлгомжтой. Тэгэхээр Монголын Засгийн газрын авна гээд байгаа 15 тэрбум ам.доллар зэсийн үнээс шууд хамаарч байгаа юм.
“Айвенхоу Майнз”, “Монголия Инк” компани 2005 оны есдүгээр сард Оюу Толгой Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөөг боловсруулан олон нийтэд танилцуулсан билээ. Энэ төлөвлөгөөнд дурьдсанаар Оюу Толгой орд 32 сая тонн зэс, 1000 тонн алтны нөөцтэй.
Уурхайн үйл ажиллагааны эхний 45 жилийн туршид ордын нийт нөөцөөс 20.5 сая тонн зэс, 560 тонн алт олборлох юм. Үүнийг Монголын уул уурхайн салбарынхан, эрдэмтэд мэдэж, ойлгож байгаа.
Олборлох зэс, алтаа 45 жилд нь хуваавал нэг жилд 450 мянган тонн зэс, 12 тонн алт олборлох боломжтой. Энэ нь Эрдэнэт үйлдвэрээс 3-4 дахин их олборлолт хийнэ гэсэн үг.
Газрын хөрсөнд байгаа тэр нөөц баялгийг ямар ч иргэний хөдөлгөөнийхөн, Монголын Засгийн газар ч тэр, “Айвенхоу Майнз” компани ч тэр шууд очоод авна гэж байхгүй. Уурхай байгуулах, зам, цахилгаан эрчим хүч гээд шаардлагатай үндсэн дэд бүтцийг байгуулах, ажиллах хүчнийг сургах, олборлолт эхлүүлэх, ажиллах тоног төхөөрөмж, цалин хөлс зэргийг огт тооцохгүй байгаа нь харамсалтай.
Энэ аварга том төслийг эхлүүлэхийн тулд капитал хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг 2,7 тэрбум ам.доллар гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа бөгөөд үйл ажиллагааны эхний 35 жилийн хугацаанд нийтдээ 5,8 тэрбум ам.доллар зарлагадаж байж ашгаа олох юм. Энэхүү үндсэн хөрөнгийн зардлаас гадна үйл ажиллагааны зардал, дэд бүтцийн зардал, цалин хөлс гээд бүх төрлийн зардлуудыг оруулж тооцох ёстой.
Жилд дунджаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний зэсийн үнийг 2400 ам.доллараар, алтны үнийг 450 ам.доллараар бодоход нэг жилд дунджаар 1.3 тэрбум ам.долларын орлого орох боломжтой бөгөөд түүнээс зардлаа хасах шаардлагатай. Үндсэн болон урсгал зардлын хэмжээ нь маш доогуур буюу нийт орлогын 50 хувь гэж бодоход л Айвенхоу болон Засгийн газар нь 650 сая ам.долларыг ашиг болон татвар, ногдол ашгийн хэлбэрээр хуваах юм. Тэгэхээр иргэдийн хөдөлгөөнийхөн, зарим улс төрчдийн яриад байгаа шиг 300 тэрбум долларын ашиг палхийтэл ороод ирэхгүй нь ойлгомжтой байна.
Үйлдвэрлэл эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулсан жилээс эхлүүлээд олсон орлогоос эн түрүүнд Монгол Улсын хүчин төгөлдөр хуулиудын дагуу бүх төрлийн татвар хураамжийг тооцох ба Монгол Улсын Засгийн газар 34 хувийн ноогдол ашгийг оролцуулан энэ нь 15 тэрбум ам.доллар буюу нийт орлогын 55 хувийг, Айвенхоу Майнз, Рио Тинто 45 хувийг авах юм. Зэс, алтны үнэ өндөр байвал дээр дурдсан орлого ашиг аль аль талдаа л өндөр гарна. Хэрэв зэсийн үнэ 45 жилийн хугацаанд 5000 ам.доллар байх бол Монгол Улсын Засгийн газар 15 тэрбум бус 35 тэрбум, өнөөгийнх шиг 7500 ам.доллар байвал 67 тэрбум ам.долларыг татвар болон ногдол ашгийн хэлбэрээр авах юм.
О.Булган