Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин боловсруулахаар болов (Ардынэрх 154 (686), 2007-08-09)
Өчигдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын Засгийн газраас "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэв.
Уг гэрээнд Оюутолгойн орд газрын 34 хувийг Монголын төр эзэмших, уул уурхайн үйлдвэр байгуулахад зарцуулагдах хоёр тэрбум ам.долларыг Рио Тинто дангаараа хариуцаж харин Монголын тал өөрийн 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг өөрийн ашгаас Рио Тинтод буцааж төлөхөөр тусгасан байгаа. Мөн гишүүдийг хамгийн их цухалдуулж байгаа нэг зүйл нь "Айвенхоу майнз монголиа инк"-ынхан үйлвэрлэлийн эхний таван жилд гэнэтийн ашгийн татвар/ГАТ/ төлөхгүй гэдэг заалт. Сангийн сайд Н.Баяртсайхан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг гишүүдэд уншиж танилцуулаад "Засгийн газрын хуралдаантай" хэмээн гарч одсон нь байнгын хорооны гишүүдийн дургүйцлийг ихээхэн хүргэв. Үүнээс болж гишүүд Н.Баяртсайхан сайдад хаягласан асуултууддаа хариулт авч чадахгүй, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар нь "Би наад асуудлыг чинь мэдэхгүй" хэмээн гэдийж гишүүдийг нэлээд бухимдуулна лээ.
Батж.Батбаяр:
-Сая Н.Баяртсайхан сайд "Хийсэн ажлынхаа хариуцлагыг би өөрөө хүлээнэ" гээд хэлчихлээ. Тийм бол сайн байна. МАХН өнөөдөр парламентад 39 суудалтай, дээр нь эв нэгдлийн Засгийн газарт ажиллаж байгаа бусад намын арваад гишүүд нэмэгдээд үнэмлэхүй олонхи болж байгаа. Тэгээд яагаад асуудлаа шийдэхгүй байгаа юм. Үнэхээр зөв, Монгол Улсын эрх ашигт хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол Хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрсдөө мэдээд шийдээд яв л даа. Бидэнгүйгээр шийдэх боломж нь байсаар байтал яагаад хэлэлцэхгүй өдий хүргэсэн юм бэ, юуаа тохиролцох гэсэн юм. Төсвийн тодотголыг аль наадмын имнө батлах ёстой байсан. Тохиролцож байна гэж явсаар байгаад хоёр cap боллоо. Үүнээс болоод УИХ одоо болтол завсарлаж чадахгүй байна.
Манайхан дотор бас тохиролцоод явдаг хоёр гурван хүн бий, танайхаас хэдэн хүн байна, одоо хүртэл тохиролцож дуусаагүй юу? Н.Баяртсайхан хаачив, хэн үүнд хариулах юм?
Эцсийн бүтээгдэхүүнээс гэнэтийн ашгийн татвар авахгүй, зэсийн үнэ 4000 ам.доллараас дээш гарвал ГАТ авна гээд хуулинд байхад, Хөрөнгө оруулалтын гэрээндээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн мөртлөө зөвхөн зэсийн баяжмалаас авдаг ГАТ-ыг авахгүй гээд хийчихсэн байгаа юм бэ?
Ч.Хүрэлбаатар:
Тохиролцооны талаар бид мэдэхгүй. Цэвэр зэсийн үйлдвэрлэл Монголд бий болох нь л хэрэгтэй. Гэтэл зэсийн баяжмалын үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд хайлуулах өртөг нь нэмэгдээд байгаа. Өнөөдөр 1200 ам.доллар байгаа ч зэсийн үнэ 8000 ам.долларт хүрэхэд хайлуулах өртөг нь 3000 болбол яах вэ. Гэнэтийн ашигийн татварыг бид мэднэ шүү дээ. ОХУ-д ганцхан нефть бүтээгдэхүүн л ГАТ-тай, Америкчууд ГАТ-тай болох гээд чадаагүй.
-Юун 34 хувь, хоёр тэрбум ам.доллар вэ. "Айвенхоу майнз"-ынхан Монголд маш олон газар хайгуулын ажил хийж байгаа, уурхайгаа 1000 метр хүртэл ухчихаад байгаа. Энэ бүхэн чинь Оюутолгойн ордын хайгуулын зардал биш шүү дээ. Канадууд энэ ордын хайгуулд 100 сая ам.доллар зориулсан бол бид тэрнийх нь 34 хувийг төлөөд л болоо шүү дээ. Хөрөнгө оруулалтын зардлыг харин татвараас нь хасаад төлөөд явчихаж болдоггүй юм уу? Хэрвээ 68 хувийн татвараа авчихаад "Бид ашгаасаа төлье" гэсэн бол өөр хэрэг.
Ч.Хүрэлбаатар:
Болох байсан бол бид юу гэж ГАТ авахгүй гэх юм бэ, болохгүй байгаа болоод л тэр шүү дээ. Татвараасаа төлөх нь хамгийн буруу, төсвийн алдагдалд орно.
Н.Батбаяр:
-Энэ гэрээн дээр бид маш их ач холбогдол өгөх ёстой. Засгийн газрын тэргүүн нь сайдуудтайгаа ирээд сууж байх ёстой. Тэгж байж хариуцлага ярина уу гэхээс Н.Баяртсайхан ганцаараа "Би хариуцлагаа хүлээнэ" гэж орилоод яах юм, сайндаа л огцорно биз. Гаднынхан Монголын төрийн эрх ашгийн төлөө орж ирээгүй юм шүү, Монголын төр өөрөө л эрх ашгаа хамгаалах ёстой. Гэтэл "Айвенхоу майнз"-ын тавьсан саналыг тэр чигээр нь хүлээж авчихаад хамтарсан төсөл гэж ярихаасаа санаа зовохгүй юу?
Ер нь та нар энэ гэрээний төсөл дээр хуулийн дагуу ажиллаж чадсан юм уу?
Ч.Хүрэлбаатар:
-Төрийн албан хаагч хүн хуулийн дагуу л ажилладаг юм, ямар ч хууль зөрчөөгүй.
Н.Батбаяр:
-Тэгвэл гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авахгүй гэдгээ ямар хуульд нийцүүлсэн бэ?
Ч.Хүрэлбаатар:
-Та 68 хувийн татварыг батлуулахдаа "Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих зорилготой" гэж байсан. Бид ч гэсэн энэ хуулийн зорилгод нийцүүлсэн. Хэрвээ 68 хувийн татвар авах юм бол Монголд хөрөнгө оруулагчид бүгдээрээ гарч явна. Бид хэдий болтол ингэж гуйлгачин явах юм.
-Н.Батбаяр:
-Битгий дэмийр. Тэгж яривал ГАТ батлагдсаны дараа Рио Тинто "Айвенхоу майнз"-ыг авсан. 68 хувийн татвараас болж Монголоос ямар компани гарч явсаныг надад хэл л дээ. Ийм үлгэр ярьдгаа боль. Би эцсийн бүтээгдэхүүн гаргахыг дэмжиж зэсийн баяжмалаас 68 хувийн татвар авдаг болгосон. Харин чи ямар ашиг харж эхний таван жилд ГАТ авахгүй байх гэрээ хийсэн бэ? Зэсийн үнэ өнөөдрийнх шиг 8000 ам.доллар байх тохиолдолд таван жилийн дотор Монгол Улс ГАТ-аас хэдэн тэрбум доллар олж болохыг хэл дээ.
Ч.Хүрэлбаатар:
-7562 ам.доллар байгаа тохиолдолд дөрвөн тэрбум ам.доллар болно.
Н.Батбаяр:
-Манай хөнгөлж байгаа татвар дөрвөн тэрбум ам.доллар. Гэтэл үйлдвэр барих зардал нь хоёр тэрбум ам.доллар. Тэд Монголын газрын доорх баялгийг ямар ч үнэгүй ашиглаад дээр нь хоёр тэрбум ам.доллар авч байна. Үүнийг Монгол Улсад ашигтай гэрээ гэж яаж хэлж чадаж байна аа. Таван жилийн дотор "Айвенхоу майнз"-ынхан 150 мянган тонн цэвэр зэс хайлна, 350 мянган тонн зэсийн баяжмал гаргана. Олборлолтынхоо гуравны хоёрыг түүхийгээр нь татваргүй гаргах гэж байна шүү дээ. Хэрвээ бид энэ "Айвенхоу майнз"-аас 68 хувийн татвар авахгүй гэвэл "Эрдэнэт"-ээс ч авахгүй болно, жилийн 200 сая ам.доллар шүү дээ.
Ч.Хүрэлбаатар:
-Үйлдвэр барихгүй бол хэн ч татварыг төлөхгүй. Бид байгуулагдаагүй үйлдвэрийг ярьж байна. "Эрдэнэт" чинь гучин жилийн өмнө байгуулагдаад аль эрт өртгөө нөхчихсөн үйлдвэр. Байгуулагдаагүй үйлдвэрээс бид юу ч авахгүй.
Н.Батбаяр:
-Өнөөдөр нэг тонн зэсийн өөрийн өртөг хэд байгаа вэ, хэлээд өгөх хүн байна уу? 1100 ам.доллар. Харин зэсийн үнэ 8000 ам.доллар. Найм нугалсан ашиг олж байгаа. Бид зөвхөн зэсийн үнэ 4000 ам.доллараас давсан тохиолдолд энэ давсан үнээс нь 68 хувийн татвар авах тухай ярьж байна. Рио Тинто ч зэсийн үнэ өснө гэдгийг мэдэж байгаа учраас ашгаа алдахгүйн тулд ГАТ-аас зугтаж байгаа. Жил ирэх тутам дэлхийн зах зээл дээр зэсийн хэрэглээ өсч байгаа. Катодын зэсийн үнэ кг нь 8000 ам.доллар, цахилгааны кабел хийвэл 20000, холбооных нь нь 80000, компьютерийн эд анги хийвэл кг нь нэг сая долларт хүрнэ. Гадаадад усныхаа хоолойг хүртэл зэсээр хийдэг болж байна. Хэрвээ үнэ унана гэж тооцсон бол тэртэй тэргүй ГАТ төлөхгүй шүү дээ.
Чи гэрээнийхээ 1.11-ийг хар. "Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг энэ гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан Монгол Улсын хуулийн заалтыг мөрдөнө", "Энэ гэрээ хуулийн адил хүчин төгөлдөр байна" гэжээ. Үндсэн хуулиас дээгүүр болж байгаа юм бишүү? Энэ гэрээг 20 жилийн хугацаатай хийж байгаа, хоёр удаа сунгахаар 60 жил болно. Монгол Улс коммунизмын дарлалд 70 жил явсан, одоо дахиад 60 жил "Айвенхоу майнз"-ын дарлалд орлоо, нөхөд өө. Танд, танай ажлын хэсгийн 11 хүнд ийм эрх байхгүй шүү. Хэн танд ийм эрх олгосныг хэлчих, өөрөө бодоод олчихсон юм уу?
Жилийн өмнө Ашигт малтмалын хууль батлахад "100 саяас дээш хөрөнгө оруулалттай орд газрын гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ" гэдэг заалтыг энэ Одсүрэн /УИХ-ын Тамгын газрын референт / гэж нөхөр аваад хаячихсан байсан, дараа нь нөхөж оруулсан. Гэтэл өнөөдөр та нар ийм төсөл оруулж ирж байна. Энэ санамсаргүй зүйл биш, их холоос шидсэн чулуу шүү. Ингэхэд та нар "Айвенхоу майнз"-тай "хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр явж болохгүй юм уу?" гэж ярьж үзсэн үү?
Ч.Хүрэлбаатар:
Бид гурван удаа гэрээний төсөл боловсруулахдаа 20-30 удаа муудалцаж, хурлаа хаяж гарч байсан.
З.Энхболд:
-Муудалцсан гэдэг чинь "санал тавьж үзсэн" гэсэн үг биш байна. Нэг зөвлөх нь сард сая ам.долларын цалин авдаг уул уурхайн маш том компанитай та нар тулж байгаа шүү дээ. Гэрээний төсөл дээр ажиллаж байхдаа өөрсдийн давуу байдлыг юу гэж үнэлж байсан бэ?
Ч.Хүрэлбаатар:
-Монголын газар нутаг дээр хэлэлцээр хийж байгаа, Монгол Улсын баялгийг ашиглах тухай ярьж байгаа, ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу явсан, Монгол Улсын эрх ашгийн төлөө гэх чин эрмэлзэлтэй байсан нь бидний давуу байдал.
З.Энхболд:
-Ингээд болоо юу? Баялаг бол нэг дэх давуу байдал, юун Монголын газар нутаг дээр хэлэлцээр хийж байгаа гэж. Хоёрт, бид дэлхийн зах зээлд дэндүү ойр байна. Олон улсын консалтингуудыг харахад Хятадыг тойрсон зах зээлийн төлөө нүдээ ухацгааж байна шүү дээ. Хятадын дундаж анги Америкийнхаас хол давсан. Үүнийг хараагүй юу? Дээр нь энэ гэрээний чинь англи хувь нь хаана байна, хэрвээ маргаан гарвал англи хэл дээрх эхийг барьж тэдний шүүх дээр очно гэж байна шүү дээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11-д "Компани, хувь нийлүүлэгчид болон тэдэнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, удирдлагын багийн компанийн өмчлөлийн мэдээллийг ТУЗ-өөс тогтоосноор хадгалах үүргээ талууд заавал хүлээнэ" гэсэн байна. Ямар утгагүй орчуулга гэж ийм байдаг юм, гэрээний эхийг англи дээр хийгээд тэндээс орчуулга хийсэн нь тодорхой байгаа биз дээ. "Айвенхоу майнз"-ын тавьсан саналыг муухан орчуулаад авчирснаас өөр юу ч алга. Өмчлөлийн мэдээлэл гэдэгтээ цаадуул чинь борлуулалтын мэдээллээс авахуулаад татвар төлөлт, агуулгын /зэсийн/ мэдээлэл гээд юугаа ч оруулж болно. Тэгвэл нөгөө Олборлох салбарын ил тод байдлын тунхаглал энэ тэр чинь юу болох вэ.
Энэ мэтчилэн гишүүд бүхэл өдөржин маргаж ажлын хэсгийнхнийг дарамталсны эцэст Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг томилж дахин боловсруулахаар болов.