Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэв ( Ардын эрх 2007.08.08)

A- A A+
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэв ( Ардын эрх 2007.08.08)

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэв (Ардын эрх 2007.08.08) 

Ардын эрх 153 (685)

Оюутолгойн орд газрыг ашиг лах, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын XXI зууны хөгжил, дэвшилтэй шууд холбоотой учраас энэ асуудалд нэлээд нухацтай хандах учиртай хэмээн гишүүд ярьж бай¬сан. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээг нэгэнт байгуулсан тохиолдолд далан жилийн турш буюу Оюутолгойн орд газрын баялгийг ашиглаж дуусах хүртэл энэхүү гэрээ талуудын хувьд нэг ёсондоо "Үндсэн хууль" болох юм. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл 17 зүйл, 157 заалттай талаар Сангийн сайд Н.Баяртсайхан байнгын хорооны гишүүдэд танилцуулаад дараах мэдээллийг нэмж хэлэв.

Тухайлбал Оюутолгойн орд газарт 32.1 сая тонн зэс, 987 тонн алтны нөөц байгаа аж. Зэсийн нөөцөөр Эрдэнэтээс дөрөв дахин их юм байна. Байгалийн энэхүү баялгийг ил, далд хоёр уурхай байгуулж, уусгах болон баяжуулах технологийг хослуулан олборлох гэнэ. Тус орд газрыг ашиглахад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг Рио тинто болон Айвенхоу майнз компаниуд бүрэн хариуцах бөгөөд Монгол Улс байгалийн баялагаа ашиглуулж байгаагийнхаа хувьд нийт хувьцааны 34 хувийг эзэмших аж. Ил уурхай 2010 онд, далд уурхай 2014 онд ашиглалтад орж, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30-35 хувийг дангаараа бүрдүүлэх юм байна.

Мөн 2015 оноос зэс хайлуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж тооцоолсон аж. Нэг тонн зэсийн үнэ хамгийн багаар буюу 2415 ам.доллар байхад Монгол Улсын төсөвт 15.5 тэрбум ам.долларын ашиг дор хаяж оруулна гэж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн тооцжээ. Уурхайг ашиглах явцад Өмнөговь аймгийн Ханбогд суманд онгоцны буудал, авто замтай 30 мянган хүнтэй үлгэр жишээ хот бий болж, хөгжил дэвшилд хүрнэ гэж тэд төсөөлж байгаа юм байна.

Оюутолгойн орд газрын ойролцоо, 150 метрийн гүнд цэвэр усны нөөц бүхий гурван газар байгааг илрүүлээд байгаа бөгөөд тэндээс усаа авч ашиглахаар төлөвлөжээ. Уурхайн нийт ажилчдын 90 хүртэлх хувь нь монголчууд байх бөгөөд 2015 он гэхэд нийт инженер техникийн ажилчдын 50-75 хүртэлх хувийг монголчууд бүрдүүлэх ёстой талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан гэнэ. Эхний ээлжинд 100 оюутныг гадаадад инженерийн сургуульд суралцуулах бөгөөд зардлыг нь Рио тинто компани хариуцахаар гэрээнд тусгажээ. Байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгийнхнээс дараах зүйлийг сонирхож байлаа.

Гишүүн Р.Буд:
-Хүдрийг авто замаар тээвэрлэнэ гэж байна. Яагаад төмөр замаар тээвэрлэж болохгүй гэж, Ашиглалтын явцад Рио тинто компани эрхээ өөр компанид шилжүүлэхээр болвол яах юм бэ. Энэ талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан уу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар:
-Техник, эдийн засгийн хувьд авто зам нь илүү үр ашигтай юм билээ. Ашиглалтын явцад эрхийг шилжүүлэхээр болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах учиртай. Засгийн газар зөвшөөрөөгүй байхад эрхээ шилжүүлбэл гэрээ хүчингүй болохоор тусгасан байгаа.

Гишүүн Д.Одхүү "Энэ гэрээг олон улсын гэрээ гэж үзэж байгааюу. Эрдэнэттэй харьцуулахад асар олон хөнгөлөлт эдлэхээр гэрээнд тусгасан байна. Ийм их хөнгөлөлт үзүүлсний төлөө Монгол Улсад ямар хариу барих юм бэ. Гэрээнд ус ашигласны төлбөр тогтвортой байна гэж тусгасан нь ямар учиртай юм бэ. Далан жилийн турш манай улс асар их усны нөөцөө хямд ашиглуулах болоод байгаа юм биш үү" гэж асуухад ажлын хэсгийнхэн "Олон улсын гэрээ гэж үзэж байгаа" гэж хариулна лээ.

Энэ хариулт гишүүдийн эгдүүцлийг төрүүлэв бололтой. "Рио тинто, Айвенхоу майнз чинь Засгийн газар биш зүгээр л нэг компани шүү дээ. Яахаараа олон улсын гэрээ болдог юм" хэмээн бухимдаж байлаа. Гишүүн Н.Батбаяр "Ийм хүмүүстэй юу ярих юм бэ. Асуултад олигтой хариулж чадахгүй, амандаа бувтнаад" гэж байсан бол 3.Энхболд гишүүн "Ч.Хүрэлбаатар болохоор монгол улсын компани учраас харж үзээрэй гээд байсан ажлын хэсгийнхэн олон улсынх гээд байна шүү дээ" гэх дуулдав.

Сангийн сайд Н.Баяртсайхан "Энд XXI зууны Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөөх тэмцэл явагдаж байгаа учраас гишүүдэд сонсогдохоор чангахан ярь" гэж ажлын хэсгийнхнийг зандарч байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд эхний таван жилд гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлөхөөр тусгасан байсан нь олон гишүүний эсэргүүцэлтэй тулгарна лээ. Мөн татварын өөрчлөлтийг далан жилийн туршид өөрчлөгдөхөөргүй, одоо мөрдөж байгаа ханшаар тооцсоныг гишүүд эсэргүүцэж байсан юм. Эцэст нь энэ асуудлыг яарч хэлэлцэх нь буруу гээд маргааш буюу /өнөөдөр/ үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.