Залуучуудын оролцоог дэмжих жижиг тэтгэлгийн хөтөлбөрөө эхлүүлж байна.

A- A A+
Залуучуудын оролцоог дэмжих жижиг тэтгэлгийн хөтөлбөрөө эхлүүлж байна.
Нээлттэй Нийгэм Форум 2009 оноос хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн “Залуучуудын оролцоог дэмжих хөтөлбөр”-ийг эхлүүлж байна. Уг хөтөлбөр нь Монголын залуучуудад тулгарч буй  асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх санал санаачилга гарган, аливаа шатны бодлого шийдвэрт дуу хоолойгоо нэмэрлэх залуучуудыг дэмжих зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд залуучууд өөрсдийн амьдралд тулгарч буй тодорхой асуудлын шийдлийг боловсруулж, түүнийгээ бодлого шийдвэр гаргагчдад хүргэх нөлөөллийн ажил хийх юм. Шийдэл боловсруулах үе шатанд залуучууд бодлогын судалгаа, бодлого хэрэгжилтийн мониторинг, орон нутгийнхаа иргэдийн оролцоонд тулгуурлан нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлыг шийдэх төсөл зэрэг тогтсон аргачлалыг ашиглан мэдээллээ бүрдүүлж, санал зөвлөмж боловсруулна. Удаах нөлөөллийн үе шатанд тайлан, хэлэлцүүлэг зэргээс гадна иргэний сэтгүүл зүй, мэдээллийн техник технологи ашигласан бүтээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүнээр дамжуулан санал, зөвлөмжөө бодлогод тусгах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
Эдгээр нь 16-25 насны залуучуудын өөрсдийн санаачилсан, багаар юмуу ганцаарчлан хэрэгжүүлэх төсөл байна. Багаар ажиллах тохиолдолд заавал сургууль, холбоо зэрэг албан шугамаар зохион байгуулагдсан байх албагүй бөгөөд залуучууд албан бусаар сонирхлоороо нэгдэн баг болж болно. Харин хүүхэд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юмуу тэдний үйл ажиллагааг зохион байгуулан чиглүүлдэг байгууллага, зөвлөхүүд хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу.

ННФ нь төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төслийн судалгааны болон нөлөөллийн үйл ажиллагааны бодит зардлыг санхүүжүүлэх жижиг тэтгэлэг олгох юм. Эхний сургалтыг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ННФ дээр хийхээр төлөвлөөд байна. Энэ сургалтаар төслийн санааг гаргах, санал боловсруулах ажилд дэмжлэг болох үүднээс бодлогын судалгаа, бодлого хэрэгжилтийн мониторинг, орон нутгийн оролцоонд тулгуурласан төсөлт ажил зэрэг арга зүйг танилцуулах юм. Сургалтад хамрагдах хүсэлтэй залуучууд  [email protected] хаягаар уг төсөлд хамрагдах тухай хүсэлтээ (чөлөөт найруулгатай) товч намтрын хамт ирүүлнэ үү. Намтардаа сайн дурын төсөл/ үйл ажиллагаа, судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагаа тодорхой бичнэ үү.

Нэмэлт лавлагаа шаардлагатай бол:

ННФ-ын 313207 утсанд хандана уу.