Иргэддээ үйлчилж, төрт ёсны үнэт зүйлсээ хадгалах:
Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь
номын нээлт боллоо
Хэвлэлийн мэдээ
2011 оны 4 дүгээр сарын 30
Монголын эдийн засаг эрчимтэй өсч, төсвийн орлого эрс нэмэгдэж байгаа өдгөө цагт нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, хүн амын амьжиргааны түвшинг тэр хэмжээгээр сайжруулах нь нэн тулгамдсан зорилт болж байна. Авилгаас ангид, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албатай байж гэмээнэ энэхүү зорилт хангагдах билээ. Манай улсад ийм төрийн алба хараахан бүрэлдэн бий болоогүй байна. Иймээс төрийн захиргааны шинэтгэлийг дээрх зорилтод чиглүүлж, даяаршил, эрх мэдлийн задрал зэрэг орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулан цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлага хурцаар тавигдаж буй энэ үед “Иргэддээ үйлчилж , төрт ёсны үнэт зүйлээ хадгалах: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь” номыг ННФ-аас санаачилан хэвлүүллээ. Энэ ном нь төрийн захиргааны шинэтгэлийн мөн чанарыг гүнзгий ухаарч, үр нөлөөтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна хэмээн номын нээлт дээр ННФ-ын захирал П.Эрдэнэжаргал онцлон хэллээ.
Төрийн захиргааны үндсэн үзэл баримтлал, сайн засаглалын суурь зарчмуууд, олон улсын сургамжийн талаар өргөн мэдээлэл агуулсан энэхүү номыг Азийн Хөгжлийн Банкнаас эрхлэн 2004 онд англи хэл дээр хэвлэсэн бөгөөд төр, засгийн үйл ажиллагааны шударга, үр ашигтай, хариуцлагатай, үр нөлөөтэй байдлыг хангах талаар тус Банкнаас гаргаж буй цуврал бүтээлийн тавдахь нь ажээ. Дөрвөн хэсэг, 21 бүлгээс бүрддэг уг номыг Монголд хэвлэхдээ хоёр хэсэг болгожээ. 1-9 дүгээр бүлгийг нэгтгэн НЭГДҮГЭЭР боть болгон энэ удаа хэвлүүлсэн бол 10-21 дүгээр бүлгийг ХОЁРДУГААР боть болгон удахгүй олны хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.
Энэхүү номонд засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө нөөцийн удирдлага, засгийн газар ба иргэдийн харилцаа, захиргааны шударга байдал, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, авилгаас урьдчилан сэргийлэх зэрэг төрийн захиргааны олон асуудлыг цогцоор хөнджээ. Уншигч эндээс төрийн захиргааны төрөл бүрийн тогтолцоо, практик, тэдгээрийн давуу болон сул талууд, олон улсын туршлагыг аль нэг талыг баримтлалгүй мэргэжлийн үүднээс нэгтгэн дүгнэснийг олж үзэх болно.
![]() |
![]() |
![]() |