Гэрээний төслийг хэлэлцэх, эсэхийг судлахаар боллоо (Өнөөдөр, ¹185, 2007-08-09)
“Эрдэнэт”-ийг ашиглаж эхэлснээс хойш 30 шахам жилийн дараа Монголын Оюу толгой руу дэлхийн уул уурхайн “акул”-ууд нүд унагах боллоо. Оюу толгой төслийн ил уурхайг 2010, далд уурхайг 2014 оноос ашиглаж эхлэх төлөвтэй байна. 2015 оноос төслийн мөнгөн урсгал эерэг гарч эхлэх бөгөөд Монгол Улсын ДНБ-д эзлэх хэмжээ зарим жилдээ 30 орчим хувьд хүрч, 2010-2055 онд татвараар 15.5 тэрбум ам. доллар орж ирэхээр тооцжээ. Гэвч Монголын парламентын сөрөг хүчин үүнийг чамлаж байгаа юм.
Үүнээс ч илүү ашиг олох бололцоо бий. Засгийн газартай байгуулах Хөрөнгө оруулалтын болон Хувь эзэмших гэрээг Монголын ард түмэнд ямар ч ашиггүй байхаар хийх гэж байна гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчин хүчтэй тавьж эхэллээ. Оюу толгойн газрын баялаг нь Монгол Улсын Үндсэн хуулиар манай ард түмний өмч атал “Айвенхоу майнз Монголиа инк” болон “Рио Тинто” ХХК биднийг цөлмөх гэж байна гэж УИХ дахь АН-ын зөвлөл үзэж байгаа аж. Харин МАХН-ын бүлгийн гишүүд стратегийн энэ асуудлаар амаа үдүүлсэн байдалтай байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд санал солилцов. Хэлэлцэхээсээ өмнө сайтар нягтлах хэрэгтэй хэмээн үзэж хэлэлцэх эсэхийг судлах ажлын хэсгийг тус Байнгын хорооноос байгуулахаар боллоо. Байнгын хорооны гишүүд ч Сангийн яамны ажлын хэсгийн гишүүдийг халуун мэтгэлцээнд өчигдөр дуудсан юм.
Л.Гүндалай: -”Айвенхоу майнз Монголиа инк” ХХК “Оюу толгой” төслөө хэрэгжүүлэхийн тулд 2.7 тэрбум ам. долларын зардал гаргах юм байна. Монгол Улсын валютын сан нэг тэрбум ам. доллараас давсан. Яагаад монголчууд өөрсдөө мөнгө босгоод ашиглаж болдоггүй юм бэ?
Н.Баяртсайхан /Сангийн сайд/: “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК өөрсдийн хөрөнгөөр хайгуулаа хийж, нөөцийг тогтоосон. Лицензээ ч эзэмшиж байгаа. Тэдний хувьцааны 34 хувийг авахаар хуулийн хэлэлцээ хийсэн, үр дүнд хүрсэн. Энэ бол том амжилт. Засгийн газар хэн нэгний барьцаанд ороогүй шүү. “Айвенхоу майнз Монголиа инк” компанийн Оюу толгойгоос олох ашгийн 55 хувь нь Монгол Улсад ногдоно.
Сүүлийн 30 жилд ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагүй учраас бидний туршлага дутаж мэднэ гээд, гэрээний төсөл боловсруулахдаа олон улсын зөвлөх авч ажиллуулсан, техникийн туслалцаа ч авсан. Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкныхан Монголд ашигтай гэрээ байгуулж чадсан гэж дүгнэсэн. “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК одоогийн байдлаар Оюу толгой төсөлд 400-гаад сая ам. доллар зарсан. Нийтдээ 2.7 тэрбум ам. доллар зарцуулахаар юм билээ.
Б.Эрдэнэсүрэн: Ямар хөнгөлөлт үзүүлэх юм бэ. Хайлуулах үйлдвэр байгуулах уу. Монгол Улсын Засгийн газар ямар ч хөрөнгө оруулаагүй хэрнээ 34 хувийг эзэмшинэ гэдэг сайхан амжилт шүү.
Ч.Хүрэлбаатар /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/:-Монгол Улсын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.
Хайлуулах үйлдвэр байгуулахгүй бол зэсийн баяжмалыг түүхийгээр нь зөөх учраас таван жилийн дотор хайлуулах үйлдвэр байгуулахаар гэрээний төсөлд заасан. “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн Удирдах зөвлөлд гурван монгол хүн ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавина.
Н.Баяртсайхан: Эхний ээлжинд улсын төсөвт жилдээ 300 орчим сая ам. доллар орж ирнэ гэж тооцож байгаа. Зэсийн үнийг 2425 ам. доллараар тооцоход Монголын тал 15.5 тэрбум, “Айвенхоу майнз Монголиа инк” компани 12.7 тэрбум ам. долларын ашиг олохоор байгаа. 6000 ам. доллараар тооцоход манайх 52, тэдний тал 45.7 тэрбум ам. долларын ашигтай ажиллана. Төсвийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авахаар бол “Айвенхоу майнз Монголиа инк” компани үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрнэ. Хөрөнгө оруулалт ч зогсоно гэж олон улсын санхүүчид зөвлөсөн. Хэлэлцээр хийхэд бидэнд амар байгаагүй шүү. Гэрээний төсөл алдаатай болоогүй.
Б.Батбаяр: Энэ асуудлыг яагаад одоо оруулж ирж байгаа юм бэ. Үнэхээр л ашигтай гэж үзэж байгаа юм бол хүчээр батлуулж чадах л байсан байх. Ийм үлбэгэр байдлаа хэзээ зогсоох юм бэ, та нар.
Ч.Хүрэлбаатар: ҮАБЗ-өөр хоёр ч удаа хэлэлцсэн. Үүнээс цааш нь явуулах эрх бидэнд байхгүй.
Л.Гансүх: Хайгуул хийсэн зардлыг нь төлөөд Монгол Улс 34 хувиа авах хэрэгтэй. Аудит хийлгээд хайгуулд яг хэдий хэрийн зардал гаргасныг нь тооцуулах ёстой. 400 сая доллар зарцуулсан гэдэг эргэлзээтэй. Бид цаашаа олон гэрээ хэлэлцэх учраас буруу жишиг тогтоож болохгүй. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, түүний хийсэн дүгнэлтийн дагуу ярилцмаар байна.
Ч.Хүрэлбаатар: Уурхай босгох хөрөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй. Зээл авах тухай ярьж байна. Тэгвэл Монгол Улсын зээлжих эрх буурна. Зээлийн дарамт нэмэгдэж, ДНБ-д сөргөөр нөлөөлөх аюултай.
Л.Гансүх: Зээл авахгүйгээр авах татвараараа төлж болно шүү дээ.
Ч.Хүрэлбаатар: Татвараас суутгах тухай асуудал хэзээ ч байж болохгүй. Хамгийн буруу жишиг. Харин татварын дараах ашгаараа 34 хувийн хувьцаагаа авч болно. Гэрээний сайн, мууг хэн нэг нь хэлэх утгагүй. Цаг хугацаа л харуулна. Тухайн үед “Эрдэнэт”-ээс хувь эзэмших тухай гэрээг муулж л байсан. Тийм гэрээ хэрэгтэй байжээ гэдгийг цаг хугацаа л харуулсан. Аль болох УИХ-д суудалтай бүх намуудын төлөөлөлтэйгээр хэлэлцэж батлаасай гэж хүсч байна.
Н.Батбаяр: Бүх ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Монголчуудад ямар ч ашиггүй ийм гэрээ хэрэггүй. “Айвенхоу майнз Монголиа инк” зөвхөн ашгаа л бодох нь тодорхой шүү дээ.. Монголын эрх ашиг тэдэнд хамаагүй. Та нар Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллаж чадсан уу. Би та нарыг хардаад байна.
Ч.Хүрэлбаатар:-Энэ бол төсөл гэдгийг ойлгоорой. Алдаа мадаг байвал засах эрх нь та нарт бий. Хуулиа зөрчдөг төрийн албан хаагч гэж байдаг юм уу. Бид хуулийн хүрээнд ажилласан.
Н.Батбаяр: Эхний таван жилд татвар авахгүйгээр зэсийн баяжмалыг гаргана гэж байна. Гэнэтийн ашгийн татвар авах ёстой. Ийм л хуультай юм чинь.
Ч.Хүрэлбаатар: Хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гэнэтийн ашгийн татвар тогтоовол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Монгол Улс тэгээд мөнхийн гуйлгачин байх юм уу.
Н.Батбаяр: 68 хувийн татвараас болж ямар ч хөрөнгө оруулагч гарч яваагүй шүү. Энэ татвараа авбал хэдэн ам. долларын ашиг олох вэ?
Ч.Хүрэлбаатар: Таван жилийн татварын хөнгөлөлтөөс чөлөөлөхөд дөрвөн тэрбум ам. доллар болж байна.
Н.Батбаяр: Оюу толгойн уурхай байгуулах зардал 2.7 тэрбум ам. доллар. Татварын хөнгөлөлт дөрвөн тэрбум ам. доллар болж байна. Татварын энэ хөнгөлөлтөөр л “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК зардлаа нөхчихөж байна. Ийм зүйл хийчихээд Монголын эрх ашигт нийцүүлсэн гэрээний төсөл гэж юугаа яриад байгаа юм бэ, та нар.
Ч.Хүрэлбаатар: Ашиглахгүй бол ямар ч татварын мөнгө орж ирэхгүй шүү дээ. Та өөрийнхөө бодлогыг тулгаж яриад байх юм. Таван жилийн дараа зэсийн үнэ хэд байхыг та мэдэж байгаа юм уу.
Н.Батбаяр: Та нар Гэрээ хүчин төгөлдөр болмогц хуулийн тогтвортой орчноор хангана гэж гадаадын компанид зуучилсан л байна шүү дээ. Гэрээний төслийн 10.3-т “Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцөлийг даган баримтална” гэсэн байна. Үндсэн хуулиас дээгүүр ийм “юм” та нар хийсэн байна. Энэ гэрээг 30 жил мөрдөнө. Та Монгол Улсын иргэн, нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга байж яахаараа улсынхаа эрх ашгаас дээгүүр толгой гаргадаг байна аа.
Ч.Хүрэлбаатар: Алдаа мадаг байгаа бол УИХ-аас байгуулах ажлын хэсэг засна биз. Би хуулийг уландаа гишгээгүй. Монголчууддаа хэрэгтэй гэрээ байгуулахын төлөө л саналаа оруулж ирлээ. Харин ч монголчуудын эрх ашигт нийцсэн төсөл боловсруулсан. 68 хувийн татвараас болж Монголд нэг ч уурхай байгуулагдаагүй.
Н.Батбаяр: Нэг тонн зэсийн өөрийн өртөг 1100 ам. доллар. Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээлд нэг тонных нь үнэ 8000-д хүрч байна. Хэд нугалсан ашгийг “Айвенхоу майнз Монголиа инк” олохоор байгаа биз. Эндээс гэнэтийн ашгийн 68 хуийн татвар авах бүрэн бололцоотой. Тэр компани чинь Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж. Төр өөрийнхөө компаниас татвараа авна гэж байгаа юм шүү. Хуулиар зэсийн үнэ 4000 ам. доллараас дээш гарсан тохиолдолд 68 хувийн татвар авах ёстой юм.
АНУ-д нефтийн бүтээгдэхүүнээс гэнэтийн ашгийн татвар авч байсан. Тэр үед эдийн засаг нь сэргэсэн. Орост ч одоо ийм хууль үйлчилж байгаа. Монгол Улсаас өөр оронд зэсийн үнийн өсөлтөөс гэнэтийн ашгийн татвар авдаггүй. Удахгүй манай улсын санаачилсан шиг зэсээс авах татварыг зарим улс тогтооно гэдэгт би эргэлзэхгүй байгаа шүү.
З.Энхболд: 80 жил ашиглах ордын асуудлыг найман сарын турш УИХ-аар хэлэлцэхэд буруутахгүй.