Оюу Толгойн гэрээг хийхээс өмнө хариулт авах ёстой долоон асуулт

A- A A+
Оюу Толгойн гэрээг хийхээс өмнө хариулт авах ёстой долоон асуулт

Оюу Толгойн гэрээг хийхээс өмнө хариулт авах ёстой долоон асуулт

Засгийн газар удахгүй Оюу толгойн орд газрыг ашиглах талаар Айвенхоу Майнз, Рио Тинто компаниудтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээ Улсын Их Хуралд өргөн барих бололтой. Энэхүү гэрээ нь Монголын ирээдүйд нэн чухал ач холбогдолтой алхам болох юм. Зарим тооцоогоор Оюу толгойн орд нь манай улсын ДНБ-ыг ирэх жилүүдэд 35 хүртэл хувиар нэмэгдүүлж болзошгүй байгаа бөгөөд уг гэрээ цаашид хийгдэх бүх гэрээний төлөвийг  тодорхойлох  болно.

Улсын Их Хурал энэхүү гэрээг хэлэлцэх явцдаа зайлшгүй анхаарлаа хандуулбал зохих ёстой гэж Нээлттэй Нийгэм Форумын үзэж буй  зарим асуултыг  дор дурдъя:

Хэр шударга гэрээ болов? Монголчууд бид энэ их баялгийнхаа үр  шимийг нь хүртэж чадахаар байна уу?  Бодит байдал дээр уул уурхайгаас хүртэх үр шим  нь улсын төсөвт оруулж байгаа хувь нэмрээр тодорхойлогдох юм. Их Хурал, Засгийн газрын хариулах ёстой хамгийн чухал асуулт бол Монгол Улс эрдэс баялагаа зарж борлуулсны хариуд үр өгөөжийг нь шударга хүртэж байгаа эсэх тухай асуудал болоод байна. Энэ бол амаргүй асуулт. Үүнд өгөх хариулт нь тухайн гэрээ болон түүнд шийдвэрлэх нөлөөтэй чухал таамаглалуудыг сайтар ойлгохоос хамаарна.

Гэрээний өгөгдсөн нөхцлүүдэд, ялангуяа ашигт малтмалын ирээдүйн үнэтэй холбоотой тодорхойгүй зүйлс байгаа ч, орлогын тооцоо нь ашгийг хэрхэн хуваахыг үнийн янз бүрийн "хувилбарууд"-аар харуулах ёстой. Эдгээр бүх хувилбарт уг гэрээ аль аль талд нь адил тэгш үйлчилж чадаж байна уу? Засгийн газар хэр их хувь хүртэхийг хэлэх төдий өнгөрөх нь хангалтгүй. Тэр ч байтугай, Засгийн газар Айвенхоутой 50, 50 хувиар хуваалцана гэж хэлэх ч хангалтгүй. 50/50 хувийг хэзээ хүртэх вэ, яг юуны 50/50-г хүртэх вэ гэдгээс хамаарч энэ хувь засгийн газрын хувьд хэтэрхий их, эсвэл хэтэрхий бага байж ч болно. Саяхан Ливи улсад дуудлагаар худалдсан газрын тосны орд газрын нийт ашгийн төрд ногдох хувь нь 80 хувиас илүү гарч байв. Иймд Засгийн газар тооцоолж гаргасан нийт ашигт ажиллагааны хэмжээ, "Засгийн газрын хүртэх хувь", уг тооцоог хийхэд тулгуурласан санхүүгийн загварын талаарх мэдээллийг Их Хуралд өгөх ёстой юм.    

Дүн шинжилгээ ч бэлхнээ байгаа. Айвенхоу үүнийг өөрөө дотооддоо хийж гүйцэтгэдэг. Айвенхоу компани ийм шинжилгээг Ашиглалтын цогцолбор төлөвлөгөөндөө бие даан гүйцэтгэж, нийтийн хүртээл болгосон байгаа ба одоо уг төлөвлөгөөгөө шинэчилж байна. Оюу толгойн орд газар онцгой ач холбогдолтой тул Их Хурал уг гэрээний талаар санал хураахаасаа өмнө ийм төрлийн шинжилгээний дүнг мэдэж байх ёстой.

Амьдралд биелэх, хэрэгжүүлж болохуйц гэрээ мөн үү?   Цаасан дээр бичигдсэн тоонууд  шударга мэт харагдаж байвч тэр нь амьдрал  дээр бодитойгоор хэрэгжих эсэхийг Их Хурал өөрөө шалгаж магадлах ёстой юм. Засгийн газарт орох орлогын хэмжээнд олон тооны техникийн шинж чанартай асуудлууд нөлөөлдөг ба үүнд нөөц ашигласны төлбөрийг тооцоолоход ашигласан үнэ, зэс, алтны экспортын борлуулалтын үнэ, тэдгээрийн ил тод байдал, харъяа буюу холбоотой компаниудад төлөх үйлчилгээний хөлс, Засгийн газрын орлогыг бууруулахад хүргэдэг өрийн санхүүжилтийг ашигласан,  хязгаарласан байдал, гэрээнд хяналт шинжилгээ хийсэн болон гэрээг хэрэгжүүлэхэд хялбар дөхөм байдал зэргийг дурьдаж болно. Гэрээнд аудитын ямар хамгаалалт хийгдсэн байна вэ? Юун түрүүнд Айвенхоугийн аль хэдийнэ хөрөнгө оруулсан гээд байгаа 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтад аудит хийсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай юм

Хайлуулах үйлдвэр Гэнэтийн ашгийн татвараас татгалзах хэмжээний үнэ цэнэтэй юу? Айвенхоу компани олборлосон алтаа Төв банкаар дамжуулан борлуулах болон таван жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр байгуулах үүрэг хүлээсэн тохиолдолд Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээгээр Айвенхоуг гэнэтийн ашгийн татвараас бүрэн чөлөөлөх тухай мэдэгдсэн байна.

Энэхүү зэс хайлуулах үйлдвэр Монголын хувьд тааруухан наймаа болж болзошгүй. Хэдийгээр хайлуулах үйлдвэр өндөр үнэтэй,  түүнчлэн зэсийн үнэ өнөөгийн төвшнөөсөө  буурсан ч гэсэн ийм  үйлдвэр байгуулах хүртэлх таван жилийн хугацаанд (одоогийн хуулиар гэнэтийн ашгийн татвар энэ хугацаанд үйлчлэх ёстой) гэнэтийн ашгийн татвараас авч болох орлого хэдэн тэрбум доллараар хэмжигдэж, магадгүй хайлуулах үйлдвэр байгуулах хөрөнгийн нийт зардлаас хоёр дахин давах боломжтой байж мэднэ. Иймд Засгийн газар зэс хайлуулах үйлдвэрийг өөрөө байгуулж, өөрөө эзэмшээд дээр нь илүү орлоготой үлдэх бүрэн бололцоотой юм.

Анхаарал татсан, эгзэгтэй өөр бас нэг учир шалтгаан байна. Хайлуулах үйлдвэр нь шинээр ажлын байр төдийлөн нэмэгдүүлэхгүйн зэрэгцээ хүнцэл, хүхрийн давхар исэл, тоос болон нүүрс төрөгчийн дан исэл ялгаруулан байгаль орчны хувьд ноцтой асуудлууд үүсгэх талтай. Уг гэрээгээр эрх олгосон аливаа хайлуулах үйлдвэр нь олон улсын хамгийн өндөр стандартад нийцсэн, нэн сүүлийн үеийн байгаль орчны хяналттай байна гэдэг итгэл, хүлээлт л байна. Тэгвэл учирч болзошгүй хор хохирлыг тооцоолвол Монгол Улс гэнэтийн ашгийн татвараа хэвээр үлдээж, өөрийн зах зээл болох Хятад улсад хайлуулах үйлдвэртэй холбоотой байгаль орчны өртөг зардлыг үүрүүлсэн нь дээр ч байж мэдэх юм.  

Засгийн газар хувь эзэмшихийн тулд юу төлөх вэ, хувьцаанаасаа ямар үр өгөөж хүртэх вэ? Уг гэрээгээр Засгийн газар нийт хөрөнгийн 34 ба түүнээс дээш хувийг эзэмших төлөвтэй байна. Энэхүү хувь эзэмших сонголтод хайлуулах үйлдвэрийн нэг адил тусад нь санхүүгийн шинжилгээ хийх ёстой. Ямар өртөг зардал гарах вэ, Засгийн газар ямар бодит үр өгөөж хүртэх вэ? Хувь эзэмших нь хэдийгээр түгээмэл байдаг ч сайн наймаа биш ч байж болно. Зүгээр л үнэ төлбөргүй хувь эзэмшинэ гэж хэзээ ч байхгүй. Хувь эзэмших нь эдийн засгийг олон тулгууртай болгохоосоо илүү уул уурхайгаас улам бүр хамааралтай болгоно. 
                       
Засгийн газар өөрийн эзэмших хувийг худалдаж авах (буюу тэр мөнгийг Айвенхоугаас зээлж авах) учраас ямар нэг эдийн засгийн үр шим хүртэх асуудал хол сонстож байна. Засгийн газар ямар нэг үр шим хүрттэл хэдэн жил шаардагдах бол? Ямар ч үр өгөөж хүртэх байсан, түүний оронд Айвенхоугийн төлөх байсан татвар болон хувь эзэмшсэний төлөө Айвенхоуд үзүүлж байгаа бусад хөнгөлөлт урамшууллыг харьцуулж үзэх хэрэгтэй. Олон тохиолдолд, зүгээр л ногдол ашиг, хүү, үйлчилгээний төлбөрүүд зэрэг эхний өдрөөсөө эхлээд орлого оруулах төлбөрүүдийг хуульд заасан 20 хувиараа аваад явж байхад бидэнд илүү ашигтай байж болох юм. 

Түүнчлэн Засгийн газар ямар эрх эдлэх вэ гэдэг бас их асуулт чухал билээ. Монгол Улсын хуулинд заасан жижиг буюу цөөнх хөрөнгө оруулагчдыг хамгаалах хамгаалалтууд үйлчлэх үү? Аливаа шийдвэр гаргахад Засгийн газар цөөнх хувьцаа эзэмшдэг хөрөнгө оруулагчийн хувьд зөвшөөрөл олгох боломжтой байна уу? Засгийн газар эзэмшлээ худалдан борлуулж болох уу? Хятад, Оросын хувь эзэмшилд, эсвэл үл мэдэгдэх Монгол этгээдийн эзэмшил бүхий уурхайд Засгийн газар хувь эзэмших нөхцөл үүсэх боломжтой юу? Эцэст нь, Засгийн газрын бусад бодлоготой зөрчилдөж буй асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Засгийн газар өөрийн хувь эзэмшлээ хамгаалахын тулд байгаль орчны эсвэл аюулгүй байдлын арга хэмжээгээ сулруулахаас сэргийлсэн хамгаалалт байна уу?

Нутгийн ард иргэд, газар нутаг хамгаалагдсан уу?  Уул уурхай нь байгаль орчны болон нийгмийн ноцтой үр дагавар дагуулдаг. Аз болоход, Айвенхоугийн шинэ хувьцаа эзэмшигч Рио Тинто компани энэ талаар нэр хүнд сайтай. Тус компани НҮБ-ын Глобал Компакт, бизнесийн хээл хахуулийг таслан зогсооход чиглэсэн Транспаренси Интернэйшнлийн хүчин чармайлт болон Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын анхны дэмжигчдийн нэг юм. Тэгвэл уг гэрээнд Айвенхоу компани дээрх хувьцаа эзэмшигчийнхээ мөрддөг эдгээр практикийг даган баримтлах эсэх, Рио Тинто хөрөнгө оуулагч байхаа больсон ч эдгээр практик үргэлжлэх нөхцлийг хангах уу? Уурхайг ашиглах явцад Монгол Улс байгаль орчны болон хөдөлмөрийн хуулиудаа өөрчлөн, сахиулах эрхээ хадгалж үлдэх үү?  Эдгээр нь бас хариулт хүлээсэн асуудлууд юм.

Гэрээ хууль тогтоомжийг тодорхойлох уу, эсвэл хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хийгдэх үү? Дөнгөж нэг жилийн өмнө Их Хурлаас уул уурхайн болон татварын хууль тогтоомжид өргөн хүрээтэй шинэчлэл хийсэн. Энэхүү хууль тогтоомжоор хөрөнгө оруулалтын гэрээнд чухал боловч, цөөн тооны хувьсагч тусгахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч Айвенхоугийн хөрөнгө оруулалтын гэрээ олон талаар эдгээр хуулийг өөрчлөхөд хүргэж байна. 

Үүний нэг жишээ бол гэнэтийн ашгийн татварыг авахгүй байх нөхцөл юм. Өөр нэг тохиолдол нь аливаа стратегийн хөрөнгө оруулалтын эзэмшлийн 10 хувь нь дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг байх шинэлэг шаардлагыг хэрэгсэхгүй байхаар тохиролцож байгаа явдал гэж ойлгож байна. Энэ нь зөвхөн монголчууд үндэсний баялагтаа хөрөнгө оруулж (хууль ёсны дагуу, шударга үнээр, нийтэд ил тод байдлаар) эзэмшихийг зөвшөөрөөд зогсохгүй хөрөнгийн биржийн дүрмийн дагуу тухайн бүртгэлтэй компани өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа нийтэд ил тод мэдээлэх нөхцлийг бүрдүүлж байгаа заалт юм.

Хэрэв Их Хурал хуулийг засч өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол өөрчлөх нь зүйн хэрэг, гэхдээ тодорхой хөрөнгө оруулалтын гэрээтэй уялдуулан хуульд өөрчлөлт хийх нь зохисгүй.

Нөхцөл байдал өөрчлөгдөх нь гарцаагүй,  тэгвэл юу болох вэ?  Оюу толгой бол томоохон хөрөнгө оруулалт бөгөөд уг гэрээ хэдэн арван жил ч үргэлжилж болно. Тэгвэл Монгол Улс өөрийн хууль тогтоомжийг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломжийг энэ гэрээ олгож байна уу? Хэрвээ эдийн засгийн байдал муугаар эргэвэл Айвенхоу компани Засгийн газрын үүдийг сахиж татварын хөнгөлөлт үзүүлэхийг хүсэх нь мэдээж юм. Харин зэсийн үнэ 2 эсвэл 3 ам доллар хэвээр байх нөхцөл үргэлжлэх юм бол юу болох вэ? Энэ нь Айвенхоугийн хувьд гэнэтийн их олз ашиг болно. Үүнээс нь Монгол Улс хуваалцах уу? Хөрөнгө оруулагчдад баталгаа хэрэгтэй, тэглээ гээд хөрөнгө оруулалтын гэрээ нь тухайн улс орны хувьд хүлээс болох ёсгүй.

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ