ОюуТолгойн гэрээний орчуулгын тухай (2007.08.10)

A- A A+
ОюуТолгойн гэрээний орчуулгын тухай (2007.08.10)

ОюуТолгойн гэрээний орчуулгын тухай (2007.08.10)

Р.Баяр

 

УИХ-ын намрын чуулган хүртэл хойшлуулав хэмээн мэдэгдсэн хэрнээ гэнэт яаралтай хэлэлцэж эхлээд буй Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээний монгол,англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтална” гэсэн нэгэн заалт бий аж. Энэ заалтыг дагаж мөрдвөл ноцтой хийгээд гутамшигтай, бас инээдтэй үр даг аврууд үүсэхээр байна.

Хамгийн энгийнээс нь эхэлж дурдвал

Нэгд, монгол хэл дээрх гэрээ англи хувьтай агуулгаараа яг ижил байж чадаж байна уу? гэдгийг юуны өмнө туйлын чамбай нягтлах шаардлагатай болж байна. Буруу ба дутуу дулимаг хөрвүүлээгүй гэсэн 100 хувийн баталгаагүйгээр монгол хэл дээрх гэрээг уншиж хэлэлцэх нь тун осолтой үр дагавартайгаас гадна эцсийн дүнд утга багатай  ажил болж хувирч мэдэх нь. Яагаад гэвэл, монгол хувилбар  англи хувиас зөрөх тоолонд өөр агуулгатай гэрээг уншиж буйтай агаар нэг байх тул орчуулга алдаа мадагггүй гэх баталгаа туйлын чухал юм.

Хоёрт, ийм баталгааг хэн өгч хариуцлагыг нь үүрэх вэ? гэсэн асуудал үүнээс үүдэн гарна. Дааж давшгүй их хариуцлагыг өөртөө сайн дураараа  ногдуулах “тэнэг” хүн бараг олдохгүй л болов уу. Олдсон ч тэр “том толгойтон” хариуцлагыг жинхэнэ ёсоор үүрч чадахгүй нь илэрхий. “Таны орчуулгын буруугаас болоод улс орон 30-70 жилээр гаднынхны дөнгөнд эргэлт буцалтгүй орчихлоо” гэж дараа нь  хэд ч торгож шийтгээд яах билээ. Ямар ч тус нэмэр болохгүй. Тиймээс эцсийн баталгаа гэх юм үндсэндээ байхгүйтэй адил.

Энэ бүхнээс ямар дүгнэлт гарч байна вэ гэвэл гэрээг шууд англи хэл дээр уншиж хэлэлцэх нь дээр болж таарах нь. Тэртээ тэргүй “англи хэл дээрх  хувийг баримтална” гээд тохирчихсон учраас энэ нь явж явж хамгийн дөт, зөв зам болох гээд байна. Харин ямар ял,шийтгэлд унасандаа Монголын төр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэг нэгжтэй байгуулах гэрээг харийн хэл дээр хийх ёстой болдог байна вэ гэсэн асуулт эндээс яах аргагүй гарна. Гэрээний нэг заалтаас болж ийм утга учиргүй хэрэг явдал үүсэхэд хүрч байна л гэсэн хариулт бий аж. “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн Үндсэн хуулийн заалт маань ч зөрчигдөж буйг энд хэлэх нь бараг илүүц болох нь.

Гуравт, гэрээг англи хэлээр уншиж ойлгох мэдлэг хэрэгтэй болж УИХ-ын эрхэм гишүүд хэлний чадвараа амьдрал дээр сорих эгзэгтэй ажилтай тулгарах нь байна. Эх хэлээсээ нэг их дутуугүй мэдсэн цагт л англи хэл дээрх гэрээг авч хэлэлцэх урьдчилсан нөхцөл хангагдах нь ойлгомжтой. Иймд эрхэм гишүүдийн нэлээд нь англи хэлийг шуурхай бөгөөд онцгой сайн сурах нөр ажилд унаж байна гэсэн үг. Ийм хөгийн ба хүлээн зөвшөөрөх аргагүй байдалд гэрээний заалт цаад утгаараа хүргэж байна.

Харамсалтай нь гэрээнд оруулсан бусармаг заалтын балаг үүгээр хязгаарлагдахгүй нь. Яагаад гэвэл, орчуулгын алдаагаас үүсэх бүх эрсдэл,хариуцлагыг Монголын тал гэрээ үйлчлэх 30-70 жилийн хугацаанд үүрнэ. Бас тэгээд маргаан гарвал Лондонгийн Арбитрын шүүхээр англи хэл дээр шийдүүлнэ гээд нэмээд тохирчихсоныг  хэлэх үү.

Гэрээний монгол хэл дээрх төслийг  бэлдсэн хүмүүс орчуулах ур чадвараар маруухан  нь олон зүйлээс харагдаж буй. Англи эхдээ баригдаад монгол хэл дээр ойлгомжтой бөгөөд ядахнаа найруулгын болхи алдаагүй  буулгаж чадаагүй тал энд тэндгүй мэдрэгдэнэ. Энэ бол дадлага,туршлага багатай үед гарцаагүй тохиолддог “нялхсын өвчин” агаад амьдралд байдаг л зүйл.

Харин огт байж болохгүй зүйл юу вэ гэвэл, ийм заалтыг гэрээнд тусгаж  тохирсон үндсээрээ гаж буруу үйлдэл, шийдвэр юм. Чухал гэрээг хэзээ ч зөвхөн аль нэг талын хэлээр үйлддэггүй бөгөөд 2 талын хэл дээр хийвэл хоёулаа ижил хүчинтэй байхаар тохирдог гэрээ эрх зүйн хамгийн наад захын, дэлхий нийтээр ямар ч яриангүй хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ бий.

Гэтэл очиж очиж ард түмний хувь заяаг шийдэх гэрээг байгуулахдаа харийн хэл дээрх хувилбарыг өөрийн хэл дээрхээс давуу эрхтэй байхаар тохирч, эх орныхоо эрх ашгийг хөсөр хаях нь ямар учиртай бодлого, явуулга  вэ гэж Засгийн Газрын эрх мэдэлтнүүдээс Монголын олон нийт  хатуу нэхэл, дагалтайгаар яг одоо асууж байна.