Сү.Батболд: Бид Таван толгойн лицензийг гаднынханд зарчихалгүй найман жил хадгалсныхаа төлөө гүтгүүлж явна (2007.09.04)
Түүх ярихад Таван толгойн лицензийг анх Австралийн “Би Эйч Пи Биллитон” компани эзэмшиж байгаад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хямд байхад энэ орд эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт хийгээд лицензээ цуцлаад Монголоос гараад явсан байдаг. Үүнээс хойш уг лицензийг 10 сар шахам ямар нэгэн аж ахуйн нэгж сонирхохгүй байж байгаад 1999 онд “Майн Инфо” гэдэг компани авсан юм билээ.
Тухайн үед “Майн Инфо” уг орд газрын лицензийн төлбөрийг ганцаараа төлөх, олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч нарт сурталчлахад санхүү, менежментийн хүндрэл гарсан учир үндэсний томоохон компаниудад хандаж хамтран ажиллах санал тавьсан байдаг. Манай компанид ч ийм санал тавихад “Алтай холдинг”-ийнхан ярилцаад хамтарч ажиллах болсон. Энэ үе бол “Ардчилсан холбоо” эвсэл төр барьж байсан цаг. Би улс төрд хөл тавиагүй үе, 1999 он шүү дээ. Гэтэл би 2000 оны есдүгээр сард Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. Тэгээд дөрвөн жилийн дараа 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Үйлдвэр худалдааны сайд болсон.
Тэгэхээр Таван толгойн лицензийг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллах үедээ авсан байж таарахгүй биз дээ. Бодит байдал, цаг хугацааны зөрүү үүнийг хэлж өгнө. Ийм байхад л “үгүй, чи лицензийг эрх мэдлээ ашиглаж авсан” гээд үнэнийг гуйвуулж дайраад байх юм. 1999 онд би төрд байгаагүй нь ерөөсөө хамаагүй бололтой.
Бас нэг зүйлийг тодорхой хэлье. Иргэний хөдөлгөөний төлөөлөл багтсан ажлын хэсэг Таван толгойн лицензийг хуулийн дагуу авсан эсэхийг өнгөрсөн жил шалгаад дүгнэлтээ гаргасан юм билээ. Тэгээд “Таван толгойн лицензийг хуулийн дагуу авсан нь үнэн юм байна” гэсэн дүгнэлт үйлдээд гарын үсгээ зурцгаасан байна лээ. Энэ баримт нь сонин хэвлэлээр хүртэл гарсан даа.
-Тухайлбал, иргэний ямар хөдөлгөөнүүд тийм шалгалт хийсэн юм бэ?
-Зарим яамны төлөөлөл багтсан Засгийн газрын хүмүүс тэр ажлын хэсэгт байсан. Бас “Үндэсний соёмбо” тэргүүтэй нэлээд хэдэн хөдөлгөөн уг ажлын хэсэгт багтсан юм билээ.
-Таван толгойн ордын талаар таныг ингэж ярьж байсныг санахгүй байна. Ер энэ орд саяхан хүртэл ямар байдалтай байсан юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд Таван толгойн төсөлд 2000 оноос хойш төдийлөн анхаарал тавьж чадаагүй. Миний хувьд бол нэлээд хэдэн жил бизнес эрхэлж байгаад төрийн ажилдаа буцаж орсныг хэлэх үү эргэж харах, танилцах юм их байлаа. 2000 оноос хойш Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр худалдааны сайд зэрэг албыг хашихад АНУ-тай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, АНУ-д зорчих иргэдийг 10 жилийн визтэй болгох, чөлөөт худалдааны яриа хэлэлцээг эхлүүлэх, Европын холбооны орнуудад татваргүй бараа нэвтрүүлэх асуудлыг эцэслэх, Дэлхийн худалдааны байгууллагаар манай орны худалдааны бодлогыг хэлэлцүүлж сайшаалгах, Япон, Герман, Хятадтай худалдаа хөрөнгө оруулалтын байнгын яриа хэлэлцээний механизмтай болох гээд олон томоохон ажлыг хоёр яамныхаа хамт олонтой хамтран шийдвэрлэсэн. Иймд Таван толгойн асуудлыг авч явдаг байсан “Энержи ресурс” ХХК-ийн ажилд оролцож байгаагүй. Тийм боломж ч байгаагүй. Одоо сонсоход хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгэхдээ анх Таван толгойг яг үнэндээ тоож байсан гадна, дотны нэг ч хүн байгаагүй.
Таван толгойн ордыг танилцуулж, хамтран хөрөнгө оруулах талаар санал солилцох гээд гадны нэг томоохон компанид очиход тэр компанийн хүмүүс нь уулзалтын үеэр унтаад байсан гэж “Энержи ресурс” ХХК-ийн залуус ярьдаг юм билээ. Одоо тэр компани нь энэ төсөлд орох гээд төр, засгийн хэмжээнд хүртэл яриад явж л байна гэсэн. Хөрөнгө оруулалт хамтран оруулах түнш хайгаад Япон, Энэтхэг, Герман гээд яваагүй улс үлдээгүй байх гэж “Энержи ресурс”-ынхан дурсдаг.
Хүмүүс тоохгүй, ашиггүй гэсэн л хариу өгдөг байсан гэсэн. Нүүрсний үнэ бага, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэл нөлөөлж байсан нь тодорхой. Дээрээс нь дэлхийд томоохонд тооцогдох “Би Эйч Пи Биллитон” компани энэ төслийг ашиггүй гээд хаяад гараад явсан нь бусдад их нөлөөлсөн байх. Тэгээд гэнэт 2005 оны дунд үеэс бүгд л Таван толгойг ярьж, сайд хийж байснаар нь намайг элдвээр хардаж сэрдэх болсон доо.
-Таван толгойн консорциумд олон компани, хүн байхад яагаад заавал таныг онцолж дайрч давшилдаг юм бэ. Ингэж боддог уу? Бүх юманд нэг шалтгаан байдаг шүү дээ.
-Сайд байснаар над руу дайрах нь хүмүүсийн анхаарлыг илүү их татах магадлалтай гэж тооцоолсон юм гэнэ билээ. Тэгээд л намайг янз бүрээр их бичих юм. Лиценз наймаалдаг л гэнэ. Оросын хэдэн тэрбумын үнэтэй Северсталь компанийн 30 хувийг эзэмшдэг л гэж бичнэ. Таван толгойг Хятадуудад зарчихсан л гэнэ. Энэ мэтээр зохиосон олон “домог” бий. Сүүлдээ ч бүр элдвээр гутааж доромжлох нь хэрээс хэтэрлээ.
Үйлдвэр, худалдааны сайдад лиценз олгох эрх байдаггүй юм шүү дээ. Энэ бол АМГТХЭГ-ын даргын асуудал.
-Та ҮХ-ны сайд болоод лиценз олголтыг цэгцлэх гэж ер оролдсон уу?
-Одоо энэ албыг Ардчилсан намын Лу.Болд хашиж байгааг хэн бүхэн мэднэ. Сайдын албанд очоод анхны томилсон хүмүүсийн нэг нь Лу.Болд. Ашигт малтмал, лиценз олголтын журмыг цэгцэлж улс төрийн аль ч талаасаа хяналт хараатай байгаасай гэсэндээ түүнийг томилсон. Намайг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхад хаа очиж хэл ам татлаад байгаа лицензийн асуудал чинь их цэгцэрсэн юм шүү. Аль аль талаасаа улс төрийн хяналт бий болж олон жил бугларсан идээ бээрийг нь ч их шахсан. Зүгээр нэг хүрээд ирсэн хүнд лиценз өгдөг байсан журмыг өөрчилж лицензийг дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар олгодог болгосон. Бас гадагшаа хямдхан үнээр түүхий эд гаргаж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Хууль бусаар олгосон зарим лицензийг АМГТХЭГ-аас цуцалж жинхэнэ эзэнд нь олгосон.
Тухайлбал, Хятадуудын эзэмшиж байсан Төмөр толгойн төмрийн орд газрын лицензийг цуцалж улсын мэдлийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр тухайн үед агентлагаас шилжүүлсэн. Стратегийн ач холбогдолтой орд газруудад төр хувь эзэмшдэг байх саналыг Үйлдвэр, худалдааны яамнаас анх гаргасан. Эргээд харахад энэ үеэс л миний эсрэг элдвийн гүтгэлэг дайралтын ажиллагаа эхэлсэн байдаг. Бодвол ашиг сонирхол нь хохирсон хүмүүс, улс төрийн хувьд намайг буулгаж авах гэсэн улстөрчдөд л Таван толгой дайрч давших шалтаг болдог юм байлгүй.
Тэрнээс биш яримаар олон асуудал дуулдах юм. Саяхан ураны нэг ордыг хэдэн арван сая доллараар гадныханд зарсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдлаа гэсэн. Энэ талаар ярьж байгаа хүн байна уу? Нүүрсний нэг орд газрыг Гонконгийн бирж дээр хэдэн Хятадууд зараад, нэг хэсэг үнэ нь Оюу толгойтой адил хэдэн тэрбум долларт хүрлээ гэж дуулдах боллоо.
Чимээгүй л байх юм. Гэтэл Таван толгойн лицензийг хадгалж гаднынханд заралгүйгээр үлдсэн хүмүүсийг гүтгэж доромжлоод байх юм. Одоо 86 хувийг нь төр авахаар болсон. Гаднынханд өгсөнгүй, төрд өглөө гээд л муулаад, гүжирдээд байх сонирхол байдаг бололтой. Тэгэхлээр газар шороо, улс орны эрх ашиг ярих гэхээсээ илүү, Батболдыг муулах нь л асуудлын гол болчихоод байна.
-Яагаад заавал Таван толгойн төсөлд “Алтай холдинг”, “Шунхлай”, “Петровис”, “Эм Си Эс” “Туул кашмер” зэрэг компаниудыг сонгосон юм бол. Асуудал үүсгээд байгаа Х.Баттулга, Н.Батбаяр нарын “Женко”, “Фортуна” компанийг яагаад сонгож болоогүй юм бол. Энд ямар нэг шалгуур байна уу?
-Таван толгойн төсөлд Монголын боломжийн компаниуд оролцож байгаа. Анх “Майн Инфо” компани Таван толгойн лицензийг аваад төслийг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн арга барил, туршлага чадавхаараа тохирох хүмүүс гэж “Алтай холдинг”-д хандаж санал тавьсан гэж бодож байна. Энэ төсөлд оруулахаар санал тавьсан бусад компаниудыг харахад хөрөнгө мөнгөний хэмжээ, хийсэн бүтээсэн зүйл гэх мэт хүчин зүйлийг нь голлон анхаарсан байх. Бас бизнес хийдэг арга барилыг нь ч харгалзан үзсэн юм билээ.
Энэ төсөлд багтсан компаниуд бизнесийн соёл, ёс суртахуун гэх мэт олон үнэт зүйлээрээ ойролцоо үнэлэмжтэй гэж би боддог. Нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Таван толгойн консерциумд байгаа “Эм Си Эс”, “Петровис”, “Моннис” зэрэг компанийн эзэд улс төрд ороогүй бизнесээ хийгээд л явж байгаа. Тухайн үед би ч гэсэн улс төрд ороогүй “Алтай холдинг”-оо удирдаад явсан. Хэрвээ улс төр харж энэ консорциумыг бүрдүүлсэн бол тэс өөр бүрэлдэхүүнтэй байх байсан болов уу.
-МоАХ-ын удирдлагууд Таван толгойг зарахаас нь өмнө төрд 100 хувь ав гэсэн утгатай шаардлага тавиад байгаа шүү дээ. Энэ талаар ямар бодол санаатай явдаг вэ?
-Хэлэлцээрийн төслийн дагуу Таван толгойн зарим орд газрын лицензийг эзэмшиж байсан “Энержи ресурс” ХХК-ийн 86 хувийг төр өөрийн мэдэлд авахаар байгаа. Үүний 50 хувийг Монголын төр эзэмшиж, үлдсэн 36 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад Засгийн газар өөрөө мэдэж худалдана гэж гэрээний төсөлд заасан. Харин 14 хувийг нь Монголын томоохон 10 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэмшиж үлдэхээр болсон.
Үүний хоёр орчим хувийг “Алтай холдинг” эзэмшдэг. Хэрвээ Таван толгойн лицензийг 1999 онд эзэнгүй 10 сар хэвтэж байхад нь биднээс өөр нөхдүүд аваад өнгөрсөн найман жилийн дотор богино хугацааны ашгаа бодоод гаднынханд зарчихсан бол өнөөдөр төр 86 хувиа авна гэдэг яриа байх байсан уу. Зарим хүн Таван толгойн лицензийг зарах гэж байсан, зарчихсан, зарна гээд л цуурах юм. Тийм боломж, сонирхож яриа, хэлцэл хийх гэсэн хүмүүс, гадаадын компанийхан зөндөө байсан байх.
-Зарж болох байсан биз?
-“Энержи ресурс” ХХК-ийнхан лицензийг зараагүй өнөөдрийг хүрсэн. Цаашдаа ч Таван толгойг үүрээд хаа нэг тийшээ явчихгүй, лицензийг зараад алга болохгүй. Эцсийн эцэст энэ орд Монголын өмч хэвээрээ л үлдэнэ. Энэ л чухал шүү дээ. “Эм-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис” гэх мэт хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн мэргэжилтнүүдээ сургая, өргөн хүрээнд сэтгэж, бизнес хийж чаддаг болъё л гэж төслийг сонирхсон байх. Уг төсөлд багтсан бусад аж ахуйн нэгж ч гэсэн тийм л бодолтой байсан. Гэтэл Таван толгойн лицензийг аваад Монголын үндэсний биш гадны компаниудад өгөх тухай их ярих боллоо. Гадны компанид 36 биш, заавал 50 хувийг нь өгч, үндэсний компаниудыг төслөөс гаргах бодлого ч байх шиг.
Үндэсний компаниудыг хөөж гаргаж, гадны компаниудыг заавал төртэйгээ адил хэмжээнд оруулах ёстой гээд яриад яваа хүмүүс бий. Үүнийг дэмжихгүй болохоор бидний эсрэг элдэв гүтгэлэг сэдэж, үлгэр домог зохиож, лицензийг хууль бусаар авсан болгож нэг үзээд, Хятадуудад зарах гэж байгаа гэж бас гөрдөх юм. Хэрвээ ийм дээрээ тулах юм бол монголын ард түмэн энэ асуудлыг шийдэх биз дээ. “Би энэ төсөлд байхгүй юм чинь чи ч бас байх ёсгүй” гэж боддог хүмүүс цөөнгүй байх шиг санагддаг. Ингэж асуудалд хандалгүй, элдэв явуулгад хуурталгүй төслийг эхлүүлж, улс орныхоо хөгжлийг хурдасгаж чадвал энэ Их хурал, Засгийн газрын хийсэн томоохон ажил болох учиртай юм.
-Ингэж муу хэлүүлэн байж, өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төлбөр төлж Таван толгойг авч үлдэж байхаар урьд өмнө зарчихаж болоогүй юм уу?
-Ер нь Таван толгойн лицензийг найман жил гаруй хадгалж, гаднынханд зарчихалгүй авч үлдсэнээрээ элдвээр доромжлуулж, гүтгүүлж явна. Эх оронч царай гаргаад цээжээ дэлдээд яваа хүмүүс өөрсдийнхөө нэр дээрх лицензийг гаднынханд зараад л яваа сураг дуулдах юм байна шүү.
Би дээр хэлсэн энэ Таван толгойгоор зориуд олны анхаарлыг өөр тийш татаад ар хударгаар нь хэдэн арван саяар лиценз зарж, орд газрыг олон тэрбумаар нь үнэлээд явж байна. Өнөөдрийн эх орончийн дүрд хувирсан эрхмүүд Таван толгойн лицензийг авах эзэнгүй жил орчим хэвтэж байхад нь аваад өдийг хүртэл хэдэн тэрбумын хөрөнгө оруулаад явахгүй хаана байсан юм бол гэж хааяа өөрийн эрхгүй бодох юм. Энэ төслөөс нэг ч хүрз нүүрс гараагүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй байгаа. 2005-2006 он хүртэл хэн ч сонирхоогүй гэдгийг дахин хэлье. Ийм сэтгэл гаргаж чадахгүй байж зүтгэсэн нэгнийгээ гүтгэж элдэв домог зохиохоо болих хэрэгтэй.
-“Энержи ресурс”-ийнхан Таван толгойн өөрсдийн мэдлийн 14 хувиа Хятадын “Shenhua” корпорацид зарах гэж байгаа. Энэ корпорацийнхан төрийн мэдлийн 36 хувийг бас авахаар болсон гэж зарим хүмүүс баталж бичээд байгаа нь аль хэр нотолгоотой зүйл вэ? -“Энержи ресурс” ХХК 86 хувиа төрд өгсөн. Хэдэн хувиа, хэнд яаж зарахаа төр л мэднэ. Харин төр, засгийг 86 хувиасаа ард түмэнд хувь хүртээх ёстой гэж шаардана. Нэгэнт хөл дээрээ бат зогссон компаниудаас бүрдсэн консорциумынхан өөрсдийн мэдлийн хувиа зарах сонирхолгүй байгаа гэж би хувьдаа ойлгодог. Ганц хоёр лиценз эсвэл үлдсэн ганц хоёр хувийн хувьцаагаа наймаалж, хэдэн төгрөг олох хэмжээний хүмүүс биш. Тийм юм бодож энэ төсөлд ороогүй шүү дээ. Бид Таван толгой дахь хувиа зараагүй өнөөг хүрсэн. Харин та нарыг элдвээр шахаж шаардаад гаднынханд хямдхан заруулах бодлого хийж байгаа юм биш биз дээ гэж сануулах хүмүүс ч бас байх л юм.
-Ер нь та нар 14 хувиа хэзээ ч зарахгүй гэж шийдсэн хэрэг үү. Тийм бизнес гэж байдаг юм уу, гарч болдоггүй шорон шиг?
-Уг нь гэрээний төсөлд аль нэг тал өөрийн хувьцаагаа зарахаар болбол эхлээд нөгөө талдаа санал болгоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 14 хувиа зарах дээрээ тулбал эхлээд Засгийн газартаа хамгийн түрүүнд заавал санал болгох ёстой. Аль ч компанид байдаг хуулийн дагуух бизнесийн зарчмыг хүмүүс мэдэх учиртай. Үүнийг л мэдсээр байж мэдэн будилаад Хятадуудад зарах гэлээ гэж улс төр хийж байна.
-Үлдсэн ганц хоёр хувиа зарах хэмжээний хүмүүс биш гэж та хэллээ. Таван толгойн нэг хувь хэдэн зуун триллион долларын үнэтэй гээ биз дээ?
-Тэгвэл таны яриагаар дэлхийн хамгийн баян 10 гаруй хүн Монголд байдаг болох нь ээ дээ /инээв/.
-Миний үг бишээ. Хөдөлгөөнийхөн тэгдэг. Цаасан дээр бичигдсэн баримтууд шүү дээ?
-Аливаа юманд хэмжээ хязгаар, бодит тооцоо гэж бий. Таван толгойн зах зээлийн бодит үнэ ямар вэ гэж тооцохын тулд нэг жишээ татъя. Дэлхийн хамгийн баян, уул уурхайн ¹1 компанийг “Би Эйч Пи Биллитон” гэдэг. Энэ компанийн өнөөгийн зах зээлийн бодит үнэ 150 орчим тэрбум доллар. Үүнийг зах зээлийн судалгаагаар хөндлөнгийн байгууллагууд тогтоосон байдаг. “Би Эйч Пи Биллитон” Таван толгой шиг хэдэн арван том уурхайтай. Тэр уурхайнууд нь Таван толгой шиг хоосон тал биш шүү дээ. Одоо үйлдвэрлэлээ явуулж байгаа, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, мөнгө бий болгож байгаа уурхайнууд. Энэ компани коксжих нүүрсний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчээс гадна алт, төмөр, зэс, мөнгө, ховор металлын дэлхийн таван том үйлдвэрлэгчийн нэг. Ийм компанийн зах зээлийн үнэ цэнэ 150 орчим тэрбум доллар байхад ганц ч хүрз нүүрс гаргаагүй Таван толгой энэ компаниас хэдэн зуу дахин үнэтэй байна гэж байх уу даа.
Таван толгойн үнэ цэнийг олон улсын хэмжээнд нэр хүндтэй томоохон банкиар бодуулахад 600 сая орчим долларын үнэтэй гэсэн Сангийн яамны тооцоо бий гэж зарим нэгэн эрх мэдэлтэй хүмүүс ярьж байна билээ. Тэгэхээр нэг хувь нь зургаан сая орчим доллар гэсэн үг л дээ. Гэхдээ нөөц тогтоох ажлууд нь дуусаад уурхай баригдаж эхлэх, хөрөнгө оруулахын хэрээр төслийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Ер нь өнөөдөр Таван толгой ямар үнэтэй, нэг хувь нь яаж үнэлэгдэх талаар ярьж маргах нь алаагүй байвгайн арьсыг хуваахтай адил болчихоод байна. Зарим улстөрч санаанд орсноо ярьж олон түмнийг их төөрөгдүүлэх юм.
Нэгэнт төр Таван толгойн ордын 86 хувийг авч байгаа тул удахгүй үнэлгээ, тооцоог нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаар хийлгэж ард түмэнд танилцуулах байлгүй дээ. Энэ ажлын хэсэгт том тоо хэлээд яваа улстөрчид, иргэний хөдөлгөөний төлөөллөөс гадна мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг оруулах ёстой. Заавал ил тод байдлаар тооцоо судалгааг нь хийж харьцуулах хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ үнэ цэнийг нь тогтоож, төөрөгдлүүд арилна. Тэр үед олон нийт Таван толгойн ордыг ямар үнэ цэнэтэй болохыг бодитоор мэдэж авна.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд Таван толгойд баригдах үйлдвэр эхний хэдэн жилдээ 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн гэсэн. Нэг жилд олборлох 15 сая тонн нүүрсний 14 хувь нь үндсэндээ нэг сая гаруй тонн нүүрс болно. Үүнийг Таван толгойн консерциумд багтаж байгаа 14 компанид хуваахад нэгд нь 70-80 орчим мянган тонн нүүрс л оногдоно. Гэтэл одоо “Энержи ресурс”-ийн орд газрын хажуугаас жилдээ нэг сая хүртэл тонн нүүрс олборлож буй Өмнөговь аймгийн оролцоотой “Тавантолгой” ХК нэг тонн нүүрсээ дөнгөж найман ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл байдаг шүү дээ. Энэ ханшаар бодож үзвэл хүмүүсийн яриад яваагаас огт өөр тоо гарна даа.
-Ингэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга Таван толгойн төсөлд багтаж буй хүмүүсийг олон нийтлэлдээ шүүмжилж бичлээ. Таныг бүр их онцолдог. Гэтэл та чив чимээгүй…
-Би бизнес хийж байхаасаа эхлэн нэг зарчим баримталж ирсэн. Хүнийг муулах шаардлага байхгүй, өөрөө л шударга, хуулийн дагуу ажиллах ёстой гэж. Өнөөдрийг хүртэл би зах зээлийн шударга өрсөлдөөнөөр, хууль журмын дагуу явж ирсэн. Надад зөрчсөн нэг ч хууль байхгүй гэдгийг хатуу хэлж чадна. Бас бизнес хийж байхдаа улс оронд ашигтай үйлдвэрүүдийг босгож, олон зуун хүнийг ажил амьдралтай нь залгуулсан.
Түмний нүдэнд харагдахуйц төслүүдийг хэрэгжүүлсэн. Төрд ажиллах хугацаандаа ч улс орныхоо хөгжилд хэрэгтэй олон арван зүйл хийсэн гэдгээрээ бахархаж явдаг. Үүнийгээ би хаана ч хэлнэ. Би бизнес хийж байгаад улс төрд орж ирсэн нөхдөө, шударгаар өрсөлдөж хөл дээрээ боссон бизнесийн ертөнцийнхнөө ямагт хүндэтгэсээр ирсэн. Цаашид ч хүндэтгэж байх болно. Элдэв явган хэрүүл, илүү дутуу ярианд сонирхолгүй хүн. Тэгээд ч хүмүүс дайрах тоолонд босож гүйгээд хариу хэлээд явах шаардлага байхгүй.