Бичил уурхай эрхлэгчид чуулав (2007.09.10)

A- A A+
Бичил уурхай эрхлэгчид чуулав (2007.09.10)

Бичил уурхай эрхлэгчид чуулав (2007.09.10)

"Хүн, байгаль орчинд халгүй бичил уурхай-үр дүнтэй түншлэл" сэдэвт олон улсын ҮII бага хурал Улаанбаатарт болжээ.  Энэхүү олон улсын бага хурлыг Үйлдвэр, худалдааны яам, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар, Бичил уурхайн олон улсын нийгэмлэг, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, "Тогтвортой бичил уурхай" төслөөс хамтран зохион байгуулж байгуулж,  АНУ, Англи, Австрали, БНХАУ, Балба, Боливи, Гондурас, Замби, Канад, Мозамбик, ӨАБНУ, Перу, ХБНГУ, Чили, Этиоп зэрэг дэлхийн 40-өөд орны төлөөлөгч оролцжээ.

Гар аргаар алт олборлох үзэгдэл зөвхөн Монголд ч байгаа юм биш. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч энэ үзэгдэл тулгарч байсан. Харин түүнийг хэрхэн хөгжүүлсэн, энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн талаарх гадаадынхны туршлагаас монголчууд суралцахад энэхүү бага хурал чухал ач холбогдолтой болжээ.  Бичил уурхайг зөв зүйтэй хөгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын эдийн засаг ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд  төлөөлөгчид санал нэгдсэн аж. Олон улсын ҮII бага хуралд оролцож буй гадаад дотоодын төлөөлөгчдийн ярьснаар бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг хуульчилж, дэмжсэнээр Монголын эдийн засагт багагүй хөрөнгө төвлөрөх аж. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид олширч, татварын бааз хүрээ өргөжихөд тодорхой хувь нэмэр оруулах төдийгүй энэ хуулийг баталснаар насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх явдал харьцангуй багасна хэмээн хурлаас дүгнэжээ.

Сүүлийн хоёр жилийн албан бус судалгаанаас үзэхэд Монгол Улсад 70 мянга гаруй иргэн бичил уурхай эрхэлж байгаа ажээ. Хүний амьдралын амьжиргаагаа хангах нөхцөлөөр бий болсон энэхүү ажиллагааг нь захиргаадлын аргаар, хориг хаалтаар зохицуулагдахгүй тул хариуцлагатай бичил уурхай болгон хөгжүүлж, тэдгээрээс дунд хэмжээний уурхайн компани үүсэх зөв хөшүүргийг тавих ёстой " хэмээн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд илтгэлдээ өгүүлжээ. Монголд уул уурхайн салбар үүсч хөгжөөд 90 орчим жил болж байгаа хэдий ч бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлох болж, мөнгөн ус, цианит натри зэрэг химийн хорт бодис ашиглаж, байгаль экологийг сүйрүүлэх, эрдэнэт хүн, мал, амьтныг хордуулах үзэгдэл гарч байгааг Ерөнхий сайд М.Энхболд онцлоод "Бичил уурхайн аргаар ашигт малтмал олборлох тухай хуулийн төслийг" УИХ-аар хэлэлцэх гэж  байгаа талаар дурдсан байна.  Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржийн илтгэлд дурдсанаар бол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас улсын төсөвт оруулж буй хөрөнгө мөнгө эрчимтэй өсч,  2006 он гэхэд үндэсний нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын бүтээгдэхүүний 67.2 хувийг тус  салбар бүтээжээ. Сүүлийн 10 жилийн дотор алт олборлолт 17 дахин, зэс-молибдений хүдэр олборлолт 30.4 дахин өссөн. Цаашид ашигт малтмалын орд газруудыг ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулж байгаагаа ч сайд хэлсэн. Тэр хэрээр бичил уурхай эрхлэгчдийн амьдралд эерэг нөлөө гарна хэмээн сайд үзэж буйгаа илэрхийлжээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь 2005 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран "Тогтвортой бичил уурхай" төслийг хэрэгжүүлж, бичил уурхайн эрхзүйн орчны, нийгэм эдийн засгийн, техник технологийн оновчтой шийдлүүдийг боловсруулжээ.  Мөнгөн ус ашиглахгүйгээр алт гаргаж болох шинэ төхнологийг хурлын үеэр төлөөлөгчдөд сонирхуулсан нь  анхаарал татсан байна.  Химийн хорт бодис ашиглахгүйгээр алт гаргаж авч болох шинэ технологийг нэвтрүүлэх талаар холбогдох газрууд анхаарлаа хандуулахаар болжээ.