Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга

A- A A+
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга


Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга

--------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум 2006 онд уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлага тооцох механизмыг бэхжүүлэх, иргэний нийгмийг чадавхижуулах чиглэлд урьдын адил анхаарлаа хандуулсны зэрэгцээ олон улсад эрчимтэй дэлгэрч буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ыг Монголд хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа.

ННФ-ын нөлөөллийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2006 оны нэгдүгээр сард Монгол Улс Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгад нэгдэн орох болсныг Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн төдийгүй уг санаачилгыг Монголд хэрэгжүүлэх зорилготой Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна.

Засгийн газар, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын оролцоотой хэрэгжих ёстой уг санаачилгад иргэний нийгмийн идэвхтэй оролцоог бүрдүүлж чадавхижуулахад ННФ онцгойлон анхаарлаа. Тухайлбал, энэ санаачилгыг хэрэгжүүлэх сонирхол бүхий бусад 15 ТББ-тай нэгдэн Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын “Төлсөн авснаа нийтэл” эвслийг 2006 оны наймдугаар сард байгуулахад идэвхтэй оролцож, уг эвсэл үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтийг олголоо. Мөн ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлд иргэний нийгмийн төлөөлөл ороогүй байсан нь санаачилгын нийтлэг зарчмыг зөрчиж байсныг өөрчилж, уг эвслээс гурван төлөөлөгч, түүний дотор ННФ-ын гүйцэтгэх захирал энэ зөвлөлд орсон юм. Эвслээс таван төлөөлөгч (үүнд ННФ-ын менежер орсон) санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ажлын хэсэгт орж,  тодорхой асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн ННФ уг санаачилгыг түргэн шуурхай, иж бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг  олон нийт, бодлого боловсруулагчдад сануулж байсан төдийгүй эвслийн гишүүн байгууллагууд болон иргэний нийгмийн бусад байгууллага, сэтгүүлчдэд ОҮИТБС-ын талаар байнга мэдээлж, хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцож ирлээ.  

Иргэний нийгмийн байгууллагуудын уг санаачилгад оролцох чадавхийг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн Банк, Орлогын Ажиглагч Хүрээлэнтэй хамтарч ажилласан ба тэдний санхүүжилтээр зургаан иргэний нийгмийн байгууллагыг сонгон авч санаачилгыг сурталчлах, идэвхжүүлэх төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэхэд нь тэтгэлэг олголоо. Тухайлбал, олборлох салбарын орлогын байдалд дүн шинжилгээ хийх, ОҮИТБС-ыг олон нийтэд идэвхтэй сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэдээллээр хангах, орон нутгийн болон үндэсний төвшинд, төр засаг, компани, иргэний нийгмийн хооронд идэвхтэй яриа хэлэлцээр зохион байгуулах зэрэг чиглэлээр эдгээр байгууллага ажиллаж байгаа бөгөөд 2007 оны эхний улиралд үйл ажиллагаагаа дуусгавар болгоно.

Мөн “Төрийн ил тод байдал” үндэсний форумын хүрээнд ОҮИТБС-ын талаар олон талын оролцоот яриа хэлэлцүүлэг өрнүүлж, Үйлдвэр Худалдааны Яам, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, ажлын хэсэг, Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон компаниуд, ТББ-уудын эвсэл болон бусад оролцогчид санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж боловсруулан олон нийт болон хбодлого боловсруулагчдад хүргэлээ. 

Энэ бүх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс АНУ-д төвтэй Орлогын Ажиглагч Хүрээлэн, мөн “Төлснөө нийтэл” ТББ-уудын олон улсын эвсэл, түүний гишүүд, Дэлхийн Банктай идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч уг санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд ННФ-ын гүйцэтгэх үүрэг өндөр байх ёстой гэж үзэж байна.

  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Монголд хэрэгжүүлэх ажлыг дэмжих хүрээнд Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банкны Хөгжлийн тэтгэлгийн хөтөлбөрөөс иргэний нийгмийг чадавхижуулах зорилгоор олгосон тэтгэлгээр Зориг сан, Онон Улз Голынхон, Уугуул болон Миний Монголын Газар Шороо хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн “Өглөө Таймс” сонин зэрэг байгууллагын хэрэгжүүлсэн “ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ” төслүүдийн тайланг танилцуулан хэлэлцүүлэх уулзалтад боллоо.