Иргэдийн оролцоо ба мэдээллийн эрх чөлөө

A- A A+
Иргэдийн оролцоо ба мэдээллийн эрх чөлөө


Иргэдийн оролцоо ба мэдээллийн эрх чөлөө

--------------------------------------------------------------------------------------------

Шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулах нь аливаа асуудлыг шийдэх сонголтын хувилбар боломжийг нэмэгдүүлэх нэг үр дүнтэй нөхцөл болдог. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг нь сайжруулахад чиглэгдсэн гол арга хэмжээ нь эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх тодорхой арга замыг бий болгох явдал юм. Ингэснээр аливаа хуулийг боловсруулах явцад иргэдийг оролцуулах тодорхой жишиг тогтоож, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах албан ёсны механизм бий болох юм. 

Иргэдийн оролцооны талаар ерөнхийд нь ихээхэн ярьж бичиж тунхаглаж байгаа боловч яг тухайлсан судалгаа  төдийлөн хийгдээгүй байна. Иймд Нээлттэй Нийгэм Форум иргэдийн оролцооны эрх зүйн орчин  болон институцчилал бий болгох  талаас нь чухалчлан авч үзэх үүднээс  2005 оноос эхлэн  бодлогын тэтгэлэгт  хөтөлбөртөө уг сэдвийг оруулсан юм. 

2005 онд хууль боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцооны асуудлыг авч үзсэн бол 2006 онд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ТББ-ын оролцоо: эрх зүйн орчин болон институцчилалыг сайжруулах нь” бодлогын судалгааг  МУБИС-ийн багш Д.Бямбажав хийж гүйцэтгэлээ. Судалгааны зорилго нь Монгол Улсад төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ТББ-ын оролцоог хангасан эрх зүйн орчин болон институцчилалыг сайжруулах арга замуудыг тодорхойлж бодлогын зөвлөмжийг боловсруулах явдал байлаа. Энэ хүрээнд:
1. Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллагын оролцоог зохицуулж буй өнөөгийн эрх зүйн болон институциональ орчинг тодорхойлох, давуу болон сул талуудыг илрүүлэх
2. Дэлхийн бусад орон дахь төр – иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ТББ-ын оролцоог хангасан сайн туршлагыг өөрийн орны нөхцөл, шаардлагад тулгуурлан хэрэгжүүлэх боломж, арга замуудыг тогтоох
3. Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ТББ-ын оролцоог дэмжих бодлогын сонголтыг тодорхойлох зэрэг асуудлыг авч үзсэн байна. Судалгааны тайланг бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн байгууллагуудад мэдээллийн эх сурвалж болох үүднээс хүргэлээ.

“Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь ТББ-ын оролцоо: эрх зүйн орчин болон институцчилалыг сайжруулах нь” бодлогын судалгааны дүгнэлтээс: 

  • ТББ-уудын хувьд хууль, УИХ-ын бусад шийдвэрийг боловсруулах үйл явцад албан ёсоор оролцох хоёр л боломж байна. Нэгд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үндсэндээ экспертийн хувиар оролцох /энэ нь цөөн хэдэн байгууллагаар хязгаарлагдана/, хоёрт, хэрэв байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулаад түүнд оролцохыг урьвал байр сууриа илэрхийлэх /эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа эсхүл энэ асуудлаар ажиллаж буй бүлгүүд/ явдал. Аль ч тохиолдолд оролцогч талуудын хүрээ, боломж маш хязгаарлагдмал. Шийдвэр гаргах үйл явцад сонирхогч талуудын байр суурь, санаа бодлыг харгалзан үзэх явдал шийдвэр гаргагчдын сонирхлоос бүрэн хамаарсан шинжтэй байна.

 

  • Хуулийн төслийг урьдчилан хэлэлцүүлэх үйл явц ихэнхдээ доноруудын санаачилга дэмжлэгтэйгээр, эсхүл Авилгын тухай хууль зэрэг олон нийтийн анхаарлын төвд орсон, байр суурийн хурц зөрчил бүхий хуулийн тухайд хийгдэж иржээ. Хэлэлцүүлгийн үр дүн, санал, дүгнэлтүүдийг төсөлд хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, цаашид хэрхэн өөрчлөгдөж буй тухай мэдээллийг авах боломжгүй байна.
  • ТББ-уудын оролцооны хамгийн түгээмэл хэлбэр нь улстөрчид, төрийн албан тушаалтнуудтай биечлэн уулзах явдал юм. Энэ нь хувь хүмүүсийн ажил хэргийн болон хувийн холбоонд тулгуурладаг тул сонирхогч аль нэг талд илүү давуу боломж олгож, бусдын зүгээс эргэлзээ, хардалтыг төрүүлдэг.

 

  • Төрийн зүгээс ТББ-тай зөвлөлдөх, хамтран ажиллах бүтэц, механизм нь эхлэлийн шинжтэй, төрийн институцийн дотоод бүрдэл болон төлөвшөөгүй, улстөрийн өөрчлөлт, төрийн албан дахь сэлгээнээс шууд хамааралтай байна.
  • Мэдээлэл солилцох, зөвлөлдөх,  бодлогын яриа хэлэлцээр, хамтын үйл ажиллагааг дэмжин ажиллах чиг үүрэг бүхий төрийн нэгж байгууллага үгүйлэгдэж байна.

 

  • Орон нутгийн төвшинд ТББ-ын ажилтнууд төрийн байгууллагад давхар алба хаших нь нийтлэг байгаа нь мэдээлэл, дэмжлэг олж авах боломжийг олгодог ч хараат бус бие даасан байдлыг нь хязгаарлаж байна.
  • Бодлогын үйл явцад оролцож ирсэн байдлыг үзэхэд ТББ-уудыг бодлогын хүрээний болон хүрээний бус буюу түүний гаднах гэж ялгаж болохуйц байна. Бодлогын үйл явцад тогтвортой оролцож ирсэн, шийдвэр гаргагчидтай харилцаа холбоо тогтоож хамтран ажилладаг ТББ-ууд бодлогын хүрээнд байх бөгөөд харин шинээр байгуулагдсан, эсхүл  төрд хяналт тавих чиг үүрэгтэй адвокаси байгууллагын хувьд бодлогын хүрээнд ороход ихээхэн бэрхшээл тулгардаг. 

ННФ хууль боловсруулах, батлах үйл явцын ил тод байдлыг хангах, иргэдийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор гадаадын дэвшилтэт туршлагаас суралцах, санаа авах боломжийг бүрдүүлэх,  өөрийн нөхцөл байдалд тохирсон загварыг олж сонгоход дэмжлэг үзүүлэх санаачилгыг хэрэгжүүллээ. Энэхүү санаачилгыг Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Дорно Дорно - Хил Хязгааргүй Түншлэл бүсийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн бөгөөд иргэдийн оролцоог амжилттай хангасан гэгддэг Словак улсад бодлого боловсруулагчдыг танилцах аялалд явуулав. Энэ үеэр Словак улсын Парламентын хууль боловсруулах, тогтоох үйл явц дахь иргэдийн оролцооны механизм, Хууль зүйн болон бусад яамны иргэдтэй зөвлөлдөх сайн туршлагууд, Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хуулийн оролцооны зохицуулалт,  ТББ-ын нөлөөллийн боломж болон орон нутгийн төвшний оролцооны асуудлын талаар судалжээ.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өргөдөл, гомдлоо хэрхэн гаргах вэ”  гарын авлагыг Бүсийн Хөгжлийн Санаачилга ТББ-тай хамтран гаргалаа.  Гарын авлагад  иргэдийн өмнө тулгарч буй асуудлаар  төрийн байгууллагуудад  хандан өргөдөл, гомдол  гаргах,  түүнийг хүлээн авах,  шийдвэрлэх үйл явцын талаар иж бүрэн мэдээллийг  хялбаршуулсан хэлбэрээр хүргэсэн байна.  Түүнчлэн иргэд өргөдөл, гомдлоо ихэвчлэн гаргадаг төрийн болон хуулийн байгууллагуудыг сонгон авч тэдгээрийн бүтэц, чиг үүрэг, хамаарах өргөдөл, гомдлын чиглэл, түүнийг шийдвэрлэх үйл явцын онцлогийн талаар дурдаж, ашиглах  загвар, жишээ, холбогдох  хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, дүрэм журам зэргийг хавсаргав. 

2006 онд ННФ “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулан батлуулахад чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явууллаа. “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт  Нээлттэй Нийгэм Форумын 2005 онд төлөөлөл багтсан бөгөөд хуулийн төслийг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс олон улсын байгууллагуудаас санал зөвлөмж авч, төсөл боловсруулагчдад хүргэв.  Хуулийн төслийг ХЗДХЯ-наас Засгийн газарт өргөн барьсан боловч Засгийн газрын 2006 оны 10 дугаар сард хэлэлцээд мэдээллийн аюулгүй байдлын асуудалтай багцлан оруулахаар буцаажээ. Иймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Оюун нар уг хуулийн төслийг санаачилан УИХ-д өргөн мэдүүлэх болсон. Хуулийн төслийн олон хувилбарыг  ННФ-ын веб сайтад байрлуулан олон нийтэд толилууллаа.  “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг  ойрын хугацаанд УИХ-аар батлуулах, хууль батлагдсаны дараа хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр ННФ үргэлжлүүлэн ажиллах болно.