Уул уурхайн салбарын бодлогын асуудал
--------------------------------------------------------------------------------------------
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, бодлогын асуудлаар Монголын нийгэмд өргөн хүрээтэй мэтгэлцээн тасралтгүй өрнөж байна. Улс орны эдийн засгийн өсөлтийн гол тэргүүлэх салбар гэдэг утгаар нь Нээлттэй Нийгэм Форум уг мэтгэлцээнийг өрнүүлэхэд чухал үүрэгтэйгээр оролцож ирлээ. 2006 он Монгол Улсын уул уурхайн салбарын хувьд бодлого чиглэлээ дахин тодорхойлох хариуцлагатай жил болов. ННФ энэ онд тус салбарын тулгамдсан асуудлаар бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийх, тодорхой өөрчлөлтүүд хийхийг дэмжих замаар идэвхтэй, бүтээлч байр сууринаас хандлаа.
Юуны өмнө Ашигт малтмалын тухай хууль, Татварын багц хууль, Гэнэтийн ашгийн татварын хууль зэрэг уул уурхайн салбарын эдийн засгийн ерөнхий орчныг тодорхойлогч гол хуулиуд шинэчлэгдсэн буюу шинээр батлагдсантай холбоотойгоор бодлогын цоо шинэ асуудлууд гарч ирэв. ННФ уул уурхайн салбарт татвар ногдуулах, төр, засагт орох орлогын ил тод байдал, томоохон орд газруудын хувьд гадаадын хөрөнгө оруулагч нартай хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх зэрэг асуудлуудад гол анхаарлаа төвлөрүүллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн хувьд хуулийн төсөл дээр Орлогын Ажиглагч Хүрээлэнтэй хамтран Дюкийн Их Сургуулийн профессор Конрад, олон улсын хуульч Бэлл зэрэг зөвлөхүүдийн тусламжтайгаар иж бүрэн шинжилгээ хийж, гол гол асуудлаар өөрсдийн байр суурь, санал зөвлөмжийг УИХ гишүүд, хууль боловсруулах ажлын хэсэг болон олон нийтэд тухай бүрт нь хүргэлээ. Мөн гэнэтийн ашгийн татварын тухайд ашигт суурилуулан тооцох, суурь үнийг олон улсын зах зээлийн үнээр тооцохын ач холбогдол зэрэг олон асуудлыг эдгээр зөвлөхүүд хөндөн хууль боловсруулах ажлын хэсэгтэй санал солилцлоо. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үед ННФ-ын баг нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийн үр дүнг нь танилцуулсан нь эцсийн дүндээ уг хуулинд тусгагдсан болно. Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр өөрсдийн байр сууриа Уул уурхайн үндэсний чуулганд мөн танилцууллаа.
Энэ зөвлөхүүд маань Айвенхоу Майнз компанитай Оюу толгой орд газрын хувьд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монголын Засгийн газрын ажлын хэсгийнхэнд зориулж хоёр өдрийн сургалт зөвлөгөөн зохион байгуулав. Энэ үеэр Засгийн газар болон компани тодорхой урьдчилсан нөхцлийн хувьд хүртэх ашиг, үүрэх эрсдлийг тооцох санхүүгийн загварыг боловсруулснаа ажлын хэсгийнхэнд танилцуулж хүлээлгэн өгсөн. Мөн олон улсын хууль, байгаль орчны зохицуулалт, төрийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал бодлоо нээлттэй солилцсон болно.
ННФ хэд хэдэн чиглэлээр бие даасан судалгааны ажил захиалан хийлгэж, чингэхдээ үндэсний мэргэжилтнүүдийн бодлогын судалгаа, шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэхийг зорив. Монгол Улс дахь Голланд өвчин, уул уурхайн салбар дахь ажил эрхлэлтийн асуудал зэрэг сэдвээр бодлогын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлаач авч ажиллууллаа. Монголд эрдсийн сан байгуулах шаардлага, арга замын талаар мөн бие даасан судлаач судалгаа хийж, үр дүнг нь олон нийтээр хэлэлцүүлж, бодлого боловрсруулагчдад хүргэсэн нь ихээхэн ач холбогдолтой ажил боллоо.
Түүнчлэн ашигт малтмал, татварын тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэх үеэр уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл, татварын асуудалтай холбоотой хэлэлцүүлгийг Форум ТВ хөтөлбөрийн хүрээнд хийсэн нь олон нийтэд асуудлыг ойлгуулах, бодлого боловсруулагчдад иргэний нийгмийн болон компанийн төлөөлөгчид үгээ хүргэх сайхан боломж байв.
Уул уурхайн салбарын талаарх бодлогыг тодорхойлоход ННФ идэвхтэй оролцож ирсэн нь тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж, цаашид энэ чиглэлээр хөрөнгө оруулалтын гэрээ, хариуцлагатай уул уурхай, салбараас олох орлогын хуваарилалтын асуудал зэрэг өргөн хүрээтэй сэдвээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.