Төрийн бус байгууллагад зориулсан мониторингийн гарын авлага
Монгол Нээлттэй Нийгэм Форум Хэвлэсэн: 2007 он
Иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, ил тод төрийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж буй хэн бүхний үйл хэрэгт тус нэмэр болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас мониторингийн гарын авлага шинээр хэвлэн гаргалаа. Иргэний нийгмийн зүгээс төрийг хянах нэг чухал хэрэгсэл болох мониторингийн талаар монгол хэл дээр урьд өмнө хэвлэгдсэн, ашиглахад дөхөм гарын авлага материал тун ховор байсан нь энэхүү номыг хэвлэх нэг шалтгаан болсон юм. Бид гарын авлагаараа дамжуулан мониторингийн тухай үндсэн ойлголт, мониторинг хийх аргачлал, түүний гол үр дүн болох тайланг бичих, мониторингийн үр дүнд үндэслэн нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай зохион байгуулах талаар энгийн ойлгомжтой өгүүлэхийг зорьсон нь Таны сэтгэлд нийцнэ гэж найдаж байна.
Та энэхүү гарын авлагыг үзэж сонирхох юмуу худалдан авахыг хүсвэл (хямдралтай үнэ – 1800 төгрөг) ННФ-ын мэдээллийн төвийн ажилтанд хандах буюу 313207 утсаар лавлана уу.
Төрөөс мэдээлэл хэрхэн олж авах вэ?
Монгол Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага Зохиогч: Глоб интернэшнл ТББ, Нээлттэй Нийгэм Форум Хэвлэсэн: 2007 он
Төрөөс мэдээлэл авах нь сэтгүүлч таны олон талт мэргэжлийн үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг, төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээлэл сэтгүүлчийн эх сурвалжийн гагцхүү нэг л хэлбэр болох нь мэдээж. Гэвч төрийн аливаа байгууллагаас мэдээлэл авах нь хэн нэгэн албан тушаалтны хувийн өмчийн эд хөрөнгийг түрэмгийлэн булаах, түр зээлэх, үзээд өгөх, үрж ашиглах гэсэн мэт сэтгэлгээ зонхилж буй өнөөгийн нөхцөлд тэднийг өөртеө үйлчлүүлж сургах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, нийгэмд нээлттэй мэдээллийн соёл бий болгож төлөвшүүлэх нь чухал юм. Үүнд сэтгүүлч та туйлын өндөр үүрэгтэй. Мэдээлэл нээлттэй байх эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээ бидний хүссэн хэмжээнд хангалттай бус ч бас боломж байгаа юм. Үүнийг үр дүнтэй ашиглахад тань тус болох үүднээс энэ гарын авлагыг бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар Монголд 360 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнээс мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчим, хэм хэмжээг зохицуулсан 120 гаруй хууль байна. 2006 оны долоодугаар сарын 06 -ны өдөр төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, мэдээллийн эрх чөлөөг хангах чиглэлээр нэлээд шинэлэг зохицуулалт хийсэн Авлигын эсрэг хууль батлагдсан юм. Энэхүү гарын авлагаас та мэдээллийн эрх чөлөө, төрийн байгууллага ил тод, нээлттэй байхын утга учир, мэдээлэл, нууцтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тухай ойлголттой болно. Түүнчлэн төрийн байгууллагын эрх мэдэлтэн, албан тушаалтан, албан хаагчтай харилцах, төрийн мэдээллийг ашиглахтай холбоотой сэтгүүл зүйн зөвлөмжийг багтаав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөл байдал
Монгол В судалгааны тайлан Японы нийгмийн халамжийн их сургууль, МУБИС нийгмийн ажлын тэнхим
Энэхүү сэдвийг сонгосон гол шалтгаан нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэнтэй холбогдуулан нийгмийн эмзэг хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, тэдний гэр бүл хамгийн ихээр ядууралд өртөж байгаатай холбоотой. Гэхдээ бид зөвхөн энэхүү ядуурлын асуудлаас гадна, хэдийгээр амьдралын хувьд хүнд байгаа ч, иргэд хоорондын холбоог бий болгож, амьдран суугаа хорооныхоо орчин нөхцлийг сайжруулан, төрийн захиргааны байгууллагад нөлөөлөл үзүүлэх хэмжээнд хүрээд байгаа иргэдийн шинэ хөдөлгөөнд анхаарлаа бас хандуулсан билээ. Дээрх байр суурины үүднээс Сонгино Хайрхан дүүргийг судалгааны обьектоор сонгосон юм. Энэ дүүрэг ядуу өрхийн тоогоороо нийслэлийн хэмжээнд дээгүүрт ордог, гадаад дотоодын шилжих хөдөлгөөн ихтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд олонтой болох нь тогтоогдсон. Тус дүүргийн 3-р хороо нь 11,500 хүн амтай, 2130-н өрх гэр бүлтэй. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд оршин суугчдын идэвх санаачлагаар хорооны аж байдлыг сайжруулах хөдөлгөөн өрнүүлж байна. Манай судалгааны хамтарсан баг Сонгино Хайрхан дүүргийн 3-р хороонд доорх гурван төрлийн судалгааг хэрэгжүүлж эхлээд байна. - А Судалгаа буюу 3-р хорооны оршин суугч иргэдээс 310 өрх, гэр бүлийг сонгон авч, тус хорооны өрх, иргэдийн ахуй амьдрал, орчин нөхцөлийг судлав. - А судалгааны үр дүнд үндэслэн судалгаанд хамрагдсан 310 өрх, гэр бүлийн дотроос хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчид, хүүхэдтэй 56 гэр бүлийг сонгон авч, өрхийн амьдралын нөхцөл байдал ба өрхийн гишүүний хөгжлийн бэрхшээлийн харилцан нөлөөллийг тодорхойлох үүднээс чанарын судалгааг хийж тус тайланд судалгааны үр дүнг тайлагнав. - А судалгааны үр дүнд үндэслэсэн дараагийн судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн иргэдийн шинэ хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож буй байдал, тус хөдөлгөөнд оролцсоноор өрх, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох үүднээс хийгдсэн чанарын судалгаа бөгөөд үүнийг С судалгаа гэж нэрлэж байна.
Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |