Монголын уул уурхайн компаниудын дийлэнх нь хаалттай (2007.10.05)

A- A A+
Монголын уул уурхайн компаниудын дийлэнх нь хаалттай (2007.10.05)

Монголын уул уурхайн компаниудын дийлэнх нь хаалттай (2007.10.05)

- “Ил тод байдал” сангийн ил тодын үнэлгээ-

“Ил тод байдал сан” ТББ Монголд ажилладаг уул уурхай, газрын тосны 68 компанийн ил тод байдлын рейтингийг анх удаа тогтоон, олон нийтэд зарлалаа. Энэхүү ажлыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Олборлох салбарын ил тод байдлын рейтинг” төслийн хүрээнд хийжээ.
Ил тод байдлын рейтингийн жагсаалтаас харвал “Бүрэн нээлттэй” ангилалд 2, “Нээлттэй”-д 14, “Хагас нээлттэй”-д 27 компани орж, 25 компани “Хаалттай” дүн авчээ. Ерөнхийдөө Монголын уул уурхайн компаниудын ил тод байдал 27+25 буюу хаалттай талдаа байна.  Бүр тодруулбал, төсөлд хамрагдсан компаниудын 70-аад хувь нь ашиг орлого, эзэд удирдлага, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлдэггүй, мэдээлэхийг ч хүсдэггүй, тэр тухай нь лавласан албан тоотод хариу өгдөггүй, хайж сураад очиж гэмээнээ хаалгаа тас хаадаг, түүгээр үл барам зарим нь татварын албанд бүртгүүлсэн хаягтаа ч байдаггүй ажээ.
Уг нь Ашигт малтмалын шинэ хуулийн 48.10 заалтын дагуу уул уурхайн компаниуд буюу лиценз эзэмшигч бүр тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улс болон орон нутгийн төсөвт хэдий хэмжээний татвар төлснөө дараа оных нь эхний улиралд багтаан нийтэд тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар ”Хар Тарвагатай” ХК тэргүүтэй 60 компани л хуулийн дагуу тайлагнажээ. Харамсалтай нь шахуулж шаардуулж голдуу гаргасан эдгээр тайлангийн олонхи нь албан тушаалтнуудын шүүгээнд хэвтэж буй.
Юуны учир уул уурхайн компаниуд үйл ажиллагаа, ашиг орлого, төсөвт төлсөн мөнгөө олон түмэнд ил тод тайлагнахаас цааргалангуй байна вэ? Төлсөн, өгсөн нь үнэн л бол түүнээ мэдээлэхээс булзмааргүй сэн.

СОХОР ЗООСНЫ ҮНЭГҮЙ ГАЗАР ШОРОО МИНЬ…
2007 оны эхний хагаст уул уурхайн компаниуд 289 тэрбум 866 сая төгрөгийн татвар төлжээ. Түүнээс 245 тэрбум 752 саяыг нь “Эрдэнэт” үйлдвэр төлсөн байна. Тэгэхээр 44 тэрбум 114 сая төгрөг нь олборлох салбарт ажиллаж буй бусад 355 аж ахуйн нэгжид оногдоно гэсэн үг.
Хамгийн их татвар төлөгч 87 компанийн жагсаалтад Эрдэнэтийн дараа бичигдсэн “Бороо гоулд” ХХК 18 тэрбум 433 сая төгрөг, хамгийн сүүлд байгаа Мөнх- Ирмүүн 1 сая 76 мянган төгрөг төлжээ.
Нэг сая хүртэлх төгрөгийн татвар төлсөн 76 аж ахуйн нэгж байна. Тэднийг тэргүүлж буй “Монжап” ХХК 900 мянган төгрөг, отголж буй “Шинь- Бай” ХХК 2000 төгрөг төлжээ. Бусад нь тэр хооронд байгаа нь мэдээж. Хэрэв Шинь- Байгийнхны 2000 төгрөгийг 6 сардаа хуваабал 1 сард 333 төгрөг л татварт өгсөн болж таарч байна. Нэг талхны ч үнэ хүрэхгүй мөнгө.
Гэвч энэ юу ч биш. 2 мянга байтугай сохор зоос ч улсад өгөөгүй 193 аж ахуйн нэгж Монголын уул уурхайн салбарт бий гэвэл та юу хэлэх вэ.
Нэрсийг нь ярайтал жагсаасан Татвар төлөөгүйчүүдийн армид төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн нөхөрлөл, хоршоо ч байна, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч байна. Монгол Улсын хуулийг гууль байтугай үнс болгоод хийсгэчихсэн эдгээр компанийн дийлэнх нь татварын албанд бүртгүүлсэн хаягтаа ч байдаггүй. Тэдний хаана, хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явааг хэн ч мэдэхгүй. Тэдэнд АМХ-ийн 48.10 байтугай татварын хуулийг сануулаад ч нэмэргүй. Хамгийн эмзэглэмээр нь тэд Монголын минь хаа нэгтээ газар шороог минь ухаад сууж байгаа гээд бодохоор түүнийхээ төлөөсөнд сохор зоос ч авч чадахгүй өөрсдөдөө уур хүрнэм.  

ТӨЛСӨНД НЬ Ч БАС УЧИР БИЙ
“Шинь-Бай” ХХК татвар төлсөн үү төлсөн. Хэдэн төгрөг нь хамаагүй, төлсөн нь л баримт. Хорь, гуч, тавин мянган төгрөг өгөөд татварынхны амыг хаачихдаг цөөнгүй компани (ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай) “Ил тод байдлын рейтинг”-т “Хаалттай” ангилалд жагсаж буй. Иргэн Чой, Иргэн Мин нар харъяа улсдаа бизнес эрхэлж байсан бол төрийнхөө хуулийг уландаа ингэж гишгэж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч Монгол бол Солонгос, Хятадаас дэл сул, дураараа загнаж болох орон гэдгийг тэд сайн ойлгожээ. Тиймдээ ч Монголын хуулийг хөсөр дэвсээд, бүх мэдээллээ хав дараад дав дажгүй сууж байна. Үнэнийг хэлэхэд татвар төлдөггүй, тайлангаа гаргадаггүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй гадаадын хөрөнгө оруулалттай олон жижиг компани манай уул уурхайн салбарт нэгэнт ороод ирчихсэн. Харамсалтай нь тэдэнтэй хариуцлага тооцох, үйлдсэн гэмтэй нь дүйцэх зэм хүртээх тогтолцоо манайд бараг байхгүйтэй адилхан.
Жишээ татахад, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Төмөртэй хүдэр” компани 600 мянга орчим тн исэлдсэн баялаг агуулгатай хүдэр олборлосноос 300 мянган тн-ыг “дээж” нэрээр татвар төлөлгүй урд хөрш рүү гаргажээ. Өнөөдөр татварын асуудлаар нэхэн шалгуулж байгаа ч нэгэнт хүнийх болчихсон ашигт малтмалаа эргүүлж авч чадахгүй л болохоор төр хохироод үлдэх нь ойлгомжтой. Энэ бол нэг л жишээ.
Нутагт нь ажиллаж байгаа алтны компаниуд хэдэн кг алт олборлосноо хэлдэггүй, алтны журналаа ч үзүүлдэггүй гэж сумдын Засаг дарга нар гомдоллодог. Хүний бизнесийн нууцыг дэлгэх нь юу юм, гэхдээ албан баримт түшин өгүүлэхэд алтны үйлдвэрлэлд “манантай” зүйл бас байна аа.
Оны эхний хагас жилд Монголбанкинд 51 байгууллага, 39 иргэн 5,5 тн алт тушаажээ. Хамгийн их буюу 4  253 кг алтыг “Бороо гоулд” ХХК тушаасан байна. Хоёрт орсон “Эм Жи Эйч” компани 344,5 кг, хамгийн сүүлд бичигдсэн “Алтан хөмрөг инвест” 273 гр алт олборлосон байна. Дээрх жагсаалтад гэнэтийн ашгийн татварын асуудлаар хэл маргаан дэгдээгээд байсан “Алтан Дорнод монгол” сураг ч үгүй. “Гэнэтийн ашгийн татвар өөрчлөгдөхөөр татвараа төлнө” гэсэн ноён Паушокийн бардамхан мэдэгдэл, “Алтан Дорнод Монгол” Монголбанкинд хадгалуулсан гэх алтныхаа 85 хувьд нь урьдчилгаа авч, салхи наашаа эргэхийг буюу гэнэтийн ашгийн татвар өөрчлөгдөхийг харзнаж байгаа гэсэн эх сурвалжуудын мэдээлэл ийнхүү батлагдаж байх шиг.
Хүнийрхүү, хаалттай, бизнесийн ёс зүйгүй гадны компаниуд зонхилсон энэ салбарт Монголчуудын дургүйцэл хуримтлагдах нь аргагүй ч юм уу даа.

ОЛСОН БА ТАЙЛАГНАСАН АШГИЙН ЗӨРӨӨ
Монголын уул уурхайн компаниуд олборлосон бүтээгдэхүүнээ үнэд хүргэж чаддаггүй ажээ. “Ил тод байдал сан”-гийнхны хийсэн харьцуулсан судалгаагаар манай бизнесменүүдийн гадаадын түншүүдтэйгээ хийсэн гэрээний дундаж үнэ нь олон улсын биржийн үнээс 10-115 ам.доллараар доогуур байна. Түүнчлэн хүдрийн баяжмал дахь дагалдах бүтээгдэхүүнийг үнэгүй гаргах нь элбэг гэнэ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Манайхан залилуулдаг, эсвэл үнэ шилжүүлэх хэлбэрээр ашгаа гадаадынхантай хуваадаг гэсэн үг. Хэл устай, гүйлгээ ухаантай, 1990-ээд оныхтой харьцуулбал юм үзэж, нүд тайлсан бизнесменүүдээ дандаа залилуулдаг гэхэд нэг л үнэмшилгүй. Тэгэхээр хоёр дахь тайлбар л ортой болов уу. 
Бэлээхэн жишээ түрүүн дурдсан “Төмөртэй хүдэр”, “Хустай Ерөө” компаниуд байна. 2006 онд “Хустай Ерөө” компани 1 тн хүдрийг 69 ам.доллараар гэрээлж гаргачихаад орлогын албан татварт 22 ам.доллараар тайлагнасан аж. Үнийн зөрөө 5 тэрбум 346 сая төгрөгт ногдох татварын асуудлаараа одоо шалгагдаж байгаа юм байна.  
Хүн хөлсөө дуслуулж бүтээсэн баялагтаа хайртай байдаг. Харин  бусдын юм уу бэлэн олдсон баялгийг яаж хайр гамгүй үрэн таран хийдгийг бид одоо уул уурхайн компаниудаасаа харж болох нь. Гэтэл энэ чинь зөвхөн бидний төдийгүй хойч үеийнхний маань идэх хоол шүү дээ.    
Ийм ч учраас “Ил тод байдал сан” олборлох салбарын ил тод байдлын рейтингт цаашдаа зайлшгүй оруулах шалгуур нэгэн үзүүлэлт нь энэхүү үнийн харьцуулалт байх болно хэмээн мэдэгдэж байна.
Үндсэн хуулиар төрийн, бүх ард түмний мэдэлд байхаар хуульчлагдсан байгалийнхаа баялгийг ядаж бусдын жишгээр заръя л даа.
Яагаад тэгж болохгүй гэж.

ОРОН НУТГИЙНХАН БА ИЛ ТОД БАЙДАЛ
2003 онд Их Британийн Ерөнхий сайд Т.Блэйр олборлох салбараас төсөвт оруулж буй мөнгийг ил болгож, түүний зарцуулалтад хяналт тавьснаар олон түмэнд хүрэх үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)”-ыг гаргасан билээ. “Төлсөн нь төлснөө, авсан нь авснаа ил тодоор нийтэл” хэмээн тодорхойлууштай энэ санаачлагад Монгол Улс нэгдсэн. Түүний ч ачаар Ашигт малтмалын шинэ хуульд 48.10 заалт орсон. Энэ заалтын хэрэгжилтийг хянах учиртай төрийнхөн энэ ажилд тун хойрго байгааг хөдөө, орон нутагт ОҮИТБС-ыг сурталчлаад ирсэн Төрийн бус байгууллагынхан онцлон тэмдэглэж байна.
Том ч бай жижиг ч бай уул уурхайн компаниуд ажиллаж байгаа орон нутагтаа их ч бай, бага ч бай тусалдаг. Хамгийн гар татуу нь хүртэл сумын ой, улсын наадмаар бай шагналд нь хэд гурван юм нэмэрлэдэг ажээ.
Хүнд юм өгсөн хүн өгснөө хэлэхэд бардам байлгүй яах вэ. Харин одоо нэг асуудал босч ирж буй нь өгсөнтэй нь биш авсантай нь холбоотой.  
“Уугуул хөдөлгөөн” ТББ-ынхны мэдээлснээр, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд уул уурхайн компаниуд ноднин 123 сая, энэ жил 200 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн гэнэ. Гэтэл тэрхүү мөнгөнөөс тус сумын удирдлага 80 хүүхдийн дотуур байрыг ноднин 73 сая, энэ жил 79 сая төгрөгөөр зассан ажээ. Түүнчлэн овоо босгох, овоо тахихад зарцуулсан байна. Энэ мэтчилэн орон нутагт уул уурхайн компаниудаас оруулж байгаа хувь нэмэр нутгийнханд хүртэж байгаа эсэх эргэлзээтэй байна. “Бороо гоулд” компани Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол суманд “Орон нутгийг хөгжүүлэх сан“ байгуулж, сум тус бүрт жилд 250 мянган доллар өгч буй. Тэр мөнгө хэний мэдэлд хэрхэн, ямар үр дүнтэй зарцуулагдаж байгаа нь бас сонирхож үзүүштэй л асуудал. 
Ер нь олборлох салбарын ил тод байдал, АМХ-ийн 48.10 заалтын хэрэгжилтэд хамгийн хойрго хандаж, ОҮИТБС-ыг сурталчлахад саад тушаа болж байгаа нэгэн субъект бол дунд шатны төрийн албан хаагчид болохыг орон нутагт ажиллаад ирсэн Төрийн бус байгууллагууд нэгэн дуугаар хэлж байгаа. Төрийн албан хаагчид нь ийм болгоомжлонгуй, үл тоомсорлосон, сэтгэлгүй хандаж байхад Засгийн газраас бодлого болгон анхаарч буй энэ асуудал хэрхэн ч хэрэгжих билээ.

“МОНГОЛ ГАЗАР” МОНГОЛОО САЯ САЯ ТӨГРӨГӨӨР ХОХИРООЖЭЭ
Орд газрын байгаль орчны эвдрэл ба нөхөн сэргээлт, түүнд зарцуулсан хөрөнгийн тухай мэдээлэл “Олборлох салбарын ил тод байдлын рейтинг”-ийн нэгэн шалгуур үзүүлэлт байлаа.   
Энэхүү шалгуурт цугларсан мэдээллүүдийн дийлэнх нь сөрөг бараан. Эсвэл “тодорхой мэдээлэл олдоогүй” гэсэн бүдэг хариулт. Ил тод байдлын рейтингийг нь зарласан 68 компаниас гэхэд тавхан нь энэ асуултад хариулж, нөхөн сэргээлт хийснээ мэдэгджээ. Үнэхээр хангалтгүй үзүүлэлт.  
Өнөөдөр Монголын байгаль орчин арваад жилийн өмнөхтэй харьцуулбал хичнээн сүйдэж, Орхон, Онон гээд томоохон голууд маань татарч байгаад хэн хүнгүй халаглаж сууна. Алийн болгон бид дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт рүү буруу бүхнийг чихэх юм бэ. Хатуухан үнэнийг хэлэхэд голууд ширгэж, эрүүл хөрс бэлчээр маань дайны талбар шиг болсонд уул уурхайн компаниуд буруутай шүү дээ. Нөхөн сэргээлтийг хичнээн сайн хийгээд ч газар нутаг урьдын хэвээр болдоггүйг дэлхийн туршлага харуулна. Гэтэл нөхөн сэргээлт хийх нь байтугай “авахыг нь авна, бусад нь яахав” гэсэн хүйтэн хандлага “Эрэл”, “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар”, “Монполимет”, “Чинхуа МАК Нарийн сухайт” гээд гадаад дотоодын том компаниудаас сэнгэнэж байгаа нь эмзэглэмээр.
Монголын рок, поп урлагийг ивээн дэмжигч “Монгол газар” компани гэхэд Дорнод аймгийн Баяндун сумын Цагаан чулуутын хөндийн алтыг нь олборлочихоод ганц чулууг нь ч буцаагаад булахгүй хаяад явчихжээ. Одоо тэнд 30 орчим м өндөртэй шороон овоолго, 15 м орчим гүн хиймэл нуур үүсч, нутгийнхныг ямагт түгшээж байна. Ямар аргаа ядсандаа л “Онон, Улз голынхон” хөдөлгөөн шүүхэд хандах вэ. Тэдний хүсэлтээр ажиллаж буй олон улсын гэрээт хуульч “Монгол газар”-ын учруулсан хохирлыг 164 сая төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч “Монгол газар”-ынхан хийсэн нүгэл нь барим тавим байсаар атал буруугаа хүлээхээс татгалзаж, энэ асуудлыг шийдэхийг шүүхийн шатанд удаашруулан гацаасаар байна. Хэрвээ шүүх “Монгол газар” компанийн буруутайг албан ёсоор тогтоовол Монголд анх удаа нөхөн сэргээлтийн зардлыг аж ахуйн нэгжээс гаргах болно. Тэгвэл нутаг нутагт батгана шиг бууж, алт эрдэнэсийг нь ухаж авчихаад, авдрыг нь хаяад явчихдаг олон компанид сануулга өгөх сөн.       

МОНГОЛДОО БУС ГАДААДАД СУРТАЛЧЛАХЫН ЦААД УЧИР
Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэг бол “Адамас майнинг” компани. “Ил тод байдлын рейтинг”-т “хагас нээлттэй” ангилалд жагссан энэ компани уг нь вэб хуудастай. Гэвч www.adamasmining.mn  нь зөвхөн англи хэл дээр тул “ бидний эзэмшдэг орд газруудад дэлхийн гянт болд буюу вольфрамын нөөцийн 6,2 хувь байгаа” гэж рекламдсаныг нь монголчууд тэр бүр уншиж чадахгүй.  Ер нь “Хагас нээлттэй”  ангилалд багтсан уул уурхайн олон компани дотоод биш гадаад сурталчилгаандаа түлхүү анхаардаг. Хэрвээ тэрхүү бодлогыг нь томруулан харах юм бол тун сонирхолтой зураг тодорно.
“Бидэнд хэлэлгүйгээр Монголын нутаг дээр буй орд газраа барьцаалж мөнгө босголоо” гэж “Айвенхоу майнз” компанийг бишгүй л муучилдаг. Гэтэл дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр Монголын баялгийг барьцаалан мөнгө олж байгаа нь ганцхан “Айвенхоу майнз”-ынхан биш ажээ. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн бирж дээр “Азиа Гоулд Монголиа”, “Хан ресорсез”, “Рэд Хилл Энержи”, “Вэстерн Проспектор”, “Сентерра Гоулд” зэрэг компани Монгол дахь ашигт малтмалын ордуудад хайгуул явуулах тусгай зөвшөөрөл, судалгааны явцад илэрсэн нөөцүүдэд түшиглэн хувьцаа гарган мөнгө босгож байгааг монголчууд төдийлөн мэдэхгүй л байна.
Гадаадынхан Монголын баялгаар хэрхэн мөнгө босгодогийг “Азиа Гоулд Монголиа” ХХК-ийн байгуулагдсан түүхээс сонирхъё. “Айвенхоу майнз” компанийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Өмнөговь аймгийн нүүрсний ордуудад түшиглэн Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн “Саутгоби Энержи Ресурс” компанийн 82 сая ширхэг хувьцааг Канадын “Азиа Гоулд” компани худалдан авч, “Азиа Гоулд Монголиа” охин компаниа байгуулжээ. Одоо “Азиа Гоулд Монголиа” Монголд 22700 кв.км талбайг хамарсан нүүрсний хайгуулын 54 тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй.
Тэгвэл Канадад бүртгэлтэй олон улсын уул уурхайн компанийн салбар “Хан ресорсез” компани Монгол дахь төслүүдээрээ 2007 онд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 30 сая ам.доллартай тэнцэх 8,15 сая ширхэг хувьцаа арилжаалсан байна. Энэ тухайгаа вэб сайтдаа мэдээлэхдээ “Хан ресорсез”-ийн Дорнод дахь төсөл нь дэлхийн ураны шинэ төслүүдээс хамгийн шилдэг нь болох нь хайгуулын нэмэлт судалгааны үр дүнгээр баталгаажлаа” гэжээ. Анзаарч тогтмоор баримт байгаа биз. Монгол улсын стратегийн ач холбогдолтой 15 газарт багтсан Дорнодын, Мардайн ураны ордыг барьцаалан гадныхан мөнгө босгож байгааг уншигч та хэр мэдэх вэ.   

ТӨРИЙН БОЛОН ТББ-УУДЫН ИЛ ТОД БАЙДАЛ
“Олборлох салбарын ил тод байдлын рейтинг”-т Сангийн яам, ҮТЕГ, Үйлдвэр худалдааны яам, АМГТХЭГ, Байгаль орчны яам гээд энэ салбарыг хамаардаг яам, агентлагууд, төрийн бус байгууллагуудын ил тод байдлын мэдээллийн товчоо нийтлэгджээ. Тэдгээрийн ард “уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдлын тухай мэдээлэл нь 2002 оноос хойш шинэчлэгдээгүй, вэб сайтынх нь мэдээлэл хуучнаараа…, өргөн олон нийтэд зориулсан мэдээлэл, танилцуулга алга..., хийх ажлын төлөвлөгөө голлосон байна” гэх мэтийн тайлбар зүүлттэй.    
Төрийн бус байгууллагуудаас Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, Монголын Геологийн холбоо, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциац гэсэн 4 байгууллагын мэдээллийн товчоог тавьжээ. Тэдгээрээс хамгийн идэвхтэй, байнгын үйл ажиллагаатай, ил тод нээлттэй нь Монголын Уул уурхайн үндэсний ассоциац байна. Тус ассоциацынхан удирдлага, гишүүн байгууллага, үйл ажиллагааныхаа тухай мэдээлэхээс цааргалаагүй бөгөөд 2006 оны орлого, зарлагынхаа тайланг ч өгчээ. Вэб сайт нь байнгын ажиллагаатай, хоёр долоо хоног тутам “Эрдэс баялгийн мэдээ” сонин гаргадаг ажээ.  

ЭЦСИЙН ЭЦЭСТ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД…
“Олборлох салбарын ил тод байдлын рейтинг”-ийн эцсийн дүнг “Ил тод байдал сан” энэ 11-р сарын эхээр зарлах ёстой. Энэ бол Монголдоо анхны ажил. Нэн чухал шаардлага. Тийм ч болохоор хойшдоо энэхүү рейтингийг жил бүр зарлаж байх болно гэдэгт төсөл хэрэгжүүлэгчид итгэлтэй байгаа юм. 
            Уул уурхайн компаниудыг ил тод байдлаар нь жагсаан зэрэглэхийн учир шалтгаан, хэрэгцээ шаардлага юу вэ. Энэ асуултын хариуг хэлэхийн хэрэг байна уу.
            Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр ба “Айвенхоу майнз Монголиа” ХХК хоёр л ил тод байдлаараа “Бүрэн нээлттэй” дүн аваад байгаа. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн энэ хоёр компани ил тод байдлаараа төдийгүй үйл ажиллагаа, улсад оруулж буй хувь нэмрээрээ Монголдоо онцгойрч буйг энд тэмдэглэхэд таатай байна. Энэ хоёр бол 20-р зууны хийгээд 21-р зууны Монголын уул уурхайн компаниудын үлгэр жишээ.
Тэгэхээр нэрнээс цааш сураггүй, эсвэл нэр алдартай ч түүнтэйгээ дүйцэх хариуцлагагүй байгаа Монголын уул уурхайн компаниудыг “Бүрэн нээлттэй” болгохын төлөө энэхүү рейтингийг гаргахаас аргагүй, гаргах ч шаардлагатай юм.

Сэтгүүлч О.Энхжавхлан