“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ба Хүний эрх” сэдвээр салбарын мэргэжилтний судалгаа, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш, “Хөнгөвчлөх үйлчилгээний нийгэмлэг”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор Д.Одонтуяа 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Тус илтгэл хэлэлцүүлэгт анагаах ухааны болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжилтэн, судлаачдыг өргөнөөр оролцлоо.
Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг судлаачдын эрдэм шинжилгээний ажил, хүний эрхийг хамгаалагчдын практик ажлын үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор цуврал илтгэл, хэлэлцүүлгийг 2012 оноос эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн илтгэл нь 2013 онд зохион байгуулагдах цуврал хэлэлцүүлгийн анхных бөгөөд сар бүрийн илтгэлийн зарлал, мэдээллийг ННФ-ын болон Хүний эрхийн үндэсний комиссын цахим хуудаснаас авах боломжтой.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар жил бүр Улсын Их Хуралд илтгэдэг. 2012 оны 11 дэх удаагийн илтгэлдээ хөнгөвчлөх тусламж үйлчилгээний асуудлыг хөндсөн бөгөөд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 02 тоот тогтоол баталсан юм. Уг тогтоолд “...Хөнгөвчлөх /хоспис/ тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, монгол хүний бие махбод, сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдалд нийцсэн, хүртээмжтэй, үр нөлөөтэй, чанартай тогтолцоо бүхий хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх; ...Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох” талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгажээ.
Иймд энэ удаагийн илтгэл, хэлэлцүүлэг нь дээрх сэдвээр ажилладаг судлаачид, салбарын мэргэжилтнүүд, түүнчлэн иргэд, олон нийтэд уг асуудлаарх онол, практикийн өргөн хүрээний ойлголт өгөхөөс гадна уг үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад төр засгийн зүгээс анхаарал хандуулах ач холбогдолтой юм.