Нөхөн сэргээлт хийгээгүй талбай маш ихэсчээ (2007.10.26)

A- A A+
Нөхөн сэргээлт хийгээгүй талбай маш ихэсчээ (2007.10.26)

Нөхөн сэргээлт хийгээгүй талбай маш ихэсчээ (2007.10.26)

Монголын Улсын хэмжээнд 2006 оны байдлаар уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 331 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн судалгаанаас харахад 13718.5 га газар олборлолтод өртөж эвдрэлд оржээ. Yүнээс 2553.2 га буюу дөнгөж 18.0 хувьд нөхөн сэргээлтийг хийсэн байна. Нөхөн сэргээлтийг хийлгүй орхисон талбайн хэмжээ 11200.0 га-д хүрчээ гэсэн дүгнэлтийг Улсын тэргэжлийн хяналтын газраас хийжээ.

Тус газрын хийсэн судалгаанаас үзвэл 1999 оноос хойш жил бүр 120-130 орчим алтны шороон ордод алт олборлож, нийт 276 сая шоометр газрын хэвлийг хөндсөн байна. 1999-2006 оны газрын хэвлийн эвдрэлийн эзлэх хувийг аймгуудаар гаргажээ. Тухайлбал, Төв аймгийн нутгийн дэвсгэрийн 50 хувь, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн 4-18 хувь нь олборлолтоос үүдэлтэйгээр газрын хэвлий хөндөгджээ. Нөхөн сэргээлт хийлгүйорхисон аж ахуйн нэгж компаниудыг тоочвол Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Нарангийн ам гэдэг газар “Мон Тян Ця Лун” ХХК цианид натри болон мөнгөн ус хэрэглэн1.5-2.0 га орчим талбай бохирдуулсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газар үйл ажиллагаа явуулж байсан “Капитал ресурсес” ХХК нэлээд хэмжээний талбай бохирдуулсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ. Борнуур сумын Нумт гэдэг газар “Ананд интернэйшнл” компани хууль бусаар цианид натри хэрэглэн алт олборлож байсан талбайгаа тэр чигт нь орхижээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр Түймэрт гэдэг газар 9248Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Баянбулагийн алтны үндсэн ордод “Жи Би Лийз” ХХК нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж ашиглалт, тэсэлгээний ажлуудыг хийж байсныг УМХГ илрүүлжээ.

2006 онд ашигт малтмалын чиглэлийн 13 төрлийн, 190 аж ахуйн нэгж байгууллага байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулсан аж. 1270.2 га газарт олборлолтын үйл ажиллагаа явагдаж 1176.2 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх, 783.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн нь тухайн жилийн эвдэрсэн газартай харьцуулбал техникийн нөхөн сэргээлт 92.5, биологийн нөхөн сэргээлт 66.6 хувьд хийгдэхээр төлөвлөжээ. Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын мэдээгээр 1895.2 га газарт техникийн нөхөн сэргээлт, 609.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн дүн гарчээ. 2007 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөвлөгөөг хянан баталж, нийт 1038.3 га газар олборлолтод өртөхөөс 862.02 га газарт техникийн нөхөн сэргээлт, 937.9 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгөө батлуулжээ. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргийн дагуу 1.1 тэрбум орчим төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлээд байгаа аж.

2010 он гэхэд эвдэрсэн газар, газрын хэвлийд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэхээр “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр”-ийг баталжээ. Эхний үе шатанд нөхөн сэргээгдэлгүй орхигдсон уурхайн эдэлбэрийн талбайн хэмжээ, эзэлхүүнийг тогтоох, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хариуцагчийг тогтоох, нөхөн сэргээлтэд шаардлагатай зардлыг тооцох эх үүсвэрийг шийдвэрлэх эвдэрсэн газрын тооллого хийх юм байна. Мөн ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартыг бий болгох юм байна.