Тогтвортой байдлын гэрээ ба луйвар
Гадаадад их хэмжээний хөрөнгө оруулах болбол ямар ч компани хөрөнгийнхөө баталгааг нэхдэг. Мэдээж хөрөнгийг нь хураахгүй, дээрэмдэхгүй гэсэн хууль аль ч улсад бий. Гэвч хууль хувирамтгай. Тэр дундаа хөгжиж байгаа орнууд бүр хэцүү. Төрийн эргэлт, хувьсгал байнга гарна. Төрийн залгамж чанар гэж ёстой үгүй. Аягүй бол түрүүчийн засгийн газартай тохирсны чинь төлөө шийтгэнэ гээд хөрөнгийг нь хурааж ч магадгүй.
Хөндлөнгийн аудитийн газрууд дэлхийн улс орны төрүүдэд итгэлийн зэрэглэл тогтоож өгдөг. Энэ үзүүлэлтийг баримжаалж хөрөнгө оруулагчид тухай Засгийн газарт “итгэнэ”. Жишээ нь энэ нь Засгийн газрын бонд худалдан авч буй дээр харагдана. Япон, Европ, АНУ-ын Засгийн газрын бондыг жилд 0,2 хувийн хүүтэйгээр тавихад булаацалдаад л авна. Индонез, Нигери зэрэг газрын баялагтай боловч найдваргүй Засгийн газрын бондыг 10 хувийн хүү өгөөд байхад худалдан авах элбэггүй. Баялаггүй, дээр нь дүүрчихсэн дампуу газрын бондыг 50 хувийн хүү амлаад ч авах эзэн олдохгүй. Байдлаас үзэхэд манай бондыг сайн панаалдвал 7 хувийн хүүгээр авах газар олдохоор байна. Байгалийн асар их баялагийн илэрцтэй, тэдгээрийн үнэ нь сүүлийн ганц хоёр жилд аймаар өссөн учир эрсдэл хийх хүн гарч ирж буй хэрэг. Ялангуяа хөрш хоёр орон хамаагүй эрсдэл хийхэд бэлэн байна. Хулхидвал багалзуурдах бололцоотой учраас тэр.
Гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө оруулах болбол юун түрүүн эрсдэлээ тооцоолдог. Хууль журмыг нь судлахаас гадна төрийн тогтвортой байдлыг нь хардаг. Казакстанд хөрөнгө оруулахад эрсдэл багатай. Гэхдээ энэ бол нэг хүнээс хамаарсан ардчилсан бус орон. Назарбаев гэнэт үхэвэл юу болох вэ? Түркмэн, Узбекстанд төр нь тогтвортой боловч олон улсын зүгээс эдэнд таатай ханддаггүй. Хүний эрх гээд л зөндөө асуудал бий. Куба, Иран, Бирм, Ливи бол олон улсын зүгээс бүр хорионд орсон газрууд.
Хөрөнгө оруулагч юун түрүүн тухайн орны Засгийн газраас хөрөнгийнхөө баталгааг гаргуулдаг. Япон, Европ, Хойд Америкт ийм баталгаа тусгайлан гаргах хэрэг байдаггүй. Тогтвортой хуультайгаас гадна тухайн онцгой тохиолдолд яахыг нь урьдчилаад хуульчилж өгсөн байдаг. Иймээс л ядахнаа гаргаж буй бондыг нь хүүгүй шахам байхад нь булаацалдаж авна. Эднээс бусад нь бараг цөмөөрөө явдалтай газарт тооцогдоно. Иймээс тэдэнтэй тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Одоо үйлчилж буй хуульд чинь тохируулж тооцоо хийн хөрөнгөө оруулж байна шүү, гэнэт хуулиа өөрчилж хүндрүүлбэл тооцохгүй шүү л гэсэн үг. Нэг л үгээр хэлэхэд хуулийн тогтвортой байдлын амалгааг хөрөнгө оруулагч Засгийн газраар авахуулж байгаа хэрэг.
Монгол бол ардчилсан орон. Энэ бол том баталгаа. Гэвч төлөвшөөгүй орон. Энэ бол бөөн эрсдэл. Улс төрийн голлох намууд нь төрийн эрхэнд гаруутаа түрүүнийхтэйгээ тооцоо бодож бүх хийснийг нь үгүйсгэдэг. Дайсан олж илрүүлэх гол хообийтой. Энэ хообийнд нь түрүүний Засагт холбогдсон болгон өртөнө. 2005 онд 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тавингуут орж ирж байсан олон компаниуд эртхэн дээрээ салъя гээд шууд гараад явчихсан. Нэгэнт их хэмжээгээр хөрөнгө оруулсан компаниуд л аргагүйн эрхэнд тэнэгийн жишээ болоод хоцорсон доо. Найдваргүй амьтантай наймаа хийгээд эцэст нь тархиа шаадаг жишээг ихэнх монголчууд мэднэ дээ. Мэдээж манай засаг ч хүмүүстэйгээ их адилхан шүү дээ. Хулхи талдаа. 2003 онд Засгийн газар Айванхо Майнз компаниас 50 сая доллар хүүгүй зээлж авчээ. Оросын өрийг төлөх гэсийм. Шанд нь тогтвортой байдлын гэрээ хийнэ гэсэн аж. Айванхо хэдийгээр банк биш боловч эрсдэл гарган зээллээ. Харин оны эцсээр зээлээ буцааж өгөнгүүтээ салаавч үзүүлдэг байгаа. Гэрээ хийх нь ашиггүй байсан байж болно. Энэ бол тусдаа асуудал. Хийнэ гэж хульхидаж мөнгө зээлдэг нь мөнөөх эхэнд дурьдсан Монголын төрийн найдварын үнэлгээнд ямраар тусах вэ? Ийм газар ер нь итгэх хүн олдох уу? Мэдээллийн хэрэгслэлээр шуугидаг, ард түмнээ төлөөлсөн гэх хэсэг бүлэг жагсдаг, шүгэлддэг, гэхдээ үнэндээ энэ бүхнийг хоосон амалж мөнгө зээлдэг, хахууль авдаг хэсэг бүлэг нөхөд зохион байгуулдгийг олж харахад хэнд ч нэг их төвөгтэй биш. Гадаадынхныг хулхидах нь эх оронч үзлийн дээд хэлбэр гэж үздэг хүн олон. Хэн ч, тэр дундаа мөнгөтэй нэгэн тэнэг биш байдаг, нэг удаа хулхидаж болно, хариу нь хэд нугарч тусдаг учир эх орныг хорлосон хамгийн увайгүй үйлдэл болдог. Худлаа гэвэл Венесүэль, Куба, Пэрү, Нигери, Ливи гээд олон жишээг харж болно.
Авилга хээл хахууль төрийн систем болчихсон газар нь хөрөнгө оруулагчдад маш таагүй нөхцөл үүсгэдэг. Үүн дээр хоёр жишээ хэлье. Ашигт малтмалын хууль 1997 онд гарсан. Түүхий эд хямд үед шилдэгт тооцогдох хууль байлаа. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага учир 20 сая доллароос дээш хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээ хийх ёстой байлаа. Үүний дагуу Сүхбаатарын цайрын ордод хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн Хятадын компанитай Сангийн яамнаас гэрээ хийсэн. Газрын хэвлийн тухай хуулиар бол хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт хийхгүй бол гэрээ хар аяндаа хүчингүй болох байв. Гэтэл хятадууд дөнгөж 2003 оноос хөрөнгө оруулж эхлэв. Гэрээ мэдээж хэрэг хүчингүй болсон байна. Нөгөөтэйгүүр хөрөнгө Монголд орж ирсэн Хятадын зээлээр хийгджээ. Хятадын зээл угаасаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр зориулалттай байсан авч Сангийн сайд өөрөө Хятадад айлчлан хүчилж байж өөрийн оролцоотой компанид авч Цайрт менарал гэгч луйврын ажиллагаагаа эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ху Жиндао Монголд айлчлахад “Энэ үйлдвэр бол Хятадаас Монголд оруулж буй хөрөнгө оруулалтын үлгэр жишээ байх болно” гэж түүгээр хэлүүлж дөнгөжээ. Үлгэр жишээ хөрөнгө оруулалт нь үлгэр жишээ луйвар болж хувирлаа.
Хөрөнгө нь гадаадын хөрөнгө оруулалт биш зээлийнх, нөгөөтэйгүүр өөр зориулалттай зээл, тэгээд ч дотоодын луйварчдын үйлдэл – тэгэхээр энд гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ ямар хамаа байнаа? Ийнхүү сайдын оролцоотой Монголын хувийн гэх компани гадаадын зээл авч хагасыг нь эзэмшээд хүчингүй болсон тогтвортой байдлын гэрээгээр түрий барьж Монголын ард түмний хөрөнгийг дээрэмдэж эхэллээ. Тайваньд хэвлэгдсэн нэгэн өгүүлэлд Монголын говь нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн Монголыг Хятадад тайван замаар нэгтгэх бололцооны тухай ярьсан нь гарч манай төвийн хэвлэлд орчуулагдан гарсан. Явж явж тэр асуудал Цайрт менерал компаний эрх ашигаас болж үүдсэн юм билээ. Цайрт минерал дээрэмчнээс гадна оруулж гаргаж буй материалын жин болон үнийг олон дахин дарж татвараас хулгай хийдэг тухай ч мэдээлэл их гарч байна.
Өөр нэг жишээ. 1998 онд Австралийн нэгэн компани Бороогийн алтны уурхайд хөрөнгө оруулахаар тогтвортой байдлын гэрээг Сангийн яамтай байгуулжээ. Гэтэл Газрын хэвлийн хуулиар гэрээ нэгэнт хүчингүй болоод олон жил өнгөрсний дараа Канадын Сэнтэриагоулд гэдэг компани 2003 оноос хөрөнгө оруулж эхэлжээ. Анх гэрээ байгуулж байхад “халзан Ганболдын” гэж нэрлэгдэх болсон алтнаас авах 10 хувийн онцгой татвар үйлчилж байсан юм. Энэ татварыг цаанаас зориудын захиалгатайгаар 2001 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-аас хүчингүй болгожээ. Гэрээг УИХ-д Содхүү гэгч помешик танилцуулжээ. Гэрээг хүчингүй болгох хуульд идэвхитэй оролцсон Алтай, Гунгаадорж нарын таван хүнийг 2002 онд Монгол банкны ажилчдад зориулсан сууцаар шагнажээ. Тавуулаа хотын унаган иргэд байсан ба хэн нь ч уг байранд амьдарсангүй, шинээр нь зарж орхив. 40-50 сая төгрөгөөр зарсан, өөрөөр хэлбэл тийм хэмжээний хахууль авсан гэсэн үг. Бороо гоулд энэ татвараас мултарснаар 100 сая орчим доллар хожижээ. Хэрэв та Сэнтэриагоулд компаний вэб сайт руу орж үзвэл 2001 онд Монголд 30 сая долларын хөрөнгө оруулсан гэж байгаа. Хардах эрхээр бүрэн хангагдсан Монголын нэгэн иргэний хувьд энэ мөнгө авилгад явжээ гэж боддогоо нуух юун. Сэнтэриа гоулд нь олон улсын бирж дээр гарсан хувьцаат компани учир хахуулиа ч нуух эрхгүй юм. 100 сая доллароор Монгол улсыг хохироох процесст идэвхитэй оролцсон өнөөгийн сайд Баяртсайхан одоо болохоор Бороо гоулдтай тогтвортой байдлын гэрээг шинэчилж хийснээ урьдын муухайг засаж нам засагтаа буян болсон мэтээр өөрийгөө рекламдаж хурал цуглаан хийгээд гүйж явах юм.
Цайрт менерал ч тэр, Бороо гоулд ч тэр 2000-2004 онд хяналтгүйгээр төр барьж байсан Засгийн газрын гишүүдийн хувийн бизнес луйвар байсан. Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол бидэнд тулгагдсан факт. Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй хэн ч заавал ийм гэрээ хийж л таарна. Бид хөрөнгөнд нь баталгаа хийж өгч буй хэрэг. Үүнгүйгээр хэн ч орж ирэхгүй. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монгол улс босохгүй. Гэхдээ тогтвортой байдлын гэрээгээр далимдуулж луйвар хийх бол шал тусдаа асуудал. Ийм явдал хуулиар шийтгэл хүлээх ёстой. Ер нь үүгээр далимдуулж авилга өгч авалцах нь хөрөнгө оруулалтыг харин ч тогтворгүй болгож байгаа хэрэг юм.
2007 оны 11 дүгээр сар 25
БААБАР