Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав Улс төрийн тойм сонины сэтгүүлчид өчигдөр ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. Тойрогт нэр дэвшигчдийн нэрс удахгүй тодорхой болно. Үүний дараа тэдний нэрсийг саналын хуудсанд оруулж, саналын хуудас хэвлэх ажлыг эхэлнэ. Энэ сарын 8-аас хэвлээд эхэлнэ хэмээн тэрбээр мэдэгджээ.
Түүний ярианаас үзвэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нам, МУНН, МСДН зэрэг намын зарим нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг түр хойшлуулсан байгаа. Дээрх нам, эвслүүдээс тодруулга авсны дараа бүртгэх эсэхийг шийдэхээр болсон аж. Тухайн нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдсөн эсэх, нэр дэвшигчдийг сонгох үеэр олонхийн санал авсан эсэх гэх мэт асуудлаар тодруулга авахаар болжээ. Зарим намын материалаас харахад олонхийн санал аваагүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн зөрчил байна. МУНН, МСДН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэн заалтыг биелүүлээгүй. Зөрчлөө арилгаад материалаа дахин ирүүлэх боломж нь нээлттэй байгаа аж.
Нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, саналын тухай асуултад хариулахдаа тийм гомдол, санал ирж байгаа гээд одоогоор тодорхой шийдвэр гаргасан зүйл алга. Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Г.Батхүү, Д.Зоригт болон МАХН-аас намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа Э.Батшугар нартай холбоотой гомдол ирсэн байна. Гомдлыг хорооны хурлаар хэлэлцээд тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэл байхгүй бол бүртгэсэн хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав хэлжээ.
Түүнчлэн одоогийн байдлаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа 4200 иргэн сонгуулиар саналаа өгөхөөр бүртгүүлсэн гэсэн албан ёсны мэдээлэл байна.
Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчдийн нэрсийг зарлана. Гэхдээ хуулийн хугацаа нь хараахан болоогүй байна. Тойргийн хороодоос ч мэдээллээ ирүүлж дуусаагүй байгаа. Үүний дараа албан ёсоор нийтэд зарлах юм байна.