Х.Наранхүү: Таван толгой орд газрыг нэг бүлэглэлээс нь аваад нөгөөд өгөх гээд байгаа юм биш (News.mn 2008-01-08)
С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон даруйдаа Тавантолгой орд газрыг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Гэвч тус ордын нэлээд хувийг “Энержи ресурс” консерциум эзэмшдэг тул тэдэнтэй Засгийн газар зөвшилцөж байгаа юм. Энэ асуудал ямар шатанд яваа талаар Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгээс тодрууллаа.
-Тавантолгой орд газрын лицензийг төр мэдэлдээ авахаар “Энержи ресурс” консерциумынхантай удаа дараа уулзсан гэх мэдээлэл бий. Хоорондоо тохиролцоогүй гэх яриа ч бий. Бодит байдал ямар байна вэ?
-Энэ асуудлаар Засгийн газар “Энержи ресурс” консерциумтай гурван ч удаа уулзаж ярилцсан. Тэд “Тавантолгой орд газрын лицензийг эргүүлж авч болно оо. Хамгийн гол нь ямар үндэслэлээр буцаан авах гэж байна вэ” гэж асуудаг. Гэтэл үндэслэл хэлэх гэхээр их ярвигтай байгаа. Хуулинд зааснаар зөрчил гаргасан тохиолдолд тухайн компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын лицензийг төр буцаан авах эрхтэй. Энд л гацчихаад байгаа хэрэг. Тийм ч болохоор “Энержи ресурс”-ийнхэн “Нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг ямар ч зөрчил гаргаагүй байхад буцааж авдаг нь ямар учиртай юм бэ” гэж асууж байгаа. Нөгөөтэйгүүр, энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Тухайлбал, тус консерциум Тавантолгой орд газрын талаар ямар судалгаа хийсэн. Ямар төсөл боловсруулсан. Үүнд зориулж хэчнээн хэмжээний зардал гаргасан. Энэ бүхнийг хөндлөнгийн гуравдагч байгууллагаар хянуулж үнэн зөв үнэлгээг гаргуулах шаардлагатай болно. Эцэст нь хоёр тал үнэлгээгээ яаж зохицох вэ гэдэг асуудал гарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэх шаардлагатай байгаа. Хувийн тэр дундаа дотоодын хөрөнгө оруулагчийг ямар байдлаар оролцуулах вэ гэдгийг тодорхой болгож бусад хөрөнгө оруулагчийг татах тухай асуудал гарч ирнэ. Түүнээс нэг бүлэглэлээс хурааж аваад нөгөөд өгөх гээд байгаа юм биш. Дотоодынхоо бүлэглэлээс аваад гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх гээд байгаа зүйл ч үгүй.
-Хоёр тал өгч, авалцах мөнгөнийхөө хэмжээг тохирчихвол Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд очих уу?
-Одоогоор бэлэн мөнгөний тооцоо үндэслэл ерөөсөө харагдахгүй байгаа. Тэдэн төгрөг төлөөд авна гэсэн асуудал амьдралгүй харагдаад байгаа байхгүй юу. Хэдэн жилийн дараа бол арай өөрөө. Тавантолгойг ашиглан, үйлдвэрлэл ажиллаж эхэлсэн цагт л…
-Ойрмогхоноос Оюутолгой төсөлд хөрөнгө оруулагчид мөнгөө татаж магадгүй тухай яриа гараад байна?
-Оюутолгойд хөрөнгө оруулагчдын хувьд мөнгө өгчихөөд буцааж татаж авах гээд тулгалт хийсэн асуудал байхгүй. Өөрсдөө ч Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа нь нууц биш. Тэдний хувьд манай талд хүсэлт ирүүлсэн. Хэлэлцээг маш удаан хийж байна. Та бүхэн энэ асуудлыг дотроо хэлэлцээд бидэнд цаг хугацааны баримжаа өгөөч ээ л гэсэн. Хамгийн гол нь зургаан сарын дараа юу, эс бөгөөс нэг жилийн дараа юу гэдгийг л тодорхойлж өг гэсэн. Ингэвэл Оюутолгой хөрөнгө оруулагчдын хувьд техник технологио оруулж ирэх, дэд бүтэцтэй холбоотой асуудлаа шийдэхэд дөхөм болох юм. Ерөнхий сайд харин “Өнөө, маргаашдаа шийдэх асуудал биш ээ” гэсэн утгатай захидлыг манайд ирүүлсэн.
-Канад Улсын сайд Девид Эмерсон манай улсад маргааш /өнөөдөр/ ирнэ. Танай яамны урилгаар ирж байгаа гэсэн. Ямар асуудлыг голлон ярилцах вэ?
- Манай улс уул уурхайн чиглэлээр Австрали, Канад хоёроос баримжаа авч хөгжих ёстой. Газар нутаг, байгаль цаг уурын хувьд Канадтай төстэй зүйл манайд бий.
Сүүлийн үед Канад Улс нь уул уурхайн чиглэлээр Монгол Улсад хөрөнгө оруулалт их хийж буй. Энэ талын асуудал ч яригдана. Хамгийн гол хэлэлцээ нь худалдааны хэлэлцээ байгуулах асуудал л байгаа даа.