Х.Наранхүү: Нөхөн олговоргүйгээр Тавантолгойн лицензийг буцааж авна гэж байхгүй (Өнөөдөр 2008-01-09)

A- A A+
Х.Наранхүү: Нөхөн олговоргүйгээр Тавантолгойн лицензийг буцааж авна гэж байхгүй (Өнөөдөр 2008-01-09)

Х.Наранхүү: Нөхөн олговоргүйгээр Тавантолгойн лицензийг буцааж авна гэж байхгүй (Өнөөдөр 2008-01-09)

Тавантолгойн асуудлаар Засгийн газраас томилсон ажлын хэсэг болон “Энержи ресурс” консорциумын хоорондын дөрөв дэх хэлэлцээ  энэ өдрүүдэд үргэлжилж, стратегийн чухал орд газар болон Монголын эдийн засгийн ирээдүйн “суурь”  хувь заяаг шийдэх юм. Одоогоор төдийлөн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа хоёр тал 86:14 гэсэн тоон  харьцааг тойрон маргасаар байна.

М.Энхболдын Засгийн газрын үед харилцан тохирсон дээрх хуваарилалтыг Ерөнхий сайд С.Баяр 100 хувь төрд төвлөрүүлэн өөрчлөхөөр чармайж байгаа бол, Тавантолгойд найман тэрбум төгрөг, долоон жилийн судалгаа, бэлтгэл ажил тойрсон хөдөлмөрөө зориулсан “Энержи ресурс” хуучин  хувилбараа авч үлдэхийг эрмэлзэж буй. Хоёр талын энэ зөрчлөөс шалтгаалан  хэлэлцээ гацаанд орохыг үгүйсгэх аргагүй болоод байгаа энэ үед ажлын  хэсгийн ахлагч, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүтэй ярилцлаа.

-Тавантолгойн орд газрыг төр 100 хувь өөрийн мэдэлд авах болсон явдлыг эерэг, сөрөг хоёр янзаар нийгэм хүлээж авсан. Ардчилсан нийгмийн гол хэмжүүрийг зөрчиж, хувийн өмчид халдаж байгаа хэрэг  гэж Бат-Үүл гишүүн  шулуухан шүүмжилсэн. Харин таны тайлбарыг сонсъё.

-Том орд газруудаа төр авах нь зүйтэй гэж үзэж байгаа олон нийтийн  хандлагыг бид харгалзаж үзсэн. Нөгөө талаар Тавантолгой бол манай бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээний том орд газар. Стратегийн чухал ач холбогдол бүхий энэ орд газрыг ашиглана гэдэг бол ус, цахилгаан, дэд бүтэц, зам гээд бодлогын хувьд боловсруулах асуудал олонтой. Тухайлбал төмөр зам тавилаа гэхэд бусад зэргэлдээ орд газруудтай яаж холбох юм, хөршүүдтэйгээ геополитикийн асуудлаа хэрхэн шийдэх юм гэхчлэн төрийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэх, төсөл боловсруулах шаардлага тулгарч байгаа. Төр бодлого боловсруулах явцдаа аль нэгэн хувийн  компанийн шахалтад автаж болохгүй. Харин зарчмаа тохиролцож, бодлогоо тодорхойлсны дараа гадаад, дотоодын компаниудын талаар ярьж болох юм.

-”Энержи ресурс”-ийнхэн Тавантолгойд хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тэнд тодорхой хэмжээгээр судалгаа хийж, зохих төслийг нь боловсруулсан. Гэтэл төр тэднээс бүх ажлаа зогсоогоод, Тавантолгойг буцааж өгөхийг шаардлаа. Хууль, эрх зүйн хувьд төдийгүй сэтгэл зүйн итгэл үнэмшлийн талаасаа, бизнесийн ёс зүй гэдэг ухагдахуунаар тайлбарлавал энэ хэр боломжтой алхам юм бол?

-Ашигт малтмалын шинэ хуульд лицензийг цуцлах, хүчингүй болгох талаар зааснаас биш, төр өөртөө төвлөрүүлж авна гэж байхгүй л дээ. Гэхдээ  бид лицензийг ямар үнэ ханш, ямар нөхцөлөөр эргүүлэн татах юм гэдэг асуудлыг тавьж байгаа.
 
-”Энержи ресурс”-д хувь нийлүүлсэн үндэсний компаниудын хүлээх эрсдэлийг төр хариуцна гэсэн үг үү?

-Тэдний хийсэн ажлыг бид үзэх ёстой. Засгийн газраас Тавантолгойд хийсэн хайгуулын зардлын төлбөр тооцоог 2000 оноос хойш яаж барагдуулсан юм, дээр нь нэмж юу хийсэн юм гэдэгтэй эхлээд танилцах учиртай. “Энержи ресурс”-ийн талаас бидэнд танилцуулга өгсөн.  Түүнийг нь үзсэн. Гэхдээ хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулна гэдгээ хэлсэн. Тэдний талаас усны судалгаа, төмөр замын чиглэлийн дэд бүтцийн судалгаа, нүүрсний чанарын судалгаа гээд их ажил хийсэн байсан. Үүнд зориулсан зардал нь ном ёсоороо гарсан эсэхийг аудитын байгууллага тогтоох ёстой. Тэгээд нэг үнэлгээ гарна аа даа. Тийм тохиолдолд бодит зардлын асуудал  яригдаж эхэлнэ гэсэн үг. Зардлын нийт үнийн дүнгээр засгаас мөнгө төлнө гэсэн асуудлыг одоохондоо ярихгүй. Мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа. Төрөөс Тавантолгойг хөгжүүлэх чиглэл, бодлогоо боловсруулсны дараа хэд  хэдэн  хувилбараар энэ асуудлыг ярьж болно.
    Өөр орд газрын лиценз өгөх боломж байж болох юм. Эсвэл Тавантолгойг ашиглах ажилд оролцох боломж олгож бас болно. Тавантолгойг бодитойгоор ашиглаад, улсын төсөвт ашиг нь бодитойгоор ороод ирсэн үед нөхөн олговрын журмаар шийдэж бас болно.

-Аль аль нь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байна. Ингэж хардах шалтгаан, төрийн эрх мэдлээс  эмээх шалтаг үндэсний компаниудад бас байгаа.

-Энэ ажлын эхний хэсэг нь хоёр тал гэрээ хийж, лицензээ төрд авах явдал. Дараа нь мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, гадны энэ чиглэлийн байгууллагууд, экспертүүдийг урьж байгаад бодлогоо боловсруулъя гэж байгаа. Зах зээл нь хаана билээ, санхүүжилт нь юу билээ, техник технологио хаанаас авах юм гээд судлах, тодорхойлох олон асуудал биднийг хүлээж байна. Энэ бүхнийг хамтарч судлахгүйгээр урьдчилаад хувь хуваарилах юм байхгүй. Итгэл үнэмшил, хардалтын тухай энд ярьж байна. Зүгээр нэг компанитай биш, төртэй гэрээ хийж байгаа учраас албан ёсны баримт бичгээр дүгнэнэ.

-Төрийн залгамж чанар гэж бас нэг том асуудал Тавантолгойтой холбогдон хөндөгдөөд байна. МАХН-ын буюу М.Энхболдын Засгийн  газартай 86:14 гэсэн хувиар тохирсны үндсэн дээр үндэсний компаниуд ажлаа эхлүүлсэн. Гэтэл одоо мөн л МАХН-ын Засгийн газар төр барьж байгаа хэр нь дээрх хувилбарыг эрс үгүйсгэж байна. Тэгэхээр С.Баярын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийг дараагийн Засгийн газар  үл тоовол яах вэ?

-Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газруудынхаа асуудлыг төвлөрүүлэн боловсруулж, суурь эхлэлийг зөв тавих нь чухал. Үүнийгээ парламентын төвшинд танилцуулж, нэг шийдвэр, нэг ойлголтод хүрч чадвал дараа дараагийн Засгийн газар эргэж хараад байх шаардлага гарахгүй л болов уу.

-Гэтэл “Энержи ресурс” 86:14 гэсэн  хувилбар дээр зогсч байгаагаа нэг бус удаа мэдэгдлээ.

-Орд газрын тэдэн  хувийг түүнд өгнө гэдэг яриа бол хийсвэр ойлголт. Ямар юмыг хувааж, хуваарилаад байгаа юм. Уг орд газар нь ямар үнэ хүрэх юм? Хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргасан хойно зах зээл л үнэлгээг нь бодитойгоор тогтооно. Харин үүнээс өмнө зарцуулсан хөрөнгийн талаар л ярьж болж байна. Түүнийг нөхөн олгох талаар ярьж бас болно.

-Үндэсний компаниудад нэг айдас байх шиг байна л даа. Монголчууд Тавантолгойг ашиглахад гар бие оролцох эрхтэй. Гэтэл энэ эрхээ эдэлж чадахгүй бол яах вэ?
-Нэг зүйл бүгдэд маань тодорхой байгаа. Ийм том орд газрыг монголчууд дангаараа эзэмших, ашиглах боломж хөрөнгө мөнгө, техник технологи талаасаа байхгүй. Бодлого боловсруулагдаад, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах тохиолдолд “Энержи ресурс”-ийг төсөлд оролцох нөхцөлөөр бусдаас дутуугүй хангана гэсэн тохиролцоо хийж бас болно шүү дээ.

-Дотоодын хөрөнгө оруулагчид хоорондоо зөрчилдөөд эхэлбэл яах вэ гэсэн асуудал бас байгаа. Дорж, Иван хоёр биш, Дорж, Дондог хоёр  зөрөлдөж маргалдаад, Тавантолгойг булаацалдаад эхлэхийг  үгүйсгэх газаргүй?

-Ер нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хоорондоо зөрчилдөх, дотооддоо манайхан бас хоорондоо зөрөлдөх явдал гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас төр албан ёсоор УИХ-ын төвшинд бодлогоо боловсруулах шаардлагатай байгаа юм.

-Хэрэв Тавантолгойг гадаадын компани эзэмшиж байсан бол асуудал хэрхэн эргэх байсан бол?

-Оюутолгой гадны оролцоотой ч гэсэн бид буцаагаад авчихлаа. Бодлогоо боловсруулах, зөв тодорхойлох үүднээс явцын дунд  эргүүлж татах, хувилбар хийх эрх төрд бий. Ер нь гурван сая шахам хүн амтай манайх шиг оронд “Эрдэнэт” шиг 10 үйлдвэр хэрэггүй. Гурав байхад л хангалттай. Гэхдээ бодлогоо зөв боловсруулж, ирээдүйг харсан, нэг нь нөгөөгөө түшсэн төслийг ашигт малтмалын орд газруудын хувьд чухалчлах нь зүйтэй. Мөнгөгүй, техник технологигүй ийм нөхцөлд ашигт малтмалаа ашиглах гэж байгаа нь энэ гээд тус тусдаа хорт бодис оруулж ирээд ард түмнээ хордуулаад байвал юу болох вэ. Зөв эхлэл тавихын тулд улс тодорхой алданги төлөөд ажлаа гартаа авч болно. Буруу байна гээд буруу хэвээрээ яваад байлтай биш. Алдаагаа эртхэн засах учиртай.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар долоон жил ажилласан. Хэрэв орд газруудаа буруу хувилбараар ашиглаад эхэлбэл дахин хэд хэдэн “Эрдэнэт”-тэй болж, энэ үйлдвэртэй холбоотой гардаг бэрхшээлийг эхнээс нь туулна гэж үздэг хүмүүс бий?

-30 жилийн өмнө Монголын эдийн засгийн байдал ямар байлаа. Өнөөдрийнхөөс тааруухан байсан .Улаан мөнгө гаргалгүй 51 хувиа зээлээр аваад, эргүүлээд төлчихсөн. Энэ бол хамгийн таатай нөхцөл. Зэсийн үнэ нэмэгдчихээд байгаа учраас өнөөдөр бид гадныхантай хуваах нь зөв үү гэж яриад байна. Уг нь ёсоо бодсон ч, ясаа бодсон ч олон жилийн, мөнхийн хөрш түнштэйгээ хамт алхаад байж болж байна. Нэг үйлдвэрээс болж хоёр орны удаан хугацаааны нөхөрлөлийн асуудлыг  хөндөх нь хэр зөв байр суурь вэ гэдгийг бодолцох ёстой. Жижиг асуудлаас болж том эрх ашгаа хөндөх нь ямар байдаг юм бол? Цахилгаан, нефть, хий дамжуулах шугам гээд хүссэн хүсээгүй ОХУ-тай өргөн бодлогын хүрээнд түншлэх шаардлага манайд байсаар ирсэн. Байх ч болно.

-Ерөнхий сайдыг Оросын талын хүн гэж зарим нь тодорхойлох болоод байгаа. Орд газруудыг хэнтэй хамтарч ашиглах вэ гэсэн таамаглалын хүрээнд энэ тодорхойлолт хардалт болж хувираад байх шиг байна?

-Орост боловсрол эзэмшсэн, оросоор ярьдаг хүн бүрийг Оросын талын хүн гээд байж болохгүй биз дээ. Оросын асуудал Монголын амьдралд том байр суурьтай байгаа учраас Ерөнхий сайдын хувьд үүнийг бодолцох нь байх ёстой хэрэг.  Урд хөрштэй харилцах асуудал ч мөн адил.

-Тавантолгойн хэлэлцээр гацаанд орвол яах вэ?

-Хэлэлцээр гацаанд орвол хэн хэндээ ашиггүй. Үүний цаана том эрх ашиг хохирно, цаг алдана.

-Аль аль тал нь, ялангуяа Засгийн газраас уян хатан бодлого барихгүй бол гацаанд орохыг үгүйсгэмгүй байдал үүсчихлээ.

-Ямар нэгэн төлбөр тооцоогүй авчихъя гэсэн юм байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хийсэн юмыг чинь үзье, харъя, үнэлье гэсэн. Нөхөн олговоргүйгээр булааж авна гэсэн ойлголт байхгүй. Өөр хувилбаруудыг ч би дээр дурдсан. Одоо энэ чинь хуульт, ёст төр байна даа.