Хувийн өмчид халдах нь өргөдөл өгүүлэхтэй адилгүй л дээ (Зууны шуудан, 2008-01-17)
“Тавантолгой, Энержи ресурс, 86:14, Д.Оджаргал, Х.Наранхүү” гэдэг үгс “төрийн гурван өндөрлөг” гэдэг шиг нэгэн багц ойлголт болтлоо олны танил болов. Төрийн гурван өндөрлөг гэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг гэж манайхан эндүүрч албан тушаалаар нь ойлгодог. Зүй нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засгийг төрийн гурван өндөрлөг гэдэг. Хэвлэлийн мэдээллүүдээс харвал, Тавантолгойн хувь эзэмшлийн талаархи Засгийн газрын ажлын хэсэг, үндэсний компаниудын хэлэлцээрийг тойрсон буруу ташаа мэдээлэл, ойлголт нэлээд байна. Тэдгээрийг залруулах нь нэг талаас сэтгүүлзүйн үүрэг, нөгөөтэйгүүр ажлын хэсгээс зөв шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг нь олон нийтэд ойлгуулахад “дахин залруулга хийх” шаардлагагүй болох юм.
ЖИШЭЭ 1
Тавантолгойн ордын 86 хувийг төр, 14 хувийг “Энержи ресурс” компани эзэмшиж, төрийн мэдлийн 86 хувийг 100 болгох гэж ажлын хэсгүүд уулзалдаад байгаа мэт ойлголт нийтэд тархав. Бодит байдал дээр Тавантолгойн ордын хувь эзэмшлийг тогтоосон эрхзүйн ямар ч баримт бичиг байхгүй. М.Энхболдын Засгийн газрын үед ордын 86 хувийг төр, 14 хувийг “Энержи ресурс” компани эзэмшихээр тохирч, үүнийгээ УИХ-д өргөн барьсан. С.Баярын Засгийн газар энэ төслийг парламентаас татаад байгаа. Анх төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг нээж илрүүлсэн нь үнэн. Одоогоор энэ ордын лицензийг “Энержи ресурс” компани дангаараа зуун хувь эзэмшиж байгаа нь ч үнэн юм.
ЖИШЭЭ 2
Тавантолгойн орд “Энержи ресурс”-ийн хувийн өмч мөн үү, үгүй юү гэсэн маргаан байна. Тус компанийн томоохон хувьцаа эзэмшигч нэгэн “бид хувьцаа хадгалж байсан гавьяагаа үнэлүүлнэ” гэж ярилцлага өгсөн байна лээ. Тэд үнэхээр л хувьцаа хадгалж байсан юм бол уг орд “Энержи ресурс”-ийн хувийн өмч биш. Хүн бусдын юмыг л хадгалдаг. Жишээ нь, иргэн Болд Солонгост байгаа ахынхаа байранд амьдардаг. Түүнд уг байрыг зарах, солих, зээлийн барьцаанд банкинд тавих эрх байхгүй. Зүгээр л ахыгаа иртэл гаднын хүнд алдчихгүйгээр байрыг нь хадгалж байгаа. Энэ утгаар нь үзвэл “Энержи ресурс”-ийнхний лиценз хадгалах хугацаа дууссан учраас ордын эзэнд болох төрд буцаагаад өгчихөд буруугүй мэт. Гэтэл төр өөрөө “Энержи ресурс”-т ашиглалтын лиценз өгчээ. Ашиглалт бол хадгалахаас огт өөр. Хүн өөрийн юмаа л ашиглана. Иргэн Болд амьдарч байгаа байраа зарж сольж, банкны барьцаанд тавих гээд янз бүрээр ашиглаж байгаа л бол тухайн орон сууц түүний хувийн өмч. Тавантолгойн ордыг ингэж ашиглах эрхийг ард түмнийг төлөөлж, иргэддээ үйлчлэх үүрэгтэй төр өөрөө “ашиглалтын лиценз”-ээр “Энержи ресурс”-т өгчихөж. Гэхдээ лиценз нь “Энержи ресурс”-ийнх болохоос газар дор байгаа баялаг нь, тухайн ордын газар нутаг нь ард түмнийх. Ард түмний өмчийг хэн нэгэн л ашиглаж, түүнээсээ улсад татвар төлнө. Жишээ нь, ард түмний л өмч байсан Заамарын алтыг Оросын иргэн Паушок, Бороогийн алтыг канадууд ашиглан зарим нь татвар төлж, зарим нь төлөлгүй Монголын хуулийг зөрчлөө. Харин Тавантолгойн орд дээр үндэсний хэдэн компаниуд таарсан нь зарим хүний монгол үндэстэн болох онцлогийг илтгэх уламжлалт сэтгэхүйд нь таалагдсангүй. Мэдээж таагүй хандлага бүхэлдээ “монгол хүн хувь эзэмшлээ” гэдэгт чиглээгүй нь тодорхой. Лиценз эзэмшигчдийн дотор хуулийн хүрээнд, эсвэл албан тушаал, эрх мэдлийнхээ нөлөөгөөр ард түмний өмчөөс өмнө нь хувь хүртчихсэн, үйлдлээрээ нэрээ сэвтээчихсэн улстөрчид голдуу байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж буй.
ЖИШЭЭ 3
Хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулиар улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшихээр заасан. “50 хүртэлх” гэснийг “51-ээс дээш” болгон өөрчлөхөөр зарим гишүүд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Дээрх хуульд нийцүүлэн Тавантолгойн лиценз эзэмшигчид төрд 86 хувийг санал болгожээ. Энэ нь “51-ээс дээш” гэж хуулийг өөрчилсөн ч хүрэлцээтэй хувь хэмжээ. Гэтэл Ерөнхий сайд С.Баяр уг ордыг төрийн мэдэлд зуун хувь авах ёстой гэж мэдэгдлээ. Лиценз эзэмшигчидтэй зөвшилцөх ажлын хэсэг ч байгуулав. Тавантолгой бол улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдолтой орд. Тийм учраас энэ ордоо яаж, хэнтэй ашиглах нь төрийн мэдлийн хэрэг. Хэдий тийм боловч бид өнөөдөр эрхзүйт төртэй л юм бол хуулиас хүчтэй мэдэгдэл, хуулиас илүү эрх мэдэлтэй төр гэж байхгүй. Үндсэн хуульд хувийн өмчийг хүлээн зөвшөөрч хуульчилсан. Ингэж хуульчлахгүй л бол ардчилсан нийгэм тулгуургүй болох учраас хувийн өмчийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хэрэг. Иймд ажлын хэсгийн уулзалт зөвхөн Тавантолгойн эзэмшийн хувь хэмжээг тохирох биш, хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуулийн заалтыг хүссэн хүсээгүй хөдөлгөөнд оруулж байна. Хэрвээ энэ ордын лицензийг өнөөдөр хэн нэгэн Иван, эсвэл иргэн Ли эзэмшиж байсан бол ийм ажлын хэсэг байгуулахгүй байсан гэдэгт үнэний хувь харин 100 хүрэх байх.
САНАЛ 1
Ордоос эзэмших төрийн хувь хэмжээ өндөр байх тусам ашиг гарч, ард түмэнд тараана гэдэг юу л бол. Хүн хоол захиалахдаа өөрийнхөө мөнгөөр бол чанартай, амттай, тэгээд хэр тааруу үнэтэйг нь сонгодог. Хүний мөнгөөр бол олонхи нь амт,чанар хамаагүй аль үнэтэйг сонгоно, аягүй бол дээрээс нь улаан вино захиална. Үүн шиг хүний юманд хүн хэзээ ч эзний ёсоор ханддаггүй. Өмчийн эзэн л эзний ёсоор хандаж байж ашиг гаргана. Тийм ч учраас төрийн өмч бол эзэнгүй өмч гэсэн үг гарсан байх. Энэ үгийг батлах мэт төрийн өмчийг эзэгүйдүүлэх, үнэгүйдүүлэхийг монголчууд амьдрал дээр хангалттай үзүүлсэн дээ. Иймд шийдвэр яаж ч гарсан төр өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээ хариуцах эзэн бүхий бүтцийг тогтвортой ажиллуулах, авлигад автахаагүй, улс төрийн сонгууль болгоноор солигдоод байхааргүй, өнөөдрийн “Эрдэнэт” шиг олигархиудын шахааны газар болгохооргүй хуульчлах хэрэгтэй.
САНАЛ 2
Төрийн үүрэг бол ард түмнээ төлөөлж иргэддээ үйлчлэх. Түүнээс биш, хувийн хэвшилтэй, иргэдтэйгээ бизнес булаацалдах ёсгүй. Жишээ нь, Тавантолгой дээр төр хамгийн оновчтой бодлого, байгаль орчинд хамгийн халгүй технологи, хамгийн өндөр татварыг л ашиглалтын лиценз эзэмшигчдээс нэхэх нь өндөр хувь эзэмшихээс илүү чухал.
Монголчууд 1990 оноос өмнө алтаа сандайлдаг байлаа. 1997 оноос улсынхаа Ерөнхийлөгчийн ивээл дор алтаа олборлож эхлэв. Эдийн засгийн үр өгөөжөө өгсөн л байх, гэхдээ л Монголыг Азийн бар болгоогүй, энэ хөтөлбөр. Харин ч өнөөдөр энэ хөтөлбөрийн “ачаар” гол мөрөн ширгэж, бэлчээр гандаж, байгалийн тогтоц өөрчлөлт орж, түүний сөрөг үр дагаврыг монголчууд нийтээрээ амсч байна. “Онги гол”, “Эг гүүр” гэх мэт гоё нэртэй уул усаа хамгаалах орон нутгийн 30 гаруй хөдөлгөөн байгуулснаас өөрөөр энэхүү сөрөг үр дагаврыг арилгаж чадаагүй байна. Байгалийн өмнө төр нь ч, ард түмэн ч хүчгүйдсэн, Хонгор, Хөшөөтийн энэ цаг үеийн түүхийг хожмоо давтахгүйн тулд байгаль орчинд халгүй техник технологи ашиглахыг Тавантолгойг ашиглагчдаас шаардах нь л төрийн хийх учиртай ажил, тавих ёстой хяналт. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь юм.
САНАЛ 3
Засгийн газрын болон хувийн хэвшлийнхний ажлын хэсэг гараад сар гаруй хугацаа өнгөрөв. Үр, дүн, шийдвэр гаргасангүй. Ойлголцсонгүй. Хэвлэлээс харвал ажлын хэсгүүд зөвхөн хувь эзэмшил хуваах тухай л ярилцаад байгаа бололтой. Бие биедээ буулт хийхгүй, хэлэлцээрийг гацаах тохиолдол ч байх аж. Үндэсний компаниудад хувь эзэмшүүлэхгүй байх шалтгааны нэг хэсэгт тэднийг алсдаа хувьцаагаа гадаадынханд зарчихна гэсэн болгоомжлолтой холбоотой. Хэрэв ийм алхам хийх гэж оролдвол хувьцааг нь төр шууд хурааж болох эрхзүйн зохицуулалтаар энэ хардлагыг дарж болмоор санагдана. Тийм шаардлага тавих нь лицензийг чинь хурааж авна гэснээс арай дээр, чих зөөлрүүлэх арга байж яагаад болохгүй гэж.
ЭЦЭСТ НЬ
Монгол Улс ашигт малтмалаараа хөгжинө, ард түмэн Тавантолгойгоос хувь хүртэнэ гэсээр хамгийн сүүлийн хугацаагаар тооцвол УИХ-ын нэгэн бүрэн эрхийн дөрвөн жилийг алдаж байна. Уг ордоос үндэсний компани, төр хоёрын хэн нь илүү хувь эзэмших нь ард түмэнд тийм чухал биш. Харин улс орон хөгжиж, ашигт малтмалынхаа үр дүнг хүртэх нь л ард түмэнд чухал.
Хэрвээ С.Баярын Засгийн газар Тавантолгойн гэрээг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хуульчлуулахгүй бол дараагийн үйл явдал тодорхой байгаа. 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулах Засгийн газар Тавантолгойн гэрээг дахиад л “0”-ээс эхлүүлнэ. Хувь эзэмшлээ 100 хувь алдах гээд байгаа үндэсний компаниудад ч сонгуулийн үр дүнг хүлээж, хэлэлцээрийг сунжруулах сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Сунжруулахад шаардлагатай “хөзрийн том моднууд” үндэсний компаниудын гарт байна. Иймд ажлын хэсгүүд зөвшилцлийн замаар, дундын хувилбараар хувь хэмжээг тохирохоос өөр аргагүй.
Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хувийн өмчид халдах нь улс төрийн эрх ашгийн төлөө хэн нэгэн албан тушаалтныг огцрох өргөдлийг өгүүлэхтэй адилгүй л дээ.