-Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ энэ онд дээшилсэн үзүүлэлттэй гарсанд юу нөлөөлсөн бэ?
-Саяхан Дэлхийн Эдийн Засгийн Форум Олон улсын өрсөлдөх чадварын 2010-2011 оны тайлангаа танилцууллаа. Манай улс энэ жил өрсөлдөх чадварын индексээ ахиулсан дүнтэй гарсанд голлож хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэж болохоор байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд сайжирсан явдал гол шалтгаан нь болж байна. Өнгөрсөн жил энэ багц үзүүлэлтээр 3.9 оноо авч 108 дугаар байранд орж байсан бол энэ жил 4.9 оноогоор 49-р дүгээр байр эзэлж эхний 50-д орж ирлээ. Өөрөөр хэлбэл, төсвийн тэнцэл, нэг хүнд ногдох хуримтлал, инфляци, засгийн газрын өр зэрэг макро түвшний үзүүлэлт нааштай өөрчлөгдсөн гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтвортой байгаа, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь ингэж нөлөөлсөн бололтой. Мөн дэд бүтцийн үзүүлэлт ялигүй сайжирсан тал харагдаж байгаа. Өнгөрсөн онд дэд бүтцийн үзүүлэлтээрээ 132 дугаар байранд орж байсан бол энэ жил 117-д орсон байна.
-Өрсөлдөх чадвараараа дээгүүр байрт орж байгаа үзүүлэлт нь ямар салбар байна?
-Нэг хүнд ногдох хуримтлалын хэмжээгээрээ манай улс дөрөвдүгээр байрт орсон байгаа юм. Сайн мэдээ, монголчууд хуримтлал хийж байна гэсэн үг. Нөгөө талдаа энэхүү хуримтлалаа үр ашигтай хөрөнгө оруулалт болгох асуудал байгаа. Мөн татварын нийт хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын хамгаалагдсан байдал, шинээр бизнес эхлэхэд шаардагдах хугацаа, бүрэн дунд боловсрол эзэмшилт, дээд сургуульд суралцагчдын эзлэх хувийн жин зэрэг үзүүлэлтээр эхний 50-д орсон нь тэмдэглүүштэй.
- Хөдөлмөр эрхлэлтийн байдал бусад орнуудтай харьцуулахад хэр бол?
-Дэлхийн Эдийн Засгийн Форумын энэхүү судалгааны хөдөлмөр эрхлэлттэй ямар нэг байдлаар холбогдох үзүүлэлт нь улс орнуудын хөдөлмөрийн зах зээлийн үр өгөөжийн асуудал юм. Энэ үзүүлэлтээр манай улс 4,8 оноо авч мөн дээгүүр 29 дүгээр байрт орсон. Өнгөрсөн оныхоос үл ялиг дээшилсэн байгаа. Энд ажил эрхлэлтийн түвшинг авч үздэггүй, харин хөдөлмөрийн харилцаатай холбоотой үзүүлэлтүүд гол төлөв багтдаг. Жишээ нь, цалин хөлс тогтоох уян хатан байдал, ажилд авах, ажлаас халах практик, ажлаас халахтай холбогдож гарах зардал зэрэг үзүүлэлтийг нэрлэж болох байна. Тэрчлэн ажил олгогч, ажиллагсдын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувийн жинг харгалздаг.
-Боловсролын чанарын үзүүлэлтээрээ сайнгүй үнэлгээ авдаг гэдэг?
-Боловсролын чанарын үзүүлэлтийг зөвхөн бага боловсролын чанараар гаргасан байна. Энэ үзүүлэлтээрээ 106-т орж нэлээн муу дүн үзүүлсэн байгаа юм. Манай бизнес эрхлэгчид бага боловсролын чанарыг тааруу гэж үздэг юм билээ. Энэ үзүүлэлтээр дандаа л 100-гаас хойш байр эзэлдэг. Бага боловсролын хамран сургалтын хувиараа ч мөн хойгуур ордог юм.
-ДНБ-ний үнэлэмжээр бид хаана яваа бол?
-Дэлхийн Эдийн Форумын судалгаанд хамрагдсан улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь таван бүлэгт ангилдаг. Ингэж ангилахдаа харгалзсан нэг үзүүлэлт нь нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ. Манайхыг 1560 ам.доллар гэж тооцсон. ДНБ-ний хэмжээг улс орнуудыг зөвхөн хөгжлийн түвшингээр нь ангилахад л хэрэглэдэг болохоос бус энэ үзүүлэлтээр байр эзлүүлдэггүй. Ангиллын тухайд тодруулж хэлэхэд манай улс хамгийн доод түвшний буюу заяагдмал нөөцдөө тулгуурласан эдийн засагтай орны тоонд орж байгаа. Ийм 38 орон байна лээ. Заяагдмал нөөц гэдэгт нь ур чадвар муутай буюу хямд ажиллах хүчин, эрдэс баялаг хоёрыг авч үзэж байна. Өөрөөр хэлбэл, манайх дээр хэлсэн нэг хүнд ногдох ДНБ, нийт экспортод эзэлж байгаа эрдэс бүтээгдэхүүний хэмжээгээрээ энэ ангилалд багтаж байна. Монгол Улс шиг байгалийн баялаг ихтэй мөртлөө хөгжил буурай улс орнууд л энд явж байна даа. Ази, Африкийн хөгжил буурай орнууд, бидний сайн мэдэх социалист орнуудаас Киргиз, Молдав байх жишээтэй. Бусад социалист байсан орнуудтай харьцуулахад манай өрсөлдөх чадвар нэн чамлалттай харагдаж байна.
-Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлдог гол үзүүлэлтүүд юу байдаг вэ?
- Өрсөлдөх чадварын индексийг нийт 12 бүлэг 103 үзүүлэлтээр тооцож байна. Үүнээс инститүциүдийн чанар, дэд бүтцийн хөгжил, макро эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл мэнд ба бага боловсрол гэсэн үзүүлэлт суурь буюу үндсэн үзүүлэлтүүд юм. Манайх шиг байгалийн баялгаа түшиж хөгжиж байгаа орны хувьд өрсөлдөх чадвараа сайжруулахад эдгээр хүчин зүйл онцгой чухал үүрэгтэй. Үр ашигт тулгуурласан эдийн засагтай орнууд буюу хөгжлийн дунд түвшиндээ яваа орнуудын хувьд үр ашгийг нэмэгдүүлэгч үзүүлэлтүүд болох дээд боловсрол, бусад сургалт, бараа бүтээгдэхүүний зах зээл, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн зах зээл, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ гэсэн үзүүлэлтүүд илүүтэй ач холбогдолтой. Инноваци хөгжлийнх нь хөшүүрэг болдог эдийн засгуудын хувьд харин бизнесийн төгөлдөршил, инновацийн хөгжил чухал.
-Олон улсын өрсөлдөх чадварын тайланд манай улс сүүл мушгиж буй үзүүлэлт юу байна вэ? Ер нь тайлангаас үзэж байхад ихэнх үзүүлэлтэд манай улс хойгуур 100 гарсан дүнтэй харагдсан?
-Нийт 103 үзүүлэлтийн талаас илүүд нь 100-гаас хойш байр эзэлсэн, 139 орноос шүү дээ. Хамгийн эцсийн байранд орсон үзүүлэлтүүдийг хэлэх юм бол засгийн газрын үрэлгэн зардал, зах зээл дэх давамгайллын цар хүрээ, зээл авахад хялбар дөхөм байдал, судалгааны болон сургалтын үйлчилгээний хүртээмж, албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа ашиг хонжоо харах байдал, компаниудын ёс зүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдсан байдал, боловсролын тогтолцооны чанар, дотоодын ханган нийлүүлэгчдийн тоо, чанарын үзүүлэлтүүдээр сүүл мушгиж явна.
-Манай улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд юуг голлон анхаарах ёстой бол оо?
-Эн тэргүүнд анхаарах зүйл бол засаглалын асуудал яах аргагүй мөн. Судалгаанд хамрагдсан хувийн салбарынхан бизнес хийхэд нь хамгийн их хүндрэл учруулж буй асуудлыг үр нөлөө муутай төрийн аппарат, авилга, төрийн бодлогын тогтворгүй байдал гэж таван жилийн турш нэрлэж байна. Энд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол уул уурхайгаас орж ирэх орлого нэмэгдэх тусам манай өрсөлдөх чадвар муудах аюултай. Хамгийн наад зах нь л гэхэд сонирхлын зөрчлийн зохицуулалт хэрэгтэй байна. Алхам тутамд гарч байгаа сонирхлын зөрчлийг албан тушаалын онцлогт нийцүүлэн нарийвчлан зохицуулж, түүнийгээ хэрэгжүүлдэг байхгүй бол нийтийн баялгаас эрх мэдэлтнүүд давамгай хүртэж улс үндэстний хөгжлийн эрх ашиг хохирно.
Засгийн газрын үрэлгэн зардал хэмээх шалгуураар хамгийн сүүлчийн буюу 139 оноо авч байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй. Өндөр технологи, инноваци бол нэг өдөр шийдэх асуудал биш байх, харин үрэлгэн зардлыг багасгах бол богино хугацаанд хэрэгжүүлж болох зүйл. Төсвийн зарлага эдийн засгийн 40 хувиас илүү байгаа нь ч үүнийг илтгэнэ. Юуны өмнө эдийн засгийн судалгаа, тооцоогүй төслүүдийг төсвөөс санхүүжүүлдгийг зогсоох хэрэгтэй. Ямар төслийг төсвөөс санхүүжүүлэх дээр олон нийтийн оролцоо байхгүй байгааг дээрх дүн илтгэж байна. Мөн хэрэгжүүлсэн төслүүдээ заавал үнэлдэг байх шаардлагатай. Цаашилбал, хувийн салбар хийж чадах зүйлд төр уралдаж оролцоод, гэхдээ бүр оролцсон зүйлээ олигтой хийж чадахгүй байгаа дүр зураг газар авч байна. Үүний орон төр засаг өөрийн хяналтын үүргээ сайн гүйцэтгэж, харин бүтээх, үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэргийг хувийн хэвшилд үлдээмээр байна.
Дараачийн асуудал өндөр боловсролтой, шинэ технологи эзэмшихэд бэлэн, ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх, бэлтгэгдсэн ажиллах хүчнээ гадагшаа алдахгүй байх, буцааж татах, тэрчлэн санхүүгийн зах зээл, тэр тусмаа хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгож хөгжүүлэх явдал гэж бодож байна.
-Мэдээж манай улсын давуу тал гэж бий байх?
-Уул уурхайн салбараас ирэх онуудад манай улсад ихээхэн орлого орж ирэх нь. Энэ бол бидэнд урд өмнө олдож байгаагүй том боломж, цаашид тэр бүр олдоод байхгүй тийм боломж, яагаад гэвэл байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Иймээс тэрийн болгон орж ирээд байдаггүй энэ орлогоо юунд зарцуулах вэ гэдгээс их зүйл хамаарна. Хүндээ хөрөнгө оруулалт хийж хүнийхээ боловсролыг өөд татаад, шударгаар өрсөлдөж, бүтээж амьдрах нөхцөл орчинг бүрдүүлээд ирвэл бидний өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засаг маань олон тулгууртай болж, эцсийн дүндээ иргэдийн маань орлого хүний зэрэгтэй амьдрах хэмжээнд очиж, цаашид монгол хүний орлого тогтвортой байх болно. Тэгэхээр одоо бүх зүйл бидний монголчуудаас өөрсдөөс маань хамаарах нь.
-Энэ жилийн олон улсын өрсөлдөх чадварыг Швейцарь улс тэргүүлсэн байсан. Энэ орны гол тэргүүлэх гол үзүүлэлт нь юу байв?
-Өрсөлдөх чадварын тайланд тэргүүлэх байранд орсон орнуудыг харахад дандаа эдийн засаг нь инновацид суурилсан улс орнууд байгаа юм. Швейцарь улс гэхэд инновацийн чадавхи, бизнесийн маш боловсронгуй орчноороо тэргүүлж байх жишээтэй. Швейцарь улс дэлхийн шилдгүүдийн тоонд ордог шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүд, шинжлэх ухаан болон бизнесийн салбарын хүчтэй хамтын ажиллагаа, компаниудын зүгээс судалгаа (R&D)-нд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ, тэр нь бүтээгдэхүүн болж зах зээлд нэвтэрсэн байдлаараа тодорхойлогдож байна. Өөр нэг дээрхээс дутахгүй онцлох зүйл төрийн институциуд нь хамгийн ил тод, үр дүнтэй ажиллагаатай, энэ нь жилээс жилд сайжирч байгаа явдал.
-Улс орнууд өрсөлдөх чадварын тайлангаа хэрхэн гаргадаг вэ. Манай улсын хувьд яаж гаргах вэ. Хэр бодитой үнэлэлт дүгнэлт гаргасан гэж үзэж байна?
-Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр бизнес эрхлэгчдээс санал асуулгын судалгаа авдаг. Мөн тухайн улс орнуудын талаарх тоон үзүүлэлтүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийх үндсэн дээр Өрсөлдөх чадварын индексээ тодорхойлдог юм. Манай байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийн дунд явуулдаг судалгааг өөрийн орондоо зохион байгуулж хамтран ажилладаг түнш байгууллага нь. Бид жил бүр бизнесийн салбарын удирдах хүмүүсээс дэлгэрэнгүй судалгаа авч хүргүүлдэг. Сүүлийн үед өрсөлдөх чадварын судалгаа илүү бодитой болж байгаа гэж хэлэх үндэстэй. Судалгааны арга зүй, түүний үр дүн болсон тайланг нь манай бизнесийн хүрээнийхэн мэддэг болж байна. Тэр хэрээр тэдний зүгээс өгч буй үнэлгээ бодит байдалд илүү ойртож байгаа болов уу.
-Өрсөлдөх чадварын тайланд тусгагдсан судалгааг хараад манай улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, хөгжүүлэх талаар хэр бодлого боловсруулж ажилладаг юм бол?
- Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ асуудлыг хариуцаж ажилладаг гэж ойлгодог. Засгийн газар 2010 оныг бизнесийн орчинг сайжруулах жил болгон зарлаж, тодорхой стратеги боловсруулж ажиллаж байгаа. Энэхүү өрсөлдөх чадварын тайланг холбогдох төрийн байгууллагууд нарийвчилан судалдаг, үйл ажиллагаандаа чухал мэдээлэл болгон ашиглаж, бодлогодоо тусгадаг байх гэж бодож байна. Нэн даруй шийдвэрлэх суурь асуудлуудаа оновчтой тодорхойлж эрэмбэлэх, цаг хугацааны болон гүйцэтгэлийн шалгууруудыг бодитой тогтооход энэ тайланд агуулагдсан мэдээлэл их чухал гэж боддог. Энэ ярилцлагадаа би өнгөц дүгнэлтүүд л хийлээ. Нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай, энэ их мэдээллийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
-Олон улсын өрсөлдөх чадварын тайланд улс орнууд хэр ач холбогдол өгдөг бол?
-139 орон оролцож байна гэдэг ач холбогдлыг нь илтгэж байгаа юм. Өрсөлдөх чадварын тайлан нь үндэстний бүтээх чадавхийн үнэлгээ юм. Үндэстнүүд бүтээх чадавхиараа хаана явна, юу нь болж байна, юу нь доголдож байна, юу нь хамгийн их сөрөг нөлөө үзүүлээд байна гэдгээ ямар нэгэн хэмжээгээр харах боломж олгодог судалгаа. Төр, хувийн сектор, иргэний нийгэм хамтран өрсөлдөх чадварын түвшиндээ дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замуудыг хамтран тодорхойлдог байнгын үйл явц бий болгож чадвал ийм төрлийн судалгааны ач холбогдол тэр байх болно.