Радио хурал хийнэ

A- A A+
Радио хурал хийнэ

Сонгуулийн автоматжуулалтын бэлтгэл хангах ажил төлөвлөгөөний  дагуу хэвийн явагдаж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хороо мэдэгдэж байна.

 

Санал тоолох машины программчлах, гэрчилгээжүүлэх ажил  дуусч сонгуулийн 26 тойргийн хороодод албан ёсоор хүлээлгэн өгөөд байгаа аж. Одоо сонгогчийг бүртгэх, санал тоолох техник, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгуулийн 1908 хэсгийн хороодод хүлээлгэн өгөх ажил хуваарийн дагуу эхэлжээ. Үүний хамт сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод ажиллах мэдээллийн технологийн баг, даамлуудыг сургаж тэдэнд гэрчилгээ олгох ажил хийгдэж байгаа юм байна.  

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг хэвлэж дуусгаад сонгуулийн тойргийн хороодод мөн хүлээлгэн өгч дуусчээ. Ийнхүү тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудасны тоог нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн тав хүртэл хувийн нөөцтэй байхаар тооцож  хэвлэн гаргажээ. Тойргийн хороод эдгээр саналын хуудсыг санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороодод хүлээлгэн өгч дуусах юм.

 

Ирэх даваа гарагт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлын явц, байдлын талаар сонгуулийн бүх тойргийн хороодын удирдлагатай шууд радио хурал хийхээр төлөвлөсөн байна. Мөн Улаанбаатарт байгаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт  түүнчлэн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирээд байгаа гадаадын ажиглагч,  гадаадын сурвалжлагч нарт зориулж мэдээлэл хийх юм байна.