Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо

A- A A+
Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо

УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦОО

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Улсын Их Хурал, Засгийн газар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдээд байна. Энд стратегийн бүх орд газарт төр доод тал нь 51 хувийг эзэмшихээр яригдаж байна. Ийм шийдвэр эцэслэн гаргахын өмнө анхаарч үзэх хэд хэдэн асуудал байна гэж бид үзлээ.

  1. Үндсэн хуулинд зааснаар Монголын ард түмэн стратегийн орд газрын бүх баялгийг нэгэнт 100 хувь өмчилж байгаа. Энэхүү нөөц баялгийг зохистой, цаг алдалгүй ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үүрэг билээ. Нөөц баялгийг газрын хөрсөнд нь үлдээж болно. Харин энэ баялгийг ашиглахаар шийдсэн бол ямар ч хэлбэртэй, ямар ч нэртэй байсан гагцхүү шаардагдах хөрөнгө, менежментийн ур чадвар, технологийг татахуйц хөрөнгө оруулалтын тогтолцоог бүрдүүлэх учиртай.
  2. Зарчмын хувьд төр өөрөө хөрөнгө, менежментийн ур чадвар, технологи нийлүүлж болно. Эрдэнэт үйлдвэрийн жишээ ч ийм. Гэхдээ ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглахад шаардлагатай хөрөнгийг босгох, менежментийн үйлчилгээг үзүүлэх төрийн өөрийн боломж чадавхи хязгаарлагдмал. Ийм чадавхи төрд байсан ч тухайн орд газрын шинж чанар, ашиглалтын төлөвлөгөө зэргээс хамааран технологи, уурхайн үйлчилгээ зэргийг бусдаар төлбөртэйгээр гүйцэтгүүлж байж олборлолтыг үр ашигтай явуулж чадна.
  3. Төр нь ийм чадавхи, боломжийн хязгаартай тулгардаг тул нөөц баялгийнхаа үр шимийг бүрэн хэмжээгээр хүртэхийн тулд хувийн хөрөнгө оруулагчдад хандах нь практик хэрэгцээ шаардлага юм. Үүнийг хийх цорын ганц зам бол тухайн хувийн хөрөнгө оруулагчийн шаардлагатай үйлчилгээ, технологи, хөрөнгөө нийлүүлэх сонирхлыг төрүүлэхүйц хэмжээний ашгийг тодорхой төслүүдээс хувийн хөрөнгө оруулагчид өгөх явдал билээ. Шаардагдах хөрөнгө оруулалтыг олон төрлийн ашигт малтмалд ямар ч цаг үед татахуйц урамшууллын багцыг оновчтой тодорхойлох нь төрийн зүгээс явуулах төсөв, санхүүгийн бодлогын үндсэн асуудал юм.
  4. Баялгийн үнэ цэнийг төр олон арга замаар хүртэж болно. Тухайлбал, төрөл бүрийн татвар, нөөц ашигласны төлбөр, төлбөр хураамж, нийгмийн шинжтэй төлбөр, хувь эзэмшил, өмчлөл гэхмэт. Харин үлдэх ашиг нь хөрөнгө оруулагчийн хувьд төрийн хүсч буй тэр ашиглалтыг явуулахад хангалттай юу гэдэг нь асуудал юм. Энэ бол төсөл тус бүрээр тусад нь шийдвэрлэж болох практик шинжтэй асуудал ч төсөл бүрийн хувьд тусгай тохиролцоог хийх нь “арилжаа хийх” буюу транзакцийн зардал өндөртэй байхаас гадна Засгийн газрын хязгаарлагдмал нөөцийг ихээр шаардаж, мөн тал тохой татах нөхцлийг бүрдүүлнэ. Ийм нэгбүрчилсэн хэлэлцээрийн дүнд төсөв татварын олон янзын зохицуулалт үүсэх тул хэрэгжүүлэх, хяналт тавихад ихээхэн хүндрэл учирна. Тиймээс ч хууль тогтоомж, татварын уян хатан, гэхдээ зарчимч тогтолцоог бүрдүүлэх нь оновчтой. Төрийн хувь эзэмших оролцооны хувьд ч уул уурхайн төрөл бүрийн төсөлд нийтлэг хэрэглэж болох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
  5. Төрийн оролцооны доод хэмжээг зааж өгсөнөөр УИХ, Засгийн газар ямар зардлыг хариуцах үүрэг үүсэх, тэрхүү зардлыг хэрхэн санхүүжүүлэх асуудалтай тулгарна. Ийм сонголт хийх нь зардал, ашиг, хүлээх эрсдэл Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд хэрхэн хуваарилагдахад ихээхэн нөлөөлнө. Нэгэнт тогтоогдсон орд газрын хувьд Засгийн газар бэлэн мөнгө төлөөд бусад хөрөнгө оруулагчийн нэгэн адилаар зах зээлийн нөхцлөөр тодорхой хувийг худалдан авч болно. Гэхдээ энэ тохиолдолд хувь эзэмшсэнээр нэг их онцын давуу тал үүсэхгүй. Тэр мөнгөөрөө гадаад дотоодын зах зээлээс бонд, хувьцаа ч худалдаж авч болно. Харин өөр нэг хувилбар бол төр ирээдүйд гарах хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын өөрт ногдох хувийг хариуцах явдал юм. Ингэснээр нөөц баялгийн зах зээлийн үнэ, түүнийг ашиглахад гарах зардал хоёрын хоорондын зөрүүнээс Засгийн газар ашиг хүртэх болно. Үндсэндээ ийм байдлаар Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хийгдсэн ба гагцхүү Засгийн газрын оруулах хөрөнгийг хөрөнгө оруулагч тодорхой хугацаанд “даах” буюу зээлэхийг зөвшөөрсөн байсан.
  6. Дээрх хувилбарын аль аль нь уул уурхайн эрсдэл төрд болон эдийн засагт нөлөөлөх үүдийг нээж өгч байгаа. Уул уурхайн чиг хандлага, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс хамааран тухайн төсөл ашиггүй болвол төрийн оруулсан хувь эзэмшил алдагдах буюу үр ашиггүй болно. Мөн татвар, нөөц ашигласны төлбөрийн орлого ч алдагдахад хүрнэ. Хэдийнээ эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай болсон уг салбарт хөрөнгө оруулснаар Засгийн газар ирээдүйд үүсч болох эрсдлийг нь ч давхар үүрэх болж байна. Төрийн оролцоог хангахад зарцуулах хөрөнгийг эдийн засгаа олон тулгуурт болгон төрөлжүүлж, үүсэх эрсдлийг саармагжуулахад зориулж болно.
  7. Оюу толгойн хувьд Засгийн газрын хувийг тодорхой хугацаагаар хөрөнгө оруулагч “даах” хувилбарыг хөрөнгө оруулалтын гэрээний УИХ-аас татан авсан хувилбарт санал болгож байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн эзэмших хувийг Засгийн газар худалдаж авах ба үүнийг хөрөнгө оруулагч зээлийн хэлбэрээр санхүүжүүлж, дараа нь зээлээ ирээдүйд Засгийн газарт төлөх ёстой ногдол ашгаас нөхөн авахаар  тусгасан. Ногдол ашиг зээлийг төлөхөд хүрэлцэхгүй бол үлдэгдлийг Засгийн газар хариуцахгүй байх үндсэн дээр ийм  зээл хийгддэг тул ордын ашиглалт ашиггүй болвол (тийм магадлал тун бага ч гэсэн огт боломжгүй зүйл биш) Засгийн газар зээлийг эргэн төлөх шаардлагагүй. Ингэснээр төрийн нөөцийг уг хөрөнгө оруулалтад зарцуулахаас тойрч байгаа ч энэ огт үнэ өртөггүй зүйл биш юм. Тодорхой хугацаагаар “даалгаснаар” Засгийн газар зээл, түүний хүүг төлж дуусах хүртэл ашиг хүртэхгүй тул хөрөнгө оруулалтын өгөөж хугацааны хувьд ихээхэн хойшлогддог. Үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэж төлөгддөг  нөөц ашигласны төлбөр, ашигтай ажиллаж эхлэхэд төлөгддөг орлогын татвар, хөрөнгө оруулагчид ашгаас хуваарилж эхлэнгүүт төлөгддөг суутгал татвар зэрэгтэй харьцуулахад энэ хувилбар нь үлэмж ялгаатай.*
  8. Харин ийм “даалгасан” хувь оролцоо нь хүүгүй бол ашигт нэмэлт татвар ногдуулж байгаа хэлбэр болно. Тухайлбал, 25 хувийн ашгийн татвартай, 51 хувийн “даалгасан” хувь эзэмшдэг бол ашгийн доллар тутмаас 63 центийг нь Засгийн газарт хөрөнгө оруулагч төлөх болно. Энэ нь гэнэтийн ашгийн татварыг оруулаагүй тооцоо юм.
  9. Төрийн оролцооны нэг давуу тал бол Засгийн газар мэдээлэл авах болон хөрөнгө оруулалтын чухал шийдвэрүүдийг хянах боломжоор хангагдах явдал юм. Харин уурхайн үйл ажиллагааг өөрөө явуулахыг төр засаг зориогүй л бол менежментийн үүрэг, хариуцлагыг анхааралтай хуваарилах ёстой. Уул уурхайн олон улсын томоохон компаниудын амжилтын нэг үндэс нь тэдний менежментийн өндөр ур чадварт байдаг тул гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нэг эерэг тал нь уг ур чадвартай холбоотой давуу талыг ашиглах боломж мөн. Ийм ур чадвар нь төслийг хэрэгжүүлэхэд ч, цаашилбал уг чухал ур чадварт монголчууд суралцахад ч нөлөөлнө. Санхүүгийн эрсдлийг үүрэхийг Засгийн газар хөрөнгө оруулагчаас хүсч байгаа бол хөрөнгө оруулагч өөрийн оруулах хөрөнгийнхөө зарцуулалтыг хянахыг хүсэх нь ойлгомжтой ба илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах нь орлогыг нэмэгдүүлэх тул Засгийн газрын сонирхолд ч нийцнэ.
  10. Хувьцааны олонхийг эзэмшихгүйгээр ч мэдээлэл бүрэн хэмжээгээр авах, хяналтаа тогтоох боломж Засгийн газарт байна. Хувь нийлүүлэгчийн гэрээ, ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, эсвэл хууль тогтоомжоор дамжуулан ийм нөхцлийг хангах боломжтой. Хэт их буулт хийсэн тогтвортой байдлын хөрөнгө оруулалтын гэрээнд нэгэнт гарын үсэг зураагүй бол хөдөлмөрийн болон нийгмийн харилцааны асуудал, байгаль орчин, ус, газар ашиглалтын эрхтэй холбоотой ашиг сонирхолоо төр засаг хууль тогтоомжоор дамжуулан хамгаалж болно. Хамгийн гол нь хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээг зохистой хэлбэрээр гаргаж, байгуулж чадвал лиценз, үйл ажиллагааны удирдлагыг туршлагагүй, санхүүгийн чадавхи сул, нэр хүнд муутай, эсвэл үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах зэрэг талтай этгээдүүдэд шууд болон шууд бусаар шилжүүлэх явдлаас сэргийлэх боломжтой. Хувь эзэмшсэнээр эдгээр асуудалтай холбоотой Засгийн газрын эрх заавал хамгаалагдах баталгаа бий болохгүй, учир нь зөвхөн дан ганц  хувь эзэмших хэлбэрээр бүрэн хэмжээгээр өөрийгөө хамгаалах боломжгүй. Тухайлбал, хувь эзэмшсэн ч гэсэн тухайн хөрөнгө оруулагчийн толгой компаниудын өмчлөгчид өөрчлөгдвөл Засгийн газар өөрийн сонгоогүй шинэ түншлэгчтэй хамтран ажиллахад хүрнэ.
  11. Санахад илүүдэхгүй бас нэг зүйл бол төр хувь эзэмшсэнээр байгаль орчны болон нийгмийн зарим сөрөг үр дагавар гарч болох явдал юм. Тухайлбал, Хятад улсад тухайн салбарт оролцоо, ашиг сонирхолтой орон нутгийн засаг захиргаа байгаль орчны хуулийн хэрэгжилтэд саад учруулах нь бий. Ялангуяа бодитой эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэрээр хувь эзэмших нь тухайн төр засгийн өмчлөгчийн ашиг сонирхол, мөн түүний хяналт, зохицуулалт хийх сонирхол хоёрын хооронд зөрчил үүсгэдэг. Энэ зөрчлийг зохицуулж болно, гэхдээ төр их хэмжээний хувь эзэмших тохиолдолд асуудал томорч, зохицуулахад хүндэрдэг.
  12. Хөрөнгө оруулагч компанийн хувийг эзэмших хэлбэрээс өөр нөөц баялгийнхаа хяналтыг хэрэгжүүлэх арга замууд бий. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гуравдагч этгээдэд борлуулах үе хүртэл тухайн нөөцийг төр 100 хувь өмчлөх эрхээ хадгалах боломжтой. Нөөцийн өмчлөлийн эрхийг Засгийн газар хадгалж байгаа ч санхүүжилт, менежмент нь хөрөнгө оруулагчийн үүрэг болдог. Ийм гэрээний хувьд зарагдах бүтээгдэхүүний хэдэн хувийг хөрөнгө оруулагч авах, зардлаа нөхөх ямар дүрэм үйлчлэхийг тодорхой журам, эсвэл үнэ хаялцуулах хэлбэрээр тодорхойлдог. Орлогын татварын дүрэм журмын хамтаар эдгээр нь Засгийн газар болон хөрөнгө оруулагчид ногдох ашгийг тодорхойлдог ба хоёр талд ногдох хувийг татварын багц хууль, холбогдох журмаар тодорхойлдогтой нэгэн адил. Гагцхүү нөөцийн өмчлөлийн эрхийн хувьд л нөөцийг олборлосон үед уг эрх шилжих үү, эсвэл борлуулсан үед үү гэдгээрээ ялгаатай. Харин менежмент, өртөг зардлыг хөрөнгө оруулагч бүрэн хариуцах ба ашгийн ногдох хувьтай дүйцэх хэмжээнд төслийн эрсдлийг үүрдэг. Энэ утгаараа ашиглалтын лицензтэй, төслийг дангаараа хэрэгжүүлэх, гэхдээ тухайн нөөцийг аль нэг шатанд “өмчлөхгүй”хөрөнгө оруулагчаас ялгаагүй.
  13. Төр хувь эзэмших нь төсөв санхүү, гэрээний ерөнхий нөхцлийн нэг хэсэг байж болох ч зөвхөн нэг л хэсэг нь юм. Монголчууд өөрсдийн байгалийн баялгийн үнэ цэнийг бүрэн хэмжээгээр хүртэх нөхцлийг хангах хөрөнгө оруулалтыг татах үүднээс эрсдэл, ашгийн зохистой тэнцвэрийг олохын тулд бусад бүрэлдэхүүн хэсэгтэй нь хамтад нь үнэлэх ёстой. Цэвэр ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, тодорхой төлбөр хураамж, гэнэтийн ашгийн татвар, өмчлөгчийн хувь оролцоо зэрэг хэрэгслүүд байгаа ч энэ бүх ачаалал тодорхой цэгээс давбал хөрөнгө оруулалт орохгүй. 51 хувийг “өмчлөх” нь сонирхолтой ч төсөв, санхүүгийн бусад нөхцөл бүхий хувилбаруудын сайн муу талыг харгалзан үзэж байж Монгол улс байгалийн баялгийнхаа үнэ цэнийг бүрэн хэмжээгээр хүртэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахуйц дүрэм журам, татвар, өмчлөлийн цогцыг тодорхойлох ёстой.  Тэг ашгийн зуун хувь ч тэгтэй л тэнцэнэ.

* Давхар татвар ногдуулахгүй байх засгийн газар хоорондын хэлэлцээрээс хамааран Канад зэрэг зарим улсын хувьд засгийн газрын ногдуулж болох суутгалын татварын хэмжээ хязгаартай. “Даалгасан” хувь эзэмших нь энэ асуудлыг тойрч гарах боломж олгодог.