96 тэрбум төгрөг хаачив?

A- A A+
96 тэрбум төгрөг хаачив?

96 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ?

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд хийгдсэн
Монгол улсын Үндэсний анхдугаар тайланд суурилсан
Иргэний нийгмийн мэдээлэл

 ТӨЛСӨН, АВСАН ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮГ ТОДРУУЛСАН НЬ

Юуны өмнө Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) хүрээнд Монгол улсын нэгдсэн тайлан анх удаа гарч байгааг иргэний нийгмийн байгууллагууд сайшааж байна. Гэхдээ уг тайлан цаг хугацаа ихээхэн алдаж, 2008 оны эхэнд гарч байгаа нь анхаарал татаж байна. Мөн тайлангийн дүнд их хэмжээний зөрүү гарсан, тухайлбал компаниудын тайланд тусгагдсан төлбөр Засгийн газрын тайлангийнхаас 97 орчим тэрбум төгрөгөөр илүү байгаа ба аудитын дүгнэлтээр 25 тэрбум төгрөгийн зөрүүг тайлбарлаж чадаагүй нь анхаарал татаж байна. Цаашилбал, уг санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон ялангуяа дотоодын компаниуд хариуцлагагүй хандсан баримт жишээ тайланд бичигдсэн нь салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлэх тал дээр талууд хангалтгүй ажиллаж байгаагийн илрэл гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна.

2007 оны байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 300 гаруй компани улсын бүртгэлд бүртгүүлсэн ч гуравны нэг орчим нь л идэвхитэй үйл ажиллагаа явуулж татварын албатай харьцаж байжээ. Эдгээрээс 62 нь татвар, төлбөрийн тайлан мэдээгээ ОҮИТБС-ын Ажлын албанд ирүүлсэн. Харин Сангийн яамны гаргасан тайланд 137 компанийн мэдээлэл туссан байна.

Тайлангийн мэдээлэл 2006 оны санхүүгийн жилийн үйл ажиллагаанд хамаарч байгаа ба тайлан мэдээг нэгтгэх үйл явц ихээхэн цаг алдсан, удаашралтай явагдсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48-10-т заасанчлан бүх төрлийн лиценз эзэмшигчид санхүүгийн тайлангаа дараа оны нэгдүгээр улиралд багтаан олон нийтэд мэдээлэх ёстой боловч дээрх бүх компани бүгд 5 дугаар сараас хойш нийтлэх буюу Ажлын албанд ирүүлсэн. Засгийн газрын зүгээс гаргах тайлан мөн л хугацаа хоцорч 2006 оны эцсийн байдлаар олборлох салбарын компаниудаас хүлээн авсан татвар, төлбөр, хандивын тайлангаа 2007 оны 4 дүгээр улиралд гаргаж Ажлын албанд ирүүлжээ.

Компаниудын болон Засгийн газрын тайланд харьцуулсан аудит хийх компанийг олон улсын нээлттэй тендерээр сонгоход Австралийн “Крейн Вайт энд Ассоушиэтс” компани шалгарсан. Тус компани хамгийн их хэмжээний татвар, бусад төлбөр төлсөн 25 компанийг сонгон тэдний тайланг Засгийн газрын тайлантай харьцуулан шинжилж гарсан зөрүүг тодруулахыг зорьсон.

Анхан шатны харьцуулалтаар эдгээр компани төлсөн болон засгийн газрын хүлээн авсан татвар, төлбөр, хандив, ноогдол ашгийн (төрийн өмчит компаниуд дээр) хооронд 96 ТЭРБУМ 826 САЯ ТӨГРӨГИЙН зөрүү гарсан. Аудитад хамруулсан 25 компанийн хоёроос бусдынх нь мэдээлсэн татвар, төлбөр Засгийн газрын тайлан дээр зөрүүтэй буюу бага дүнгээр тусгагдсан байна. Нийт зөрүүний 71 тэрбум төгрөг нь Эрдэнэт үйлдвэрт хамаарч байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 500 сая төгрөг хүртэл зөрүүг бага гэж тооцсон нь Монголын хамгийн том үйлдвэрт илүү нухацтай хандаагүйг харуулж байна. Хэд хэдэн татварын нийлбэрийн зөрүү хэдэн тэрбум байсан ч бага ангилалд орж, илүү нарийн хяналт шинжилгээ хийгдэхгүй нь.

“Крейн Вайт энд Ассоушиэтс” нь тайлангийн зөрүү гарсан компаниуд болон Засгийн газрын тайланг бүрдүүлэгчид болох Үндэсний татварын алба, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам зэрэг байгууллагуудтай мэдээлэл солилцон тодруулга хийж тайлангийн маягтыг бөглөхөд гаргасан алдаа, тооцооны аргачлалын болон цаг хугацааны ялгаанаас үүдсэн зөрүүнүүдийг хянан тодруулжээ.

Энэхүү тодруулгын дараах байдлаар дээрх 25 компанийн тайлагнасан татвар, төлбөр, хандивын дүн нь Засгийн газрын тайланд мэдээлснээс 25 ТЭРБУМ 94 САЯ ТӨГРӨГӨӨР илүү гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт 72 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн зөрүү гарсан шалтгааныг аудитор тайлбарлаж, харин үлдсэнийг нь тайлбарлаж чадсангүй. Уг зөрүү нь ямар учир шалтгаантай, үүний цаана авилгал, хээл хахууль байгаа эсэхэд Засгийн газрын зүгээс тодорхой тайлбар өгөөгүй байна.

Тайлангийн маягтад багтсан татвар, төлбөр, төрийн үйлчилгээний хураамж, хандивын бүхий л төрлүүд дээр их, бага хэмжээний зөрүү гарсан бөгөөд ялангуяа дараах асуудлууд дээр цаашид сайтар анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

 

Лицензийн төлбөрийн зөрүү хэт өндөр байна

Компаниудын зүгээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн буюу лицензийн төлбөрт 8,036 тэрбум төгрөг төлснөө тайлагнасан атал энэ нь Засгийн газрын тайланд ердөө 314,8 сая төгрөг болж тусгагдан нийт 7,7 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь анхаарал татаж байна. Энэ нь компаниуд лиценз авах, шилжүүлэхдээ төрийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад төлдөг хууль бус хандив төлбөр, албан тушаалтнуудын хээл хахуулийг энэхүү зардалд багтаан тусгадаг байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Компаниудын төр засагт өгсөн хандив тусламж хаачив?

Засгийн газрын тайланд компаниудын зүгээс тайлагнасан ихээхэн хэмжээний хандив тусламж тусгагдаагүй бөгөөд зөвхөн 6 компанийн хандивыг дурьджээ. Үүнээс зөвхөн нэг компанийн хандив, тусламжийн дүн таарсан байна. Ийнхүү төрийн байгууллагуудад үзүүлсэн мөнгөн тусламж авлигатай холбоотой байх сэжиг, өндөр эрсдлийг дагуулж байна гэж тайланд дурдсан байна. Үнэхээр ч 4 орчим тэрбум төгрөгийн хандив өгсөн гээд байхад 300-гаадхан сая төгрөг авсан гээд байгаа Засгийн газар хандив, тусламж хаана, хэнд очсон, очсон эсэх, ямар зориулалтаар зарцуулагдсныг хянах нь чухал байна.

Хандив, тусламж нь мөнгөн ба материаллаг хэлбэртэй байж болох тул тайланд дурдсанчлан, ийм төрлийн хандив, тусламжийг бүртгэх төвлөрсөн систем байхгүй тохиолдолд цаашид бүртгэх боломжгүй юм гэж тайланд дурьдсантай санал нэгдэхгүй байна. Бодит байдал дээр, ялангуяа орон нутгийн түвшинд хандив тусламж хэлбэрээр авлигын сүлжээ үүссэн байдгийг орон нутагт үйл ажиллагаа явуулдгийн хувьд бид онцолж байна. Хандив тусламжийг маягтад оруулж бүртгэх зайлшгүй шаардлагатай, энэ талаарх бодит хяналтыг иргэний нийгмийн байгууллагуудаар ч гүйцэтгүүлэх боломж бий.

Улсын төсвөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр хаачив?

Компаниуд нь улсын төсвөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордыг авч ашиглахдаа өмнө нь хийгдсэн ажлын төлбөр болгож нийт 1 тэрбум 893 сая төгрөг төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ нь Засгийн газрын тайланд огт тусгагдаагүй байгаа нь анхаарал татаж байна. Мөн нэмэлт тодруулга хийхэд компаниудын тайлагнасан төлбөрийн хэмжээ нэмэгдэж гарч ирсэн бол Засгийн газрын тайланд энэ талын мэдээлэл огт байхгүй хэвээр байна.

Төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад төлсөн үйлчилгээний хураамж, тэмдэгтийн хураамжийг Засгийн газар яагаад тайлагнахгүй байна вэ?

Энэ төрлийн төлбөр, хураамжинд авч үзэж буй 25 компани 670 орчим сая төгрөгийг төлсөн байна. Ийм төлбөрүүд нь бүх компаниудад ижил тэгш ноогддог тул олборлох салбарын нийт компаниудаас авах үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь багагүй хэмжээний мөнгө болно. Харин үүнийг Засгийн газар тайлагнахгүй, уг мөнгө хэрхэн юунд зарцуулагдаж буй нь мэдэгдэхгүй байна.

Мөн ингэснээр хууль ёсны төлбөр хураамж болон төрийн захиргааны байгууллага, ажилтнуудын  хууль бус төлбөрийг ялгаж харах боломжгүй болж байгаа юм.

НӨАТ-ын буцаан олголтыг компаниуд дээр бодит дүнгээр нь ялгаж харах шаардлагатай

Ашигт малтмал экспортод гаргадаг компаниудын хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авсны НӨАТ-ын буцаан олголт буюу авлага ихээр үүсдэг. Үүнтэй холбоотойгоор төлөөгүй татвараа төлсөн хэмээн тайлагнах, олон нийтэд мэдээлэх явдал түгээмэл байдаг байна.

Компаниуд тайландаа зарим татварыг салгаж тайлагнаагүй, тухайлбал гаалийн газарт төлсөн татвар нь НӨАТ, гаалийн татвар, үйлчилгээний хураамж гурвын нийлбэр байхад бүгдийг нь гаалийн татвар гэж тайлагнасан явдал гарчээ. Харин Засгийн газрын тайланд Гаалийн албанд төлсөн НӨАТ-ыг тусгаагүй байна.

НӨАТ-ийн татварын буцаан олголтыг бусад төлөх татварт суутгадаг нь бүртгэл, тайланд тэр бүр ялгагдахааргүй байгаа нь ихээхэн зөрүү гарахад нөлөөлснийг аудитор дүгнэжээ. Үүнийг Үндэсний татварын ерөнхий газар ялгаж бүртгэн, тайланд тусгах шаардлагатай байна. Мөн ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын албад тайланг бөглөх зааварт НӨАТ-ыг хэрхэн тайлагнах талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгах хэрэгтэй байна. 

Газрын төлбөрийн их хэмжээний мөнгө хаачив?

Аудитад хамрагдсан 25 компанийн төлсөн газрын төлбөрийн хувьд Засгийн газрын тайлагнаснаас 7,226 тэрбум төгрөгөөр зөрж байна.

Газрын төлбөр нь орон нутгийн дансанд төлөгддөг тул энэхүү их хэмжээний зөрүү нь орон нутаг болон сангийн яам хоёрын хооронд алга болж байна уу гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

Гадаад ажилтны ажлын байрны төлбөр хуулийн дагуу төлөгдөхгүй байна

Ашигт малтмалын хууль батлагдсанаас хойш даруй нэг жил хагас өнгөрсөн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа хуулийн заалтуудын нэг нь гадаад ажилтнуудын ажлын байрны төлбөрийн тухай заалт юм. Хуулинд зааснаар уг төлбөрийг тооцон авч байхын тулд тухайн компанийн нийт ажиллагсад гэдгийг хэрхэн ойлгохыг тодорхойлсон зохицуулалт байхгүй, өөрөөр хэлбэл энэ нь ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд өөрт ашигтай байдлаар буюу иргэний эрх зүйн Хөлсөөр ажиллуулах гэрээний аргыг ашиглан уг төлбөрөөс зайлсхийх явдлыг түгээмэл бий болгож байна. 

Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн төлөлт нь хуулийн дагуу тогтоогдохгүй байгаагаас гадна засгийн газрын тайлагнасан хэмжээнээс мөн л 1,65 тэрбум төгрөгөөр зөрж байгаа болно.

Засгийн газрын бүртгэл, мэдээллийн тогтолцоо хангалтгүй байна.

Засгийн газраас аудитын компанид гаргаж өгч байгаа мэдээлэл нь бүрэн бус, түүнчлэн нэмэлт тодруулгын явцад ихээхэн өөрчлөгдөж байгаа байдал нь ихээхэн эргэлзээг төрүүлж байгааг аудитын тайланд дурьдсан байна /хуудас 27/ 

Энэ тайлан нь Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн бүртгэл тооцооны системийн асар их дутагдалтай, цэгцлэгдээгүй, төрийн албан тушаалтнуудын албандаа хайнга ханддаг байдлыг тодоор харууллаа. Засгийн газар тайлангийн маягтын ихээхэн чухал төрлүүдээр (ялангуяа авилга илүүтэй байж болох тусгай зөвшөөрөл, хайгуул хийсэн, газар, ус, гадаадын ажилтан, үйлчилгээний хөлсүүд, хандив тусламжууд зэрэг) зөвхөн энэ 25 компаний хувьд гэхэд л гаргаж чадсангүй. Иймээс олборлох салбарын болон бусад бүх компаниудаас авсан татвар, төлбөр, хандиваа зөв зүйтэй байдлаар бүрэн гүйцэд бүртгэж, нэгтгэн дүгнэж, хянаж чаддаггүй юм байна гэж үзэхэд хүргэж байна.

Засгийн газар авсан татвар, төлбөр, хураамжаа бүрэн хэмжээгээр мэдээлээгүйг аудитор тогтоосон байна. Бүр огт тайлангаа ирүүлээгүй яам агентлаг, аймаг ч байна. Тухайлбал, 4-р маягтаар АМГТХЭГ тайлангаа гаргаагүй нь ОҮИТБС-ыг дэмжээгүй хэрэг гэж үзэхээр байна.

Тайлангийн маягтуудыг илүү боловсронгуй болгох шаардлагатай

Анхдугаар тайлангийн маягт нь олон төрлийн татвар, төлбөрүүдийг багтааснаараа сайшаалтай боловч бүтэцтэйгээ уялдсан бөглөх аргачлал, нэгтгэн тооцоолох систем дутагдаж байв. 

Цаашид засгийн газар болон компаниудын тайлангийн маягтыг боловсронгуй болгох, хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг нарийвчилж тайланг гаргагч талуудад өгөх, сургалт зохион байгуулах явдал чухал байна.

 

 САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  1. ОҮИТБС-ын анхдугаар нэгдсэн тайланд аудиторын дурдсан процедурын чанартай зөвлөмжүүдийг хүлээн авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа цаг хугацаа алдахгүй тайлан гаргах ажлыг зохион байгуулах, тайлангийн маягтыг яаралтай шинэчлэн сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхдээ ОҮИТБС-ын оролцогч талуудын саналыг харгалзсаны үндсэн дээр хэрэгжүүлэх, үүнд ОҮИТБС-ын ач холбогдлыг тайлан гаргагч байгууллагуудад таниулан, тайланг гаргахад хариуцлагатай ханддаг болгох
  2. Хандив тусламжийг иж бүрэн бүртгэх, тайлагнах тогтолцоо бий болгож, тайланд зайлшгүй тусгах
  3. Цаашид тайланд баримтын нарийвчилсан аудит хийх, ийнхүү аудит хийх компанид “аудитын үйл ажиллагааны явцад талуудын буруутай үйлдэл, эс үйлдэл буюу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудал илэрсэн тохиолдолд тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байх” үүргийг гэрээгээр хүлээлгэх
  4. Тайлангийн үндсэн дээр гарсан зарим их хэмжээний (ноцтой) зөрүүгийн шалтгааныг дахин нягтлах (их хэмжээний зөрүү гарч талуудаас нэмэлт тодруулга авснаар өмнөх тайландаа дурдахаа “мартсан” татварын хэмжээ нь илэрч, эсхүл огт өөрөөр шинэчлэн ирүүлж байх юм), хууль зөрчсөн буюу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн хэрэг үүсгүүлэн шалгуулах
  5. Аудитад хамрагдаагүй боловч тайлангаа ирүүлсэн 44 компанийн тайланд мөн нэгтгэл хийж Засгийн газрын тайлантай харьцуулах ажлыг хийх
  6. Цаашид бүх компаниуд цаг тухайд нь тайлангаа гаргах, Засгийн газрын тайланд бүгдийг нь хамруулах
  7. Хууль болон санаачлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой компаниуд, Засгийн газрын байгууллагуудын хүлээх үүргийг биелүүлэхийг шаардах, энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцож байх. Үүнд тухайлбал:
    1. Компанийн хувьд: Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2-т зааснаар уг хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тайлан, мэдээгээ гаргаж өгөөгүй /тайлангаа өгсөн 64 компаниас бусад/, эсхүл буруу, худлаа  мэдүүлсэн /мэдүүлсэн 64 компанийн хүрээнд/ аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох. Гэмт хэргийн шинжтэй бол албан тушаалтнуудыг хууль, хяналтын байгууллагуудад мэдээлэн шалгуулах.
    2. Засгийн газрын хувьд: “Чиг үүрэг батлах тухай ”Засгийн газрын 2007 оны 03.28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор батлагдсан “ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”-ийн 10-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зохих ёсоор хэрэгжүүлээгүй аймаг, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн бусад хуулиар олгосон бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй татварын улсын байцаагч нарт хариуцлага  тооцох.

 

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГА БА ТӨЛСӨН АВСНАА НИЙТЭЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЭВСЭЛ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) нь ашигт малтмал, газрын тосны нөөц баялгаар арвин дэлхийн 20 гаруй улс оронд хэрэгжиж байгаа ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын санаачлага юм. Авилгал, хээл хахууль үүсэх эрсдэл өндөртэй, хариуцлага тооцох тогтолцоогүй улс оронд байгалийн баялаг ядуурлыг бууруулах, ард түмний амжиргааг дээшлүүлэх бус цөөн хэдэн улс төрч, эрх мэдэлтнүүдийг баяжуулсан олон орны жишээ байдаг.
ОҮИТБС нь ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд эрдэс баялаг, газрын тосны салбарын үйл ажиллагаа, компаниудын улсад төлж буй татвар хураамж, Засгийн газрын орлого, түүний зарцуулалт зэргийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж, хөндлөнгийн хяналтаар баталгаажуулах замаар байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байх зарчмыг хангах зорилготой төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа юм.
Тиймээс, санаачлагын хэрэгжилтийн бүх үйл явцад эдгээр талууд ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой. Монгол улсын хувьд ч уг санаачлагыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг, Ажлын алба зэрэг нэгжийг гурван талын төлөөлөлтэйгээр бүрэлдүүлсэн. Үүнийг дараахь схемээс харж болно.    

Үндэсний болон орон нутгийн түвшинд уг санаачлагыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн зүгээс “Төлсөн Авснаа Нийтэл” эвсэл болон түүний гишүүн ТББ-ууд идэвхитэй ажиллаж байна.

Оролцогч талуудын хамтын ажиллагааны схем

 


Олборлох салбарын ил тод байдлын төлөө “Төлсөн Авснаа Нийтэл эвсэл”
и-мэйл: [email protected]   вэб: www.eiti.mn