49-өөс дээшгүй ба 51-ээс доошгүй хоёрын ялгаа буюу зарим гүн төөрөгдлийн тухай
Р.Баяр
Монголын нийгэмд гүн төөрөгдөл газар авснаас болоод улс орны хувь заяа, хөгжлийн томоохон асуудал дээр буруу шийдвэр гарган ноцтой алдаж байсан тохиолдол түүхэнд цөөнгүй бий.
Эрдсийн баялгаа зүй зохистой ашиглах талаар зарчмын шийдвэр гаргах эгзэгтэй энэ цаг үед ч сэтгэлгээний төөрөгдлийн хар сүүдэр бүрэн арилаагүй байна.
“Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын 19 гишүүнээс өргөн барьсан төсөлд улс,үндэстэнд амин чухал нэг асуудал дээр гайхшрал төрүүлэх заалт тусгагджээ.
Чухам юу вэ? гэвэл “.“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг Монгол Улсын Засгийн газар,хуулийн этгээд,иргэд гададын хуулийн этгээдтэй хамтран ашиглавал гадаадын компанийн хувь эзэмшлийн хэмжээ дүрмийн сангийн 49 хувиас дээшгүй байна“ хэмээн төсөлд оруулжээ.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хэмжээ дүрмийн сангийн 51 хувиас доошгүй байна” гэж энгийнээр, элдэв орооцолдсон санаагүйгээр, тов тодорхой томъёолж болох байсан боловч төсөл зохиогчид үүнийг үл хүсэж, олон салаа утгатай,төвөгтэй,онгорхой цоорхойтой гэхээр хувилбарыг сонгож авсан байна.
Энэ нь тохиолдлын шинжтэй зүйл мэдээж биш бөгөөд нэг бус хүн нэлээд урт удаан хугацаанд тархиа “гашилган” байж бодож боловсруулсан хувилбар байж таарна. Шууд дүгнэж хэлэхэд, энэ заалт олон талаар учир дутагдалтайгаас гадна бүр зарчмын алдаатай болжээ гэж үзэж байна.
Хамгийн ноцтой нь юу вэ? гэвэл үндэсний эрдсийн баялгийн сор болсон ордуудыг ашиглахад Монголын төр ямар ч тохиолдолд хуулийн баталгаатайгаар давамгай эрх эдлэх боломжийг зориуд алдагдуулсан томъёолол болжээ.
Давамгай эрх гэдгийг тухайн орд газрыг эзэмшиж ашиглах компанийн бодлого, үйл ажиллагааг аль нэг тал дангаараа тодорхойлох боломж гэж ойлговол зохино.
Төсөлд тусгаснаар бол зарим тохиолдолд монголчууд, зарим үед төр, зарим нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчид давамгай эрх эдэлж болох аж.
Хуулийн заалт ямагт тодорхой үзэл баримтлал, бодлогын тусгал байдаг. Тэгэхлээр стратегийн ач холбогдолтой гэх ордыг хэн эцсийн бүлэгт эзэмшиж хянах вэ? гэсэн зарчмын асуултад тов тодорхой, ямар ч маргаан, эргэлзээгүйгээр хариулах боломж олгохгүй байх бодлого дээрх томъёололд шингэжээ.
Орд газрыг эзэмшиж ашиглах шатанд зохих мэдэл,хяналтыг баталгаатай тогтоож чадахгүй бол төрийн өмч гэж мянга тунхаглаад ямар ч нэмэргүй байдгийн сонгодог жишээ бол Бороогийн алтны ордыг цөлмүүлсэн гашуун сургамж билээ.
Бидний үзэж байгаагаар стратегийн ач холбогдолтой аливаа томоохон ордыг ашиглахад өнөөгийн нөхцөлд Монголын төр бүр анхнаасаа давамгай эрхтэйгээр оролцох ёстой. Ийм чиг шугамыг одоо ямар ч хоёрдмол утгагүйгээр зааж өгөх шаардлагатай юм. Ингэхгүйгээр хуульд нэмэлт,өөрчлөлт оруулахын эцсийн үр дүн гарахгүй.
Уул нь яг ингэж тусгахаар Ажлын өргөтгөсөн хэсгийнхэн санал нэгдлээ,тохиролцлоо хэмээн олон нийтэд удаа дараа мэдээлж, “төрийн оролцоо 51 хувиас доошгүй байна” гэх томъёоллыг хүртэл дурдаж байсан билээ.
Гэвч эцсийн мөчид энэ байр суурь гэв гэнэт өөрчлөгдөж огт өөр хувилбар болоод хуулийн төсөлд тусгагдчихаж. Байр суурь ингэж огцом түргэн өөрчлөгдсөн нь нэн гайхалтай.
Ойлгоход бэрх өөр нэг зүйл гэвэл төр,ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ андгайлан тангарагласан түшээд төрийнхөө эрх ашигт халтай ийм заалтыг батлуулахаар өргөн барьж буйд оршино. Асар хүчтэй далдын “хар лооббий”-гийн эрхшээлд орчихжээ гэмээр. Өөр хүчин зүйлүүд, түүний дотор сэтгэлгээний төөрөгдөл ч, үүнд нөлөөлсөн байх.
Ямар ч байсан дээрх заалт хэр их чухал болохыг, мөн элдэв явуулгын бай,талбар болоод буйг энэ үйл явдал тод харуулав.
Түргэн түүхий ба алдаатай нь эхнээсээ илэрхий байсан “Ашигт малтмалын тухай” 2006 оны хуульд орд газрудыг ашиглахад төрийн эзэмшил,оролцоог ихээхэн хязгаарлах бодлого нэвт шингэсэн байв. Үүнээсээ ч болж уг хууль хурц шүүмжлэлд өртөн хэдхэн сарын сорилыг ч даалгүй бүрмөсөн буруутсан. Одоо зарим ноцтой алдааг нь засч залруулахаас өөр гарцгүй болчихоод нэмэлт,өөрчлөлт хэмээн мунгинаж буй нь энэ билээ.
Гэтэл өмнөх бодлого далд байдлаар амь бөхтэй, зугуухан үргэлжилсээр байгаа нь төслийн заалтаас илэрхий байна. “Эх нь сээр алаг бол төл нь шийр алаг” гэдэг үнэн аж. Төслийг зохиогчид төр, төрийн эзэмшил,оролцоо гэх үг,хэллэгээс илт цэрвэж зайлсхийснээс гадна хамгийн гол нь төрийн эзэмшлийн хэмжээ 50 хувиас ихээхэн доогуур ч байж болохоор томъёолжээ. Нарийн яривал, хамгийн доод тал нь яг хэд байх нь ч тодорхойгүй байна.
Гадаадын компани 49 хувийг эзэмшжээ гэж үзвэл төрийн эзэмшлийн хэмжээ 0-51 хувийн хооронд яаж ч хэлбэлзэж болох бололтой юм.
Үлдсэн гэх 51 хувийг “Засгийн Газар,хуулийн этгээд,иргэд” заавал хамтран эзэмших ёстой юм уу? эсвэл Засгийн Газар дангаараа эзэмшиж болох юм уу? гэдэг ч ойлгомжгүй байна.
Ер нь янз бүрээр тайлбарлан ойлгож болох агуулгатай бүрхэг томъёолол болсон нь хуулийн заалт тов тодорхой,нэг мөр утгатай байх шаардлагыг хангахгүй байна.
Төрийн эзэмшлийн хэмжээ 34 хүртэлх хувь байж болно гэсэн бусармаг заалтыг өмнө нь өөрсдөө 2006 оны хуульд оруулчихаад, дараа нь болохлээр “хуульд ингэж тусгагдсан учраас өөрөөр тохирох боломжгүй байлаа” хэмээн улс оронд хэмжээлшгүй их хохирол учруулах Оюутолгойн гэрээний төслийг зөвтгөн хамгаалж байсан нь ердөө хэдхэн сарын өмнөх хэрэг явдал. Үүнтэй төстэй зүйл дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Хуулийн баталгааг хөдөлшгүйгээр хийж өгөхөөс татгалзаад байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
Өргөн барьсан төслийн заалтыг гаднынхны хяналтад очиж болох хувь эзэмшлийн талаас шинжилж үзэхүл дараах дүр зураг харагдана. Үүнд:
1. Гадаадын компанийн эзэмшлийн хэмжээ дүрмийн сангийн 49 ба түүнээс доош хувь байна.
2. Дээрх заалт зөвхөн гадаадын компанид хамаарна. Гадаадын харъяат иргэнд бол хамаарахгүй. Өөрөөр хэлвэл, гадаадын иргэд үлдэх 51 ба түүнээс дээш хувиас тодорхой (х) хувь эзэмшиж болно.
3. Гадаадын компани ба гадаадын иргэдийн эзэмших хувь нийлээд 49 хувиас дээш (= 49 + х) байж болно.
4. Гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой дотоодын хуулийн этгээд үлдэх 51 хүртэлх хувиас тодорхой (y) хувь эзэмшихийг зөвшөөрнө.
5. Гадаадын компани, гадаадын иргэд ба гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой дотоодын хуулийн этгээд нийлээд 49-өөс ихээхэн дээш (= 49 + х + y) хувийг эзэмшиж болно.
6. Гадаадын компани,гадаадын иргэд, гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой дотоодын хуулийн этгээд нарын “гар хөл бологч” манай зарим иргэн, компанийн эзэмших (z) хувийг нэмж тооцвол дүрмийн сангийн дийлэнх (= 49 + х + y + z) хувь гаднынхны хяналтад очиж болно.
Ийм “нарийн” агуулгатай хуулийн томъёолол өргөн баригджээ. Яагаад ингэх болсныг нэр бүхий 19 гишүүн төслийг хэлэлцэх явцад тодорхой үндэслэн тайлбарлах биз ээ. Төсөлд хавсаргасан үзэл баримтлал ба танилцуулга гэх нэгнээсээ ялгарах зүйл багатай, ерөнхий үгээр дүүрэн, тус бүр 2-3 хуудас материалд энэ тухайд дурдсан юм ер алга.
Учрыг нь олохгүй баталчихаж магад гэж найдаж буй байх. Онгорхой заалтын тусламжтайгаар лицензи эзэмшигчдэд ихээхэн ашигтай нөхцөл бүрдүүлэх, бүр давамгай эрх эдлэх боломж үлдээх гэж тооцоолсон ч байх. Уул нь бүгд гадаад,дотоодын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө байгаа. Харин ингэхдээ төр,ард түмний язгуур эрх ашгийг л хөсөрдүүлж болохгүй билээ. Энэ бол хэн ч, хэзээ ч давж үл болох “улаан шугам”.
Гэтэл харамсалтай нь төрд хохиролтой заалт хийчихээд түүнийгээ учир битүүлэг томъёолол, гоёмсог далбаагаар өнгөлөн далдлахыг оролдож байна.
Төр биш, харин монголчууд, өөрөөр хэлвэл төр,компаниуд,иргэд нийлээд 51 ба түүнээс дээш хувийг эзэмшинэ, тиймээс орд газрууд монголчуудын хяналтад үлдэх болно гэж “гошгируулахыг” хичээж байгаа нь хачирхалтай.
Энд “төр”,”монголчууд” гэх ухагдахууныг сөргөлдүүлэн авч үзэх хандлага мэдрэгдэж байна. Төр бол “мангас” гэж үздэг барууны нэгэн нэлээд эртний гаралтай номлол явж байна гэлтэй.
Нөгөө талаар төр,компаниуд ба иргэдийн ашиг сонирхол ямагт нэг байж чадна гэсэн хоосон хүсэл,мөрөөдөлд тулгуурлаж улс орны амин чухал асуудлыг зохицуулах юм гэнэ. Үүнийг гэнэн,осолтой,хариуцлагагүй туршилт гэж дүгнэхээс өөр аргагүй.
Тоотой хэдэн төрийн түшээд нь хүртэл чухал асуудлаар тэр бүр нэг байр суурь, дуу хоолойтой байж чаддаггүй байхад нийгмийн эгэл (маргинал) субъект болох үй олон компани, иргэдээс илүү өндөр ухамсар, нэгдмэл байр суурь, үйл ажиллагаа шаардана гэдэг бол дэндүү утгагүй хэрэг. Энэ бол элсэн манхан дээр байшин барих гэж оролдохтой агаар нэг үл гүйцэлдэх санаа.
Бодит амьдрал дээр улс,үндэстний эрх ашгийг гагцхүү төр л бүрэн утгаар илэрхийлж, зангидаж,хамгаалдаг. Төр бол ард түмний оршин тогтнох нийтлэг эрх ашиг, сонирхол, нөхцлийн төвлөрсөн тусгал байдаг учраас тэр юм. Тиймээс муу ч бай, сайн ч бай аливаа төр тухайн улс,үндэстний хувьд системийн хэмжэний үүрэг,хариуцлага хүлээсэн цорын ганц дээд субъект байдаг.
Төрийн үүрэг,оролцооны цар хүрээ, шинж чанар тухайн нийгмийн төлөв байдал, хөгжлийн үе шатаас хамааралтайгаар тодорхойлогдож ямагт хувьсан өөрчлөгддөг зүй тогтолтой. Жишээ нь, хөгжиж буй гэх орнуудын хувьд, тухайлбал Монголын хувьд, төрийн үүрэг,оролцоо онцгой чухлаар шаардагддаг нь жам ёсны үзэгдэл юм.
Иймд Монголын нийгэм,эдийн засгийн хөгжлийн өнөөгийн төвшин,нөхцөлд төрийн үүрэг оролцоо зайлшгүй өндөр, жишээ нь стратегийн томоохон ордуудыг ашиглахад төр давамгай эрхтэй байх ёстой юм байна гэдгийг хаа сайгүй ойлгож эртхэн хүлээн зөвшөөрвөл зүйтэйсэн. Өөр зам байхгүй.
Хэн нэгний хүсэл,мөрөөдлөөс үл хамаарах бодит учир зүй ийм байхад “төр хамгийн муу менежер” гэх мэт барууны сурталчдын явцуу үлгэрт итгэх, ийм үзлийг нийгэмд зориуд хөөргөн дэвэргэх үзэгдэл ихэд тархсаны уршгаар төрийн үүрэг,оролцоог үгүйсгэх, бүр ядаж ихээхэн хязгаарлах эрмэлзэл,бодлого манай төрийн эрх мэдлийн төвшинд 90-ээд оны дунд үеэс үлэмж газар авсан билээ.
Үүний харгайгаар үндэсний баялгийг бүтээх,эзэмших, хуваарилах, хамгаалах бүхий л хүрээнд хор хөнөөлт нөлөө үүсээд удаж буй. Одоо энэ нь стратегийн орд газруудыг ашиглахад төрийн эзэмшил давамгай байхаар хуульд тов тодорхой зааж өгөхөөс зайлсхийх, цааргалах, будлиантуулж бантагнуулах, ил эсэргүүцэх хэлбэрээр илэрч байна гэхэд хилсдэхгүй.
Нөгөө талаар ийм үзлээр халхавчлан өчүүхэн амин хувийнхаа ашиг сонирхлыг улс,нийгмийн эрх ашгаас дээгүүр тавих, ядахнаа л хажуугаар нь шургалуулах оролдлого эдүгээ бараг хэвийн үзэгдэл болсон нь хөгжлийн чөдөр,тушаа болсоор байна.
Төрийн эзэмшлийн давамгай байдлыг дараах арга замаар хуульчлан баталгаажуулж болно. Үүнд:
1.Компанийн дүрмийн сангийн хувь эзэмшилд тодорхой тоон үзүүлэлт,босго зааж өгөх. Энд хамгийн энгийн ба зохимжтой хувилбар нь “дүрмийн сангийн 51 хувиас дээш байна” гэх томъёолол аж. Ямар ч тохиолдолд төрийн мэдэлд (50 + х) хувь байна гэсэн үг.
Нарийн яривал, заавал 51 хувь ч гэх албагүй. Төрийн хяналтыг баталгаатайгаар тогтооход 50,1 хувь байхад ч хангалттай. Тиймээс “50,1 хувиас дээш байна” гэж ч болох талтай.
2. “Алтан хувьцаа”-г бий болгох. Ийм шийдэл ялангуяа тодорхой нэг орд газрын хувьд байж болохыг үгүйсгэж болохгүй хэдий ч дэлхийн түгээмэл жишиг биш тул нэг их хүсээд,хүчлээд байх зохицуулалт биш юм.
3. Тодорхой орд газрыг ашиглахад зориулсан тусгай хууль гаргаж оролцогч талуудын эзэмшил,эрх мэдэл,үүрэг хариуцлагын асуудлыг нарийн зааглан тодорхойлж өгөх. Тухайлбал, эзэмшиж буй хувь хэмжээнээс үл хамааран хяналт,хориг тавих эрх төрд хадгалагдана гэж зохицуулж болно. Ийм жишээ дэлхийн бизнесийн практикт мэр сэр байдаг юм билээ. Гэхдээ энэ нь тун өвөрмөц хувилбар тул хамтран ажиллагч талуудтай хэр сайн ойлголцож тохирохоос бүрэн шалтгаална.
Төр оролцвол аливаа бизнес автоматаар үр ашиг багатай болчих мэт, хээл хахууль нэмэгдчих мэт, гадаадын хөрөнгө оруулагчид үргэчих мэт үндэслэл багатай хэл яриа, төөрөгдөл нэлээд бий. Орд газруудыг ашиглах төслүүд төрийн эзэмшлийн давамгай байдлаас болоод саатахгүй, үр өгөөж муутай болчихгүй. Харин ч төр гүн утгаараа эдийн засгийн зохицуулагч, зонхилогч хүч байдгийн хувьд нэн эерэгээр нөлөөлж чадна. Энэ нь хөрөнгө оруулагч гадаад,дотоодын хувийн хэвшлийнхэнд ч үлэмж ашиг тустай. Үнэхээр шаардлагатай бол татварын урамшуулал,хөнгөлөлт,чөлөөлөлт (тухайлбал, гэнэтийн ашгийн татварын хувь хэмжээг бууруулах) зэргээр хөрөнгө оруулагч түншийн бизнесийн ашиг,сонирхлыг бодитойгоор харгалзан үзэж болно, тэгэх ч хэрэгтэй. Сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлж чадвал төрийн оролцооны давуу талуудыг ялангуяа томоохон төслийг хэрэгжүүлэхэд олж харах болно.
Одоо дэлхийн болон бүс нутгийн тавцан дээр ноёрхол,нөлөөний төлөө “том тоглоом” явагдаж байна. Энэ нь өнгөрсөн зууныхаас хавьгүй илүү өөрчлөлт, донсолгоон авчрах өрсөлдөөн,тэмцэлдээн байх төлөвтэй.
Ийм гадаад орчин нөхцөлд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа өөрийн эдийн засгийн эх үүсвэр, нөөц бололцоогоор ханган бататгах нь юу юунаас чухал. Бодит шаардлага ийм байхад стратегийн орд газруудыг төрийн мэдэл,хяналтаас хөндийрүүлэх асуудал хэрхэвч байж таарахгүй нь ойлгомжтой. Энэ бол ердийн бизнесийн хүрээнээс хол халисан, үндэсний язгуур эрх ашгийн асуудал яах аргагүй мөн.
“Ашигт малтмалын тухай” 2006 оны хуулийг боловсруулан батлагчдын алдаа, завхралын балгаар улс орны урагшлах хөдөлгөөн 2 жил саатлаа гэж болно. Одоо хуульд нэмэлт,өөрчлөлт оруулвал “бага ч гэсэн чанартай нь дээр” гэдэг зарчмыг баримталмаар байна. Гол чухал баялгаа төрийнхөө мэдэлд гарцаагүй авч үлдэх хэрэгтэй байна.
Зүг чигээ олоод эрч хүчээ авч буй Монголын нийгмийн хүчит хүлэгт дахин саад тээг учруулахыг оролдох хэнбугай ч хэмх “дайруулах” нь эргэлзээгүй болой.
(2008.03.22)