Э.Бат-Үүл: Стратегийн ордод санаархаж байгаа нь дан эдийн засгийн тооцоотой төдийгүй геополитикийн шалтгаантай (2008-05-07)

A- A A+
Э.Бат-Үүл: Стратегийн ордод санаархаж байгаа нь дан эдийн засгийн тооцоотой төдийгүй геополитикийн шалтгаантай (2008-05-07)

Э.Бат-Үүл: Стратегийн ордод санаархаж байгаа нь дан эдийн засгийн тооцоотой төдийгүй геополитикийн шалтгаантай (2008-05-07)

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ үгийг УИХ-ын чуулганы 2008 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлсэн байна.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!
УИХ-ын гишүүд бид бүрэн эрхийнхээ дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн юм. Төслийн зорилго нь стратегийн ордыг ашиглах үйл явцыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, улс төрийн оролцоо, авлигаас ангид байлгах байгаль орчинд аюулгүй, хохиролгүйгээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн орчныг бий болгох явдал юм.

Юуны өмнө бүтээгдэхүүн хуваах зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн Монгол Улсын “... газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэсэн заалтад яв цав нийцэж байгаа гэдгийг онцлон хэлье. Чухамдаа ашигт малтмалын орд нь газрын доор ч бай, дээр ч бай ашиглагдан борлогдох хүртлээ зуун хувь төрийн өмч мөн бөгөөд Монгол Улсын сувернитет байдлын салшгүй хэсэг болно. Гэтэл бид газрын хэвлий дэх баялаг болох ордынхоо тодорхой хувийг төрийн өмч, бусад хэсгийг хөрөнгө оруулагч талын өмч болж байгаа юм шиг буруу хазгай ойлголтыг хуулиндаа ч, үндэсний Хөгжлийн цогц бодлогодоо ч оруулчихсан явж байна.

Монголын төр өмчлөгч болохын хувьд олборлолт, борлуулалтын эрсдлийг хариуцаж, ордыг капитал болгон хувиргаж байгаа хөрөнгө оруулагчид баялгийнхаа тодорхой хувийг хуваан өгөх эрхтэй гэдэгт бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн утга агуулга нь оршино.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!
УИХ-ын гишүүд бид уг хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ УИХ нь “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг эдэлнэ” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг бас чухалчлан үзсэн юм. Үнэндээ Таван толгой, Оюу толгой мэт стратегийн ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал нь Монгол улсын гадаад дотоод төлөв байдалд шууд нөлөөлөх болно. Ямар байдлаар нөлөөлөх вэ?

Дотоод байдал. Нэгэнт илрээд байгаа ашигт малтмалын ордуудын урьдчилан тогтоосон нөөцийг харахад, мөн түүнчлэн шинэ зуунд ашигт малтмал эрдэс баялгийн бүх төрөл зүйлийн үнэ улам эрэлт хэрэгцээтэй болж байгааг тооцоод Монголын хүн амтай харьцуулахад асар их баялагтай болох нь өнөөдөр нэгэнт тодорхой байна. Харин энэ их баялаг монголчууд бидний хувьд ерөөл болох уу, хараал болох уу гэдэг асуулт хариултаа нэхэж байна. Энэ тухайд нэр хүндтэй судлаачид юу гэж үзэж байгааг зарим нэгээс нь иш татъя. Калифорнийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор М.Стивэн Фиш Монголын ардчиллын амжилтын, өөрийнх нь хэлснээр “таахуйяа бэрх, сонин оньсого”-ыг судалж бичсэн нийтлэлдээ манай ардчиллын тэнхээг бахдаад, гэхдээ байгалийн их баялаг нь түүнээс олох орлогыг хяналтдаа авахыг хүсэгчдийн өрсөлдөөнийг бий болгож, энэ тоглоом нь ардчиллыг нь ч, төрт ёсыг нь ч алдагдуулах магадлал буйг заажээ. Ийм аюул бодитой байгааг Нобелийн шагналт, эдийн засагч Ж.Штиглиц мөн анхааруулсан байна. Ер нь төр нь авлигад автсан улс орнуудад байгалийн их хэмжээний баялаг нь дотоодын улс төрийн нам, бүлэг, омгуудын өрсөлдөөн, мөргөлдөөний шалтгаан болж байсан нь Жеффри Загс, Эндрю Уорнер нарын нэрт эдийн засагчдын 79 оронд хийсэн судалгаагаар тогтоогджээ. Мөн Дэлхийн банкны захирал асан Пол Кольерын хийсэн судалгаагаар улс төрийн хямрал нь даамжирсаар иргэний дайн болох магадлал байгалийн баялагтай оронд байгалийн баялаггүй орныг бодвол 46 дахин их байдаг байна.

Гадаад байдал. XXI зууныг мэдээллийн технологийн зуун болно гэж үздэг. Гэтэл мэдээллийн технологийн дэвшил нь дэлхийг хавтгайруулж өмнө нь ядуу байсан Хятад, Энэтхэг зэрэг асар их хүн амтай орнуудад хөгжлийн урьд хожид байгаагүй өргөн боломж олгож, нийт дэлхийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж байна. Энэ нь эргээд газрын тос, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээг гүйцэхийн аргагүй хурдтайгаар өсгөн нэмэгдүүлж байна. Сүүлийн үед эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг хэн хянаж байгаа нь их гүрний статусаа хадгалах, эсвэл олж авах байдал үүссэн нь их Америк, их Хятад, их Оросын хооронд эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг хянахын төлөө дажин үүсгээд байна. XXI зуунд эрчим хүч эрх мэдэл болжээ.

Энэ өрсөлдөөн Монгол орныг тойрч гарахгүй гэдэг нь өнөөдөр бидэнд нэгэнт тодорхой болоод байна. Олон улсын харилцаа судлаач, ХБНГУ-ын нэр хүндтэй эрдэмтэн доктор Беате Нойсс Монголыг “Бусад гүрнүүдийн ашиг сонирхлын цэвдэг хүйтэн тоглолтод үрэгдчих вий гэсэн зовнил...” байгааг хэлээд “...Монголын ашигт малтмалын арвин нөөцийг ашиглах явцад голчлон улсын концернууддаа ашиглалтын эрх олгуулахын тулд Хятад, Оросын зүгээс ихээхэн дарамт шахалт үзүүлж болзошгүй” хэмээжээ. Хамгийн ноцтой нь манай хоёр хөршийн аль аль нь Монголыг амин чухал жийргэвч бүсээ гэж үздэг бөгөөд энэ жийргэвчээ баттай хяналтад байлгахын төлөө өрсөлдөж байдаг юм. Өөрөөр хэлбэл, тэдний манай стратегийн ордод санаархаж байгаа нь дан эдийн засгийн тооцоотой төдийгүй геополитикийн шалтгаантай гэдгийг онцолж хэлье. Оросын геополитикийн томоохон онолч Н.А.Нартов Орос, Хятадын хоорондох буфер-зөөлөвч Монгол Улс алга болж, БНХАУ нь бүсийн баялаг ашигт малтмалын хэрэгт хүссэнээрээ оролцох нь гарцаагүй хэмээн болгоомжилж байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Орос, Зүүн Европ, Дундад Азийн хүрээлэнгийн профессор Чанг Бин “Монгол улс нь ... Хятадад аюул учруулж байгаа харийнхны бааз болж болохоор байна.” хэмээн санаагаа илэрхийлж байна. Түүгээр барахгүй “Танк, моторт цэргийн ангиуд өглөө нь гараад л орой нь Бээжинд хүрнэ“ хэмээн нэмж хэлсэн билээ. Таван толгой, Оюу толгой, Шивээ-Овоо гэх мэт стратегийн ордуудад хөрөнгө оруулах эрхийг олж авахын төлөө Хятад, Оросын компаниудын өрсөлдөж байгаа байдлыг анхааралтай шинжин харвал эдийн засгийн үр ашгийг тооцох нь бүү хэл учрах эрсдлийг ойшоохгүй байна. Эдийн засгийн үнэлэмж байхгүй хөрөнгө оруулалтын ард ямагт геополитикийн сонирхол нуугдаж байдаг. Өдөр хоног өнгөрөх тусам Хятад, Оросын өрсөлдөөн улам бүр хүчээ авч байгааг та бид харж байна. Ийм эгзэгтэй үед хувийн шунал, сувдаг сэтгэлдээ хөтлөгдсөн зарим улстөрч, томхон бизнесмэнүүд хоёр хөршийн хүйтэн цэвдэг тоглолтын гар хөл болох хандлага байна. Хэрэвзээ тэд хүслээ хэрэгжүүлбэл монголчууд бид 1990 онд олж авсан бүхнээ алдаж дахин хоёр хөршийнхөө аль нэгийнх нь хараат орон болох нь дамжиггүй. Иймдээ хүрвэл стратегийн ордоо ашиглаж байхаар хойч үедээ үлдээх нь өлзийтэй болох биз ээ.

Стратегийн ордыг ашиглах үед, нэгэнт буй болоод байгаа дотоод, гадаад байдалд учрах эрсдлээ үнэлж үзэхэд яах аргагүй ашигт малтмал ашиглах үйл явцыг улс төрөөс ангид, авлигад өртөхгүй байлгах шаардлага ноцтойгоор тавигдаж буй нь тодорхой. Ийм учраас хуулийн төсөл өргөн барьсан гишүүд бид олборлолт борлуулалтын үйл ажиллагааг улс төр, авлигаас хол байлгадаг бүтээгдэхүүн хуваах зарчмыг стратегийн ордыг ашиглах ажилд хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Мөн бүтээгдэхүүн хуваах зарчмыг сонгож авахад ноцтой гэх үндэслэл дотроос нэмж нэг үндэслэлийг хэлэх нь зүйтэй. Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа тал ямар нэгэн шалтаг, шалтгаанаар дарамт учруулахад Монголын төр менежментийг нь хариуцаж байгаа үед ийм эрсдлийг сөрөх хүч мөхөсдөнө, түүгээр барахгүй борлуулалтын явц нь улс төрийн хэрэгсэл болно. Худалдан авагчийн зүгээс учруулах эрсдлийг хөрөнгө оруулагч, тодруулбал чадалтай хөрөнгө оруулагч хариуцах нь зүйтэй юм.