Сценари 3: Өмнөговийн Ногоон картны эзэн Заяа

A- A A+
Сценари 3: Өмнөговийн Ногоон картны эзэн Заяа

1.

Өнөөдөр 2021 оны долоодугаар сарын 11. Агаарын хэм сүүлийн зуун жилд тохиолдоогүй  өндөрт хүрч халуун шатна гэж цаг уурчдын урьдчилан анхааруулсан энэ өдрийн бага үдэд Их Монгол улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойнууд давхацсан Үндэсний их баяр наадам “Оюутолгой” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. Хэдэн жилийн өмнө уул уурхайн “Айвенхоу Майнз” компани Оюутолгой дахь өөрийн эзэмшлийн 66 хувийг хэвээр үлдээх болзол тавьж хариуд нь 80.000 хүний суудал бүхий аварга том цэнгэлдэх хүрээлэнг Монгол Улсад барьж өгөхөөр тохиролцсон юм. Гэвч анх товлосон Яармагт орон сууцны хороолол барьчихсан тул өөр газар хайж хэдэн жил болов. Ашгүй “Чингис хаан” олон улсын нисэх буудал Хөшөөтийн хөндий рүү нүүсний дараа Буянт-Ухаад өнөөх цэнгэлдэх хүрээлэнгээ барьж энэ жилийн наадмаар нээлтийг нь давхар хийсэн юм. Ийн Монгол Улс багтаамжаараа Зүүн Хойт Азидаа БНАСАУ-ын Пхеньян хотын Майн нэгний нэрэмжит 150 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн 100 мянган хүний суудалтай “Шувууны үүр”-ийн дараа орох асар том цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо.

Түүнийг “Оюутолгой” гэж нэрлэхийг анх “Дөчин мянгатын уугуул иргэд” хөдөлгөөн эрс эсэргүүцсэн ч 2018 онд ноос ноолуурын “Говь” компани түүхий эдгүй болж дампуурснаар “Оюутолгой бол дэлхийд цорын ганц монгол брэнд” гэгдэх болсон тул тэгсхийгээд намжжээ.

Description: Description: Description: C:\Users\Baysgalan\Desktop\images (1).jpgЦэнгэлдэхэд дөхөхийн хэрээр “Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын нэрсийг гурван хэлээр урсгасан аварга том дэлгэцнүүд тэнгэр баганадаж аагим хурц нарнаас халхална. Ноднин УИХ албан байгууллага, аж ахуйн нэгжийн албан ёсны нэр хаягийг кирилл үсгээр, шаардлагатай тохиолдолд англиар бичихийг зөвшөөрсөн хууль баталсан нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ. Гэвч уул уурхайн компаниудын ихэнх нь эхнээсээ англи, эсвэл латинаар галигласан хятад нэртэй болоод ч тэр үү mining, resource, coal, mineral, Beijing, Shinhua, Dachin зэрэг үгс эрээлжилж, хаа нэгтээ дундаас нь ханз үсэг ялгаран харагдана. Арваад жилийн өмнө ядахдаа нэр хаягийг монгол бичгээр бичдэг болъё гэж сүүлчийн удаа оролдоод бүтээгүй билээ.

Өвөр Монгол–Өмнөговийн эрчим хүчний цогцолборын Баруун Цанхи нүүрсний уурхайн мастер Заяагийн ээлжийнхэн эхний хагас жилд 1 сая тонн нүүрс олборлож Бугатын гангийн үйлдвэрт ачуулсан тул улсын наадам үзэх эрхээр шагнуулж ирээд “Оюутолгой” цэнгэлдэх хүрээлэнгийн “Өмнөговь” гэсэн бичигтэй тусгай индэрт байраа эзэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө шинээр сонгогдож, тангаргаа өргөсөн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Э.Чингис наадмыг нээж үг хэллээ.
“Би шинээр сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг өөдрөг сайхнаар дүгнэн хэлэхийг хүсэж байна.

...Монгол Улс уул уурхайн хүчирхэг гүрэн болж XXI зууны гурав дахь арван жилийн босгоор итгэл төгс алхан орж байна. Зарим хүн манай улсыг Монголиа биш Майнголиа гэж магтах, зэмлэхийн завсарт хэлдэг. Эцэг өвгөдөөс үлдээсэн энэ уудам газар нутагтаа бурхнаас  заяасан их баялагтаа эзэн болж үр шимийг нь хүртлээ гээд бид буруудах ёсгүй. Бид Монголиа ч мөн, Майнголиа ч мөн. Бид зөвхөн газраа ухаж баялгаа зөөдөг байсан тэр цаг улиран одож байна.

... 2012 оны сонгуулийн дараа Дэлхийн банк, Ранд корпорацийн тусламжтайгаар уул уурхайн талаарх төрийн бодлогоо эргэн харж улсынхаа уул уурхайн нөөц баялгийн бүрэн дүр зургийг гаргаж салбарын хөгжлийн стратегиа оновчтой тодорхойлж чадсаны үрээр өнгөрсөн арваад жилийн уул уурхайн их орлогоор бид Сайншандад зэс, гангийн аж үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж наадмын өмнөхөн ашиглалтанд орууллаа.

...Манай засгийн газар олон улсын туршлагаас суралцан, уурхайн үйл ажиллагаа зогссоны  дараа орон нутгийн эзэмшлийн болж үлдэх, өрсөлдөх чадвартай аж үйлдвэрлэлийг дэмжиж ажиллалаа. Уул уурхайн аж үйлдвэрийн төв зэрэг олон шинэ санаачилга бий болсны нэг нь оператор компаниуд болон орон нутгийн бизнес, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сайжруулахад нь зориулж дэмжлэг үзүүллээ.

... Монгол улс шатахууны хувьд гаднаас хамааралгүй улс болоход ойрхон байна. Үүний тулд Герман улстай хамтарч нүүрснээс хийн түлш гаргах үйлдвэрүүдийг Сайншанд, Шивээ-Овоод байгуулж үндсэндээ дууслаа. Арваадхан жилийн өмнө бид ОХУ-аас эрчим хүч импортолдог байсан бол өнөөдөр нүүрсний томоохон орд газруудад түшиглэн Ухаа худаг, Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт, Хөшөөтөд  цахилгаан станцуудыг амжилттай барьж байгуулсны ачаар БНХАУ руу илүүдэл эрчим хүчээ экспортолдог боллоо.

...Ийнхүү Монгол орны өмнөд хэсгийг бүхэлд нь багтаасан уул уурхай – эрчим хүч – хүнд аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн бүс болгосноор Ази тивд Персийн булангийн орнуудын аж үйлдвэрийн бүстэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байна. 2018-2020 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал, ашигт малтмалын үнийн эрс уналтыг бид чухамдаа уул уурхайгаас хуримтлуулсан Тогтворжилтын сангийн нөөцийнхөө ачаар давж чадлаа.

...Манай улсын нийт экспортод уул уурхайн эзлэх хувь 90 хувьд хүрч, эдийн засаг  жил бүр өндөр хувиар өсөж, энэ үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэх боллоо. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 мянган долларт хүрлээ.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд манай улс хөгжлийн шинэ зам дээр гарч ирснийг батлан хэлэх байна”.

Ерөнхийлөгч үг хэлж дуусаад тусгайлан зассан суудалдаа залрахад Заяа нэг нүдний, алганд багтахуйц жижигхэн дурангаараа түүнийг дагуулан дурандаж хоёр талаар нь эгнэн суусан УИХ-ын 99 гишүүн, Засгийн газрын 20 гишүүнийг нэгбүрчлэн харж танихыг оролдов.  

Ерөнхийлөгчийн баруун гар талаас нэг хүн өндийж мэхийн ёслоод суусан нь Монгол Улсын Ерөнхий сайд Гэрэлт-Эрдэнэ. Тэр өнгөрсөн 2020 оны парламентын сонгуулиар хоёр том намын “Баян Монгол” эвслийг удирдан ирэх дөрвөн жилд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 15 мянган долларт буюу Өмнөговь аймгийн одоогийн түвшинд ойртуулах амлалт дэвшүүлж үнэмлэхүй олонхын санал авсан юм. Харин Ерөнхийлөгчийн зүүн талд УИХ-ын дарга Дүүрэн тухалжээ. Цаана нь зурагтаар байнга гарч байдаг УИХ-ын гишүүн Сайнаа, Есүхэй, Сугар, Оргилуун, Дамба, Оюунцацрал нар харагдана. Өмнөговиос нэр дэвшихдээ тэдний уурхайд ирж уулзалт хийж байсан Буд-Эрдэнэ ч байна. Үлдсэн хорин жижиг нам нийлж “Сөрөг хүчинтэй болъё” эвсэл нэрээр сонгуульд оролцоод арайхийж босго давахад гишүүн болж чадсан тавхан хүний нэг нь тэр билээ.

2.

Наадмын бөхийн барилдаан гурав хоногийн өмнө эхэлжээ. Өчигдөр 2048 бөхийн урьдчилсан шалгаруулалт өндөрлөж үлдсэн аварга, арслан, гарьд, заан тэргүүтэй 256 бөх наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирлээ. Наадмын үндсэн барилдаан их шуурхай болжээ. Учир нь наадам үзэхээр ирсэн гадаадын зочид, жуулчид, ялангуяа цаг зав муутай хөрөнгө оруулагчдыг залхаахгүйн тулд бусад бөхийн төрлийн жишгээр нэг барилдааныг найман минутаас хэтрүүлэхгүй гэсэн дүрэмтэй болсон юм. Урд жилийн наадмаар Өвөрхангайн “Их монголын хүчтэнүүд”, “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээнүүдээс тодорсон хоёр шилдэг бөх энэ жил “Айвенхоу майнз” болон “Шинхуа МАК”-ын өмнөөс зодоглож үзүүр, түрүү хүртлээ. Хэнийг нь хэдэн тэрбумаар худалдаж авсан тухай жиг жуг наадамчин олны ярианы сэдэв болж байв.

Заяа маргааш нь соёолон насны морьдын уралдаан үзэхээр Хүй долоон худагт очлоо. Улсын наадамд албан ёсоор зөвхөн эрлийз морьд уралддаг болсон тул дүүхэлзсэн өндөр морьд тоос татуулан барианд оров. Айргийн тавд орсон соёолонгуудын гурав нь УИХ-ын гишүүдийн, хоёр нь уул уурхайн компаниудын захирлынх байсан бөгөөд урьдынх шиг жийпээр биш 999-ын сорьцтой цэвэр алтан гулдмайгаар байллаа. Монгол морьд уяачдын наадмаар уралддаг сурагтай. 

Наадамчид Хүй долоон худагт багтахаа больжээ. Уяачдын асар майхны оронд компаниудын гал нэртэй барилга байшин, чамин хотхон пиг дүүрсэн тул дараа жилээс Хөшөөтийн цаахна  морь уралдуулж байхаар шийдэж тийш хүрэх дөт зам тавихын тулд Богд уулыг хойноос нь урагш нүхлэх асар том бүтээн байгуулалтын ажил эхэллээ гэж сүүлийн хэдэн жилийн турш шуугилдсан юм.

Заяа буцах замдаа хотын төвөөс урагш харахад Зайсангийн амны хорооллын цаад энгэрийн модыг хяргаж нүцгэлээд дахиад баахан барилга босгосноос өөр юм үзэгдсэнгүй. Монгол Улс мөнгөтэй болох нь болжээ. Уул уурхайгаас жил бүр 4-6 тэрбум долларын орлого олж байгаа гэдэг. Түүгээрээ л эхлүүлсэн бололтой энэ мэт аварга бүтээн байгуулалт хаа сайгүй, даанч дуусдаггүй нь тоогүй. Метро барихаар Улаанбаатарын баруунаас зүүн тийш үргэлжилсэн урт хаалт нийслэлийг тэг дундуур нь хуваагаад хэдэн жил өнгөрчээ. Эхний хоёр станц 2024 онд ашиглалтанд орно. Бас Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын хооронд төмөр зам тавина гэж тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд баахан цамнаад эхлүүлсэн төмөр замын овоолсон шороо, далан эцэс төгсгөлгүй үргэлжилдгийг тэр саналаа.

Үдээс хойш Заяа Монголын хамгийн том дэлгүүр Chinggis Mall-оор орлоо. Сүхбаатарын талбайн чанх урдах модтой цэцэрлэгийн оронд боссон энэ аварга дэлгүүрийн бараа чанартай ч тэнгэрт тулсан үнэтэй болсонд Заяа цочирдсон ч Монголдоо хамгийн өндөр цалинтай, бас Өмнөговийн иргэний мөнгө авдаг нэрээ бодож өөртөө ганц хувцас, аав ээждээ гарын бэлэг авахад хэдэн саяыг зарцуулав. Сүүлийн гурван жилд юмны үнэ дунджаар гурав дахин өссөн гэх албан ёсны мэдээ бий.

3.

Уг нь Заяа МУИС-ийн Хуулийн ангийг төгссөн ч гурван жил дараалан хуульчийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөөд бараагүй юм. Зарим найз нь “Чи эхлээд томхон шиг намын сонгуульд яв, намд нь элсвэл бүр сайн” гэж битүүхэн зөвлөснийг үл тоосныхоо горыг амсаж буйгаа хожим ойлгожээ. Ингээд мэргэжлээ солихоор шийдэж Нүүрсний технологийн их сургуульд элсэн орж ил уурхайн инженер болоод Өмнөговийг зорьсноос хойш жилдээ нэг нутагтаа очдог болсон юм. Энэ удаад наадмаар амжиж аав ээжтэйгээ золгохоор өглөө эртлэн босож хурдан галт тэргэнд суугаад Сайншанд хүрч тэндээсээ Дорнод Монголын төмөр замаар Сүхбаатар аймгийг зорилоо.

Заяа купендээ хоёулхнаа явна. Тун цөөхөн хүн зорчих ажээ. Тавантолгойн нүүрсийг зүүн зүгт зөөж Оросоор дамжуулан Номхон далайн боомтуудад хүргэх учиртай энэ төмөр замыг дэндүү их өртгөөр боссон, ашиггүй гэхчлэн хүмүүс элдвээр шүүмжилдэг ч Заяа харин тэгж бодож байсангүй. Аав ээжтэй нь уулзуулдаг болохоор арга ч үгүй юм даа.

Үдээс хойш төрсөн нутгийнхаа хилийн дээсийг давлаа. Галт тэрэгний цонхоор янз бүрийн уурхай, жижиг суурин тосгод жирэлзэн өнгөрөх авч хүүхэд ахуйд нь хаа сайгүй багширан  харагддаг байсан мал сүрэг, хэдэн мянгаараа цахилах зээрийн сүргийг Заяа хоёр нүдээ чилтэл харуулдаад олж үзсэнгүй.

Аймгийн төв өнгөрөөд Сүхбаатар өртөөн дээр буухад аав, ээж, дүү гурав нь тослоо. Тэднийх Түмэнцогтын айл боловч өнгөрсөн жилийн зуднаар малынхаа ихэнхийг тавиад туучихсан тул энэ хавар төмөр зам бараадан энд суурьшжээ.

“Охиныхоо явуулсан мөнгөөр авсан юм. Хийн хөдөлгүүртэй гээч” хэмээн аав нь шинэвтэр япон машиныхаа дугуйг нэг сайн өшиглөөд тэднийг суулган хөдлөв.

Энэ өртөө баахан солонгосчуудтай болжээ. Хоёр жилийн өмнөх хоёр Солонгосын мөргөлдөөний үеэр НҮБ-ын шийдвэрээр Монгол Улсад Хойт Солонгосын 30 мянган дүрвэгчийг түр байрлуулсны нэг хэсэг энд суурьшиж одоо бүр цементийн үйлдвэр барьж эхэлсэн ажээ. “Манайхан эд нартай яаж ийгээд холбогдох юм. Өвөө чинь хотод 1950-аад онд БНАСАУ-аас авчирсан өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт манаач хийдэг байсан гэж ярьдагсан. Гэтэл одоо аав нь энэ солонгосчуудад мах нийлүүлж байдаг. Дүрвэгсдийн хороо гайгүй үнээр гэрээ хийдгийг нь бодоод л зуднаас үлдсэн хэдэн малаа өгч байна” гэж аав нь зам зуур ярьсаар өртөөнөөс холгүй байх гэртээ ирлээ.

Аавынх нь гэрээ буулгаж хураагаад канад технологийн байшин барьж оржээ. Заяа хөдөөний амьдрал ямар өөр болсныг сая л анзаарав. Олон малтай айл ховорджээ. Мянган малтай айл нүдний гэм болсон тул “таван зуут малчин” гэдэг өргөмжлөл өгдөг болсон гэнэ. Хээр талаар морьтой хүн явах нь цөөрч энд тэндгүй элдэв машин тэрэг хөлхөнө. Аав нь “Одоо бензин хайхаа больсон шүү. Энд цэнэглэдэг станц байгуулснаас хойш ёстой амар байна” гэлээ. Бас нэг содон мэдээ дуулгасан нь түүний төгссөн Түмэнцогт сумын сургууль, хорвоод мэндэлсэн сумын эмнэлэг хоёрыг нь хаасан гэнэ. Засаг захиргааны шинэчлэл хийж тэндхийн захиргаа, эмнэлэг, сургуулийг эндхийнхтэй нэгтгэжээ.  

4.

Заяа аавындаа хоёр хоноод буцлаа. Замдаа Сайншандад амьдардаг, ангийн найз Гэрлээ рүү утсаараа дүрст дуудлага хийж тосож уулзахыг хүсэв. Уулзаагүй удсан хоёр найз төдөлгүй дуу алдан тэврэлдэж элдэв ярианд умбах нь тэр.

“Манай Сайншандад том том үйлдвэр баригдаж хүн амьтан бужигнаад сайхан л байна. Гангийн үйлдвэрийнхэн 3-4 саяыг авдаг гэсэн. Түүнийг дагаж юмны үнэ өсөөд л...  Над мэтийн багшийн цалин чирэгдээд байх юм” гэж найз нь зовлонгоо ярилаа.

  • Танай нөхөр юу хийдэг билээ?
  • Солонгосоос ирээд “Дорнын говь” махны үйлдвэрт орсон чинь чүүтэй чайтай хоёр саяыг өгдөг. Танай уул уурхайнхны хажууд ичмээр байгаа биз дээ. Найз нь нэг юм асууя. Бид хоёр танай Цогтцэцийд очвол тэр хавиар уурхайд гайгүй ажил олдох болов уу?  Бас танай Өмнөговийн иргэн бүрт сар болгон өгдөг 1000 ногооныг авдаг болчихвол ч ...
  • Шуудхан хэлэхэд хэцүү дээ. Сая аавынд очиход энэ хавар  сургуулиа төгссөн нөгөө Батаа дүү маань дээд сургуульд орохгүй, Өмнөговьд очно, байнгын оршин суугчийн “ногоон карт” олж өг гэж шалаад салдаггүй ээ. Яаж олдох вэ дээ. Сүүлийн хэдэн жил наанаас монголчууд, цаанаас хятадууд шаваад өөр аймгийн хүмүүсийг ажилд авахгүй хязгаарлаад байгаа.... Чи хятад хэлтэй юу? 
  • Юу гэж? Миний англи хэл гайгүй юмсан. 
  • Сая манай Засаг дарга захирамж гаргаж Хятадын компаниудад хятад хэлний орчуулагчийг өөр газраас авахыг зөвшөөрсөн.
  • Тэгвэл хятад хэлний дамжаанд суух уу? За ямар ч байсан найзыгаа мэдэж байгаарай...   

Хагас цагийн дараа Заяа дараагийн галт тэргэнд суув. Тэр оройдоо Цогтцэцийд буухад нөхөр Баяраа, гурван настай хүү нь тосож авлаа. Тэд оройжингоо наадмын сонин хачин хөөрөлдөв.“Улаанбаатарын шинэ цэнгэлдэх гоё юм уу? Чамайг эзгүйд хүү бид хоёр Даланзадгад орж Өмнөговийн наадмыг бас шинэ цэнгэлдэхэд үзсэн. “Ухаа худаг” нэртэй. “Энержи ресурс” барьж өгсөн гэнээ. Өмнөговийн наадам мундаг болох юм аа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурвуулаа  ирснийг сонссон биз дээ. Томчууд бүгдээрээ хувийн нисдэг тэргээр, морьдоо ачааны онгоцоор авчирсан шүү дээ” гэж Цогтцэций хотын ерөнхий эмнэлгийн эмч нөхөр нь ярилаа.

5.

Баяраа уул нь Архангай аймгийн хүн. Арваад жилийн өмнө аав, ээжийн хамт Улаанбаатарт нүүж ирээд хотын хүн болжээ. Анагаахад сурч байхдаа Заяатай танилцаж гэрлээд түүнийгээ дагаж Цогтцэцийд ирсэн юм. “Би говьд ирсэн ч Орхон голынхоо усаар ундаалдаг” гэж ярих дуртай. Тэр нь ч үнэн л дээ. 2010-аад оны эхээр Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд орж хөрсний усыг их хэмжээгээр соруулснаас 2018 он гэхэд Өмнөговь аймаг бараг тэр чигээрээ усгүй болж хангайн гол мөрний усыг нааш татах хэдэн зуун тэрбумын өртөгтэй төслийг маш яаралтай хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсон юм. Ингээд 2019 онд мянга гаруй километрийн зайтай орших Орхон голын усыг хоолойгоор татан Цогтцэцийд авчирчээ. Гэхдээ ихэнхийг нь уурхайд ашигладаг юм. Яг тэр жил бас Хэрлэн мөрний усыг Ханбогд сум руу, үнэн хэрэгтээ Оюутолгойн уурхай руу урсгах болсон билээ.

Чухам энэ төслүүд Монголын иргэний хөдөлгөөнийг дахин сэргээлээ. Гол мөрний усыг уул уурхайд ашиглахыг эсэргүүцдэг, цаашлаад уул уурхайг ширүүн шүүмжилдэг “Орхон голоос савраа тат!”, “Уул уурхайг хазаарлая”, “Бэлчээрээ аврах малчдын фронт” зэрэг олон байгууллага гарч ирлээ. Тэдгээрийг анх Архангай, Өвөрхангай аймагт гол усны эрэгт алт олборлож байсан компаниуд болон нинжа нарын эсрэг олон жил тэмцэж, арваад жилийн өмнө буу шийдэмдээ хүрч орон шоронд орж байсан Өнөбаяр, Магнайдорж, Тайвантөр нарын нөхдүүд толгойлдог юм. Саяхан тэд хэвлэлийн бага хурал зарлаж эрх баригчид Завхан, Ховд голууд төдийгүй бүр Хөвсгөл, Увс нууруудын усыг хүртэл баруун бүс нутгийн цөлжилтийг бууруулахад ашиглах нэрийн дор фосфорит, нүүрсний уурхай, тэдгээрийг түшиглэсэн үйлдвэрүүдэд нийлүүлэх арга замыг далдуур хайж энэ талаар гадаадын нэг улстай нууц хэлэлцээр хийж байна гэж мэдэгдсэн билээ. Нэрээ нууцалсан эх сурвалж тэр улсыг Солонгос гэжээ.

Энэ хавар дээр дурдсан хөдөлгөөнүүдийн тэмцэл бүс нутгийн шинжтэй болж, тухайлбал ОХУ-ын “Спасём Байкал”, “За полноводную Селенгу” зэрэг олон нийтийн байгууллагуудтай хамтарч эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан нь Орхон голын усыг олон жил бохирдуулж, мөн их хэмжээний усыг Монголын өмнөд нутаг руу урсгаснаас түүний цутгадаг Сэлэнгэ мөрний урсац эрс татарч, улмаар дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөцийг агуулдаг Байгаль нуурт нөлөөлөх хэмжээнд хүрсэнтэй холбоотой юм.

Байгаль хамгаалах асуудал зөвхөн уул уурхайгаас болж хурцдаагүй. Сүүлийн арав гаруй жилийн турш асар их мөнгө цутгасан атрын аянууд (энэ жил 6 дахь аяныг зарлажээ) олигтой үр дүнд хүрсэнгүй. Үр тарианыхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй нь бага хэрэг.  Төв, Сэлэнгэ, Булган аймгийн үржил шимтэй газруудыг хяналтгүй хагалснаас цөлжилт улам нэмэгдэж малын бэлчээр хомсдож энэ бүс нутгаас уламжлалт мал аж ахуйг бараг шахан гаргаад байна. Энд өндөр ашиг шимтэй үүлдрийн мал, гахай, тахианы фермерээс өөр малчин гэхээр хүн үлдсэнгүй.

Тэгээд ч 2016 оны сонгуулийн өмнөхөн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн лоббигоор батлагдсан Бэлчээр хувьчлах тухай хууль хэрэгжиж эхэлснээр Төв Азийн их тал нутагт хэдэн мянган жил оршсон бэлчээрийн мал аж ахуй, үүнийг дагаад дэлхийд цорын ганц гэгддэг нүүдлийн соёл иргэншил төгсөх замдаа орлоо гэж ажиглагчид нэгэн дуугаар бичиж байна.

Өнгөрсөн зуунд дэлхийн анагаах ухаанд монголизм гэдэг өвчний нэр томъёо байсныг манай улсын шаардлагаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсны хэрэглээнээс хассан түүхтэй. Гэтэл саяхан гадаадын нэг судлаач Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа түүнд хүргэсэн учир шалтгааныг “монголизм” хэмээн нэрлэсэн нь шуугиан тарьж “голланд өвчин” хэмээх нэр томьёотой “өрсөлдөж” эхэллээ. Монголизм буюу “монгол өвчин” гэдэг нь “аливаа улс орон уул уурхайн асар их орлогоор байгаль, газар нутгаа золиослохыг хэлнэ” хэмээн тэр судлаач тодорхойлжээ. Зарим эх орончид үүнийг эсэргүүцдэг ч энэхүү нэр томьёо улам бүр газар авсаар байна.

6.

2021 оны хоёрдугаар сард Монголын “Давос” гэгддэг 12 дахь удаагийн Эдийн засгийн форум “Монголын эдийн засаг: Юу хийх вэ?” сэдвийн дор чуулсан юм. Энэ үеэр Монголын нийгэм, эдийн засгийн байдалд өгсөн үнэлэлт дүгнэлтүүд ихээхэн зөрж улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын дунд ширүүн маргаан өрнөжээ.   

Нүүрсний яамны сайд Балдан:

  • Сүүлийн арваад жилд ашигт малтмалын салбар, тэр тусдаа нүүрсний компаниудыг дэндүү их шүүмжилж байна. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэж үг бий. Өнгөрсөн XX зуунд Монголыг мал аж ахуй авч явсан бол XXI зуунд нүүрс авч яваа. Арван жилийн өмнө Монголд ядуурлын түвшин 39 хувьтай байсан бол одоо хоёр дахин буурсан нь зарим хүний хараагаад байсан нүүрсний ач шүү.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ли Хуа Пүн:  

  • Хэрвээ та бүхэн мартаагүй бол 2012 оны сонгуулийн дараа танай шинэ Засгийн газар байгуулагдах үеэр манай Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмжид “Иргэдээ ядуу байна гээд мөнгө тараадаг, тэр хэрээр үнэ өсдөг, үнэ өсөхийн хэрээр улам ядуурдаг “чөтгөрийн цагариг”-аас Монгол улс гарах найдлага төрөхгүй байна” гэж дүгнэснээс болж манай төлөөлөгч Монголоос хөөгдөх шахаж байсныг бодвол одоо нөхцөл байдал өөрчлөгджээ. Дэлхийд хамгийн томд тооцогдсоор байгаа Таван толгойн орд газрын хувьцааны ихэнхийг эзэмшдэг “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэддээ тараасан нь төдийлөн үр ашгаа өгсөнгүй. Дахиад л цөөн хэдхэн хүний гарт хувьцаа нь төвлөрсөн хэдий ч монголчууд “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” зэрэг нэртэй бэлэн мөнгийг хүлээж суухаа больсон байна. Уул уурхай, түүнийг даган хөгжиж байгаа нэлээд олон салбарын дундаж цалин өндөр хөгжилтэй орнуудын жишигт аажмаар дөхөж байна. Гэхдээ эдийн засаг уул уурхайгаар хязгаарлагдсан хэвээр, төрөлжилт явагдаж чадахгүй хэвээр байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ийм учраас Монгол орон тогтвортой  хөгжлийн замд хараахан гараагүй гэж Дэлхийн банк үзэж байна”.   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Улаанбаатар метрополисийн Засаг дарга Жаргал (Жак)

  • Би хэдийгээр АНУ-д өсөж хүмүүжсэн ч эцэг өвгөдийнхөө нутагт эргэн ирж энэ ажлыг аваад удаагүй байна. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүй хөгжсөнөөс асар олон тулгамдсан асуудал шийдэгдээгүй байгаа. Харин Орос-Хятадын байгалийн хийн 3-р хоолойг Монголоор дамжуулж тавихаар гурван улсын гэрээг хоёр жилийн өмнө үзэглэснийг хэрэгжүүлж чадвал манай хот Утаанбаатар нэрээсээ бүрмөсөн салж Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авах боломж бүрэн бий. 

Нэрт эдийн засагч Баярсайхан:

  • Бид баялгаа зарж, нэг ёсондоо хуруугаа хөдөлгөхгүйгээр шахам орлого олж иргэддээ бэлэн мөнгө тарааж, үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлж ирсэн  маань урт хугацаандаа монголчуудын эдийн засгийн идэвхийг сааруулж төрөөс хэт хамааралтай болгож улмаар сайн засаглалыг муутгахад хүрсний нотолгоо нь өнөөдрийн төр засаг юм. Уул уурхайгаас асар их орлого олж, бас хэмжээ хязгааргүй нэмэгдэж байгаа төсвийн тендер, худалдан авалтын ихэнхийг хүртдэг MWX зэрэг компаниуд хэт томорч улмаар улс төрд нөлөөлөн өөрийн хүмүүсийг хүссэн албан тушаалд тавьж чаддаг болсныг та бид харж байна... Дэд бүтцэд, юуны өмнө уул уурхайн баялгийг их хэмжээгээр зөөхөд чиглэсэн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийснээр зарим газарт хүчин чадлын илүүдэл  бий болжээ. Энэ мэт ашигтай, ашиггүй хөрөнгө оруулалтын санхүүжилтийг  Хөгжлийн банкаар хийлгэснээр тус банк санхүүгийн хувьд хүндэрч улмаар улсын төсөвт ноцтой дарамт үзүүлж эхэллээ... Эдийн засгийн хувьд дорвитой төрөлжилт явагдахгүй, “Говь” компани гэх мэт уул уурхайгаас бусад дотоодын эдийн засгийн салбарын том үйлдвэрүүд төлбөрийн чадваргүй болж дампуурч байгаа нь хувийн банкнуудад нэрмээс болж 2021 оны эхэнд бид үндсэндээ гурав дөрөвхөн банктай үлдлээ. Удахгүй гадаадын томоохон банкнууд  зах зээлийг бүрэн эзлэхэд бэлэн болжээ.

Эдийн засгийн их сургуулийн захирал Галцэрэн:

  • Өнөөдөр зарим сайд “монгол өвчин” гэж байхгүй, дахиад 10 жил уул уурхайг саад тотгоргүй хөгжүүлж чадвал алдсанаа нөхөн, байгаль орчноо бүрэн сэргээх мөнгөтэй болно гэсэн утгатай үг хэллээ. Би та нараас асууя. Одоо Өмнөговь аймагт 1 литр савласан ус 5 долларт хүрчээ. Өмнөговьчууд мөнгөтэй учраас авч чаддаг байх. Тэгвэл Монгол даяар ийм болвол яах вэ? Тийм ээ, “монгол өвчин” бол “голланд өвчин”-өөс ялгаатай. Яагаад гэвэл Голландад газрын тос нь далайд байсан болохоор сүйтгэх газар байгаагүй. Гэтэл бид энэ их газар нутгийг сүйрүүлж яаж чадав аа... Юуны төлөө? Улаанбаатарт хэдэн өндөр байшин, Хятадын хил рүү баахан зам барих шив дээ. Уул уурхайн орлогын  60 хувийг буцаагаад уул уурхайн дэд бүтцэд булж байна. Энэ 20 давхар  Парламентын ордон, 10 давхар Ерөнхийлөгчийн өргөө, Улаанбаатарын хөшөө мэтийг барьж тансаглах ямар хэрэгтэй юм бэ? Харилцаа холбооны салбар бүхэлдээ гадныхны мэдэлд орлоо. Уурхайд ажилладаггүй, мэргэжил боловсролгүй олон залуусыг  цаашид хэрхэх  вэ? Энэ асуултанд хариулж чадах хүн байна уу?

Түүнийг 2016-2019 онд Сангийн сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайдтайгаа үзэл бодол зөрчилдсөнөөс болж огцорсон гэгддэг “Альтернатив эдийн засгийн судалгааны төв”-ийн захирал Энхтайван дэмжсэн бөгөөд “Төр уул уурхайгаас өөр бодлогогүй болсноос байгаль орчин сүйрч байгаа юм. Өнөөдөр Ашигт малтмал, гааль, татвар зэрэг төрийн яам, агентлагуудын толгойд уул уурхайн компаниудад ажиллаж байсан хүмүүс томилогдоод байна. Нөгөө талд нь татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад өндөр мэргэжил эзэмшээд хэсэг хугацаанд дээрх яам агентлагт ажиллаж мэдлэг, туршлага хуримтлуулсан төрийн албан хаагчид уул уурхайн компаниуд руу хошуурч байна. Монголын төр ийм маягаар “эргэдэг хаалга шиг болжээ” гэж ярьсан байна. 

Судлаач Очирмөнх: 

  • Монголын төр засаг барууны хөрөнгө оруулагчдыг татах гэж  хэдэн арван жил үйлээ үзсэн. Эхлээд өрнөдийн хэдэн том компани орж ирэх нь ирсэн. Тэд одоо Монголын түүхий эдийг борлуулахын тулд Бээжинд л гүйлдэж явна. Биднээс асуухаа ч больжээ. Өнгөрсөн зуунд Монголын асуудлыг Москвад шийддэг байсан бол одоо Бээжинд шийдээд байх шиг. Нэг л мэдэхэд барууны нэртэй компаниуд Хятадынх болчихсон байх юм. Хятадууд л хөрөнгө оруулж Монголыг аажмаар эрхшээлдээ оруулж байгааг харахгүй байна уу?

Мөн энэ зууны эхээр Монгол банкны ерөнхийлөгч байсан Очирсүрэн хэлэхдээ “Монголын эдийн засагт америк долларын эзэлдэг байсан орон зайг хятад юань эзэлж чөлөөтэй эргэлддэг болсон нь олон хүнд таалагддаггүй. Өнгөрсөн зууны хувьсгалын том ялалт болсон Хятадын янчааныг шахан зайлуулсан ололтыг устгаж 100 жилийн дараа байдал буцаад эргэлээ гэж зарим популистууд айлгадаг. Энэ бүхэн эдийн засаг огт ойлгодоггүй хүмүүсийн дэмий яриа юм. Яаж ч үгүйсгээд Хятадын юань дэлхийн валют болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Яг 10 жилийн өмнөх АНУ-ын доллар шиг” гэжээ.

7.

Заяаг гэртээ ирээд хэд хонож байтал Өвөр Монгол – Өмнөговийн эрчим хүчний цогцолборын таван жилийн ойн арга хэмжээнд урьжээ. Баруун Цанхийн уурхайгаас тэргүүний 10 ажилчин баярт оролцохоор болсон юм. Тэд Цогтцэцийгээс вагонд сууж Даланзадгадын төмөр замын төв буудалд ирэхэд цогцолборын бусад уурхайгаас гадна Улаанбаатараас ирсэн таван вагон, мөн Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга  нарын тусгай хоёр вагон гэхчлэн нэмж залгагдсаар бүтэн цуваа бүрдэж урд зүгийг зорин хөдөллөө. 

Хятад руу нэвтрэх дөрвөн боомт байдаг ч нүүрс ачсан галт 24 цагийн турш тасралтгүй цувдаг тул суудлын галт тэрэг нэвтрэхэд зориулан Гашуунсухайтын боомтод гаргадаг 15 минутын цонхыг энэ удаа хүндэт зочдод баяр хүргэж тусгай ёслол үйлдэхийн тулд 30 минут болгон сунгажээ.

Хил гараад Сэхэгийн төмөр замын буудал дээр бас нэг ёслолд оролцож дахиад хэсэг саатав. Зөрөөд Монгол руу явах галт тэргээр Өмнөговийн уурхайнууд руу зүглэсэн баахан хятад энд хүлээж зогсоно. Заяа хэдэн жил хятадуудтай цуг ажиллаад хэлийг нь гадарлах болсон тул тэдний чанга чанга яриаг сонсохоос өөр яахав. Нэг хижээл эр Монголд анх арван жилийн өмнө очиж байсан, одоо жилдээ дөрвөөс таван удаа очдог, Өмнөговь, Өвөрмонголын хооронд хил нэвтрэх хөнгөвчилсөн журамтай тул бэрхшээлгүй ч яваандаа бүр суурьших санаатайгаа хэлээд Даланзадгадын байрны үнэ ханшийг хэлэлцэнэ. Өөр нэг залуу хамт ажилладаг монгол эмэгтэйтэйгээ (нэрийг хэлсэн нь ойлгогдсонгүй) суух санаатай, тэр нь одоохондоо зөвшөөрөхгүй байгаа гэнэ. “Нэрийг нь ч зөв хэлж чадахгүй байж” хэмээн Заяа дотроо дургүйцээд холдов.

Хөх хотод хүрч тэнгэр баганадсан өндөр барилгуудын дундуур шургаж явсаар цэцэг бүрхсэн галт тэрэгний төв буудалд ойртохын хэрээр “Өвөр Монгол-Өмнөговийн найрамдал мандтугай” гэж хятад, монголоор бичсэн лоозон аажмаар тодорлоо. Яг энэ агшинд Заяа “Манайх бүр их нүүрс гаргаад байвал энэ найрамдал улам л бэхжинэ дээ” гэж бодов.

Эдийн засгийн үзүүлэлт


Үзүүлэлтүүд

2011 он

2016 он

2021 он

Нэг хүнд ногдох ДНБ
(оны ам. доллараар)

 2,786.13

8999.613036

15310.16561

ДНБ-ний бодит өсөлт

15%

4%

3%

Уул уурхайн төсвийн орлого
(сая ам. доллар)

733.82

2451.81

4449.56

Инфляци

11%

12%

9%

Ядуурлын түвшин

39%

22.70%

20.30%

 


Орлогын менежментийн үзүүлэлтүүд

2011/2009 он

2021 он

Тогтворжилтын сан (тэрбум)

281

778

Хүний хөгжлийн сан (тэрбум)

0

150

Хөгжлийн банк (тэрбум)

50

1000

Орлогын менежментийн индекс
(Revenue Watch Institute, муу-0; сайн-100)

38.2

58

Херфиндал индекс
(0-1, 1-экспортын төвлөрөл маш их)

0.489

0.49

 

Засаглалын үзүүлэлт

Үзүүлэлтүүд

2011 он

2021 он

Шударга ёсны индекс
(Global Integrity, муу-0; сайн-100)

57

71

Банкуудын зээлжих эрхийн зэрэглэл
(S&P, 1-10, 10-эрсдэл их)

9

7

Өрсөлдөх чадварын зэрэглэл
(World Economic Forum, нийт 142 улс)

96

76

Нээлттэй төсвийн индекс
(Open Budget Partnership, муу-0; сайн-100)

60

50

  • 2012 оны сонгууль харьцангуй шударга болно. Шинээр байгуулагдсан УИХ:
    • Уул уурхайн салбарыг гүн боловсруулалтын чиглэлээр цаашид хөгжүүлэх Монгол Улсын стратеги боловсруулна. 
    • Уул уурхайн салбарын хөгжилд таатай орчныг дэмжих, зохицуулах хуулиуд батална.
    • Цаашид Монгол Улс уул уурхайн салбарын олон улсын зах зээлд голлон тоглогч болох, эрчим хүч үйлдвэрлэгч болох суурийг тавих тодорхой шийдвэрүүд гаргана.
  • Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын давамгайллыг хязгаарлах, дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт Монголын оролцоог нэмэгдүүлэх тодорхой зорилтууд дэвшүүлнэ. Гадаадын компаниудад  салбарын үндэсний ажиллах хүчний чадавхийг бий болгох, дээшлүүлэх, нийгмийн хөгжилд хөрөнгө оруулах шаардлага тавина.
  • Хөгжлийн банкинд уул уурхайн орлогын 10-аас доошгүй хувийг төвлөрүүлж, гол төлөв уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөгжүүлэхэд зориулан оновчтой хөрөнгө оруулалт хийнэ. Эрүүл мэнд, боловсролын салбар дахь засгийн газрын хөрөнгө оруулалт тогтвортой хэвээр байна.
  • Бизнесийн салбарынхан урт хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бизнес, салбаруудыг бий болгоход идэвхийлэн ажиллана. Эдийн засаг  нь уул уурхайн төрөлжсөн салбараас ихээхэн хамааралтай, харьцангуй тогтвортой, өсөлттэй байх боловч үнийн хэлбэлзэлд  өртөмтгий байна.   
  • Төсвийн тогтвортой байдал анхаарлын төвд байна. Үнийн уналтын үед улсын санхүү, төсвийг  тогтвортой байлгахад  чиглэгдсэн Тогтворжилтын сан байгуулагдаж,  зориулалтаараа ашиглагдана. Бие даасан Төв банк инфляцийн эсрэг тууштай тэмцэнэ.
  • Усны хүрэлцээ, чанар зэрэг байгаль орчны асуудал хурцдана.