1.
Арваадхан жилийн өмнө Австрали л өнөөдрийн Монгол шиг зөв бодлоготой байсан санагдана. Монголчууд өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас олж байгаа их баялагтаа тун хэрсүү бодлого барихыг чармайсны үр дүн гарлаа. Улс төрийн байдал жаахан л эвгүй өөрчлөгдөхөд Латин Америк, Араб, Азербайжаны араас орох гээд мөн ч их зовоосон доо. Хэт ирээдүйг харагчид уурхайгаас эцсийн бүтээгдэхүүн гаргаж дэлхийн уул уурхайн их гүрэн болохыг мөрөөдөж байсан юм. Одоо эргээд харахад харин ч тэгээгүй нь оносон аж. Монголын ноолуур дэлхийд Шотланд ноосны хэмжээнд танигдаж дэлхийн одод “Жинхэнэ Монгол ноолуур хэмээн” шагширцгааж, Монгол үхрийн мах Шинэ Зеландын хонины мах, Франц дарстай адилтгагдах болжээ. Монголын санхүүгийн салбар Сингапурын нэгэн адил хамгийн аюулгүй, тааламжтай “санхүүгийн диваажин” гэж үнэлэгдэх болов. Монгол орон хамгийн сонирхолтой адал явдалт аялал жуулчлалын газар нутгийн жагсаалтанд ямагт дээгүүр орж, жил ирэх тусам ирэх жуулчдын тоо нэмэгдсээр...
Эдийн засагч, эрх зүйч Заяа бусдын жишгээр жирийн амьдарч яваа нэгэн. Их хувь заяатай орны иргэн Заяа бол 3,5 сая хүн амтай, уудам нутагтай, хөгжлөөрөө дэлхийд эхний 25-д яваа энэ улсын өнцөг булан бүрт тохиолдож байдаг энгийн бүсгүй. Арваад жилийн өмнө Улаанбаатарт их сургууль төгсөөд “петро” нэртэй баахан компаниуд газар дороос нь тос олборлож, газар дээгүүр нь Хятад, Солонгос руу чиглэсэн авто болоод төмөр замууд тавигдаж, газрыг нь солонгосчууд хагалж эдийн засгийн шинэ төв болж эхэлсэн Дорнодыг зорьсон юм. Эхлээд хуулийн фирмд ажилд орж нутгийн малчид ба компаниудын хоорондох газартай холбоотой элдэв маргааны хэрэг дээр ажиллаж энэ их тал нутгаас нүүдлийн мал аж аж ахуй “хуулийн дагуу” шахагдахыг нүдээр харж дотроо сэтгэл өвдөж явдаг байлаа. Тэг тэгсээр ажлаасаа гарч иргэний нийгэмд дэмжлэг үзүүлдэг шинэ хуулийн дагуу малчдын эрх ашгийг хамгаалж өмгөөлөл явуулдаг байгууллагыг үүсгэв ээ. Эндээс олборлосон түүхий нефтийг Сайншанд дахь нэрэх үйлдвэр лүү төмөр замаар тээвэрлэх нээлтийн ёслолд олон нийтийг төлөөлөн оролцож баахан сайд, захирлуудын араас үг хэлэхдээ, Дорнод нутгийн газрын тос улс орныг тэтгэж байгаа нь сайн хэрэг, гэхдээ байгаль орчин, малын бэлчээрт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах хэрэгтэйг сануулаад авсан түүхтэй.
Заяа дэлхийн хамгийн сүүлчийн гэгдэх энэ их талыг аажмаар элдэв ногоо, ялангуяа цагаан будааны тариалан болгож, бас Буйр нуурын усыг тийш урсгаж байгаад таагүй ханддаг. Яагаад гэвэл голдуу солонгосчууд ажилладаг бөгөөд нутгийн иргэдэд ямар ач тустайг бүү мэд. Байгаль орчинтой холбоотой өөр шалтгаанууд ч бий.
Нэг удаа хурдны замаар Халх гол руу давхиж явахад машиных нь дугуй хагарч зуны халуунд Мэнэнгийн тал дээр хэсэг саатжээ. Тэгэхэд л ойр хавьд нь бүртийх ч сүүдэргүй энэ нутагт цагаан будаанаас өөр юу хийж болох тухай нэгэн бодол орж ирсэн аж. Тэр нь чацаргана. Ингээд уул уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг заавал тэр уурхайн орчинд гэлтгүй зарцуулах санал дэвшүүлж улмаар төсөл болгосон нь дэмжигдэж Буйрын эргээс эхлэн чацаргана суулгасан түүхтэй. Хэдхэн жилийн дотор нөгөө төгөл ой болон ургаж нөмөр, сүүдэрт нь хүн амьтан зогсоход харагдахааргүй болжээ. Байгаль дэлхий ч өгөөжөө хайрлаж намар болгон үлэмж хэмжээний сайн чанарын жимс хураан авах болсон. Чацарганаас гаргаж авсан бэлдмэлийг эндээс шууд Дархан хот руу зөөж Унгар-Монголын хамтарсан эмийн үйлдвэрт тушаадаг. Дэлхийд алдартай болоод байгаа энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Япон, Хятадын өндөр настнууд, тамирчид маш ихээр авцгаадаг. Мэнэнгийн талд ургасан чацаргана өөр найрлагатай хүч тамир суулгахдаа гойд гэдэг нь олон туршилтаар батлагдсаар байгаа юм. Ноднин Дорнодын чацарганы түүхийг маш сонирхолтой өгүүлсэн “Ногоон энерги” баримтат кино олон улсын кино наадмын шагнал хүртсэн билээ. Тэр кино энд чацаргана тарих хөдөлгөөнийг санаачлагч Заяа Мэнэнгийн талд саатаж байгаагаар эхэлдэг...
2.
Заяа эцэг, эхээс гурвуулаа. Том ах Хишиг нь гадаадад менежментийн чиглэлээр төгсөж ирээд “Таван толгой” дахь нүүрсний аварга уурхайд хүчээ сорихоор шийдэж Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрүүдийг зохицуулах албаны менежерээр очжээ. Таван толгой тойрсон жижиг үйлдвэр гэхээр уул уурхайн мэргэжилгүй иргэд энд тэнд цайны газар, гадаадынханд зориулж сийлбэр, сувенирхэн хийдэг төдий байсныг өөрчлөх том төлөвлөгөөтэй ирсэн нь дэмжигджээ. Хишиг эндхийн хүнд даацын машины болон үйлдвэрийн, цахилгаан станцын компьютер, интернэт зэрэгт хэрэг болдог төрөл бүрийн электрон багаж хэрэгсэл, деталуудыг хийх бичил үйлдвэрлэгчдийг зүйл бүрээр дэмжиж эхлэв. Бас гадаадаас ч тийм бичил үйлдвэрлэгчид орж ирэн энэ зах зээл дээр өрсөлдөх боломжийг олгосон. Тухайлбал, уурхай дахь агаарын бохирдол ба хүнсэнд шингэсэн радиацыг хэмждэг үзэгний чинээ авсаархан багажийг “Монгол оюун” хэмээх компанийн таван залуу л хийж эхэлсэн. Тэдний хоёр нь гадных, нэг нь Оросын Буриадаас, нөгөө нь Халимагаас ирсэн юм билээ. Саяхан Хишгээгийн жижиг, дунд үйлдвэрийн салбарт шинэчлэл хийхэд оруулсан хувь нэмрийг менежментийн холбооноос үнэлж 2020 оны Монголын шилдэг менежерээр тодруулсан юм.
Удалгүй түүн рүү янз бүрийн ажил, албан тушаалд ажиллах саналууд цувлаа. Яаманд ажиллах боломж ч гарч ирэв. Уул уурхайн яаман дээр нэлээд хэдэн хариуцлагатай албан тушаалын орон тоо гарсан байв. Сайдаар нь Жалцав гэгч нөхөр ажиллаж байсан юм. Жалцав сайд нүүрс экспортлох гэрээн дээр хятадуудтай хариуцлагагүй ажиллаж улмаар авилга авсан нь шалгалтаар илэрч УИХ-ын гишүүнээс нь АТГ-ын шаардлагаар түдгэлзүүлсэн юм. Бүр эрүүгийн хэрэг үүсгэж жирийн дэглэмтэй хорих ангид таван жилийн ял авч, улсад учруулсан хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан. Жалцаваас гадна хэд хэдэн улс төрч, яам агентлагийн удирдах ажилтнууд энэ хэрэгт холбоотой байсан нь саяхан илэрч баахан албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь энэ. Ажлын дадлага туршлагатай, хийж бүтээсэн юмтай хэн боловч нэрээ дэвшүүлж зохих шалгалтыг өгөөд шударгаар өрсөлдөх боломжтой цаг үе нэгэнт ирсэн байв. Хишгээг уг шалгаруулалтад ордог юм уу гэж байтал аймгийн удирдлага бушуухан дэвшүүлж албаных нь даргаар тавьсан тул явахыг төвдөөгүй юм.
Харин Заяагийн дүү Баяраа мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөөд Сэлэнгэ-Оюутолгойн усан хангамжийн компанийн хүн болжээ. Булган аймгийн нутгаар дайран өнгөрөх Сэлэнгэ мөрний хадан хавцалтай хэсэг дээр туркчууд аварга том усан цахилгаан станц барьж, үлэмж том далан босгосныг бид мэднэ. Тэнд хураасан усыг бүдүүн хоолой, хүчтэй шахуурганы тусламжтайгаар урагш нь говь руу мянга гаран километр татаж эцсийн цэг нь Өмнөговь хүрч хүн амын болоод уул уурхайн усны бүх асуудлыг шийдэж байгаа аварга байгууламж юм. Баяраа энэ шахуургын станцын оператор. Саяхан Заяа гар компьютерээсээ холбогдож ажлын байраа сонирхуулсан. Тал тал тийш мушгирсан хоолойнууд, гэрэл товчлуур анивчсан самбар түүний ажлын байр ажээ.
3.
Заяагийнх Чойбалсан хотоос зүүн урагш, Хэрлэн гол руу харсан хоёр давхар байшинд амьдардаг. Байшингийнхаа хоёр хажуугаар дүүрэн жимсний мод тарьсан харагдана. Нөхөр Алтангэрэл нь Дорнод бүсийн салхины эрчим хүчний цогцолборын инженер. Эднийх хоёр сургуулийн насны хүүтэй.
Үдээс хойш том хүү Баяраа хичээлээсээ орж ирэнгүүтээ жижиг цүнхнээсээ хэд нугалсан эвхдэг iMon гаргаж ирээд цэнэглэхээр тогонд залгав. Хүүхэд бүрт тарааж өгсөн уян дэлгэцтэй хавтгай компьютерт их юм багтах тул сурагчийн цүнх ихэд хөнгөрсөн билээ. Хүү хэсэг цайлж сууснаа iMon-оо дэлгэлээ. Өнөөдрийн хичээл дээр нь “Миний өвөө” сэдвээр зохион бичлэг хийх даалгавар өгсөн тул Архангайд суугаа өвөө рүүгээ интернэтийн дуудлага хийв. Өчигдөр аймгийн төвийн эмнэлэгт үзүүлж сумынхаа төв дээр ирээд гэртээ амарч байхтай нь таарсан тул хэрэг зоригоо хэлж баахан яриулж бичлэг хийж авлаа. Дараа нь монгол хэлний яриаг текст болгодог шинэ программаар буулгаж ашиглах санаа төржээ. Одоогийн хүүхдүүд хэт гараар юм бичихгүй, залхуу болж гэж томчууд үглэдэг нь атаархсан хэрэг ч байж магадгүй.
“... Өвөө нь намар Улаанбаатарт хагалгаанд ороод ирснээс хойш бие их сайн байгаа. Өчигдөр аймагт очиж үзүүлэхэд сайн эдгэж байна гэсэн. Хавдар гээч өвчин шүү дээ. Уул нь ноднинхон шинжилгээнд ороход зүв зүгээр байсан даа. Та нар ч гэсэн жил болгон үзүүлж харуулж байгаарай. “Нэгдсэн зургаа”-д очоод хагалууллаа. Хариад уу гээд тан өгсөн. Нэг орос хүүхэн гадаадаас ирчихсэн миний өмнө орсон доо хөөрхий. Хамаг мөнгөө бариад л ирсэн янзтай. Яагаад наашаа ирэв гэж оросоор хальт мулт асуухчаа аядлаа. Танайх уламжлалт эмчилгээгээ орчин үетэй нь хавсарч хүний бие сэтгэлийг хамтад эмчилдэг гэж интернэтээс олж уншсан гэж байна шүү. Төр эрүүлийг хамгаалах салбарт багагүй мөнгө хаясан, эхлээд эмч нар нь гологдоод их л хэцүү байсан гэсэн одоо нэг тэгширч байгаа юм уу даа янз нь. Тэр жил олон хүнийг гадаадад дадлагажуулж, мөн гаднаас олон сайн эмч нар авчирч эмч нараа бэлдсэн нь сайн хэрэг болжээ. Эмч нар ч их баяжиж байгаа юм байх. За тэр яахав...
Улаанбаатарт нэг үеэ бодвол түгжрэл утаагүй сайхан болсон байна билээ. Гэхдээ л тэр их шуугиан настай хүнд хэцүү байсан. Бас юмны үнэ ч лут өндөр харагдсан. Машинтай явахаар төлбөргүй зогсоол гэж алга, явганаар болохоор метроных нь учрыг олохгүй төөрөөд л. Нутагтаа ирсэн чинь яасан ч сайхан юм. Манай хөдөө чинь нэг үеэ бодоход айлын өвөлжөө хүртэл цахилгаантай болж, зам харгуй сайжирчихлаа. Чулуутын голын эргэн тойрон дахь байгальд нөхөн сэргээлт хийгээд XII зууных шиг атар онгон болгосон байна. Орчин үеийн мал нядалгаа, цагаан идээ боловсруулах үйлдвэртэй боллоо. Малчид боловсрол сайтай болцгоож, малын эмч, технологич мэрэгжилтэй хүмүүс их олширлоо. Хуурай сүү, айраг, экологийн цэвэр борц гээд хийхгүй юм алга.
Өвөө нь удам дамжсан өвөлжөө, хаваржаагаа хувьчилж авсан болохоор тэндээ гадаадын жуулчин авдаг жижиг тур бааз нээдэг юм уу. Яг эртний хэв маягаар тохижуулж эмээл хазаар, гүүний зэл бэлдэнээ, танагтай байгаа дээрээ. Ийм үзвэр дэлхий даяар моодонд ороод байхад өвгөн би зүгээр суугаад яахав. Одоо ч жуулчид дотоод гадаадын гэлтгүй нүүдлийн соёлыг үзэх гэж төдийгүй дотор нь орж амьдарч үзэх гэх ирдэг болж дээ. Үнээ саах, ааруул идээ хийх, малд явах гээд бүх юмыг л сонирхдог болтой. Ойр хавьд машин унаа багшраад байхгүй, ногоон үйлдвэр завод, зөвхөн уламжлалт мал аж ахуйгаас өөр зүйл байхгүй болохоор гадаад төдийгүй бидэнд бас сайхан санагдах юм байна шүү. Тэгж байгаад бизнес маань сайн болбол “орж ирсэн” он залуу гайгүй нисдэг тэрэг нутгийнхантайгаа нийлж байгаад олоод авах бодолтой яваа. Тэгвэл дуртай үедээ хот орж хэдэн хүүхдээ эргээд байна. Саяхнаас Дарханд онгоцны бензин үйлдвэрлээд эхэллээ. Гайгүй хямдхан юм билээ.
Манай нутгийн урдхан байсан алт зэсний гадаадын том уурхай хаагдсан харагдана билээ. Их л том хот барих нь гээд шуугиад байсан. Юмаа ухаад дуусангуутаа буцаагаад булчихсан юм гэхчив. Хамаг байшин саваа гэр ачаалж байгаа юм шиг л аваад явчихсан. Тортой хашаан дотор хэдэн цагаан зээр бэлчээд хоцорсон байх юм. Хойд Сэлэнгээс нааш татсан газар доогуурх хоолойгоор урсгадаг ус нь харин хэвээрээ үлдэж. Их цэвэрхэн ус байдаг. Манайхан ноднингийн гангаар Өгий нуур ширгэсэн байсныг гурван өдөр крантыг нь нээгээд дүүргэчихнэ билээ. Аль хаврын үерээр орж ирсэн усыг хадгалж байгаад оруулж ирлээ гэж байгалийн яамны сайд зурагтаар хэлж байнлээ. Сайд хүүг Оросууд үер уснаас буриадуудыг хамгаалсан гээд одонгоор шагнав уу даа. Нөгөө Гэрлээ хүүгийнх тэнд тариа тарьж байгаа. Усны гачаалгүй, малын хөл гэхгүй их аятайхан нутаг олоод ферм нээсэн. Улаанбаатар-Баян-Өлгийн төмөр замаас холгүй, ердөө хажууд нь. 2121-р тоочиг гэхээр хүмүүс андахгүй. Би хааяа очиж малын тэжээл, гурил, жимс авдаг юм. Өвөө нь усан үзмэнд нугасгүйг чи юу эс андахав. Үндэсний үйлдвэрийнхээ алим, хар чавгыг хүртэл тэднийхээс авч байна…”
4.
Заяа оройн хоолоо хийхээр завдаж байтал бага хүү Цэнгэл дэгдэн гүйж ирээд “Ээж ээ би танд туслах уу, юу хийхэв?” гэнгээ зурагтаа асаатал сүүлийн хэдэн долоо хоногийн турш бестселлерын жагсаалтын тавдугаарт яваа эдийн засагч Д. Гантөгсийн “Монголын их үсрэлт” номын англи орчуулгын нээлтийг үзүүлж байгаатай таарав. Цэнгэл хүү нийгмийн ухаан сонирхдог ахыгаа дуудав. Энэ арга хэмжээний хамгийн хүндэт зочноор анхны Ерөнхийлөгч П.Очирбат уригдаж хэзээний алиа хөгжилтэй зангаараа ярьж харагдана. “Та нар намайг яагаад урьсныг мэдэж байна. Тийм ээ, би 1991 онд Монгол Улсыг Азийн бар болно гэж хэлээд гучаад жил балбуулсан хүн дээ. Нэг хэсэг баар улс болгосон хэрэгт орох шахсан. Тансаг найр гэж хэлснийхээ төлөө Тансагмаагийн Очирбат ч болж үзлээ. Нэг зураач намайг гучин жил бар болгон зурж байгаа. Би нэг их фотогеничный хүн биш болохоор тэр биз. Зарим хүмүүс “Хэзээ бар болох гэнээ?” гэж ирээд ам асуудаг байсан... Өнгөрсөн 20 жилд би “бар” гэдэг үгийг олны өмнө дахиж хэлээгүй ч сэтгэлийнхээ мухарт итгэж явсан шүү. Өнөө цагт хэдийгээр “бар” гэдэг үг моодноос гарсан ч 30 жилийн өмнөхөөр бол Монгол маань Азийн бар улс боллоо шүү дээ”.
Төгсгөлд сэтгүүлч залуу номын зохиогч Гантөгсөөс яагаад номоо англи хэлнээ хөрвүүлэх болсон талаар сонирхсонд тэрээр “Манай сүүлийн арван жилийн түүх бол үндсэндээ бид засаглалаа хэрхэн сайжруулсан тухай юм. Энэ бол бид улс нь орныхоо хөгжлийн талаар хэрхэн санаа сэтгэл нэгдсэн, Монголын төр хэрхэн орчин үеийн болж өөрчлөгдсөн тухай түүх юм. Байгалийн баялаг ихтэй бусад улс орон сургамж авахад хэрэг болох юм болвуу гэж бодсон хэрэг” хэмээн хариуллаа.
Заяа “Нээрэн тийм шүү. 2012 оны сонгуулийн дараа улс орон даяар хэлэлцүүлэг болж уул уурхайгаас олох мөнгөө юунд зарцуулах вэ гэж хөдөө хотгүй ярилцацгаасан. Хөгшин, залуугүй бүгд л уул уурхайгаас хэт хамааралтай болохын уршиг, иргэдээ бэлэн мөнгөнөөс хараат амьдралтай болгохын хор хөнөөлийг ойлгох болж, “Голланд өвчин”, “Персийн булангийн синдром” зэрэг нэр томьёог андахгүй сайн мэддэг болсон доо” гэж бодов. Түүний бодлыг таасан юм шиг том хүү нь “ Ээж ээ, манай улс ядуу орон байсан гэсэн яаж одоогийнх шиг болсон бэ?” гэв.
Заяа “Энэ тухай ч их урт яриа болно доо. Харин түүх нь богино хугацааных юм. Ээж нь товчхон хэлж өгөхийг хичээе. Баяраа миний хүү, ээждээ улаан лооль амтлах сүмс бэлдээд өгдөө. Чацарганы тос, оливын тос хоёр халбага хийгээд дээр нь жаахан гич нэмээд сайн хутгаарай. Ямааны сайхан шинэ бяслаг авсан, улаан лоольтой хольж амттай зууш хийнээ” гээд цааш өгүүлэв. “Ер нь бол уул уурхайгаас эхтэй юмаа, миний хүү. Биднийг залуу байхад манай оронд уул уурхайн тэсрэлт болж энд тэндгүй нүүрс, зэс, алтны орд шил шилээ даран нээгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй дэлхийд ховор уран, газрын ховор элемент гээд эрдэнэсийн үүд хаалга онгойж байлаа. Асар их баялгаа хүн ам цөөн манай орон дангаараа олборлож барахгүй байсан тул гадаадын том компаниудтай хамтран ашиглах гэрээ хэлцэл хийгдсэн. Эхэндээ бид их барьц алдсан. Энэ их баялгаа ашиглах мэдлэг туршлага ч байсангүй. Дээрээс нь овсгоо самбаатай улсууд амин хувийн эрх ашгаа их амжуулцгаасан. Эдийн засаг өсөөд байсан хэрнээ хүн ард нь ядуу хэвээрээ л байв. Баялгаа худалдаж, ухаж богино хугацаанд их мөнгө олсон хүмүүс төр засагт их нөлөөтэй болсон юм. Сонин хэвлэлээр л дүүрэн авлига хээл хахуулийн тухай бичдэг байсан ч хэн ч хариуцлага хүлээдэггүй байлаа.
Олон түмэн шударга ёсыг маш ихээр хүсэмжлэх болсон тул 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар шударга ёс тогтоохын төлөө зүтгэж ирсэн хүмүүсийг голлож сонгосон юм. Төрд хэн орж ирснээс үл хамааран нийтийн баялгаас үл хулгайлах тийм орчин нөхцөлийг тэр хүмүүс бүрдүүлж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч шинэ ажлын байр шил шилээ харан бий болж, амьдрах тавтай тухтай орчин өдөр ирэх бүр бүрэлдэж байв. Бизнес зөвхөн төрийнх байхаа болиод дээрээс нь хөрөнгө оруулалтын төслүүдийг ул суурьтай бодож боловсруулж, шударгаар шалгаруулаад ирэхээр заавал төрд шургалж байж бизнес хийх шаардлагагүй, харин ч сонирхлын зөрчил энээ тэрээ гээд тендер авахад төвөгтэй болоод эхэлсэн. Ер нь хүү минь авлига гэдэг юмны чинь гол аюул нь олны хийх бүтээх итгэл, сэтгэлийг алдагдуулдаг юм шүү дээ. Бизнесийн арга ухаан, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ уралдахын оронд төрд орох, ойртох арга сүвэгчлэх, хээл хахуулиараа уралдахаар улс орны хөгжлийн үндэс тасарч байгаа нь тэр дээ гэж хэлээд ширээгээ засаж дуусав. Гал тогооны өрөөнд орж ирээд зогсож байсан аавыгаа хүүхдүүд сая л анзаарч “Өө аав ажлаасаа ирчихэж” хэмээн хөөр болцгоов.
Хоол идэх зуур хоёр хүү нь аав ээж хоёроо ээлжлэн баахан асуултаар булж гарав. “Аав аа, манай улс уурхайгаас их мөнгө олсон уу, тэрийгээ юунд зарсан бэ?” гэнэ. “Эхэндээ ч тийм сайнгүй л байсан. Харин 2012 оны сонгуулийн дараа Оюу Толгой, Таван Толгой төслийн түншүүдтэйгээ гэрээг өөрчлөх тухайд харилцан нааштай тохиролцоонд хүрч цаашид байгуулагдах гэрээний нөхцөлүүдийг сайжруулахад зөвлөх дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдээс бүрдэх багийг байгуулж ажиллуулсан нь их үр дүнтэй болсон. Үүний үр дүнд чамлахааргүй мөнгө олох болсон. Тэр үед хэчнээн мөнгө олж байгааг мэдэх гэж зөндөө л юм болдог байсан. Одоо ч амар болж, өдөр бүр л цаг агаарын мэдээ шиг мэдээлж байна. Энэ жилийн олсон орлого өнөөдөр гэхэд 6,5 тэрбум долларт хүрээд байна гэсэн.
“Тэгээд мөнгөө юунд зарсан бэ? Дахиад л уурхай нээгээд байсан уу, аав аа?” гэж Баяраа шахамдуулав. “Бэлэн мөнгө замбараагүй тараахаа болиод уул уурхайн ашгийг тусгай санд төвлөрүүлсэн юм билээ. Иргэд ба төрийн харилцаа татвар дээр тогтдог юм. Иргэд, бизнесийнхий төлсөн татвар уул уурхайн тэр их орлого хоёрыг нэг тогоонд хийчихвэл иргэд төрөө хянаж байхад хэцүү болох тул байгалийн баягийн орлогыг тусад нь салгасан. Тэгж байж төрөө тунгалаг цомхон иргэдийнхээ төлөө болгож чадсан юм. Харин уул уурхайгаас орж ирдэг төрийн болон хувийн хэвшлийн тэр их наядаар тоологдох орлогыг ирээдүйн эрсдэлийн санд, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг чухал шаардлагатай салбарт олон нийтийн саналыг харгалзан зарцуулах жишиг тогтчихлоо. Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүнээ гүн боловсруулахад бас хэрэглэнэ шүү дээ. Зэсийн баяжмалаа боловсруулж цэвэр зэс гаргаж авдаг болсон нь их сайн хэрэг болсон. Зэсийг хот чимэглэл, орон байраа гоёх, ахуйн хэрэглээний сав суулга хийхэд ч бас их хэрэглэж байна. Хүний биед хортой элдэв янзын хуванцар сав суулгыг хүний эрүүл мэндэд тустай зэс сав суулгаар нь сольсонд ээж чинь маш их баяртай байгааг та хоёр мэднэ шүү дээ”.
Заяа нөхрийнхөө яриаг үргэлжлүүлэн “Манай Монгол шиг эмзэг байгаль орчинтой улс уурхай нээгдсний зоргоор ашиглаад байж болохгүй тул төр стратегийн гэгдэх томоохон ордуудаа ээлж дараатай ашиглахаар шийдсэн. Тэр нь ч оносон. Амьдрах өөр боломж мундахгүй байхад заавал энэ сайхан орноо сүйтгэж, байгаль орчноо доройтуулаад яахав дээ. Бид ямар 100 сая ард түмнийг тэжээх гэж байгаа биш. Ердөө гурав дөрөвхөн сая хүнд хийх сонирхолтой сайхан ажил зөндөө л байна” гэлээ.
5.
Цагаан сарын битүүний энэ өдөр 2021 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Японы хоёр эрдэмтэнтэй хамт авсан Дэмбэрэлийн Батсайхан эх орондоо түр ирж монголчууд анхны Нобелийн шагналт эх орон нэгтнээ угтаж авч баяр хөөр болцгоов. Монгол мэргэжилтнүүд олон улсад өндөр үнэлэгдэж, тив дэлхийн өнцөг булан бүрт чухал ажил алба хаших болсны нэг жишээ энэ билээ. Арваад жилийн өмнөөс хамгийн их эрдэм номтой хүүхдүүдээ шалгаруулж олон улсын аль том сургуулиудад олноор нь суралцуулах болсны үр дүн гарч байгаа энэ гэх. Үүний ачаар дотоодын их, дээд сургуулиуд ч сайн багшаар хангагдаж, өрсөлдөх чадвар нь сайжирч байна. Ингэж Монгол нутагт зөвхөн Оюу-Толгой орд үр өгөөжөө хайрлаад зогсохгүй, мөн Монгол хүний оюун ухаан, эрдэм билиг цар хүрээгээ тэлж байгаа нь үнэхээр бахархууштай. Одоо монголчууд алзахгүй.
Өнөөдөр 2022 оны 2 сарын 22- ны өдөр. Маргааш төмөр бар жилийн шинийн нэгэн болно. Азид төдийгүй дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө дээгүүрт орох болсон манай улсын үндэсний баярын өдөр. Энэ өдөр бүгд Монгол дээлээ өмсөж мянга мянган жилийн турш тэмдэглэсээр ирэхдээ өчүүхэн ч өөрчлөгдөөгүй их ёс заншил цагаан сарын золголт өргөн дэлгэр болох учиртай. Харин цагаан сараас бусад нь ихэд хувирч, тэгэхдээ сайн тал руугаа өөрчлөгджээ. Монгол түмний Заяа өнө мөнхөд дээшээ байг!
Эдийн засгийн үзүүлэлт
Үзүүлэлтүүд |
2011 он |
2016 он |
2021 он |
||
Нэг хүнд ногдох ДНБ |
2,786.13 |
8720.496498 |
17999.09957 |
||
ДНБ-ний бодит өсөлт |
15% |
6% |
7% |
||
Уул уурхайн төсвийн орлого |
733.82 |
2563.25 |
4203.2 |
||
Инфляци |
11% |
8% |
5% |
||
Ядуурлын түвшин |
39% |
20.40% |
10.70% |
Орлогын менежментийн үзүүлэлт |
2011/2009 он |
2021 он |
Тогтворжилтын сан (тэрбум) |
281 |
1600 |
Хүний хөгжлийн сан (тэрбум) |
0 |
1500 |
Хөгжлийн банк (тэрбум) |
50 |
3000 |
Орлогын менежментийн индекс |
38.2 |
78 |
Херфиндал индекс |
0.489 |
0.3 |
Засаглалын үзүүлэлт
Үзүүлэлтүүд |
2011 он |
2021 он |
Шударга ёсны индекс |
57 |
81 |
Банкуудын зээлжих эрхийн зэрэглэл |
9 |
5 |
Өрсөлдөх чадварын зэрэглэл |
96 |
65 |
Нээлттэй төсвийн индекс |
60 |
80 |
|