Олборлох салбарын ил тод байдал: Хаанаас эхлэх вэ?
Сэтгүүлч Д.Цэрэнжав
Алттай улс хоосорч, төмөртэй улс хөгждөг гэлцэнэ. Тэгвэл аль аль нь байдаг улс, тэр тусмаа аймаг, бас сум яадаг бол?
Сэлэнгэ аймагт алт, төмөр хоёроос их юм алга. Ноднин тус аймгийн нутаг дэвсгэрээс “Бороо гоулд” тэргүүтэй компаниуд болон нинжа нар нийлээд 10 гаруй тонн алт ухаж гаргасан нь Монголд олборлосон нийт алтны тэн хагас болсон баримтыг хэлэхэд хангалттай. Төмрийн хувьд сүүлийн жилүүдэд тасралтгүй шуугиулж зөрчил тэмцэлд дуудаж байгаа Төмөртэйн орд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог. 230 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, энэ хавьд нийтдээ 368 сая тонн бодит болон боломжит хvдрийн нөөц тогтоогдсон гэнэ. Эндээс 30-40 км-ын зайд Баянгол, Төмөртолгой, Хуст уулын гээд бас л том төмрийн ордууд орших аж. Өнөөдөр мал сүрэг, газар тариалан биш, харин төмрийн хүдэр ачсан машинууд Хүдэр, Ерөө нутгийн таних тэмдэг болжээ.
... Битүү тоос. Дархан-Сэлэнгийн замаас зүүн тийш Хэнтийн нурууг зүглэсэн гол замыг хүнд даацын хятад улаан машинууд бүрэн эзэгнэж хэдэн арван метр өндөрт дэгдэж хавь ойрын газрыг нэлэнхүйд нь хучих тоос босгон давхилдана. Тэнгэр бүрхэж нар тагласан тоосон дунд тэдэнтэй мөргөлдөхгүйн тулд гэгээн цагаан өдрөөр хүртэл зогсож тоос буухыг хүлээх энүүхэнд. Энэ хооронд дараачийн улаан машин чих дөжрүүлэн нүргэлсээр орж ирнэ...
Зүүн тийшээгээ газар дэлхийн өнгө улам тодорч ногоон, шар, улаан навчис алагласан намрын ой хөх тэнгэрийн хаяатай залгана. Ээлжит даваан дээр гарахад дахиад л битүү модтой уул нурууд алсын алсад униартна. Ийм диваажинд өөр юу хэрэгтэй юм бэ? Юун уул уурхай...
Бид Ерөө сумын нутгаар өгсөж уруудан явсаар Элээтийн голын орчимд алтны уурхай дээр ирлээ.
Хаягдсан уурхай юм байна. Эргэн тойрон овоолсон шороо ба нүхээр дүүрчээ. Дөрвөлжилж ухсан цөөрмийн мандал ер бусын үзэсгэлэнт нуур мэт толийно. Гэхдээ энд загас жараахай, усны ургамал нэг ч үгүй, алтны шороо угаасан үхмэл ус аж. Үхэр мал, хүн ойчвол гарах аргагүй эгц эрэг. Хажууханд нь зэвэрсэн төмөр, хэмхэрхий трактор, эксковатор гээд мэдэх мэдэхгүй элдэв техник, нурж хазайсан модон сарайнууд. Цахилгааны шугам татаж авчирснаа тас татаад хаячихаж.
Дайсны десант буугаад сөнөөчихөөд яваагүй байлтай. Ядахдаа энэ их төмрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт аваачиж тушаахгүй дээ. Ямар нэгэн компани эндээс алт ухаж дуусаад юмуу олигтой юм олоогүйдээ хорсож хаяад оргон зайлсан мэт.
Сураг сонсохнээ энэ шившигтэй компаний нэр “Рич Мөнх”, эзэн нь социализмын үеийн геологийн сайд, одоо ашигт малтмалыг зөв ашиглахын төлөө тэмцэгч тууштай тэмцэгч Хурц гуай өөрөө, эсвэл түүний хүү байх гэлцэнэ. Арай ч үгүй байлгүй дээ...
Алттай, мөнгөтэй сум баяжих нь баяжих байх, гэхдээ энэ янзаараа байвал баяжиж олсон тэр их мөнгөөрөө мод тарихад хүрэх биз ээ.
Цааш явсаар Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн ордыг үзлээ. Нэгэн сүрлэг уулын оройг модтой юутай нь задлаад ухчихсан газар юм байна.
1990-ээд оны сүүлчээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга байсан Л.Нацагдорж гэгч Төмөртэйн лицензийг өөрийн төрсөн эгч Л.Туяагийн БЛТ компанид сэмхэн шилжүүлээд хятадуудтай хамтарсан “Төмөртэйн хvдэр” ХХК байгуулж бараг хагас сая тонныг олборлоод байтал 2007 онд Монгол улс стратегийн орд газрын жагсаалтанд багтааж лицензийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн түүхийг бүгд сонссон байх. Гэтэл цаадуул нь энд олборлоод бэлтгэсэн 260 мянган тонн төмрийн хүдрээ нэхэж шүүхээр заргалдсаар өдий хүрсэн байна. .
Өнөөдөр Төмөртэйн ордод нам гүм. Учир нь Сэлэнгэ аймгийн шүүх БЛТ-ийн талд, харин Дархан-Уул аймгийн шүүх төмөрлөгийн үйлдвэрийн талд тэс өөр шийдвэр гаргаж хоёр талаас нь лацдаад хаачихжээ. Нэг ёсондоо Дархан, Сэлэнгийн хооронд Төмөртэйн ордын төлөө ширүүн тэмцэл өрнөж одоо тэнцсэн байдалтай гацжээ. Сэлэнгэ аймгийнхан гэхэд шүүхтэйгээ, Засаг даргатайгаа хамт БЛТ компанийн талд бат зогсдог гэлцэнэ. Одоо бүр Дархан, Сэлэнгийн нутгийн иргэдийн хөдөлгөөнүүд хүртэл хоёр хуваагдан зөрчилддөг болжээ.
Төмөртэйн ордын лицензийн учрыг Дархан, Сэлэнгийнхэн өөр өөрийнхөөрөө тайлбарлах юм. Нэг яриагаар бол Төмөртэйн бүлэг орд гэж бий, 6 хэсгээс бүрддэг, бүх лиценз нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд шилжих ёстой, нөгөө яриагаар бол зөвхөн гурав нь хамаатай, үлдсэнийг нь монгол нэртэй хятадын мэдлийн компани эзэмшдэг гэх мэт.
Энэ хооронд “Эрдэс групп” нэртэй компани Төмөртэйн хажууханд амжуулж өгч байна аа. Бүр Төмөртэйн голын ай савд Тэд лацадсан том ордын хажуу бөөрнөөс хэсэгхэн газрыг тасалж ой модноос “цэвэрлэж” аваад ил уурхай малтаж хүдэр олборлож байна. Лицензийг нь эзэмшдэг болсон байх...
Ашигт малтмалын стратегийн орд газрын жагсаалтыг баталсан УИХ-ын 2007 оны
2-р сарын 6 өдрийн 27 дугаар тогтоолд
Ордын нэр |
Ашигт малтмалын төрөл |
Байршил |
Нөөц |
Төмөртэй |
Төмрийн хүдэр |
Сэлэнгэ, Хүдэр |
229.3 сая/тонн 51.15% Fe |
гэж оруулсан билээ. Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн олон орд бий. Тэгвэл Төмөртэйн орд гэж чухам алийг нь хэлээд байна? Тэр хавийн ордууд бүгд орохгүй юм уу? Улаанбаатарт тухалж лиценз зөвшөөрөл лицензийг олгодог дарга, албан тушаалтнууд санаатай санаагүй будлиулсаар байгаад Төмөртэйн орд газрыг хэд мөчилж тараасан бололтой юм. Бүр анх 1990 онд Дарханд төмөрлөгийн аварга том үйлдвэрийг байгуулахад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 160-р тогтоолоор түүхий эдийн түшиц газар нь Төмөртэйгээс гадна Ерөө сумын нутаг дахь Баянголын орд гэж заасан байжээ.
Өнгөрсөн жилүүдэд Ерөө сумын нутаг дахь Баянголын төмрийн хүдрийн ордыг улсын хөрөнгөөр хайгууль хийгдээгүй гэсэн тайлбартайгаар салгаж лицензийг нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д шилжүүлсэн. Нийт тогтоогдсон нөөц 82,5 сая тонн байгаа ч ордын хэмжээнд таамагласан нөөц 150 сая тонн байх магадлалтай.
Тус компани 2007 оноос эндэээс төмрийн хүдэр олборлож баяжуулан Шаамар сумын Дулаанхааны өртөө хүртэл машинаар зөөж вагонд ачаалан Хятад руу гаргаад эхэлсэн байна. Үүний тулд ил уурхай, ажилчдын тосгон байгуулж Бугантаас өндөр хүчдэл татаж Мобикомын станцыг хүртэл байгуулаад авч. Өнөөдөр уурхайд 350 хүн, мөн төмөр зам барихад болон Дулаанхаанд ачих буулгах ажилд гээд нийт 650 хүн ажилладаг. Ихэнхийг орон нутгаас элсүүлжээ. Уул уурхайн бусад компаниудын нэгэн адилаар хавийн сумдад тусалж нийт 270 сая төгрөг зарцуулсан гэнэ.
Одоо энд төмөр зам тавьж байна. Дулаанхаан өртөөнөөс уурхайгаа хүртэлх 98,5 км төмөр замыг дөрвөн өртөөтэйгээр ирэх онд ашиглалтанд оруулах ба үүнд нийт 150 сая доллар зарцуулна. Уурхайн нийт хөрөнгө оруулалт 176 тэрбум төгрөг бөгөөд эхний 8 жилд хөрөнгө оруулалтаа нөхөж 25-30 жил ашиглана. Бас 2010 оноос Дулаанхаанд жилд 500 тонн ган ширэм хайлах дунд оврын металллургын үйлдвэрийг 185-190 сая төгрөгийн өртөгтэйгээр байгуулж хар металл хийцийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөжээ.
Сэлэнгэ аймгийн төвд Олборлох салбарын ил тод байдлын төлөө иргэний нийгмийн эвслээс Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудыг хамруулан зохион байгуулсан “Уул уурхайн ил тод байдал“ бүсийн уулзалт-хэлэлцүүлэгт оролцогсдод зориулж “Болдтөмөр Ерөө гол” компанийн төлөөлөгчид энэ бүгдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Ийм их хөрөнгө оруулалтыг ямар мундаг компани гаргаад байна гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Гэвч “Дорнын говь” ХХК-ийн охин компани гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Тэрхүү “Дорнын говь” гэж мах экспортолдог компанийн сураг дуулддаг билээ.
Сэлэнгэ аймаг дахь төмрийн хүдрийн ордуудад гэнэт ийм их хөрөнгө оруулалт цутгах болсны ард дандаа хятадууд байдаг гэлцэнэ. Эндхийн төмрийн хүдрийн баялгийг хятадууд яаж ийгээд ховх сорох нь гарцаагүй.
Нэгэнт олборлох нь гарцаагүй учраас нутгийн иргэд ахиухан орлого, хандив тусламж, ажлын байр хүсэхийн зэрэгцээ уул усаа аль болох бага сүйтгүүлж, ахиухан нөхөн сэргээхийг хүсч байна.
- Нутгийн иргэдийн шаардлагаар Хүдэр сумын ИТХ “алттай сум хоосорч, төмөртэй сум хөгждөг” гэж үзээд 2008 оны 7-р сарын 2-нд хуралдаж дараах тогтоол гаргажээ. Үүнд,
- “Сумын нутаг дэвсгэр дэх зарим гол горхи ширгэж, усны түвшин эрс багасаж, байгаль орчны болон усны бохирдол ихсэж цаашдаа энэ байдал хүндрэх хандлагатай байгааг тэмдэглээд сумын ИТХ-аас ТОГТООХ нь:
Нэг. Хүдэр голын эх ай сав газруудад алтны хайгуул болон олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг 2009 оны 1-р сарын 1-нээс эхлэн хязгаарлах тухай саналыг дэмжсүгэй
Хоёр. Дээрх газруудад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах тухай асуудлыг аймгийн ИТХ болон АМГТХЭГ-т тавьж шийдвэрлүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэсэн байна.
Аймгийн ИТХ дэмжсэн эсэхийг бүү мэд, харин АМГТХЭГ-ийн Кадастрын албаны дарга Т.Бат-Оргил гайхалтай шуурхай хариу өгч дээрх санал Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байна, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, ноцтой хохирол учруулсныг нотлох хэрэгтэй гэсэн хариу илгээн няцаасан байх юм. Улаанбаатарт суугаа албан тушаалтан Сэлэнгийн зүүн хойт нутаг хэрхэн сүйдэж эхэлснийг хараагүй байж болно, гэхдээ үүнийг өдөр болгон харж мэдэрч нутгийн иргэдийг төлөөлдөг орон нутгийг ийнхүү доромжилжээ. Чухам ингэж ИТХ юу ч чаддаггүй учраас сум болгонд иргэдийн хөдөлгөөнүүд гарч ирсэн билээ.
Хүдэр суманд 360-аад иргэдийг нэгтгэсэн “Хүдэр гол” хөдөлгөөн жилийн өмнө байгуулагджээ. Тэд бас алт олборлохын эсрэг бөгөөд өнгөрсөн хавар 80 хүн цуглуулан “Зүв гол” компанийн алтны уурхай дээр очиж үйл ажиллагааг нь зогсоосон удаатай. Харин төмрийн хүдрийг ашиглахыг төлөө бөгөөд дүрмэндээ “Төмөртэйн ордыг нутгийн иргэдийн оролцоотойгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх” гэсэн заалт оруулжээ. Хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсайхан ярихдаа,
- Бид баян нутгийн ядуу иргэд болжээ. Манай Хүдэр суманд 2000 гаруй хүн амьдардагаас төсвийн байгууллагын 100-аас бусад нь ажилгүй. Би гучин хэдэн настай залуу хүн, гэтэл надад ажил олддоггүй. Бид Төмөртэйг ашиглахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дэмжиж байсан, одоо “Эрдэс” группийг дэмжиж байна. Бид Төмөртэйн ордыг ашиглахыг арван хэдэн жил хүлээж байна гэж ярилаа.
Тэгээд ашиглаж эхлэхэд юу саад болоод байгаа юм бэ? Өнгөцхөн харахад Төмөртэйн ордыг хоёр талаас нь лацадсан Дархан, Сэлэнгийн шүүхийн шийдвэр гацаасан мэт. Гэтэл энэ бол лиценз зөвшөөрлийг тойрсон будлианы мөсөн уулын зөвхөн цухуйж байгаа хэсэг.
... Гэнэт компани гарч ирээд танай тэр газарт энэ лицензийг авсан гээд ухаад эхэлдэг. Баахан сүйтгэсний дараа зугатаад явчихдаг. Ерөө сумын “Ардын элч” хөдөлгөөний Д.Нямхүү ярихдаа, манай сумын нутагт татвараа төлөхгүй зугатсан “Эрдэс холдинг” нэртэй компани зүсээ хувиргаж одоо Хүдэр сумын нутагт “Эрдэс групп” нэрээр гарч ирээд төмрийн хүдэр олборлож байна гээд Төмөртэйн бөөрнөөс мэрж байгаа компанийг илчиллээ. Ингэж дарлуулах ч гэж дээ.
Компаниуд зөвхөн аймаг, сумын ИТХ-ын дарга юмуу Засаг дарга гээд албан тушаалтнуудтай “тулж ажилладаг”. Тэд иргэдээсээ асуухгүйгээр сэмхэн шийдчихдэг. Хүдэр сумын ИТХ-ын дарга Ж.Пүрэв, Засаг дарга Б.Мөнхтөр нар өөрсдөө дур мэдэн “Зүв гол”, “Эрдэс групп”-д зөвшөөрсөн бичгийг сэмхэн хийж өгчихсөн байх жишээтэй, үүнийг нь “Хүдэр гол” хөдөлгөөнийхөн илчилж хэвлэл мэдээллийг дуудаж байж зогсоосныг дээрх уулзалт-ярилцлагын үеэр “та нар намайг хаваржингаа зурагтаар гаргасан” хэмээн гоморхож суусан. Нутаг орноо сүйдсэнд харамсаж дуугарахгүй байна лээ.
Бүсийн уулзалт–хэлэлцүүлгээр ярилцсан ямар ч асуудал яваандаа ямар лиценз, хаанаас олгосон, ямар албан тушаалтан зөвшөөрсөн, эзэн нь хэн бэ гэх мэт асуултын хариуг нэхсэн яриа болон хувирч байлаа.
Хэлэлцүүлгийг нээж илтгэл тавьсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж “Нөхөд өө!” гэж эхэлсэн илтгэлдээ “Ашигт малтмалын хайгуул, ашиглалт улс, аймаг, сум орон нутгийн хөгжилд чухал ач холбогдол өгч байгаа хэдий ч хайгууль олборлолтын үйл ажиллагаагаар газрын хөрсийг ихээр хөндөн сүйтгэж төрх шинжийг нь алдагдуулсан байгаль, хөрс ургамлыг нөхөн сэргээх ажил ор нэр төдий сэтгэл дутсан байдлаар туйлын хангалтгүй хийгдэж байгаагийн зэрэгцээ олон салаа зам гаргаж хөрс ургамлыг устгаж тоосжилт их үүсгэн орчныг их хэмжээгээр бохирдуулж доройтуулж байна... Ерөө, Туул, Хараа, Тариат, Хүдэр, Бэрлэг, Ялбаг, Бугант, Толгойт зэрэг гольдрилын дагуу хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд голын гольдрилыг дур мэдэн өөрчлөх, бохирдуулах зэргээр зохисгүй ашигласнаас голын урсацад сөргөөр нөлөөлж усны түвшинг эрс багасгаж байна.... 1460 га талбайн байгалийн унаган төрх бүрэн алдагдаад байгаа эмгэнэлт тооцоо гараад байна...ямар ч зөвшөөрөлгүй байж технологийн туршилт олборлолт явуулдаг” гэхчлэн зоригтойгоор шүүмжилсэн оролцогчдийг сэрдхийлгэсэн мөртлөө нэг ч захирлын байтугай компанийн нэрийг дурдсангүй. Лав Сэлэнгэ аймгийн удирдлагын зүгээс тэдэнтэй хариуцлага тооцож чаддаггүй юм байна гэж ойлгогдсон.
Дүгнэж хэлбэл, Сэлэнгэ аймагт ашигт малтмалын лиценз зөвшөөрөл тэдгээрийг эзэмшдэг компанийн мэдээлэл төмрийн хүдэр ачсан хятад улаан машины босгосон тоосонд булагдсан мэт байна. “Олборлох салбарын ил тод байдал” бүсийн уулзалт –хэлэлцүүлэг “Орон нутгаас эхлэнэ” уриатай байлаа. Харамсалтай нь Улаанбаатараас эхлэхээс өөр ямар ч арга алга. Яагаад гэвэл уул уурхайн компаниуд бүгдээрээ зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй, эзэд ноёд нь зөвхөн нийслэлд амьдардаг, хайгуулын болоод ашиглалтын лиценз, зөвшөөрлийг төрийн яам тамгын газрууд өгдөг, ухаж малтах төсөл, төлөвлөгөөг нь зөвхөн Улаанбаатарт хянаж баталдаг, хожим тэдэнтэй хөөцөлдөж заргалдахад Улаанбаатар луу зугатаад далд ордог билээ.
Сэлэнгэ аймагт ашигт малтмалыг орд газрыг эзэмшихыг иргэд, хөдөлгөөнүүд гацаагаад байгаа юм алга. Гагцхүү өссөн төрсөн нутаг орондоо амьдарч байгаа иргэдийг үл тоомсорлон бүх асуудлыг Улаанбаатарт дур зоргоороо шийдээд байгааг эсэргүүцэж байна. Зөвхөн Ерөө сумын нутагт гэхэд тусгай хамгаалалтай газарт 45 лиценз олгочихоод байгааг юу гэх вэ?
Уулзалт-ярилцлага дээр зарим оролцогч “АМГТХЭГ-ийнхан бидэнд маш их гай болсон. Та нар өөрсдийгөө өмөөөрөх ёс суртахууны эрх байхгүй, ашигт малтмалын хуулийг засахгүй бол, дээгүүр байгаа хүмүүсийг янзлахгүй бол байдал өөрчлөгдөхгүй” гэж хэлж байлаа.
Ашигт малтмалын шинэ нэртэй нэгэнт хуучирсан хуулиар АМГТХЭГ уул уурхайн лиценз зөвшөөрөл олгохын өмнө орон нутаг руу бичиг явуулах ёстой ба хэрвээ тухайн ИТХ 30 хоногийн дотор хэлэлцээд хариу ирүүлээгүй бол зөвшөөрсөнд тооцох тухай заалт оруулсан билээ. Ихэнх тохиолдолд боломжгүй хугацаа. Лицензийн талаар нягтлан судлах, нэмэлт мэдээлэл шаардах, лиценцийн талбайг нягтлах, иргэдийнхээ саналыг авч хэлэлцүүлэх байтугай хотоос бичиг авч илгээхэд ч багадна.
“Мэдэхгүй мянган үгний таглаа” гэдэг шиг АМГТХЭГ-ийнхан ашигт малтмалын лицензийг хаана, хэнд олгосон, шилжүүлсэн тухай мэдээллийг вэб сайтад тавьдаг болсон гэсэн ганц хариултаар иргэд, олон нийтийн амыг хаадаг аргатай болжээ.
Гэхдээ Хүдэр юмуу Ерөө сумын иргэд аймгийн төв, эсвэл бүр хот орж ирээд тэр Интернэтэд үзлээ гэж бодоход лицензийн дугаар, компанийн нэрнээс цааш юу ч олж мэдэхгүй. Ямар үндэслэлээр олгосон, хаанаас эхэлж хаана хүрсэн талбай болох, компанийн эзэмшлийн тухай юу ч байхгүй. Ингээд орон нутагт Засаг даргаасаа эхлээд иргэдийн хөдөлгөөнүүд уул уурхайн компаниудын араас хий дэмий хөөцөлдөх ажилтай болжээ. Гэхдээ нийслэлчүүд хотынхоо төвд хүүхдийн тоглоомын талбай руу дайрсан компанийн ил далд эздийг илчилж чадахгүй байхад хөдөөгийн иргэд Улаанбаатар нуугдаастай компанийг яаж олохов.
Одоо болсоон.
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн санал 30 хоногийн дотор ирэхгүй бол зөвшөөрсөнд тооцдог журмыг орон нутгаас хариу иртэл хүлээдэг механизмаар солих хэрэгтэй. Компаниуд яараад байвал орон нутагт очиж нутгийн иргэдтэй улаан нүүрээрээ уулзаж ам тангарагаа өгч байж зөвшөөрлөө авна биз. Хамгийн гол нь АМГТХЭГ шинээр олгох буюу шилжүүлэхийн өмнө ашигт малтмалын лиценз зөвшөөрөл, түүнийг эзэмшигч компаниудын талаар бүрэн дүүрэн мэдээллийг олон нийтэд, ялангуяа тухайн аймаг, сумын иргэдэд хүргэдэг ил тодын тогтолцоог бүрдүүлэх цаг болжээ.
Иргэд мэдэхгүйгээсээ болж лицензийн наймаачид болон уул уурхайн компаниудад дарлуулсаар байна. Ил тод байлгах шиг хатуу хяналт үгүй. Хэрвээ иргэд элдэв гоулд, рич, ресорс, майнзийн цаана чухам хэн байгааг мэдвэл сая хариуцлага эхлэнэ. Улаанбаатар луу зугатаад ч мултрахгүй. Хариуцлагатай уул уурхай ил тод байдлаас, тэгэхдээ Улаанбаатар дахь ил тод байдлаас эхлэнэ.