МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн мөрийн хөтөлбөр /”Үнэн” сонины ¹072-т нийтлэгдснээр/
Уриа: Хөгжлийн төлөө зүтгэл
Хүний төлөө сэтгэл
Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, өсөлтийн замд орлоо. Улс төрийн ардчилсан тогтолцоо зүгширч, ардчиллын үнэт зүйлс бэхжиж, иргэдийн итгэл үнэмшил, ажил амьдралын хэм хэмжээ болон төлөвшиж байна.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт бие даасан байр сууриа эзэлсэн, даяаршлын үйл явцад идэвхтэй оролцогч, ардчиллыг сэргээн тогтоосон хөгжиж буй орны тоонд зүй ёсоор багтах болов.
Монголын ард түмэн эх оронч сэтгэл, хөдөлмөр, зүтгэлийнхээ үрээр ардчилсан үйл явцын сорилт бэрхшээл, шилжилтийн хүндхэн зурвас үеийг шантралгүй туулж, улс орон маань хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирзв.
Хөгжлийн шинэ үе шатанд монголчууд бид:
- Улсынхаа эдийн засгийн чадамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Засаг төрийнхөө ардчилсан, хариуцлагатай, хяналттай үйл ажиллагааг бэхжүүлэх,
- Нийгмээ ажилгүйдэл, ядуурал, хүнд суртал, авилга, хээл хахууль, шударга бус явдлаас ангижруулах,
- Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд аж төрж, өндөр боловсрол эзэмшиж, чинээлэг хангалуун, тайван амьдрах боломжоор хангах түүхэн зорилтыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх алхам хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч миний бие түмэн олныхоо язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, эх орныхоо нэр төр, хууль цаазыг дээдлэн эрхэмлэж, үе үеийн Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчдийн ажил үйлс, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг чандлан хадгалж, ард түмнийхээ бүтээлч үйл хэргийн ололт, амжилт бүхнийг бататган бэхжүүлж, хөгжлийн шинэ үеийн дуудлага, шаардлагыг гүйцэлдүүлж, сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөреө боловсруулан Сонгогч олноо толилуулж байна.
Миний бие энэхүү Мөрийн хөтөлбөрөө МАХН-ын гишүүдээс авсан судалгаанд тулгуурлан Удирдах зөвлөл, Сонгуулийн төв комиссоос боловсруулсан төсөлд үндэслэн томъёолж, намын Бага хурлын гишүүд, УИХ болон Засгийн газар дахь МАХН-ын гишүүдийнхээ санал дүгнэлтийг авч баяжуулсан билээ.
Сонгуулийн сурталчилгааны явцад сонгогч Та бүхнийхээ үнэт санал бодол, оюун билгийн эх дээжийг тунгаан авч, Мөрийн хөтөлбөрөө улам чамбайруулан, төгөлдөржүүлэх болно.
Нэр дэвшигч миний бие Мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулгаа :
- Иргэний эрх, эрх чөлөө, иргэдийн бүх талын оролцоо, хариуцлагатай төрийн байгууламжуудын хууль ёсны шүтэлцээнд түшиглэсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх,
- Иргэн бүрийн бүтээлч хөдөлмөр, шударга өрсөлдөөнд үндэслэсэн, зах зээлийн болон төрийн зохицуулалтыи зохист хэм хэмжээг хосолсон соёлтой бизнес, хөгжлийн суурь бүтээн байгуулалтыг дэмжих явдал хэмээн томъёолж байна.
ҮҮНИЙ ТУЛ ӨРГӨН ТОЛИЛУУЛАХ НЬ
Нэг.Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, төрийн байгууллын тогтолцооны тэнцвэртэй, хяналттай байдлыг хангах
-
· Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, үүргээ шударгаар биелүүлнэ.
-
· Үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх үйлсэд улс үндэстнийхээ түүх, соёлын уламжлал, ардчиллын байгууламжуудын хүчин чадлыг дүүрэн ашиглаж, нийгмийн шудрага ёсны төлөвшилд ёс суртахууны үлгэр үзүүлнэ.
-
·Монгол төрийн тэргүүний хувьд төрийн байгууллын тогтолцооны тэнцвэртэй, хяналттай байдлыг хангаж, санаачилгатай, мэдрэмжтэй байх зарчим баримтална.
-
· Засаг төрийн байгууллагууд хууль дээдлэх, ардчилсан зарчмыг баримтлан үр ашигтай, шуурхай, хариуцлагатай ажиллах эрхзүйн орчинг боловсронгуй болгоно. Төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдыг хамарсан хариуцлагын тогтолцоог төлөвшүүлнэ.
-
· Монголын нийгмийн улстөрийн тогтолцоог төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд ардчиллын сонгодог загвар болох Парламентат ёсыг төгөлдөржүүлэхийг дэмжинэ.
-
· Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлж, эх орныхоо хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үүднээс улстөрийн нам хүчин, төрийн болон төрийн бус байгууллагуудын зарчимч, бүтээлч хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ.
-
· Ардчилсан төрийн хууль хэрэгжүүддэг байх орчин нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх, үндэстний эрхэмсэг оршихуйг дээдлэх, ард түмний амгалан тайван аж төрөх нөхцлийг ханган ажиллана.
-
· Монгол орны нийгмийн баялгийг гардан бүтээн байгуулагч гол хүч болсон жирийн малчин, тариаланч, ажилчин олон түмнийхээ хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж, урамшуулахад илүүтэй анхаарна.
Хоёр. Эдийн засгийн өсөлтийг бататгаж, чадавхийг бэхжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх
- Макро эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүдийн тэнцвэрт харьцааг сайжруулах, төсөв, санхүүгийн болон эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх боломжийг дайчлан ашиглана.
- Үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, жижиг, дунд бизнесийг дэмжих, банк, санхүүгийн үйлчилгээг сайжруулах замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах үндсэн дээр эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хангах бодлогыг төр, засгийн бодлогын анхаарлын төвд байлгана.
- Байгаль, цаг уурын нөхцөлөөс бага хамааралтай, өндөр үр ашигтай, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн фермерүүдийг бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
- Гамшгаас сэрэмжлүүлэх, гамшгийн болон түүний дараа үед шуурхай ажиллах үндэсний сүлжээ бий болгоно.
- Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
- Монгол Улсын иргэд газраа өмчлөн эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах эрхзүйн орчинг сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглана.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын хөрөнгө оруулалтыг урамшуулахад чиглэгдсэн хөтөлбөр, төслүүдийг санаачлан боловсруулах, гааль, татварын бодлогоор дэмжих бодлогыг ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
Гурав. Мэдлэг, мэдээлэл, шинэ технологи, оюуны соёлыг улс орны хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болгох
- Дэлхийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх, орчин цагийн шинжлэх ухааны өндөр мэдлэг, мэдээллийн шинэ технологи эзэмшсэн, бодит чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ.
- Үндэсний шинжлэх ухааны чадамжийг бэхжүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтийн тулгуур хүчин зүйл болгох, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдэд түлхүү анхаарна.
- Мэдээлэл, холбооны суурь сүлжээний багтаамжийг нэмэгдүүлж, мэдээлэл харилцааны орчин үеийн технологийг төрийн үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлалын салбарт эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Оюуны соёлын хүрээнд бүтээлч сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр соёл, урлагийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, энэ салбар зах зээлийн харилцааны нийтлэг жишгээр хөгжих нөхцөлийг бүрдүүлэн төрийн дэмжлэг, зохицуулалтыг оновчтой болгоход анхаарна.
Дөрөв. Суурь бүтээн байгуулалт, дэд бүтэц, аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх
- "Мянганы зам", "Эрчим хүчний нэгдсэн сүлжээ", мэдээлэл, харилцаа холбооны хөтөлбөр зэрэг суурь бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн, тэдгээрийн үр өгөөжийг нийгэм, олон түмэнд бодитой хүргэнэ.
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн тулгуур төвүүд, амйгийн төв, сум, суурин газруудыг холбосон болон дотоод дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрыг барилгажуулах, тохижуулах бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
- Нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглах замаар хөдөөгийн сум суурин, малчин айл өрхийг эрчим хүчээр хангах хүрээг өргөжүүлнэ.
- Том хот, суурин газруудад утаагүй түлш, хийн түлш ашиглах зэргээр утаа, тоосгүй орчин бий болгох, сумын төв, суурин газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангахад Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлнэ.
- Агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлж, түүнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн нислэгийн зориулалт бүхий онгоцны парк шинэчлэхэд гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Аялал жуулчлалын гол бүс нутгуудад жуулчлалын цогцолбор байгуулах, дэд бүтцийг өргөтгөх үндсэн дээр аялал жуулчлалын олон төрлийг хөгжүүлж, дотоодын аялал жуулчлалыг дэмжинэ.
Тав. Иргэд, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх, шударга чинээлэг нийгмийг төлөвшүүлэх
- Монголын эдийн засгийн өсөлтийн өнөөгийн түвшинг хадгалах бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, эдийн засгийн өсөлтөөс олсон үндэсний орлогын 50 хувийг жил бүр улс орныхоо нийгмийн салбарт зарцуулж, иргэдийн амьжиргаавы түвшинг дээшлүүлэхэд шууд зарцуулдаг журам тогтоох хуулийн төслийг санаачилан УИХ-аар батлуулан мөрдөх ажлыг эн тэргүүнд хэрэгжүүлнэ.
- Хүн амын орлогыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгох, сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах, мэргэжлийн сургалтыг өргөтгөхөд Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ.
- Үндэсний үйлдвэрлэгчид, жижиг бизнес эрхлэгчид, иргэд, малчид, тариаланчдын байгуулсан хоршоо, нөхөрлөлүүдийг бага хүүтэй зээлээр дэмжих замаар ажлын байраа тогтвортой хадгалах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг өргөтгөхөд анхаарна.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, нийгмийн эмзэг хэсэгт зориулан төрөөс олгож байгаа хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, энэ үндсэн дээр нэн ядуу, ядуу айл өрхийн амьжиргааг тууштай дээшлүүлэхийг зорино.
- Эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг хангаж, даатгалтай иргэнд үзүүлэх урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
- Иргэдийн эрүүл ахуйн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүний эрүүл мэндийн "32 цагаан манаач" болсон шүдийг эрүүлжүүлэх Ерөнхийлөгчийн тусгай Хөтөлбөрийг санаачилан ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
- Нийгмийн хамгааллын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгон үйлчилгээний чанар, хүртээмжийг нь нэмэгдүүлж, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн хангамж үйлчилгээг сайжруулна.
- Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө идэр насандаа амь бие, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө үл хайрлан тэмцэж, бүтээн байгуулж ирсэн ахмад үеийнхнийхээ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд авна.
Зургаа. Ардчилсан засаглал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, эрхзүйн шннэтгэлийг эрчимжүүлэх
- Иргэд сонгогчиддоо ил тод мэдээлж тайлагнадаг, харилцан хариуцлага хүлээж, хяналт тавьдаг ардчилсан засаглалыг бэхжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтална.
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, түүний удирдлагыг боловсронгуй болгох талаар Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
- Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, иргэний нийгмийн болон иргэдийн оролцоог дэмжинэ.
- Төрийн албыг мэргэшүүлэх, чадваржуулах үүднээс төрийн албан хаагчдын сонгон шалгаруулах тогтолцоог төгөлдөржүүлж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна.
- Шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгчдийн үйл ажиллагааны эрхзүйн үндсийг боловсронгуй болгож, тэдний хүртээмжтэй, шударга мэдрэмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, шүүгчийн ёсзүйн байдалд хяналт тавих, зөрчлийг илрүүлж арилгах тогтолцоог бэхжүүлж, боловсронгуй болгоно.
- Анхан шатны шүүгчдийг ард түмний шууд сонголтоор шүүгчдийн дундаас сонгон шалгаруулдаг шүүхийн шударга тогтолцооны эрхзүйн үндсийг бүрдүүлнэ.
- Гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй иж бүрэн механизм бүрдүүлэх чиглэлээр засаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
- Нийгмийн дэг журмыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг сайжруулах, авилгал, архидалт зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд эвлэршгүй тэмцэнэ.
- Нийгмийг удирдах үйл явцад төрийн бус байгууллага (ТББ), иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллана.
Долоо. Гадаад харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлэх
- Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хадгалан үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Мовгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон тулгуурт, нээлттэй, бие даасан, идэвхтэй гадаад бодлого явуулна.
- Даяаршлын үйл явц, олон улсын харилцааны өнөөгийн байдал, улс орны нийгмийн амьдралд гарсан өөрчлөлтөд нийцүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна.
- Аюулгүй байдлын шинэ орчин, улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог хөгжүүлнэ.
- Төрийн цэргийн бодлогын дагуу зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, цэргийн анги, салбаруудыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэн оролцуулна.
- Улс орноо олон улсын терроризмын аюулаас сэргийлэх нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
- Гадаад оронд сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Үндэсний соёл, урлаг, спортын нандин өв, ариун дагшин уламжлалаа баяжуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн хөдөлгөөнийг улам эрчимжүүлэхэд анхаарна.
- Эх оронч үзэл, үндэсний бахархлыг нийгмийг нягтруулагч, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч суурь үзэл санаа болгон хөгжүүлнэ.
Дэвшүүлэн буй хөтөлбөрийг маань дэмжиж, сонгогч олон түмэн надад итгэл хүлээлгэвээс Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хичээн зүтгэхээ батлан илэрхийлж байна.
Төрийн мэлмий тунгалаг
Түмний сонголт мэргэн байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2005 ОНЫ
СОНГУУЛЬД МАХН-ААС НЭР ДЭВШИГЧ
НАМБАРЫН ЭНХБАЯР
2005 оны 4 дүгээр сарын 08. Улаанбаатар хот