“Монгол Улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал” сэдэвт судалгааны тайланг олон нийтэд танилцуулна

A- A A+
“Монгол Улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал” сэдэвт  судалгааны  тайланг олон нийтэд танилцуулна

2005 оны 10 дугаар сарын 4. Хаан Палас зочид буудал

Нээлттэй Нийгэм Форум АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Үндэсний Статистикийн газартай хамтран АНУ-ын Мэриландын их сургуулийн зөвлөх багийн удирдлага дор хэрэгжүүлсэн “Монгол Улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал” сэдэвт түүвэр судалгааны ажлын тайланг 2005 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Хаан Палас зочид буудалд олон нийтэд танилцууллаа.

Уг судалгааны зорилго нь шилжилтийн үед ихээхэн цар хүрээгээ тэлсэн албан бус сектор буюу бүртгэлгүйгээр гол төлөв жижиг үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн бүтээж буй баялгийн хэмжээг тооцохын хамт албан бус хэлбэрээр бизнес эрхлэх шалтгаан, үр дагаврын талаар судлах явдал байв. Үүнд нийгмийн бүтээж буй баялгийн түгээмэл хэмжүүр болсон дотоодын нийт бүтээгдэхүүнд уг салбарын оруулж буй хувь нэмэр, албан бус секторт орох буюу гарах шийдвэрт нөлөөлж буй бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид уг салбар эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах явдлыг хангахын тулд бодлогын ямар арга хэмжээ авах талаар санал зөвлөмж боловсруулсан байна.

Судалгааны дүнгээр албан бус сектор (судалгаанд үүнийг сүүдэр эдийн засгаас ялгаатай тодорхойлсон болохыг анхаарна уу)-ын хэмжээ 2004 онд ҮСГ-ын тооцоолсоноор 10 орчим хувьтай байгаагаас илүү буюу 10-23 хувьтай байгаа нь харагдлаа. 2004 оны 9 дүгээр сард ойролцоогоор 286,000 өрх хувиараа хөдөлмөр эрхэлсний орлого олж байсан ба эдгээр нь мал аж ахуйн салбар (49 хувь), мал аж ахуйн бус албан бус сектор (46 хувь) болон албан секторт (5 хувь) ногдож байна. Хувиараа хөдөлмөр эрхлэлтийг бүс нутгийн байдлаар авч үзэхэд мал аж ахуйн бус албан бус секторын хувьд Зүүн бүсэд 19 хувьтайгаас эхлээд Улаанбаатарт 86 хувь хүртэл янз бүр байна. Байршлын ялгаа ч бас их байлаа. Мал аж ахуйн бус албан бус сектор дахь хувиараа хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувь хөдөөд 5 хувьтайгаас эхлээд сумын төвд 73 хувь, аймгийн төвд 82 хувь байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэлтийг эдийн засгийн салбарын бүтцээр авч үзвэл худалдааны үйл ажиллагаа, түүний дотор бөөний ба жижиглэнгийн худалдаа, засвар үйлчилгээ нийлээд албан ба албан бус сектор дахь нийт хувиараа хөдөлмөр эрхлэлтийн 50 хувийг эзэлж байгааг олж тогтоов. Гэхдээ худалдааны салбар дотор нь авч үзвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч өрхийн 90 хувь нь албан бус секторт байхад дөнгөж 10 хувь нь албан секторын бизнес байв. Албан бус секторын өрхийн тоогоор дараагийн том эдийн засгийн салбарт үйлдвэрлэл (20 хувь), тээвэр, агуулах, харилцаа холбоо (11 хувь)-ны салбарууд орж байна. Эцэст нь, албан ёсны хувиараа эрхлэх аж ахуйнууд дунджаар 4.9 ажилтантай (эзнийг нь оруулаад) байгаа нь дунджаар 2.3 ажилтантай албан бус секторын аж ахуйнуудаас бараг хоёр дахин том хэмжээтэй байна.

Хэлэлцүүлэгийн тэмдэглэл
[HTML]       [PDF]

Уулзалтын хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН АЛБАН БУС СЕКТОРЫН ХАМРАХ ХҮРЭЭ, ТӨЛӨВ БАЙДАЛ

Танилцуулга

НЭГДҮГЭЭР БОТЬ : Үндсэн тайлан

ХОЁРДУГААР БОТЬ

ГУРАВДУГААР БОТЬ