Нээлттэй Нийгэм Форум, “Монсудар” хэвлэлийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа орчуулгын төслийн хүрээнд эрхлэн гаргасан номын дээжийг 2005 оны 10 дугаар сарын 14-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд танилцууллаа. Уг төслийн хүрээнд нийт 10 гаруй номыг орчуулж эхэлсэн бөгөөд Дэвид Боазын “Либертарианизм”, Айзек Азимовын “Эхлэлийн эхлэл”, Даниел Ж. Бурстины “Америк орон: Ардчиллын туршлага”, Майкл Фейрбенкс, Стэйс Линдсей нарын “Далайг хагалах нь: Эдийн засгийн хөгжлийн нуугдмал боломжийг ашиглах нь”, Самуэл Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” гэсэн таван ном хэвлэгдээд байгаа юм. Эдгээр номыг олон нийтэд танилцуулах ажиллагаанд номыг орчуулагчид оролцож, номын агуулга, ач холбогдлын талаар ярив.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дэлхий нийтээр уншиж байгаа зохиол бүтээлийг монгол уншигчид цаг алдалгүй унших боломжийг бүрдүүлж, ингэснээр улс орны хөгжлийн асуудлаар нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах, нийгмийн сэтгэлгээний цаашдын хөгжилд түлхэц болохыг зорьсон гэж нээлтийн үеэр ННФ-ын захирал П.Эрдэнжаргал ярилаа. Нээлттэй Нийгэм Форум номыг орчуулах, хянан тохиолдуулах зардлыг санхүүжүүлж, хэвлэлтийн чанар, стандартад тохирсон тодорхой тооны номыг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох ажлыг “Монсудар” хэвлэлийн газар хариуцан ажиллаж байна. “Монсудар” хэвлэлийн газар захирал Р.Энхбат мэдэгдснээс үзвэл номыг зах зээлийн үнээр зарж борлуулах бөгөөд борлуулалт нь дараа дараагийн номыг орчуулж хэвлэх сан бүрдүүлэхэд зориулагдана юм байна. Орчуулгын номууд нь ашиг олох бус, орлогоороо зарлагаа нөхөх тооцоон дээр үндэслэсэн тул зохион байгуулагч, оролцогчдын зүгээс иргэдийн танин мэдэхүй, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт болно гэдэгт номыг бүтээлцсэн бүх хүн эргэлзэхгүй байна.
![]() |
![]() |