UNDP, “Нээлттэй Нийгэм Форум”-аас эрхлэн хэвлэлд бэлтгэж буй “Ардчилсан засаглал, нээлттэй нийгэм” тайлбар толиос толилуулах нь

A- A A+
UNDP, “Нээлттэй Нийгэм Форум”-аас эрхлэн хэвлэлд бэлтгэж буй “Ардчилсан засаглал, нээлттэй нийгэм” тайлбар толиос толилуулах нь

UNDP, “Нээлттэй Нийгэм Форум”-аас эрхлэн хэвлэлд бэлтгэж буй “Ардчилсан засаглал, нээлттэй нийгэм” тайлбар толиос толилуулах нь:

Тайлбар толь бичиг төслийн баг
Э-шуудан: [email protected]

А үсэг

Авилгал – Төрийн албан хаагч (улс төрийн болон улс төрийн бус албан тушаалтан) өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж өөрөө ашиг олох, буюу дотнын хүмүүсээ зүй бусаар, хууль зөрчин баяжуулах явдал. Өнөөдөр манай нийгэмд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн анхаарлыг хамгийн их зовоож буй зүйлийн нэг бол авилгал, хээл хахууль юм. Авилгал нь нийгмийн шударга ёс, хууль тогтоомжийг тойрон гарч, албан тушаалтнаар хууль бус үйлдлийг хийлгэж алхам тутамдаа хүний эрхийг зөрчиж байдаг. Төрийн байгууллагуудын хүнд суртал, нүсэр шат дамжлага, хөшүүн хойрго байдал, дутагдал, зөрчил гаргасан ажилтнуудтайгаа хариуцлага тооцох тогтсон, үр нөлөө бүхий арга механизм байдаггүй, үйл ажиллагаа нь хаалттай орчинд явагддаг зэрэг нь авилгал, хээл хахууль хавтгайрах үндсэн нөхцөл, шим тэжээлт хөрс нь болсоор байна. 

Агентлаг – Төрийн төв байгууллага, эрх бүхий хүний даалгавараар үйл ажиллагаа явуулдаг тодорхой салбарын удирдах захиргааны байгууллагыг хэлнэ. Монгол улсын хуулиар засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд тодорхой салбарт хэрэгжүүлэх болон тохируулах чиг үүрэгтэй байгуулагддаг төрийн захиргааны үндсэн бүтцийн байгууллага. Засгийн газрын шууд харъяаны байгууллагатай харьцуулбал үйл ажиллагаа нь илүү бие даасан байдалтай. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн дарга, захирлыг эрхэлсэн сайдын саналыг харгалзан Ерөнхий сайд, дэд даргыг Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрхэлсэн сайд томилж, чөлөөлдөг байна. Агентлаг нь сайн засаглалтай, нээлттэй нийгэмд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, хүнд суртлаас чөлөөлөх, төсвийн хөрөнгийг хэмнэх бололцоо олгох учиртай юм.

Адил тэгш боломж – Иргэний хувьд тэгш эрхтэй, хуулийн өмнө бүгд адил үүрэг, хариуцлага хүлээдэг, эрхээ хэрэгжүүлэх, бизнесийн болон бусад аливаа үйл ажиллагаа эрхлэх бололцоо хүн бүрд адил байх ёстой гэсэн ойлголт юм. Адил тэгш боломж гэдэг нь хүн бүр ижил боломж чадвар, хүч тэнхээ, хөрөнгө орлоготой байдаг гэсэн үг хараахан биш юм. Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд “Хүн бүр ... Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг ямар ч ялгаваргүйгээр яс үндэс, арьс өнгө, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой” гэж заажээ. Хүн бүр адил тэгш учраас хүний салшгүй эрхийн нэг нь хуулийн өмнө адил тэгш байх явдал бөгөөд хуулиар ямар ч ялгаваргүйгээр адилхан хамгаалуулах явдал юм. Өөрөөр хэлбэл төрөөс ард иргэддээ адил тэгш хандах үүрэгтэй. Төр иргэн бүрт адил тэгш боломжийг олгох учиртай. Тухайлбал боловсрол олж авах, өмч хөрөнгөтэй болох, түүнийгээ эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгэмд байр суурь эзлэх гэх мэт. Харин хувь хүн сайн сайхан амьдралынхаа гол хариуцлагыг өөрөө үүрэх ёстой.

Ажил хаялт – Ажиллагчид хамт олноороо хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс зэрэгтэй холбоотой асуудлаар ажил олгогчийн эсрэг шахалт үзүүлэн өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа тодорхой хугацаанд өөрсдийн дураар зогсоох үйлдлийг хэлнэ. Ажил хаях эрх нь ажиллагчдын өөрийн дураар эдэлж хэрэгжүүлэх эрх боловч ажил хаялтыг зохион байгуулахдаа тухайн хүн ба бүлэг хүмүүс хөдөлмөрийн хуульд тусгагдсан журмыг мөрдөх ёстой. Ажил хаях эрх нь хувь хүн болон хамт олны зүгээс хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх чухал хэрэгсэл мөн. Хууль болон бусад журмыг зөрчсөн ажил хаялтыг шүүхийн журмаар хууль бус гэж тооцож болно.

Алагчлахгүй байх – Хууль тогтоомж нь хүмүүсийн төрөлх шинж чанар, мэдлэг чадвар болон тухайн нийгэмд ямар байр суурь эзэлж байгаагаас үл хамааран нийгмийн гишүүн бүрт адил тэгш үйлчлэхийг хэлнэ.

Албан тушаалаа урвуулан ашиглах – Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хууль бус, буруугаар ашиглан тогтсон дүрэм журмыг зөрчсөн үйлдэл хийх, тогтоосон хэм хэмжээ, гаргасан шийдвэр урамшил, хөнгөлөлтийг албанд хортойгоор хувьдаа ашиглах үйлдлийг хэлнэ.

Аль-Кайда – “суурь дэвсгэр” гэсэн араб үг. ХХ зууны 90-ээд оны үед байгуулагдсан террорист байгууллагуудын сүлжээ. Лалын шашныг фундаменталист байдлаар тайлбарлан, лалын ертөнцийг “загалмайтны дайчид ба жүүдийн шашинтнуудын” эсрэг “ариун дайн”-д уриалан дайчилж, ялангуяа АНУ, Израиль, нийт “өрнөдийн ертөнцийн” эсрэг тэмцлийг зохион байгуулагчид. Эхний ээлжинд Аль-Кайда нь АНУ-ын армийг Сауди Арабын нутаг дэвсгэрээс зайлуулах, арабын “авилгалч” дэглэмүүдийг татан буулгаж, Израиль улсыг сөнөөх зорилготой. Аль-Кайдаг 2001 оны 9-р сарын 11-ний өдөр АНУ-д үйлдэгдсэн террорист үйл ажиллагаатай холбон буруутгадаг.

Апати - Идэвхгүй байдал гэсэн утгатай Грек гаралтай үг бөгөөд идэвхгүй, аливаад оролцох сонирхолгүй, дөжрөх гэсэн утгыг илэрхийлдэг. Хувь хүн өөрийн амьдарч байгаа орчин, эргэн тойрны хүмүүсийг, бас заримдаа өөрийгөө ч сонирхохгүй, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх байдлыг хэлнэ. Улс төрийн социологийн шинжлэх ухаанд улс төрийн болон нийгмийн бүхий л институцийн хооронд ямар ч ялгаагүй байлгах, улс төрийн хүсэл сонирхлоо илэрхийлэн гаргах сонирхолгүй байх байдлыг илэрхийлэх нэр томъёо болно. Оролцооны ардчиллын онолоор бол улс төрийн үйл явцыг сонирхохгүй байх гэдэг нь ардчилсан улс төрийн соёл дутмаг байдал, улс төрийн системийн зөвхөн гаргалгаа руу л ханддаг тэрхүү өрөөсгөл хандлага, ардчилал тогтворгүй болохын дохио хэмээн үздэг байна. Харин оролцооны ардчиллыг шүүмжлэгчид болох элитийн ардчиллын онолын талынхны хувьд улс төрийн апати нь ардчиллын тогтвортой байх үндсэн нөхцлийн нэг ажээ. Учир нь ардчилсан засаглалын тогтвортой байдалд иргэдийн хэтэрхий идэвхтэй оролцоо нь аюул учруулдаг бол бага оролцоо нь огтхон ч хохирол болдоггүй гэж тэд үздэг.

Аристотель – МЭӨ 384-322 онд амьдарч байсан эртний Грекийн философич. Ардчилсан засаглалын улс төрийн онолыг үндэслэгч. Харин түүний багш Платон бол улс төрийн тоталитари дарангуйллын онолын үндсийг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл, Аристотель нь нээлттэй нийгмийн улс төрийн онолыг, Платон нь хаалттай нийгмийн улс төрийн онолыг анх үндэслэсэн байна. Аристотель “хүн бол мөн чанараараа улс төрийн амьтан” мөн гэж тодорхойлоод улс төрийн ноёрхол /төр/ -ыг дарангуйллаас ялган үзэж, улс төрийн ноёрхол гэдэг бол эрх чөлөөтэй бөгөөд адил тэгш эрхтэй хүмүүсийн өөрсдийгөө тодорхойлох үйлдэл мөн гэж ойлгож байжээ. Шударга ноёрхол /төр/ нь дөрвөн шалгууртай гэж тэр үзсэн байна. Эдгээр нь; Нэгд, хуулийн ноёрхол. Хуулийг хэрхэн сахин биелүүлж байгааг мөрдөн шалгах тохиолдолд тэр нь эрх мэдэлтэй хэн нэгэн биш, харин хууль өөрөө л байх ёстой гэжээ. Хоёрт, “төр улсыг /полис/ зөвхөн эрх чөлөөт хүмүүс удирдах ёстой” гэж үзсэн нь эрх зүйн субъект нь эрх чөлөөтэй хүн байх ёстой гэсэн санаа юм. Гуравт, хүлээн зөвшөөрөгдсөн ноёрхол нь улс төрийн дарлал ба мөлжлөгийг арилгана. Засаглалын тухайд хүлээн зөвшөөрөгдсөн зохистой хэлбэр нь монархи, аристократи, “полити” зэрэг болно. Хүлээн зөвшөөрөгдөөгүй буюу оновчгүй хэлбэр нь тирани, олигархи, ардчилал эдгээр болно. Дөрөвт, засаглалын хамгийн зохистой, шударга хэлбэр бол сайн үйл /аристократ зарчим/, эд баялаг /олигархи зарчим/, эрх чөлөө /ардчилсан зарчим/ гурвыг хосолсон “полити” мөн гэжээ. Гэвч ардчилал бол төрийн бие даасан хэлбэр гэж үзэх үзэл философчдын дунд шийдвэртэй дэмжлэг олж чадалгүй явсаар Ж.Руссог хүрсэн юм.    

Асуулга – Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг хэлбэр мөн. Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилсон бусад албан тушаалтанд асуулга тавьж бичгээр хариу авах,  Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр асуулт тавьж хариуг нь сонсох төдийгүй шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэр гаргуулах талаар санал оруулах бүрэн эрхтэй. 

Аудит – Санхүүгийн шалгалт гэсэн үг. Санхүү-аж ахуйн үйл ажиллагааны тайлан нь мэргэжлийн стандартын дагуу байгаа эсэхийг шалган тодорхойлж үнэлэх үйл ажиллагааг хэлнэ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж ба иргэний эрхлэж буй аж ахуйн төсөв, санхүү, тайлан бүртгэлийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх, дүгнэлт гаргах, төлөвлөлтийн асуудлаар зөвлөн туслах ажлыг хэлнэ. Аудитын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах лиценз авсан мэргэшсэн нягтлан бодогчийг аудитор гэж нэрлэнэ. Аудитор нь аудитын шинжилгээний үндсэн дээр санхүүгийн жилийн тайлангийн үнэн зөв байдал, нарийн нягт тохироо, тайлан баланс гаргахад хэрэглэсэн нягтлан бодох бүртгэл, хяналтын арга систем хэр зэрэг үр дүнтэй болох талаар мэргэжлийн бие даасан дүгнэлт гаргадаг. Аудитын байгууллага ба аудитораас хуулинд заасан үүрэг ба гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэж байгаа иргэдийн санхүүгийн баримтыг шалгах, магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, санхүүгийн асуудлыг судлаж төлөвлөх талаар үйлчлүүлэгчдэд зөвлөн туслах хараат бус үйл ажиллагаа явуулдаг. 

Аутарки – “сэтгэл хангалуун байх”, “хараат бус байх” гэсэн утгатай грек үг. Эдийн засгийн ойлголтоор бол аливаа нэг орон гадаад орнуудтай аль болох худалдаа наймаа, солилцоо хийхгүйгээр зөвхөн өөрийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангах зорилготой бодлого. Олон улсын харилцаанаас тусгаарлагдмал байснаар өөрийн үндэсний эдийн засгийн бие даасан хараат бус байдлаа хадгалан үлдэнэ гэсэн бодлого. Дэлхийн даяаршил, түүний дотор олон улсын эдийн засгийн харилцаа эрчимжиж байгаа цаг үед дэлхийн зах зээлээс тусгаарлагдмал байх талаар хөгжил буурай зарим нэг орнуудад өгч байсан ийм зөвлөлгөөг дагасан орнууд эдийн засгийн талаар хохиролд орсон туршлага байдаг байна.     

Ахмадын зарчим – Ажлын үзүүлэлтээр албан тушаал ахихын эсрэг утгыг илтгэнэ. Нэг албан газрын дотор удирдах албан тушаал хаших, эсвэл албан тушаал ахих явдлыг тухайн газар тогтвортой ажилласан хугацаатай нь холбон авч үзэх зарчим. Энэхүү зарчим нь тухайн албан газрын үйл ажиллагааг сайтар мэддэг,  дадлага туршлагатай боловсон хүчнийг удирдлагын ажилд дэвшүүлэх нь сайн талтай төдийгүй, удирдлагад сонгогдох өрсөлдөөнийг аяндаа хална хэмээн үздэг. Гэтэл энэ нь нөгөө талаас, цаанаа байгаа нөөц бололцоогоо огт харгалзаагүй хэрэг. Улс төрийн тавцанд, ялангуяа парламентын дотор ахмадын зарчим түгээмэл үйлчилдэг байна.

Б үсэг

Байгаль орчны бохирдол - Хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлын хүрээнд хүнийг хүрээлэн буй байгаль бохирдсон байдлыг нэрийднэ. Гэхдээ бохирдлыг зөвхөн түүний анх үүсэн буй болсон тухайн орчных нь хүрээгээр хязгаарлахгүй, харин салхи, ус, болон бусад нөлөөллийн улмаас маш өргөн хүрээтэй тархсан байдлыг авч үзнэ. Мөн зарим төрлийн хорт бодис нь анх үүсэн гарсан орчноосоо огт өөр хэлбэрээр огт өөр газар тархах боломжтой байдаг байна. Байгаль орчны бохирдлыг хэд хэдэн төрөл болгон ангилдаг, үүнд: агаарын бохирдол, хөрсний бохирдол, хөрсөн дээрх усны бохирдол, хөрсний гүн дэх усны бохирдол, хүн амын төвлөрөл ихтэй суурин газрын хэт их дуу чимээ, гэрлийн бохирдол зэрэг болно. Гэрлийн бохирдол гэдэг нь шөнийн гэрэлтүүлгүүд нь дэлхийн агаар мандлын доод давхаргаар түгэн тархахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хиймэл гэрэлтүүлгүүд нь харанхуйг бохирдуулдаг гэж үздэг учраас байгаль орчны бохирдлын нэгэн хэлбэр болдог. Гэрлийн бохирдлын улмаас ургамлын өсөлтөд өөрчлөлт орж, шөнийн амьдралтай хорхой шавьж болон нүүдлийн шувуудад зам заагч болно. Түүнчлэн хүний амьдралд ямар нөлөөтэй болохыг судалж байна. Иймээс зарим улс оронд хиймэл гэрэлтүүлгийг хязгаарлан зохицуулах тухай хууль гаргаж байна. Байгаль орчны бохирдлын хамгийн хурц илэрч байгаа хэлбэр бол ой модны сүйрэл. Өнөө үед хамгийн ноцтой яригдаж байгаа асуудал бол хүлэмжийн хий, түүнээс урган гарч буй дэлхийн цаг агаарын дулаарлын тухай асуудал. Жишээ нь: химийн бодис, хүнд металлууд, тос, бордоог зохисгүй хэрэглэх, хөдөө аж ахуй болон гэр ахуйд пестицид, гербицид, фунгицидийг буруу хэрэглэх, түлшнээс ялгаран гарах нүүрсний давхар исэл, хүхрийн давхар исэл г.м. Хүрээлэн байгаа орчны бохирдлын өөр хэлбэрүүд гэвэл, аж үйлдвэр, автомашины бохирдол г.м. Байгаль орчны бохирдлын учир шалтгааныг зөвхөн капиталист эдийн засгаас хайдаг байсан ч үнэн хэрэгтээ хуучин социалист орнууд түүнээс ч илүү бохирдлыг бий болгож байжээ. Зах зээлийн нийгэмд улс төрийн системээс хамааралгүйгээр хэрэглээ нь аливаа ашиг сонирхлын дээгүүр тавигддаг учир байгаль орчноо бохирдуулахаас зайлсхийхгүйгээр ашиг орлогоо олдог байна. Ялангуяа шавхаж дуусашгүй нөөц хэмээн тооцогдож байсан агаарын орчин, тэнгис далай, гол мөрний усыг хайр гамгүй хэрэглэх нь шавхаж барагдах нөөц баялагийг хайрлан гамнахтай харьцуулшгүй асуудал хэмээн тооцогдож байжээ. Шавхагдашгүй нөөцийг үнэ төлбөргүй хэрэглэх нь түүний хэрэглээг улам бүр нэмэгдүүлж байв. Асуудлыг гол нь нэг талаас байгаль орчинг цэврээр нь хадгалан үлдээх, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг хангах гэсэн хоёр зорилтын хоорондох зөрчилдөөнд оршино.

Баривчлах - Хувь хүнийг түр хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлахад хэрэглэдэг хуулийн нэр томьёо. Баривчилгааг иргэний болон эрүүгийн хуулийн заалтын дагуу гүйцэтгэж болно. Эд зүйлсийн баривчилгаа гэдэг нь аливаа үйлдлийн эд мөрийн баримт болгон тухайн эд зүйлийг барьцаалан авах, хураан авахыг хэлнэ.  Харин дараахь тохиолдлууд нь баривчилгаа биш:  1/ ял эдлүүлэхээр баривчлах, 2/ тухайн хүнийг цагдаагийн хамгаалалтад авах. Баривчилгаа нь иргэний үндсэн эрх болох иргэний эрх чөлөөнд халдсан утгыг илтгэх учраас хуулийн хариуцлагад тооцогдоно. Баривчилгаа гэдэг нь хүний эрх чөлөөг 3 /гурван/ цаг хүртэл хугацаагаар хязгаарлахыг хэлнэ. Харин түүнээс удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд тухайн хүний эрх чөлөөнд халдсан гэж үзнэ. Баривчилгаа нь түр зуурын богино хугацаагаар л хязгаарлагдах ёстой. Шүүгчийн тушаалаар баривчилгаа нь хорио болж хувирна. Баривчилгаа нь эрх чөлөөг булаан авахаас аргагүй байдалд орсон явдлыг цагаатгах шалтгаан болж өгдөг. Баривчилгааны үеэр бие махбодыг гэмтээх нь зөвхөн тухайн баривчилгааны хүрээнд л хамааралтай байх ёстой, мөн хуулийн хүрээнээс гадуур байж болохгүй. Дурын иргэнийг баривчилж болох үндэслэлүүдэд: гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа, хэн болох нь сайн тогтоогдоогүй, зугатахаар завдсан, эсвэл гэмт үйлдэл дээрээ баригдсан хэн бүхнийг (насанд хүрээгүй байж болно) түр хугацаагаар баривчлах эрхийг шүүгчийн тушаалаар олгодог. Баривчилгааг дур зоргоор, хуулиас гадуур үйлдэл болгохоос урьдчилан сэргийлсэн заалтууд нь: 1. сэжигтэн гэмт үйлдэл дээрээ баригдах ёстой (гэмт хэргийн газар дээр, эсвэл түүний ойролцоо), 2. нотолгоо зайлшгүй шаардлагатай (сэжиглэх нь хангалттай шалтгаан байж чадахгүй), 3. сэжигтэн зугатаах, өөрийгээ хэн болохыг хэлэхээс татгалзан түрэмгий загнах. Баривчлахад хангалттай эрх зүйн нөхцөл бүрдсэн эсэхийг (гэмт хэрэг үйлдсэн эсэх, тухайн сэжигтэн өөрийгээ хэн болохыг хэлж чадах эсэх) сайтар тунгаан шүүх хэрэгтэй. Баривчилгаа хууль бус гэдэг нь нотлогдсон тохиолдолд эрх чөлөөнд нь халдсан талаар тухайн иргэн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Баривчлах үед цагдаагийн албанаас төлөөлөгч зайлшгүй байж тэрбээр баривчилж буй шалтгаанаа тодорхой хэлэх ёстой. Баривчилгааг хуулийн хүрээнд хийх ёстой, харин ялихгүй хэрэг хийсэн сэжигтнийг хүндээр гэмтээж болохгүй. Сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн, зугтаахыг оролдсон тохиолдолд хүлээс хэрэглэж болно. Мөн сэжигтний эд зүйлсийг хуулийн хүрээнд хураан авснаар түүнийг зугатахаас урьдчилан сэргийлдэг.

Барьцаалах - Өөрийн шаардлагаа биелүүлэхийг тулгах, хүлээн зөвшөөрүүлэх үүднээс хүнийг хүчээр баривчлан авдаг хуулиар хориглосон үйлдэл. 1949 оны Женевийн конвенцийн дагуу дайн байлдааны үед, эсвэл ялагч талын зүгээс бусдыг барьцаалах явдлыг улс үндэстний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл хэмээн оруулсан байдаг. Барьцааны хүнийг алж устгах нь дайны эрхийг зөрчиж байгаа бас нэгэн алхам мөн.

Берлиний хана - 1961-ээс 1989/90 он хүртэл баруун ба зүүн Берлиний хооронд хил тогтоон зааглаж байсан ханыг ийнхүү нэрлэж байв. Энэхүү ханыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын удирдлага үнэн хэрэгтээ өөрийн орны иргэдийг баруун Герман руу дүрвэн зугатаахаас сэргийлэх зорилгоор байгуулсан ба түүнийгээ “фашизмаас хамгаалах хана” хэмээн хуурамч нэрээр өргөмжилдөг байжээ. Берлиний хана нь Герман орныг хоёр эсрэг тэсрэг тал болгон хувааж байсны илэрхийллийн бэлэг тэмдэг байлаа. Берлиний ханаар зааглагдсан улсын хилийг нээх тушаалыг хоёр Германыг нэгтгэх бодлогын хүрээнд 1989 оны 11-р сарын 9-ний өдөр батлаж, 1990 онд түүнийг бүрэн нураажээ. Өнөөдөр Берлиний хана хэмээх нэр томьёо нь дэлхийн улс орнуудыг хоёр систем болгон хуваан заагладаг байсан талаархи ойлголт юм.

Биеэ үнэлэх – Хувь хүн амьдрал ахуйн ядуу зүдүү байдлаас үүдэн олз ашиг олох сэдэлтээр бусдад биеэ худалдахыг биеэ үнэлэх, садар самуун явалдах гэнэ. Биеэ үнэлэх бусармаг үйлдэл үйлдэхэд нийгэм ахуйн нөлөө байх боловч олонхи тохиолдолд хувь хүний замбараагүй байдал, архи мансууруулах бодисын дон туссан зэргээс үүдэлтэй байж болно.

Бодлого – Бодлого гэдэг нь нийгмийн болон байгууллагын хүрээнд эрх мэдлийг хэрэгжүүлэх ухамсартай, чиглэл зорилготой үйл ажиллагаа юм. Бодлого нь байгууллагын удирдлагын зүгээс тодорхойлон гаргасан тухайн байгууллага, түүний албан хаагчид шийдвэр гарган үйл ажиллагаагаа явуулах үндэс болохуйц албан ёсны удирдамж, үйлдлийн хүрээ хэмжээ, заагийг тодорхойлсон шийдэл мөн. Бодлогыг шийдвэр гаргах янз бүрийн төвшинд, үйл ажиллагааны салбар бүхэнд өөр өөрөөр тодорхойлон боловсруулж, хэрэгжүүлдэг.

Бослого - Улс төрийн тэмцлийн хурцадмал хэлбэр. Бослого нь хоёр төрөлтэй: 1/ харийн улс орны хууль ёсны бус эзэрхийллийн эсрэг тэмцэл бослого, 2/ нийгмийн бүлгүүдийн хоорондын зөрчилдөөний улмаас гардаг бослого. Ерөнхийдөө дарангуйллын хэлбэр нь “хуулийн дагуу” байгаа хэдий ч нийтийн сонирхолд нийцээгүй тохиолдолд түүнийг өөрчлөхийг хүссэний улмаас олон түмний бослого гардаг. Тухайн засгийн газрын эсрэг гол төлөв зэвсгийн хүчээр эсэргүүцэн босохыг хэлнэ. Ард түмэн, бүх ажилчдын бослого нь тэдний хувьд шударга бус, хууль бус  засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн юм. Бослого нь мөн тайван жагсаалын хэлбэртэй байж болдог. Жишээ нь: Украинд 2004 оны сонгуулийн луйврын улмаас өрнөсөн бослого, Монгол оронд 1989-1990 онд болсон ардчилсан хөдөлгөөн гэх мэт. Дэлхийн түүхэнд бослого, хувьсгал нь ихэвчлэн илүү өндөр ёс зүй, жудагтай цөөнхийн зүгээс тодорхой зорилгод хүрэх эрмэлзэлтэй хөдөлгөөнүүд байсан. Тодорхой жишээ гэвэл: 2004 оны Украины сонгууль, МЭӨ 73 оны Спартакийн бослого, 66-70 ба 135 оны Еврей нарын бослого, Америкийн боолуудын бослого, английн иргэний дайн, 1789 оны Францын хувьсгал, 1825 оны Оросын декабристуудын бослого, 1871 оны Парисын коммун, 1956 оны Унгарын бослого, 1968 оны Прагийн хавар буюу оюутны бослого, 1976 оны Өмнөд Африкийн БНУ дахь Советогийн бослого, 1989-1990 оны МоАХ-ны тэмцэл хөдөлгөөн.

Буулт хийх – Зөвшилцөл, тохиролцоонд хүрэхийн тулд талууд өөрсдийн зарим ашиг сонирхлоос татгалзан ямар нэгэн байдлаар харилцан буулт хийж зохицохыг хэлдэг. Гол төлөв улс төрийн намууд хоорондын харилцаанд гардаг. Зохицох нь ямагт эсрэг тэсрэг байр сууриудын дундаж, гол хандлагын илрэл болж байдаг. Үүнийг олж тохирох нь намуудын бодлогын нэг чухал бүрэлдүүн хэсэг юм. Тийм ч учраас ерөөс улс төр бол өөрөө боломжит нөхцлийн буюу зөвшилцөх урлаг гэж нэрлэх ч бий. Нийгмийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүд өөр өөрийн ашиг сонирхлыг хэт хамгаалан эсрэгцэл, зөрчилд хүрэх явдлыг гаргуулахгүйн тулд тэдгээрийг хооронд буулт хийлгэх замаар зөвшилцөлд хүргэх нь улс төрийн нам, улс төрчдийн үүрэг юм. Аливаа талуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах, засгийн газрын бодлогыг хэвийн нөхцөлд хэрэгжүүлэх зэрэг нь байнгын зөвшилцөл, буулт хийж тохиролцохыг шаардаж байдаг.

Н үсэг

Ноёрхол - Эрх мэдлийг гартаа авсан ноёрхогч болон түүнд захирагдагч талуудын хоорондын харилцааг тодорхойлогч улс төр-социологийн ухагдхуун. Энэхүү харилцааг хуулиар баталгаажуулсан эсэх, иймээс институцжиж чадсан эсэх, удаан хугацаанд оршин тогнохоор бодолцсон, тодорхой дэг жаягт баригдсан эсэхийг тодорхойлдог. Ингэснээр ноёрхол нь (жишээ нь: албан тушаалын хүчээр ноёрхогч) эрх мэдэлтнүүдэд өөрийн захиргаанд байгаа иргэдэд санаатайгаар нөлөөлөх (жишээ нь: дуулгавартай байх) боломжийг олгоно. Макс Вэбэрийн хувьд хууль эрхийн үнэн зөвд итгэх тэрхүү итгэл үнэмшил нь ноёрхлын хамгийн чухал үндэс суурь нь болж өгдөг ажээ. Энэхүү итгэл үнэмшил нь гурван эх булгаас ундаргатай: 1. Харизматик жолоодогчийн ноёрхлын үндэс нь тухайн хүний онцгой хүч чадалд итгэж найдсан бишрэлээс үүдэлтэй: эрч хүч, ухаан, уран илтгэгч чадвар, 2. Уламжлалт (залгамжит) ноёрхогч ёс нь олон жилээр баримталж ба ноёрхож ирсэн ёс заншил, хүмүүс, байгууллагуудыг ариун гэгээн хэмээн дээдлэн хүндэлж үздэг үзэл суртал дээр суурилдаг ба нэр хүндтэй хүмүүс, байгууллагуудыг ариун гэгээн чанартай хэмээн үнэмшдэгтэй холбоотой, 3. Хуулийн легитим буюу хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн тооцож буй ноёрхлыг нь сайн судалгаа, баталгаа нотолгоотой, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой хэмээн итгэж, түүнээс ургуулан эрх мэдэлтнүүд нь нийгмээс өөрсдийн өмнө дуулгавартай байхыг шаардах эрхтэй болдог. Түүхийн үйл явц болон улс төрийн бодит амьдралыг аваад үзвэл ноёрхол нь эдгээр гурван элементийн холимгоос бүтдэг. Хууль эрхээр баталгаажсан, ноёрхогч ба ноёрхуулагч нарын хоорондын харилцан зохицох нийгмийн зохион байгуулалтын хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа албан ёсны ноёрхлын хэлбэрүүд нь шинэ үеийн улс орнуудын үндсэн суурь нь болж явдаг. Ноёрхол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилго бүхий албадаараа баталгаажсан байна. Ноёрхлыг хэлбэрийн хувьд гурван төрөл болгон ангилна:
- ноёрхогчдийн тоогоор: нэг хүний буюу монократ ноёрхол (эзэн хаан, шашны тэргүүн, дарангуйлагч)
- норёхлыг хэрхэн хэрэгжүүлж буй арга төрлөөр нь: төрийн ба зохион байгуулаллтай бүлгүүдийн ноёрхол (улс төрийн намууд, холбоод, компани г.м), мөн хувь хүмүүсийн ноёрхол (хамба лам, компанийн эзэн)
- хамрах хүрээ: хязгааргүй эрхт ноёрхол (эзэн хаан), хязгаармал эрхт (эрх мэдлийн хуваарилалт), хамтын ноёрхол ба сүлжээний ноёрхол (Европын Холбооны олон үндэстний систем)
Нутгархах үзэл, жалгын үзэл - Нутгархаг үзэл нь патронажийн нэг төрөл. Өөрийн нутгийнхныг тэдний гаргасан амжилт, үйлдлээр нь бус, хамгийн гол нь гарал угсааг нь харгалзан тушаал дэвшүүлэх, “харж үзэх”-ийг хэлнэ. Нутаг нугын үзэл нь хэд хэдэн үндэслэлтэй: а. нутгийнхан нь өөрт нь таатай, итлэг даахаар сэтгэл төрүүлдэг учраас, б. өөрийн найдвартай түншээ болгох боломжтой, учир нь алдаа гаргахад “арыг нь даах” барьцтай буюу хөрөнгө мөнгөний баталгаатай нутгийнхан нь байгаа, в. нутаг нугынхандаа тусалснаар өөрийг дуулгавартай, хүндэтгэлтэйгээр аялдан дагалдагч найдвартай багийг бүрдүүлж авна, г. нутгийнхны өмнө нэр нүүрээ хамгаалах, өвөг дээдсийн өмнө нэр хүндээ бодох, д. эн тэнцүү бусад бүлэглэлүүдтэй өрсөлдөх, магад тэдгээрийг ялан гарч нэр нөлөөгөө тэлэх нэгэн нутгийнхны бүлэг байгуулан, өөрсдийн ашиг сонирхлыг харилцан дэмжсэний үндсэн дээр хамгаалан, хэрэгжүүлэх боломжтой болох, е. ганцаардлаас гарах, хот суурин газарт өөрийн өссөн, төрсөн орчныхоо соёлын элементүүдийг эргээн оруулан ирж, “нөхөн үйлдвэрлэх”, өөрийн сонгосон амьдрах шинэ орчинг дадаж сурсан байдлаараа эргээн сэргээж, “айдас”-гүй орчинд амьдрахад түүнийг ойлгох чадалтай нэг нутгийнхан нь зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдээ нутаг нугын үзэл нь аж үйлдвэр сул хөгжсөн, уламжлалт соёлтой, нийгмйн ба улс төрийн амьдрал нь сайтар институцжээгүй нийгмүүдэд илүү түлхүү ажиглагддаг үзэгдэл хэмээн үздэг. Аж үйлдвэржсэн нийгэмд харин нутаг нугын, ураг төрлийн холбоо гэхээс илүүтэйгээр “харилцан ашигтай” байх зарчим үйлчилдэг байна.
Нутгийн өөрөө удирдах ёс – Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугч иргэд өөрт хамаарал бүхий аливаа асуудлыг ардчилсан нууц, шууд, тэгш сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан хуулийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг нутгийн өөрөө удирдах ёс хэмээн нэрлэнэ.
Нээлттэй нийгмийн бүтцийн элементүүд - А. Универсализм буюу нийтлэг хандлага руу тэмүүлэх тэмүүлэл --бүх нийтийг хамарсан ёс зүйн зарчмууд Б. Хувь хүний өөрийн гэсэн онцлог оршихуйг эрхэмлэх ёс, ө.х хувь хүний өөрийн гэсэн онцлог үзэл бодлыг бусад нь хүлээн зөвшөөрөх “сэтгэлийн тэнхээтэй” байх В. Асуудлыг үндэслэн тогтоох, учрыг олох тал руу чиглэсэн улс төрийн практик амьдрал Г. Улс төрийн болон соёлын мэдлэгтэй олон нийт зэрэг юм.
Нийгэм нээлттэй байх шинж чанарууд
- ардчилалтай байх
- хувь хүний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх
- хувь хүн нь нам, эвсэл, бүлэглэл зэргээс хамааралгүйгээр бие даан шийдвэр гаргах эрх нээлттэй байх
- нийгмийн өмнө хүлээх хариуцлагын өргөн хүрээний тогтолцоотой байх
- үндсэн хуульд заасан бүхий л үйлдлийг хийх эрх чөлөөгөө эдлэх боломж нээлттэй байх
- ухаалаг сэтгэлгээ, эрх чөлөө, бие биенээ харилцан хүндлэх ах дүүсэг ёс байгаа гэдэгт итгэлтэй амьдрах нь мэдээжийн асуудал байх
Нийгэм хаалттай байна гэдэг нь:
- хамт олон, эсвэл ахмад үе, залуучууд г.м аливаа нэгэн бүлэглэл, үндэсний уламжлалт ёсны нэрээр бамбай хийгсэд хэний ч өмнө халдашгүй дархан эрхтэй байх, хувь хүнээс илүү эрх дархтай байх
- хүмүүнлэг биш зарчмууд үйлчлэх: ардчилсан үзэл санаа болон хувь хүний үзэл бодлыг аливаа арга замаар ойшоохгүй дарамтлан боож байх
- Аутарки буюу дэлхийн зах зээлээс эдийн засгийн тусгаарлагдмал байдалтай байх: худалдааны бие даасан тусгаарлагдмал байдал
- Универсализмийн эсрэг хандлагатай байх: бусдын нийтлэг жишгээс салан тусгаарлах шинж чанараа хамгаалан үлдэх хүчтэй хандлагатай байх
- Бусдын дээр сууж эзэрхэн захирах хүсэл сонирхол ноёрхсон байх: ард иргэдийг, хөрш, хамтран амьдрагчдаа сэтгэл санаа болон бүхий л боломжийн аргаар дарангуйлан захирч, боолчилж байх шинж чанартай байдаг байна.

О үсэг

Олигархи - Аристотелийн бүтээлүүд дэх төрийн төрөл зүйл хэлбэрүүдийн талаархи сургаальд олигархи гэдгийг аристократи буюу язгууртны ноёрхлын төрөл арилжсан ялзран унаж буй гажуудмал нэгэн хэлбэр буюу цөөнхийн ноёрхлын нэгэн хэлбэр хэмээн тодорхойлсон байдаг. Өнөө үед ардчилсан легитимээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хэрнээ засгийн эрх барьж буй эрх баригчидтай тийм улс төрийн системийг олигархи хэмээн нэрийддэг байна. Цөөн хэдэн хүн тасралтгүйгээр төр барихыг хэлнэ. Олигархи бий болох нөхцөл мөн ардчилсан орнуудад ч байдаг.
Омбудсман - Швед гаралтай үг. Бусдын эрх болон түүний дархлаа, төрийн (захиргаа, үйлчилгээ) үүрэгт албадыг хянахаар парламентаас томилогддог хувь хүн, эсвэл албыг ийнхүү нэрийднэ. Эрх зөрчигдсөн тохиолдолд омбудсман өөрөө шууд халдан оролцох эрхгүй, гэхдээ зуучлан оролцож, хуулиар зөвшөөрсөн тохиолдолд тайлан мэдээг нээлттэй танилцуулах эрхтэй. Омбудсман нь аль нэгэн намд харьяалалгүй. Зөрчилдөөн гарсан тохиолдолд омбудсман нь төрийн байгууллагын өмнө иргэдийг төлөөлж явдаг.
Оролцоо – энэ нь аливаа асуудлаар ашиг сонирхол нь ямар нэг байдлаар хөндөгдөх хүмүүс тухайн асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг хэлдэг. Засаглалын асуудлын хүрээнд оролцоо үр нөлөөтэй байна уу үгүй юу гэдэг нь анхаарал татсан асуудал байдаг. Шийдвэр гаргах үед хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулга хийх, уг шийдвэрээс гарах үр дүнгийн талаар өөрсдийнхөө сонирхолыг илэрхийлэх хангалттай бөгөөд тэгш боломжоор хангагдсан үед үр нөлөөтэй байдаг. Оролцоо шууд буюу хууль ёсны төлөөлөгчөөр дамжин хэрэгжиж болно. Эрэгтэй, эмэгтэй хэн боловч шууд болон тэдгээрийн ашиг сонирхолыг илэрхийлдэг хууль ёсны төлөөлөлийн байгууллагуудаараа уламжлан шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад оролцохыг хэлнэ. Ийм өргөн оролцоо нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бүтээлчээр оролцох, чадавхи, боломж дээр тулгуурлана.
Орон байрны халдашгүй эрх – Inviolability of home – хүний халдашгүй эрхийн нэг бөгөөд оршин суугчийн зөвшөөрөл үгүйгээр хүний байр сууцанд хэн ч халдаж болохгүйг тунхаглан заадаг. Орон сууцны халдашгүй эрхийн үндсэн хуулийн гол баталгаа нь бусдын орон сууцанд үзлэг, нэгжлэгийг зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр хийдэгт оршино. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй эрхийн нэг. Орон сууцны халдашгүй эрхийн Үндсэн хуулийн гол баталгаа нь бусдын орон сууцанд үзлэг, нэгжлэгийг зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэн хийхийг зөвшөөрнө. Нийгмийн аюулгүй байдалд буюу бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул тулгарсан учирсан тохиолдолд хуулиар олгосон эрх бүхий албан тушаалтан бусдын сууцанд халдаж болох боловч энэ тухай нэн даруй прокурорт мэдэгдэх үүрэгтэй. Орон сууцны халдашгүй эрхийг онц байдал зарласан буюу дайны байдалтай болсон тохиолдолд хуулиар хязгаарлах тохиолдол байж болно.

Ө үсэг

Өргөдөл гомдол гаргах эрх – Хүний үндсэн эрхийн нэг нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Өргөдөл гэдэг нь улс нийгмийн ач холбогдолтой болон гомдол гаргаж болохоос бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэнээс гаргасан хүсэлтийг хэлнэ. Өргөдөл нь хүсэлт, санал, мэдэгдэл, мэдээлэл, шаардлагын зэрэг шинжтэй байж болно. Гомдол гэдэгт төрийн байгууллага, албан тушаалтаны шийдвэр, үйл ажиллагаа иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлнэ.
Өрсөлдөөн, өрсөлдөөний тэгш байдал - Ерөнхийдөө: 1. нэг зах зээл дээрх адил бараа санал болгогчид, 2. тэмцээн, 3. барьцалдагч талуудын эвлэршгүй дайсагнах сөргөлдөөн бус уралдааныг өрсөлдөөн гэнэ. Эдийн засгийн хувьд өрсөлдөөн нь зах зээлийг зохицуулах, залуурдах үндсэн элемент юм. Өрсөлдөөн нь сонгон шалгаруулалт, үр бүтээжийг дээшлүүлэхэд түлхэц болдог бөгөөд эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны бүтээмжийг хамгийн оновчтой шийдэлд хүргэдэг. Иймэээс өрсөлдөөнийг хуулиар хамгаална. Нөгөө талаас өрсөлдөөн гэдэг нь харилцан бие биенээсээ үл хамаарах талуудын хооронд өрнөж буй тоглоомын шударга, ялгаварлан гадуурхдаггүй дүрмийн цогцолбор системийг хэлнэ. Энэхүү тоглоомын дүрэм нь шударга байхын тулд талуудын хоорондын өрсөлдөөний тэгш байдлыг хангаж өгдөг. Жишээ нь чөлөөт зах зээл дээр өрсөлдөгч талууд нь сурталчилгаа, бараа таваарын санал болон үнийн бүрдүүлэлт, санал болгосон зүйлийнхээ өндөр ач холбогдлын улмаас хамгийн чадавхитай, боломжийн түншүүд, худалдан авагчид, эсвэл сонголт хийгчийг олж авах зэрэг боломжийг бүрдүүлэхэд өрсөлдөгч талуудад адил тэгш нөхцөл болоцоо олгох дүрмийг баримталдаг.

П үсэг

Парламентын мөрдөн шалгалт – Parliamentary inquiry – Парламентын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх нэг арга, түүний хүрээнд парламент, засгийн газрын гишүүн юм уу, эсвэл төрийн өндөр албан тушаалтны нэр төртэй холбогдсон асуудлаар ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Парламентын мөрдөн шалгалтыг парламентаас байгуулсан түр тусгай комисс эрхлэн тухайн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгадаг. Манай Улсын Их Хурлын түүхэнд ийм мөрдөн шалгах ажиллагаа нэлээд хэд явагдсан боловч ажиллах эрх зүйн орчинг сайн бүрдүүлээгүй, мөрдөн шалгах арга хэлбэрийг тодорхойлж өгөөгүй, ажлын хэсэг нь итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийг татан авч оролцуулдаггүй зэргээс болж үр дүн багатай болж байсан талтай. Ихэнх тохиолдолд мөрдөн шалгах ажлын хэсэгт эрх баригч олонхи болон цөөнхийн төлөөллийг оруулдаг. Харин дараа нь нэг ажлын хэсэг маань хоёр хуваагдан бие биенийгээ үгүйсгэсэн дүгнэлт гаргаад түүнийг нь парламент хэлэлцэж чаддаггүй, хариуцлага тооцож болдоггүй байдалд хүрч байсан тохиолдол бий.   
Патронаж – Хувь хүн, бүлэг, байгууллагыг ивээх. Улс төрийн патронаж гэдэг нь төрийн албан тушаалтан өөрийн аялдан дагалдагчид болон өөрийн намын гишүүдийг албан тушаалд томилох, томилуулахыг хэлнэ.
Пий Аар - PR - Англи хэлний Public Relations /Олон нийттэй харилцах/ хэмээх үгийн товчлол. Олон нийттэй харилцах урлаг, арга барилын цогц. Мөн энэхүү үйл явц, хэрэгжүүлэгч этгээд, үр дүнг хэлнэ. Аль нэгэн хувь хүн, бүлэг, байгууллагын ашиг сонирхлын дагуу аливаа бүлэг хүмүүс, олон нийтийн үзэл бодлыг шинжлэх, түүнд зохицох, нөлөөлөх болон залах зорилготой үйл ажиллагаа чармайлт.

С үсэг

Сайн засаг – Good governance – Сайн засаг гэдэг нэр томъёог анх 1998 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор Вашингтонд болсон олон улсын хурал дээр гарган хэрэглэжээ. Сайн засаг гэж оролцоо, ил тод байдал, хариуцлагатай байх зарчимд тулгуурласан төвлөрсөн удирдлагыг хэлнэ. Төвлөрсөн засаг нь бас шударга байж, хуулийг дээдлэн үр дүнтэй ажиллаж байж сайн болж чадна. Сайн засгийн үндсэн зарчим нь иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлага хүлээх, хуулийг дээдлэх, шударга тэгш байх, үр ашигтай ажиллах явдал мөн. Засгийн сайн мууг хэмждэг бас нэг гол хэмжүүр нь хүнд суртал ба авилгалын байдал юм. Сайн засгийг буй болгох хүчирхэг хүчин зүйлийн нэг бол сайтар зохион байгуулагдсан сөрөг хүчин байна. Аливаа засгийг сайн байлгахад түүний албадлагын арга барилыг сөрөн зогсож чаддаг иргэний нийгмийн оролцоо ба хяналт чухал.
Сонирхлын бүлэг - Өөрсдөдөө илүү ашигтай, тохиромжтой шийдвэр гаргуулах зорилгоор улс төрийн институтуудад нөлөө үзүүлэхийг эрмэлзэх нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдсэн хувь хүмүүсийн нэгдэл юм. Аливаа улс орны улс төрийн тогтолцооны үйл ажиллагаанд сонирхлын бүлэг идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч гишүүдийнхээ ашиг сонирхлын үүднээс лобби хийж байгаа бүлгийг хэлэх нь ч бий. Сонирхолын бүлэг нь хувь хүн ба засгийн хооронд зуучилна. Тэд өөрсдийнх нь сонирхолыг дэмждэг албан тушаалтныг сонгуульд ялуулах талаар ажиллаж ашиг сонирхлоо хэмгээлж болно. Гэвч сонгогдсон олон албан тушаалтнууд сонирхлын тодорхой бүлгүүдийн нөлөөнд хэт орж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд сүүлийн үед бий болж хандивын үйл ажиллагааг ширүүн шүүмжилж байгаа билээ. Гэтэл нөгөө хэсэг нь өөр өөр сонирхол бүхий бүлгүүд бодлогод нөлөөлж байгаа нь олон ургальч систем дэх эрүүл үзэгдэл гэж үзэж байна.
Сөрөг намуудын хамтарсан засгийн газар - Cohabitation - Улс төрийн эсрэг тэсрэг үзэл бодолтой намууд засгийн эрх барих хариуцлагыг хамтран үүрэхийг Францад ингэж нэрийддэг. Жишээ нь ард түмнээс шууд сонгогдслн Де Голийн шугамыг баримтлагч ерөнхийлэгч ба Үндэсний чуулганд олонхийн ялалтаар гарч ирсэн социалист ерөнхий сайд нар хамтран хариуцлага үүрдэг.

Т үсэг

Төвлөрөл – Centralization – Эрх мэдэл, гүйцэтгэл ба хариуцлага гол болгон нэгэн төвд төвлөхийг хэлнэ. Төвлөрөл нь нийт улсын болон салбарын хэмжээнд бол төрийн аль нэг төв байгууллагад, харин байгууллагын хэмжээнд бол аль нэг хэлтэс тасагт эрх мэдэл ба хариуцлага төвлөрөхийг тэмдэглэнэ. Нэг үгээр бол шийдвэр гаргах эрх мэдэл ба хариуцлага тухайн байгууллагын сувраган бүтцийн хамгийн дээд төвшинд төвлөрөх үйл явц мөн. Засгийн газрын хувьд эрх мэдэл /төсөв захиран зарцуулах, татварын бодлогыг хэрэгжүүлэх г.м./ ба үйлчилгээ нь төв засгийн газрын буюу үндэсний төвшинд хэрэгжиж байгааг хэлнэ.

У үсэг

Улс төрөөс хөндийрөх, залхах - Улс төрд сэтгэл гонсойн итгэл алдрахыг хэлнэ. Улс төрийн намуудаас залхан хөдийрч, ангижирсан тухай ойлголт. Энэ хоёр ойлголтыг бараг ижил утгатай хэмээн үздэг ба эдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой санааг илэрхийлнэ. Улс төрчдөөс залхах, тэдэнт итгэл алдрах (авилгалын дуулиант хэргүүдээс улбаалаад), улс төрийн намууд, улс төрийн ашиг сонирхлыг тодорхойлох болон шийдвэр гаргах үйл явцад итгэл алдран хөндийрэх, засгийн газрын хийж байгаа алхмуудад мөн итгэл алдран хөндийрэхийг хэлнэ. Энэ байдал нь улс төрийн дэглэмийн хүлээн зөвшөөрөгдөх чанарт хэрхэн нөлөөлөхийг улс төр судлалын шинжлэх ухаан судлан тогтоодог.

Ү үсэг

Үзэл бодлын эрх чөлөө - бол хүний үндсэн эрх бөгөөд аливаа ардчилсан нийгэмд улс төрийн үзэл бодлын илэрхийлэлийн чухал элемент юм. Энэ эрх чөлөөний дагуу хүн бүр өөрийн санаа бодолтой байх, мэдээлэл болон бүх төрлийн үзэл санааг хайх, олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараах эрхтэй. Энэхүү эрх чөлөөг эдлэх явдал нь үүрэг, хариуцлагатай хамтдаа хэрэгжих бөгөөд тиймээс үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл байдал буюу ёс суртахуун, бусдын нэр төр болон эрхийг хамгаалах буюу нууц мэдээллийг задруулахаас сэргийлэх зэрэг зорилгоор гаргасан журам болон хязгаарлалтууд захирагдана.
Үл итгэх – гэдэг нь улс төрийн нам, удирдагчдын нэр хүнд тэдэнд итгэж дагах, эсхүл үл итгэн үйл ажиллагааг нь дэмжих болон дэмжихгүйн тухай ойлголт юм. Товчдоо удирдагч захирагдаж буй хүмүүстээ эрдэм мэдлэг, зохион байгуулах чадвар, зан суртахууны зэрэг нэр хүндийн доройтолд орох нөгөө талаар нам, эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрт амласан амласандаа хүрч ажиллахгүй үед иргэд, сонгогчидод үл итгэх байдал бий болгодог. 
Үндсэн хууль – Үндсэн хууль гэдэг нь латины байгуулалт гэсэн үгнээс үүдэлтэй нэр юм. Үндсэн хууль бол тухайн улс орны нийгэм ба төрийн байгууламж, иргэн ба төр, нийгэм ба төрийн харилцаа, төрийн эрх мэдлийн зохион байгуулалтыг тодорхойлж байдаг гол хууль мөн. Үндсэн хууль нь өөр бусад бүх хуулийн хувьд эрх зүйн дээд хүч чадлыг эзэмшиж байдаг хууль билээ. Үндсэн хууль бол зөвхөн эрх зүйн биш харин улс төр, хууль, үзэл суртлын баримт бичиг мөн. Тийм учраас үндсэн хуулинд хэм хэмжээ тогтоогоогүй заалтууд олон байдаг.

Х үсэг

Хараат ард иргэд - Иргэд нь өөрийн гэсэн сэтгэлгээтэй байж болдоггүй, шүүмжлэл хориотой, тухайн бүлгээс гарч болохгүй (өөр бүлэг байхгүй учраас), иргэдийн ухамсрыг хяналтад байлгаж, тэдний хүсэл сонирхол, чөлөөтэй шийдэх боломжийг хүлээн зөвшөөрдөггүй, иргэд нь ч өөрсдөө энэхүү хяналтыг ухамсарлан ойлгоогүй байдаг. Хараат ард иргэдийн үндсэн шинж тэмдгүүдээс дурьдвал:
- тухайн нийгмийн сургааль аль ч шинжлэх ухаанаас дээгүүр байх
- гадны буюу хөндлөнгийн шүүмжлэлийг хүлээн авдаггүй нь тухайн нийгэм, түүний удирдагчдын түмэн зөв байдагт оршино
- дэлхий ертөнцийг зөвхөн тэд л аварна
- тухайн нийгмийн иргэдийн ертөнцийг, амьдралыг ойлгон тайлбарлах байдал тун ч энгийн, бүхий л асуудал ойлгомжтой, учир шалтгааныг эргээд асуух эрхгүй, энэ тухай боддог ч үгүй
- амьдралд байдаг асуудлыг хөндөн ярихаас зайлсхийдэг, мэдээлэл тун ч энгийн, ерөнхийлсэн.
Тоталитар хяналтын дөрвөн хүчин зүйл:
1. биеэ хэрхэн авч явахыг хянах: амьдрал тун ч тодорхой байх гэсэн үг (хэнтэй харьцах, идэх, уух, зан үйл)
2. сэтгэлгээг хянах: иргэдийн сэтгэлгээг зогсонги байдалд оруулах “техникүүдийг” дасгал болгон зааж өгнө (эргэлзээг дарахын тулд асуулт асуух хориотой), шүүмжлэлийг ёс жудаггүй, уламжлал ба төрт ёсыг уландаа гишгэсэн асуудал хэмээн үзэх сэтгэлгээ түгээмэл үзэгдэл байх
3. хүмүүсийн мэдрэмж, мэдрэхүйг хянах: иргэдийг төрийг шүүмжлэх зэрэг алхам хийхэд дайсан болох хэмээн ойлгуулах, айдсын байдалд байлгах
4. мэдээллийн хяналт: хараат бус цензургүй мэдээлэл олж авах явдал тун хязгаарлагдмал эсвэл хориотой байх, мэдээлэл олж авах эрх гэсэн ойлголт нийгэм байхгүй байх.
Иргэдийн хоорондын харьцаа, үйлдлүүд, нийгмийн харьцааг хязгаарлаж өгдөг. Эрх баригчдын хүсээгүй мэдээлэл буюу тэдний эрх дархад харшилхаар мэдээлийг хаан дарагдуулна. Бүлгүүдийн доторхи яриа хязгаартай, тодорхой дүрэм журамтай, гаднаас мэдээлэл нэвтрэх боломж хязгаарлагдмал. Иргэд нь өөрсдийн орчноос хэт хамааралтай, эрх мэдэлгүй, эрхээ эдлэх боломжгүй хэмээх айдсын мэдрэмжийг төр, засаг, эрх мэдэлтнүүд тэдэнд байнга өгч байдаг. Эдгээр шинж чанар бүгдээрээ, эсвэл зарим нэг нь илэрч байвал тухайн орны иргэд хараат ард иргэд болно. Тэд сонгуулийн өдөр л сонгуулийн хуудас бөглөх эрхтэй, харин жинхэнэ сонгох эрх болох өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэх, сонгосон төлөөллөөрөө дамжуулан төр барих эрх нь ор нэр төдий байдаг улс орнуудын ард иргэдийг мөн хараат ард иргэд гэнэ.
Хүний хөгжлийн индекс - Human Development Index – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс гаргасан, хэд хэдэн хэсгээс бүрддэг хүний хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг хэлнэ. Эдгээр үзүүлэлтийн тусламжтайгаар НҮБХХ нь 1990 оноос эхлэн жил бүр дэлхийн бүх улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэмжээг тодорхойлдог Хүний Хөгжлийн Тайланг гаргаж эхэлжээ. Байнга нарийвчлан өөрчилж байдаг хөгжлийн үзүүлэлтүүд болон тэдгээрийг хэмжих аргууд нь зөвхөн эдийн засгийн хүчин зүйлүүдийг нэн тэргүүнд авч үздэггүй (ДНБ, орлого г.м.), харин нийгмийн (дундаж наслалт, боловсролын төвшин) болон сүүлийн үед мөн улс төрийн (улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтүүд) байдлыг харгалзан үзэх болжээ. Бүс нутгаас хамааралтай, мөн хүйс болон орлогоос хамааралтай ялгаануудыг харгалзан үзэх болсноор өмнө нь харгалзан үздэг байсан ялгаануудын үзүүлэлтээс гадна мөн хувааарилалтаас үүдэлтэй тэгш бус байдлыг гарган ирэх болжээ. Нэлээд олон орны хувьд ажиглагдсан зүйл бол нэг хүнд дунджаар оногдох нийгмийн нийт бүтээгдхүүний өсөлтийн тоон үзүүлэлт нь бодит амьдрал дээр харагдаж байгаа дүр зургаас нэлээд хүчтэй гажиж байгаа явдал байна. Нийгмийн баялгаас олонхи иргэд багаахан хэсгийг хүртэх боломжтой байхад цөөнх хэсэг нь дийлэнхийг (шударга бусаар) хүртэж байна. Энэ дүр зургаас дүгнэлт хийхэд эдийн засгийн хөгжил хэний тусын тулд үйлчилж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөө нийгмийн амьдралд хэр гүнзгий тусдаг болох нь харагдаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал – Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал гэдэг бол маш адармаатай зарчим юм. Ерөнхийдөө энэ нь, сэтгүүлчид мэргэжлийнхээ ажил үүргийг биелүүлэхдээ аливаа хэлбэрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэсэн үндэслэл дээр төвлөрдөг. Гэтэл бодит байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшигчид сэтгүүлчдийн өдөр тутмын ажилд хөндлөнгөөс оролцож байдаг. Олон улс оронд засгийн газар нь өөрөө хэвлэл мэдээллийн хамгийн том эзэмшигч байдаг (үүнд зонхилох телевиз, радио байх нь элбэг тохиолддог) нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл жинхэнэ утгаараа төрөөс хараат бус байх зарчмыг алдагдуулдаг.

Ш үсэг

Шүүхийн бие даасан байдал – Шүүгчийн хараат бус байдлыг үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна. Ерөхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Шүүхийн төсөв нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан байна.

Э үсэг

Эргүүлэн татах эрх - Сонгогчид парламент, засгийн газар, хууль зүйн салбарт сонгогдон гарч ирсэн гишүүдийг эргээн татах, албан тушаалаас нь огцруулах эрхийг ингэж хэлнэ. Энэхүү эрхийг АНУ-ын муж улсуудын Үндсэн хуулиудаар баталгаажуулж өгсөн байдаг.
28. Эрх зүйт төр /либерал эрх зүйт төр/ - Хүний эрх, эрх чөлөө хуульчлан баталгаажсан, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй болсон байх. Хууль рнрвчтой томъёологдсон, тогтвортой үйлчилдэг, хуль тогтоох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, иргэдийн оролцоо, хяналт хангагдсан байх. Иргэд мэдэх эрхээр хангагдсан, хүн амын хууль зүйн мэдлэг өндөр, эрхээ хамгаалах эрмэлзэл ба дадал дүйтэй, хууль даган амьдрах уламжлал тогтсон, иргэд хуулийн байгууллага, хуульчдад итгэж ханддаг болсон байх. Хувийн өмчийн халдашгүй байдал баталгаажсан бөгөөд гэрээний эрх чөлөө, аж ахуй эрхлэгчдийн чөлөөт байдлыг төр нь эрхэмлэн хүндэлдэг болсон байх зэрэг нь эрх зүйт, хуулиар удирдуулдаг төрийн үндсэн зарчмууд юм.
Эрхтэн дархтаны улс - Удирдагч буюу ноёрхогч ба авторитер төр, түүний албан тушаалтнуудыг ард түмэн, тэдгээрийн оролцооны боломжоос дээгүүр тавьсан улс орныг хэлнэ.

Я үсэг

Ядуурал - Ядуурал гэдэг нь эдийн засгийн хувьд ядмаг, дутмаг байдлыг хэлнэ. Ядуурлыг дотор нь хэдэн төрөл болгон ангилна: 1. объектив ядуурал: ө.х. хувь хүмүүс, бүлэг, эсвэл хүн амын тодорхой хэсгүүд өөрөө хичнээн хичээгээд ч амьжиргааны хамгийн доод төвшинд хүрэх боломжгүй байх, 2. субъектив ядуурал: амьдралын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байна хэмээн үзэх хувь хүний өөрийн үзэл бодол, 3. абсолют ядуурал (төгс ядуурал): хүмүүсийн бие махбодь нь шууд (өлсгөлөн, даарч хөрөх) ба шууд бус (биеийн эсэргүүцэл суларснаас) хэлбэрээр устаж мөхөх аюул заналд өртөх, 4. харьцангуй ядуурал: нийгэмших соёлын оршин тогтнох хамгийн наад захын шалгуурыг давж чадахгүй байх (жишээ нь: хүний ёсноос гадуур дээрэлхүүлэн гадуурхагдах