“Монголд хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж”
судалгааны үр дүнг танилцуулах уулзалт
Нээлттэй Нийгэм Форум, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий “Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадвар” төслөөс Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийн талаар хамтран зохион явуулсан судалгааны үр дүнг ноён Деннис Граб энэ оны 10 дугаар сарын 13-нд олон нийтэд танилцуулав.
Ноён Деннис Граб болон ННФ, “Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадвар” төслийн хамтарсан баг энэ оны есдүгээр сарын 14-өөс эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай танилцаж, баримтжуулах, тэдний санаа бодлыг судлах зорилгоор банк, санхүү, бизнес, хандивлагч зэрэг 75 гаруй байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцжээ.
Форум дээр олон улсын байгууллага, дотоодын корпораци, хувиараа хөрөнгө оруулагчид болон магадгүй гадаадын хувийн хөрөнгө оруулалтын сан зэрэг олон талын оролцоотой хувийн хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах тухай судалгааны үр дүнгийн талаар ярилцсан болно.
Судалгааны баг уг санг байгуулах цаг хугацаа, салбарын судалгаа, шинжилгээг үргэлжлүүлэн хийх, сангийн санхүүгийн урсгал, хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтийг боловсруулах ad hoc шинжтэй ажлын хэсэг байгуулах, бизнесийнхэн болон засгийн газартай зайлшгүй байх харилцаа холбоо, гадны дэмжлэг бүхий менежментийн компанийг үүсгэн байгуулах зэрэг асуудлыг хөндсөн өөрсдийн боловсруулсан саналыг танилцууллаа.
Тодруулга:
Ноён Деннис Граб нь Deloitte & Touche санхүүгийн байгууллагын зөвлөх ба Ази, Зүүн Европ, Латин Америк зэрэг оронд АНУ-ын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой төслүүдийг удирдаж байсан. Тэрээр Нью-Иорк, Лондонгийн санхүүгийн салбарт банкны ажилтан, хөрөнгө оруулалтын шинжээч, стратегийн хөрөнгө оруулалтын зөвлөх зэрэг ажлуудыг мөн хийж байсан юм.