Нобелийн шагналт Роберт Манделл Нээлттэй Нийгэм Форумд зочиллоо
Нобелийн шагналт эдийн засагч Роберт Манделл 5-р сарын 20-нд Нээлттэй Нийгэм Форум-д зочилж Монголын төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийлээ.
Ноён Роберт Манделл АНУ-ын Колумбийн Их Сургуулийн профессор бөгөөд 1999 онд Нобелийн шагнал хүртжээ. Одоо МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийн урилгаар Монголд 4 хоног айлчилж байна. Нээлттэй Нийгэм Форум уг айлчлалыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болно.
Уулзалтын эхэнд ноён Манделл дэлхийн эдийн засгийн байдал, мөнгөний бодлогын талаар ярьсан юм. Тэрбээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй хүчин зүйлүүдийг нэрлээд, тухайлбал, Хятадын эдийн засгийн асар хурдтай өсөлтыг онцолж байлаа. Дараа нь Нээлттэй нийгмийн тухай сэдвийг хөндөхдөө Монголыг хэд хэдэн удаа дурдлаа. Үүнд, Transparency International байгууллагын судалгаагаар Монгол улсын авилгалын индекс 3 буюу хамгийн муу түвшинд ойрхон байгаа, харин Heritage Foundation ба Wall Street Journal сониноос хамтран гаргасан эдийн засгийн эрх чөлөөний индексийг үзвэл дэлхийн 150 гаруй орноос Монгол улс 50-р байранд орж “ерөнхийдөө чөлөөтэй” гэж үнэлэгдсэн, бас ил тодын индексээр 124 орноос 80-д байгаа тухай хэллээ. Гэхдээ энэ бүхэн харьцангуй субъектив дүгнэлтүүд байж болохыг анхааруулж жишээлбэл, Хятад, Энэтхэг улсууд 120-р байрнаас хойш яваа ч эдийн засгийн хөгжил ямар байгааг сануулсан юм.
Дараа нь ноён Манделл уулзалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний хэлсэн зарим санааг товч дурдвал
- Олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо Азийн улс орнуудад сайн, муу янз бүрийн үр дүнд хүргэж байсан. Эдгээр байгууллагууд илүү нээлттэй байж шүүмжлэл сонсох ёстой....
- Түүхэн туршлагаас үзэхэд гэнэт маш их ашигт малтмалтай болсон улс орон богино хугацаанд баян болдог ч хэдэн арван жилийн дараа хүнд байдал ордог. Миний хувьд байгалын баялгийг хөгжлийн жинхэнэ эх сурвалж гэж үздэггүй...
- Азид нэгдсэн мөнгөн тэмдэгт гарч ирэх боломжгүй. Жишээлбэл, хятад, япончуудын хувьд үндэсний үзэл хэтэрхий хүчтэй. Харин үүний оронд тогтсон ханшын бүс байгуулж болох юм.
- Хятад бол Азийн эдийн засгийн хамгийн том тоглогч. 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 4 дахин нэмэгдүүлнэ гэж зарласан. Хятадын эдийн засгийн энэ өсөлтийг Монгол улс хэрхэн ашиглаж болох вэ? Эдийн засгийн хувьд хамгийн шилдэг үр дүнтэй арга бол Монгол улс Хятадтай эдийн засгийн чөлөөт бүс байгуулах явдал юм. Гэхдээ хэт хэлбийвэл тусгаар тогтнолоо алдах асуудал гарч ирнэ....
- Танай Монголд импортыг орлохуйц аж үйлдвэрийн салбарыг байгуулах боломж маш хязгаарлагдмал. Яагаад гэвэл том байж өртөг хямдруулах механизм үйлчлэхгүй. Үүний оронд экспортын нэмүү өртөг бий болгох ёстой. Ivanhoe Mines Монголд зэс хайлуулах үйлдвэр байгуулбал маш ашигтай.
- Хэрвээ Монголд мөнгөн тэмдэгтээрээ долларыг сонгож хэрэглэдэг болговол сайн муу янз бүхий нөхцөл байдал үүснэ. Юуны өмнө мөнгөний бодлогын хараат бус байдлаа алдана гэсэн үг. Бас санхүүгийн хатуу сахилга бат, төсөв тэнцвэртэй байх ёстой.
![]() |
![]() |