Open Society Forum Policy Fellowship Program

A- A A+
Open Society Forum Policy Fellowship Program

БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2005 он

Нээлттэй Нийгэм Форум 2005 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бодлогын шинжилгээ судалгааг дэмжиж, чанарыг дээшлүүлэх, бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн сэдвийг дараахь чиглэлээр зарлаж байна. Үүнд:

Нийгмийн асуудал

1. Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн интеграцчиллын асуудал

Судлаач нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох, болон нийгмийн бусад гишүүний адил нөхцөл боломжоор хангах асуудлыг голлон судлах юм. Судалгааны ажил нь нийгмийн энэхүү бүлэгт зориулагдсан боловсролын болон бусад нийгмийн үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг үнэлэхийн зэрэгцээ тэдгээрийг өргөтгөх, сайжруулах тодорхой арга замуудыг санал болгоно. Энэхүү судалгаа нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад иргэдийн адил тэгш боломжийг эдлэх, нийгмийн болон боловсролын үр нөлөөтэй, таатай орчинг бүрдүүлэх талаарх бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэх болно.

Эдийн засгийн хөгжил

2. Орон нутгийн болон үндэсний татвар: Орон нутаг илүү бие даах боломжтой юу?

Өнөөдөр орон нутагт явуулж буй эдийн засгийн үйл ажиллагаанд ногдуулсан татварын ихэнх хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж байгаагаас нөөц баялгаа ашиглан нутаг дэвсгэрийн нэгжүүдээ хөгжүүлэх эрх мэдэл орон нутгийн захиргаанд үндсэндээ алга байна. Тиймээс хөдөө орон нутгийн өсөлт, хөгжлийн асуудлаар шийдвэр гаргахад орон нутгийн удирдлага болон иргэд идэвхтэй нөлөө үзүүлэх боломж хомс болж, тэднийг төвийн «санхүүгийн дэмжлэг»-ээс бүрэн хамааралтай болгож байна. Энэхүү сэдвийн хүрээнд судлаач орон нутгийн түвшинд татварын хувь хэмжээг тогтоож, татвар хураах бусад хувилбарыг судлан төсвийн төвлөрлийг сааруулахын үр өгөөж, өртөг зардлыг үнэлэн судлах юм.

3. Төрийн үйлчилгээн дэх авилгал ба бизнесийн орчин

Бизнесийн салбарын өсөлт, хөгжилтөд аж ахуйн нэгжийн орлогын татварын түвшин гол саад тотгор болж байгаа тухай хувийн хэвшлийнхэн байнга ярьдаг. Нөгөө талаар татвар хураах механизм болоод түүнээс үүдэлтэй авилгалын асуудлыг анхаарах нь чухал болохыг тэд мөн онцолдог. Иймээс судалгаа нь одоо үйлчилж буй татвар хураах механизмын сул болон давуу талыг судалж, түүнийг цаашид боловсронгуй болгох, тэрчлэн татвар хураах механизмаар дамжин авилгал газар авч байгаа эсэхийг судалж энэ хүрээнд ил тод байдлыг нэмэгдүүлэх арга замын талаар бодлогын зөвлөмж гаргана.

4. Зүүн Хойд Азийн зах зээлд Монголын стратегийн байр суурь

Судлаач Зүүн Хойд Азийн зах зээлд Монгол улсын оролцох боломжийг тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн энэхүү зах зээлд Монгол улсын интеграцчиллыг хурдасгах тодорхой арга замыг тусгасан бодлогын зөвлөмж боловсруулна. Судлаач нь Зүүн Хойд Азийн зах зээлд оролцсоноор үүсэх давуу талыг авч үзэж, эдийн засгийн хоёр болон олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах арга замыг судална.

5. Уул уурхайн салбар өсөлт, хөгжилд нөлөөлөх нь: Ашиг, алдагдлын судалгаа

Судлаач эдийн засгийн өсөлт, хөгжлийн хүрээнд уул уурхайн салбарын үзүүлэх нийгэм эдийн засгийн үр нөлөөг судална. Судалгаа нь Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагаа, эерэг болон сөрөг талуудыг тодорхойлж, сөрөг үр нөлөөг сааруулахын сацуу давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглах талаар бодлогын дүн шинжилгээ хийнэ.

Засаглал

6. Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь: Эрх зүйн орчин болон институтчилэл

Энэ сэдвээр ажиллах бодлогын судлаач нь бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцож буй өнөөгийн байдал, эрх зүйн орчинг үнэлэхэд илүүтэй төвлөрч бодлогын үйл явцад дүн шинжилгээ хийнэ. Тэрчлэн иргэний нийгмийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр нөлөөг судалж, иргэний нийгмийн давуу болон сул талуудыг тодорхойлж, цаашид түүнийг бэхжүүлэх тодорхой санал дэвшүүлнэ. Шийдвэр гаргах үйл явцыг улам бүр нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой болгоход чиглэсэн эрх зүйн таатай орчин бүрэлдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх тодорхой арга зам, механизмыг бий болгох бодлогын зөвлөмжийг боловсруулан гаргахад судалгааны ажлын үр дүн оршино.

7. Засаг захиргааны нэгжийн шинэтгэлээр гарч болох сөрөг үр дагавар: Төрийн хийгээд нийгмийн үйлчилгээний чанар, түүний өртөг

Засаг захиргааны нэгжийн шинэтгэл одоогийн аймаг, сумын хэмжээг томруулах чиглэлээр хийгдвэл төрийн нийтлэг болон нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашигт ямар нөлөө үзүүлж болох талаар судлана. Судлаач нь үйлчилгээний чанарын тодорхой стандарт хадгалахын зэрэгцээ үйлчилгээг хүргэх зардлыг бууруулахуйц засаг захиргааны нэгжийн оновчтой хэмжээг тодорхойлж, бодлогын зөвлөмж боловсруулна. Тэрчлэн энэхүү шинэтгэл хэрэгжсэнээр нийгмийн ямар бүлэг ашиг тус хүртэж, ямар нь хохирч, хэнд нь хамааралгүй өнгөрч болох талаар санал дүгнэлт гаргана.

Өргөдөл гаргах болон сонгон шалгаруулалт

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ.

§ судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн өргөдөл

§ товч анкет

§ сонгож авсан сэдвийн судалгааны төлөвлөгөө (төлөвлөгөөнд бодлогын судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, зорилго, хүрээ, арга зүйг нарийвчлан тусгасан байна. Тэрчлэн, тухайн сэдвийн хүрээнд дэвшүүлэх шинэ санааг тодорхой тайлбарласан байна)

§ ажил мэргэжлийн тодорхойлолт /хоёр хүнээс/

§ өөрийн бичсэн өгүүлэл, бичлэгийн загвар өгсөн байх шаардлагатай.

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл

Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 – 9 сар байна. Судлаач нь энэ хугацаанд тогтмол зохиогдох бодлогын судалгаа, шинжилгээ хийх, бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйн сургалт, судалгааны сэдвээр хийгдэх ярилцлага, семинарт оролцоно. Судлаачдад дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөх нар зөвлөлгөө өгч, байнгын харилцаатай ажиллана.

Судлаачид сар бүр тэтгэлэг олгоно. Тэрчлэн бодлогын судалгаа, шинжилгээ хийхтэй холбогдон гарах бусад боломжит зардлыг санхүүжүүлнэ. Судалгааны ажлын тайланг хэвлэхээс гадна Нээлттэй Нийгэм Форум бодлогын Портал сайтад байрлуулна.

Судлаачид тавигдах шаардлага

Судлаачид дор дурдсан шаардлага тавигдана. Үүнд:

§ Эдийн засаг, хууль эрх зүй, төрийн захиргааны удирдлага болон бусад нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэйн дээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй бол бүр сайн

§ Сонгож авсан сэдвээр ажиллах хүсэл сонирхолтой

§ Бие даан болон баг болон ажиллаж судалгааны төсөл хэргэжүүлэх чадвар, туршлагатай

§ Шилжилтийн үеийн болоод өөрийн орны нийгэм, эдийн засгийн ерөнхий төлөв, хандлагын талаар мэдлэг сайтай

§ Судалгааны сэдвийн хүрээнд шинэ санаа дэвшүүлэх чадвартай

§ Монгол, англи хэлийг сайн эзэмшсэн, бусад гадаад хэлний мэдлэгтэй бол бүр сайн

§ Мэдээллийн сантай ажиллах, интернэт бусад холбогдох програм хангамж ашиглах зэрэг компьютер ашиглах чадвартай

§ Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Судалгаа, бодлогын шинжилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан туршлагыг илүүтэйд үзнэ.

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, судалгаандаа цагаа бүрэн зориулах шаардлагатай. Зарим онцгой тохиолдолд үндсэн ажлаа давхар хийж болох бөгөөд ингэхдээ цагийнхаа 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулна, энэ нөхцөлд судалгааны хугацааг жичид нь тохирно.

Утсаар мэдээлэл өгөхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-ын хүлээн авах танхимаас авч болохоос гадна [email protected] электрон шуудангаар сонирхсон асуултаа тавьж болно. Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн гарын авлага

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:

2005 оны 3-р сарын 11-ны өдрийн 18.00 цагаас өмнө.

Өргөдлийг дор дурдсан хаягаар ирүүлнэ. Үүнд:

Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс-210648
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857

Мэдээлэл өгөх өдрүүд: 2005 оны 2 сарын 15-ны Мягмар гараг, мөн 2 сарын 24-ний Пүрэв гарагт 17:00 цагт ННФ-ын хурлын зааланд