Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт урьж байна

A- A A+
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт урьж байна

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт урьж байна

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Нээлттэй Нийгэм Форумаас бодлогын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Мэдээллийн Технологийн бодлогын чиглэлээр хоёр судлаач шинээр элсүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь бодлогын холбогдолтой асуудлаар иргэдэд чанартай мэдээлэл хүргэх, бодлогын судалгаа, шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэх, тэднийг олон улсын бодлого судлаачдын нийгэмлэг болон мэргэжилтнүүдтэй холбогдон хамтран ажиллахад тус дөхөм үзүүлэх зорилготой болно. Судлаачаар шалгарсан хүмүүст зориулан мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, судалгааны ажилд нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээр тогтмол зөвлөлгөө өгүүлэх, судалгааны тэтгэлэг олгох, ажлын байраар хангах зэрэг дэмжлэг үзүүлнэ.

Бодлогын судалгааны сэдвүүд

  1. Мэдээллийн эрх чөлөө ба  мэдээлэл холбооны технологийн боломж
    Судлаач нь мэдээллийн эрх чөлөөг хангахад мэдээлэл холбооны технологийн боломж бололцоог судалж тодруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх талаар бодлогын зөвлөмж гаргана. Тухайлбал, төрөөс иргэдэд мэдээллээр үйлчлэх үүргээ биелүүлэхэд болон иргэдээс мэдээлэл эрж хайх, хүлээж авах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэхэд  мэдээлэл холбооны технологийн  боломж бололцоог илрүүлсний үндсэн дээр хэрхэн үр нөлөөтэй ашиглах талаар судалгааны үндсэн дээр санал зөвлөмж боловсруулна. Судалгааны үр дүнг нэгтгэн бодлогын судалгааны зөвлөмж гаргана.

  2. Хөдөө орон нутаг дахь мэдээлэл холбооны технологийн хөгжлийн асуудал
    Судлаач нь Монголын хөдөө орон нутагт мэдээлэл холбооны технологийг  нэвтрүүлэх, холбогдох үйлчилгээг бий болгоход оршиж байгаа гол гол саад бэрхшээлийг тодруулан санал зөвлөмж боловсруулна. Тухайлбал, хууль эрх зүйн орчин, технологийн шийдэл, зах зээлийн онцлог, бүтэц зэргийг нарийн судалж дүгнэлт өгөх замаар мэдээлэл холбооны технологийн үйлчилгээг сайжруулах боломж бололцоог илрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Өргөдөл гаргах болон сонгон шалгаруулалт

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, товч анкет, сонгож авсан сэдвийн судалгааны төлөвлөгөө, ажил мэргэжлийн тодорхойлолт /хоёр хүнээс/ болон бичлэгийн загвар өгсөн байх шаардлагатай. Судалгааны төлөвлөгөөнд бодлогын судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, зорилго, хүрээ, арга зүйг нарийвчлан тусгасан байна. Тэрчлэн, тухайн сэдвийн хүрээнд дэвшүүлэх шинэ санааг тодорхой тайлбарласан байна.

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хугацаа, нөхцөл

Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээ зурагдсан өдрөөс эхлэн зургаагаас 12 сар байна. Энэ хугацаанд судлаачид сар бүр тогтмол тэтгэлэг олгоно. Тэрчлэн бодлогын судалгаа, шинжилгээ хийхтэй холбогдон гарах бусад боломжит зардлыг олгоно. Судалгааны ажлын тайланг хэвлэхээс гадна Нээлттэй Нийгэм Форумын Портал сайтад байрлуулна.

Судлаачид тавигдах шаардлага

Судлаачид дор дурдсан шаардлага тавигдана. Үүнд:

  • Сонгож авсан сэдвээр ажиллах хүсэл сонирхолтой
  • Бодлогын шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй
  • Бие даан болон баг болон ажиллаж судалгааны төсөл хэрэгжүүлэх чадвар, туршлагатай
  • Манай орны болон шилжилт хийж буй бусад орны нийгэм, эдийн засгийн ерөнхий төлөв, хандлагын талаар мэдлэг сайтай
  • Судалгааны сэдвийн хүрээнд шинэ санаа дэвшүүлэх чадвартай
  • Монгол, англи хэлийг сайн эзэмшсэн, бусад гадаад хэлний мэдлэгтэй бол бүр сайн
  • Мэдээллийн сантай ажиллах, интернэт болон бусад холбогдох программ хангамж ашиглах чадвартай
  • Мэдээлэл холбооны технологийн бакалаврын зэрэгтэй /магистр буюу түүнээс дээш зэрэгтэй бол бүр сайн/, тэрчлэн дурдсан мэргэжлийн биш ч энэ чиглэлээр судалгааны болон төрийн захиргааны байгууллагад ажиллсан судалгааны ажлын дадлага туршлагатай байж болно.
  • Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Судалгаа, бодлогын шинжилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан туршлагыг илүүтэйд үзнэ.

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, судалгаандаа цагаа бүрэн зориулах шаардлагатай. Зарим онцгой тохиолдолд үндсэн ажлаа давхар хийж болох бөгөөд ингэхдээ цагийнхаа 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулна, энэ нөхцөлд судалгааны хугацааг жичид нь тохирно.

Сонирхсон талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд 2004 оны тавдугаар сарын 14 болон 21-ний өдрүүдэд 16 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

Утсаар мэдээлэл өгөхгүй. Электрон шуудангаар сонирхсон асуултдаа хариулт авж болно. Хаяг нь: [email protected]

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2004 оны тавдугаар сарын 31-ны өдрийн 18.00

Өргөдлийг дор дурдсан хаягаар ирүүлнэ. Үүнд:
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/
Жамъяан гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот - 48, Монгол Улс

Re: Бодлогын Судалгааны Хөтөлбөр