ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЭР
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор доорх 4 сэдвээр иргэдэд зориулсан гарын авлага бичих байгууллага/багийг сонгох нээлттэй тендер зарлаж байна. Үүнд:
1. Иргэн ба Татвар
2. Төрийн бус байгууллага ба татвар
3. Мэдээллийн эрх чөлөө
4. Хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо
Дээрх гарын авлагууд нь тухайн сэдвээр иргэдэд чухал шаардлагатай, иж бүрэн мэдээллийг хялбар бөгөөд сонирхолтой хэлбэрээр хүргэж, тухайн асуудлыг зохицуулдаг хууль тогтоомжийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Гарын авлага бэлтгэхдээ дээрх асуудалтай холбогдон гарсан хууль тогтоомж, Засгийн газрын болон орон нутгийн захиргааны байгууллагын тогтоол, шийдвэр, дүрэм журам зэрэг баримт материалуудыг ашиглана. Санал гаргагчид гарын авлага бичих арга зүйгээ өөрсдөө чөлөөтэй сонгох хэдий ч уншиж ойлгоход хялбар, дөхөм байх шинэлэг арга хэрэгсэл, мөн бичлэгийн үр дүнг сайжруулахуйц тодорхой жишээ кейс, хүснэгт, гол мэдээллийн жагсаалт зэргийг өргөн хэрэглэвэл зохино.
Хангалттай туршлага, чадвартай судалгааны байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага, зөвлөгөө өгөх компани, баг болон ажиллах хүмүүс өргөдөл гаргах боломжтой. Саналыг гарын авлага тус бүрээр гаргах бөгөөд нэг байгууллага/баг аль алинд нь санал ирүүлж болно.
Тендерт оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
-
Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал (нэг нүүрээс илүүгүй)
Гарын авлагад орох агуулгын товчоон (санал болгож буй) (хоёр нүүрээс илүүгүй)
Бичлэг, судалгааны арга зүй (хоёр нүүрээс илүүгүй)
Арга зүйтэй уялдуулан бичсэн гарын авлагын хэмжээний тухай санал (тал нүүр)
Бичлэгийн календарчилсан төлөвлөгөө
Бичих багийн гишүүд, гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг, хөндөгдөж буй асуудлуудын талаарх мэдлэг, эсвэл бичих чадварыг тодорхойлсон товч намтар (CV)
Боломжтой бол бичлэгийн жишээ (өмнө хийсэн судалгааны ажил, нийтлэлийн хэсэг байж болно)
Саналыг дараахь үзүүлэлтүүдээр шалгаруулах болно:
-
Аль нэг талыг баримтлаагүй бөгөөд бодит байх
Уншиж ойлгоход хялбар, үнэн зөв, иж бүрэн мэдээлэлтэй байх
Бичих баг нь хөндөгдөж буй асуудлуудаар болон судалгааны чиглэлээр бичих туршлага бүхий холимог бүлэг байх
Бичвэрийн эхний төслийг зургаан долоо хоногийн хугацаанд гаргаж санал шүүмж авсны дараа хоёр долоо хоногийн дотор эцэслэн дуусгах
Өргөдөл, саналаа ирүүлэх сүүлчийн хугацаа 2003 оны 12-р сарын 17-ны өдөр 17.00 цаг.
Утсаар мэдээлэл өгөхгүйг анхаарна уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646
И-мэйл: [email protected]
Хандах агуулга: Иргэдэд зориулсан гарын авлага