“Кейс” судалгаа хийх төслийн уралдаан

A- A A+
“Кейс” судалгаа хийх төслийн уралдаан

Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалд хамрагдсан байгууллагуудад “Кейс” судалгаа хийх төслийн уралдаан

1. Ерөнхий зүйл

Монголын Нээлттэй Нийгэмийн Хүрээлэн (МННХ)/ Нээлттэй Нийгэм Форум (ННФ) – аас Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалд хамрагдсан байгууллагуудын талаар “кейс” судалгаа хийх төслийн уралдааныг сонирхогч ТББ, судалгааны баг, байгууллагуудын дунд зарлаж байна. Нийгмийн салбарын хувьчлалыг зөв оновчтой явуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс энэ салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын ололт амжилт, сургамж, үр дүн, алдаа оноонд дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох, хувьчлалын үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулахад судалгааны үндсэн зорилго оршино.

Судалгааны баг/байгууллага нь холбогдох хууль тогтоомжуудыг нарийвчлан судлах, хувьчлалын үйл явцад дүн шинжилгээ хийх, үр дүнгийн нь талаар газар дээр нь иргэд болон холбогдох байгуулагуудаас санал асуулга авах зэрэг нарийвчилсан судалгааг хийнэ.

Сонирхогчид боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хувьчлагдсан байгууллагуудыг судлах саналаа бие дааж болон бусад баг/байгууллагатай хамтран ирүүлж болно.

2. Ерөнхий шаардлага:

  • Судалгаа нь бодит эх сурвалжаас авсан баримт материалд тулгуурлана,
  • Хэн нэгнийг шүүмжлэх, нэр хүндийг нь унагах биш, харин бодлогын судалгаа шинжилгээ, мэтгэлцээнийг дэмжихэд чиглэсэн, зарчимч байр суурь, тухайлсан санал сэдэлд тулгуурласан байна,
  • Судалгааны явц дахь мэдээллийн нууц, аюулгүй байдлыг хангасан байна,
  • Судалгааны баримтыг хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил, таамаг зэргээс ялгаж салгасан байвал зохино,
  • Судалгааг хийхдээ хувь хүний нэр төр, эрх чөлөөтэй холбоотой ёс зүйн дүрэм журмыг чанд баримтална,
  • Судалгааг “кейс” судалгааны зарчмыг баримтлан нэг ерөнхий загварт оруулан бичиж, баримтжуулах шаардлагатай.

3. Шалгуур үзүүлэлт:

  • Бодлогын судалгаа шинжилгээ, хөндлөнгийн хяналт, зөвлөгөө өгөх чиглэлээр явуулж байсан үйл ажиллагаа, туршлага,
  • Мэргэжлийн удирдлага, байнгын боловсон хүчнээр хангагдсан эсэх,
  • Эмзэг асуудалд зарчимч байр сууринаас хандаж чадах, эсэх (энэ талаар хөндлөнгийн хүмүүсийн баталгаа бичиг ирүүлэх шаардлагатай).

Нээлттэй Нийгэм Форум нь хувьчлагдсан байгууллагуудад “кейс” судалгаа хийх чадвар бүхий судалгааны баг/байгууллагыг сонгохдоо үйл ажиллагааны онцлог, байгууллагын чадварыг харгалзан тухайн салбараар мэргэшсэн байгууллагыг шалгаруулж болно.

4. Бусад зүйл

Судалгаа нь 2003 оны 11 дугаар сараас эхэлж 2 сарын хугацаанд багтах ёстой!

Судалгааны завсрын болоод эцсийн үр дүнг Нээлттэй Нийгэм Форум хурал, семинар, олон нийтийн хэлэлцүүлэг хийхдээ тухай бүр ашиглах бөгөөд форумын веб порталд байрлуулна.

ННФ-аас сонирхсон баг/байгууллагуудад зориулж 2003 оны 10 дугаар сарын 25-нд 16 цагаас МННХ дээр мэдээлэл хийнэ! Утсаар мэдээлэл өгөхгүй.

Төслийн саналыг хүлээн авах эцсийн хугацааг 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 18 цагаар тасалбар болгоно.

Манай хаяг:
Монголын Нээлттэй Нийгмийн Хүрээлэн (МННХ -Соросын сан),
Хас Банкны байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг,
Ш.Х.- 210646, Монгол улс

И-мэйл хаяг:
[email protected]

Хандах сэдэв: Нийгмийн салбарын хувьчлал