Гарын авлага бичих тендэр

A- A A+
Гарын авлага бичих тендэр


ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ КОМПАНИ, БАГ БОЛОН АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

Иргэдэд зориулсан гарын авлага бичих нээлттэй тендэр

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой асуудлаар иргэдэд зориулсан гарын авлага бичих байгууллага /багийг сонгох нээлттэй тендэр зарлаж байна. Үүнд:

1. Хууль хэрхэн гардаг тухай гарын авлага

Уг гарын авлага нь хууль хэрхэн боловсрогдож, хэлэлцэгдэж, батлагдан гардаг, иргэд энэхүү үйл явцад хэрхэн оролцож болох тухай иж бүрэн мэдээллийг хялбар бөгөөд сонирхолтой хэлбэрээр иргэдэд хүргэх зорилготой. Гарын авлага нь доорх үндсэн хэсгээс бүрдсэн байна.

  • Үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хууль хэрхэн санаачлагдаж, боловсрогдож, хэлэлцэгдэн батлагддаг тухай болон иргэд энэхүү үйл явцад хэрхэн оролцох боломжтой болох
  • Энэ нь бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа
  • Цаашид энэхүү тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох тухай тодорхой санал зөвлөмжүүдийг агуулсан байна.

2. Орон нутгийн болон улсын төсвийн үйл явцын тухай гарын авлага

Орон нутгийн болон улсын төсөв ямар журмаар хэрхэн боловсрогдож, хэлэлцэн батлагдаж, зарцуулагддаг, хяналтын ямар механизм байдаг болон иргэд энэхүү үйл явцад яаж оролцож болох талаар тодорхой мэдээллийг иргэдэд хүргэхэд энэхүү гарын авлагын зорилго оршино. Гарын авлагад доорхи асуудлыг нарийвчлан авч үзэж тусгасан байх шаардлагатай. Үүнд:

  • Орон нутгийн болон улсын төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, зарцуулах, хяналт тавих үйл явц хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан болон иргэд энэхүү үйл явцад хэрхэн оролцож болох тухай иж бүрэн мэдээлэл
  • Бодит амьдрал дээр энэхүү хууль дүрэм хэрхэн хэрэгждэг болох
  • Цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх тодорхой санал зөвлөмж зэрэг болно.

Гарын авлага бэлтгэхдээ дээрх асуудалтай холбогдон гарсан хууль тогтоомж, засгийн газрын болон орон нутгийн захиргааны байгууллагын тогтоол, шийдвэр, дүрэм журам зэрэг баримт материалуудыг ашиглана. Санал гаргагчид гарын авлага бичих арга зүйгээ өөрсдөө чөлөөтэй сонгох хэдий ч уншиж ойлгоход хялбар, дөхөм байх шинэлэг арга хэрэгсэл, мөн бичлэгийн үр дүнг сайжруулахуйц тодорхой жишээ кейс, хүснэгт, гол мэдээллийн жагсаалт зэргийг өргөн хэрэглэхийг илүүтэй дэмжих болно.

Хангалттай туршлага, чадвартай судалгааны байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага, зөвлөгөө өгөх компани, баг болон ажиллах хүмүүс өргөдөл гаргах боломжтой. Саналыг гарын авлага тус бүрээр гаргах бөгөөд нэг байгууллага/баг аль алинд нь санал ирүүлж болно.

Тендэрт оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал (нэг нүүрээс илүүгүй)
  • Гарын авлагад орох агуулгын товчоон (санал болгож буй) (хоёр нүүрээс илүүгүй)
  • Бичлэг, судалгааны арга зүй (хоёр нүүрээс илүүгүй)
  • Арга зүйтэй уялдуулан бичсэн гарын авлагын хэмжээний тухай санал (тал нүүр)
  • Бичлэгийн календарчилсан төлөвлөгөө
  • Бичих багийн гишүүд, гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг, хөндөгдөж буй асуудлуудын талаарх мэдлэг, эсвэл бичих чадварыг тодорхойлсон товч намтар (CV)
  • Боломжтой бол бичлэгийн жишээ (өмнө хийсэн судалгааны ажил, нийтлэлийн хэсэг байж болно)

Саналыг дараахь үзүүлэлтүүдээр шалгаруулах болно:

  • Аль нэг талыг баримтлаагүй бөгөөд бодит байх
  • Уншиж ойлгоход хялбар, үнэн зөвь иж бүрэн мэдээлэлтэй байх
  • Бичих баг нь хөндөгдөж буй асуудлуудаар болон судалгааны чиглэлээр бичих туршлага бүхий холимог бүлэг байх
  • Бичвэрийн эхний төслийг зургаан долоо хоногийн хугацаанд гаргаж санал шүүмж авсны дараа хоёр долоо хоногийн дотор эцэслэн дуусгах

Сонирхсон талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд (доорх хаягаар) 2003 оны 7-р сарын 24-ний өдөр 15 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

Өргөдөл, саналаа ирүүлэх сүүлчийн хугацаа 2003 оны 8-р сарын 1-ний өдрийн 18 цаг.

Утсаар мэдээлэл өгөхгүйг анхаарна уу.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646
И-мэйл:
[email protected]
Хандах агуулга: Иргэдэд зориулсан гарын авлага