- Аймгийн нутаг дэвсгэрийн 47.7 хувьд лиценз олгожээ -
Өнгөрсөн хавар Мандалговьд болсон “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага - орон нутгаас эхэлнэ” уулзалт- хэлэлцүүлэг дээр аймгийн Засаг дарга Ш.Төрбат “Манай аймгийн хөгжлийг шийдвэрлэх хоёр үндсэн хүчин зүйлийн нэг нь мал сүрэг, нөгөө нь байгалийн баялаг” гэж мэдэгдсэн юм.
Хоёр сая гаруй мал нь Дундговьчуудыг өлсгөхгүй, гэхдээ хэзээ ч их мөнгөтэй болгохгүй. Жижиг зах зээл учраас жижиг дэлгүүр хоршоо, хэдэн буудал, “хүнсний” үйлдвэрийг эс тооцвол томхон бизнес алга. Улаанбаатарт суудаг “дундговийн” бизнесменүүд хандив тусламж өргөхөөс биш хөрөнгө оруулдаггүй. Алсын аймаг биш хэрнээ нийслэл хүртэл мянганы байтугай зууны зам ч үгүй. Азаар тал нутаг учраас дэржигнэсээр байгаад хүрчихдэг. Аялал жуулчлал хөгжөөд хөгжөөд аймагт унах юм маруухан.
Тэгвэл урд зүгийн их хөрш - Өмнөговь аймаг өөр байна. Оюутолгой, Тавантолгойн цуутай ордуудаа жинхэнээсээ ухуулж эхлээгүй байж өнгөрсөн цагаан сараар уул уурхайн хишиг гэж хүн бүрт 50 мянган төгрөг хүртээж гайхуулсан билээ. Ухаад эхлэхээр юу болохов? Хойт хөрш болсон Дундговь аймгийнхан үүнийг анхааралтай ажиглаж, гэхдээ нэгэнт нүүгээд очихгүйгээс хойш “айлаас эрэхээр авдраа уудлах” л үлджээ. Улаанбаатар-Өмнөговийн замд оршдог нутаг төдий байхыг яавч хүсэхгүй.
Дундговь аймагт бүр социализмын үед улсын төсвийн болон социалист орнуудын хөрөнгөөр, дараа нь хувийн компаниудын явуулсан геологийн судалгаагаар 33 нэр төрлийн ашигт малтмалын 85 орд, 151 илэрц олджээ. Одоогоор Дундговь аймагт Монгол Улсын хэмжээний стратегийн орд газар байхгүй. Гэхдээ УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор баталсан “нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байх” жагсаалтад Дэлгэрхангай сумын Ширээ уулын гөлтгөний орд, Баянжаргалан, Өндөршил сумын Өвдөг худгийн нүүрсний орд, Баянжаргалан сумын Хөөтийн хонхрын нүүрсний орд, Сайнцагаан сумын Тэвшийн говийн нүүрсний ордууд багтсан. Стратегийн орд газарт нэр дэвшигч хэд хэд байна гэсэн үг.
Хамгийн том нь Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд бөгөөд Таван толгойн ордын дараа орох 923.1 сая тоннын нөөцтэй. Одоо эндээс “Тэвшийн говь” ХК нүүрс олборлож зэргэлдээ орон нутагт руу нийлүүлж байна. Ширээ уулын гөлтгөний орд 4,4 тэрбум тоннын нөөцтэй. Хөөт, Өвдөг худаг, мөн саяхан тогтоогдсон Үнэст худгийн хүрэн нүүрсний ордууд арай бага нөөцтэй ч Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй оршдог бол Хараат, Буянтын ураны, Их улаан нуур, Өвдөг худгийн нүүрс, шатах занарын ордуудыг геологийн талаар нарийвчлан судалж заримыг нь туршилтаар ашиглаж үзсэнээс гадна ирээдүйд Тавантолгой, Оюу толгойн чиглэлд тавигдах ирээдүйн төмөр замын дагуу оршдог давуу талуудтай.
“Аймгийн хэмжээний” стратегийн ордуудыг бол шинээр ашиглаж эхэллээ. Жишээлбэл, Говь-Угтаал сумын Төмөртөйн төмрийн орд дээр хятадын “Минг Хонг Да” ХХК төмрийн баяжмалын үйлдвэр байгуулжээ. Уг ордын нөөц нь 4.6 сая тонн бөгөөд төмрийн баяжмалаа гадаадад экспортолж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн сумын Хараатын төмөр, цайрын орд дээр “Шанжин-Орд” ХХК баяжуулах үйлдвэр байгуулахаар болсон. Баянжаргалан сумын нутаг дахь Эрээний төмрийн ордод түшиглэн БНХАУ-ын “Тайшэн Девелопмент” ХХК хайгуул хийж дуусаад баяжуулах үйлдвэр барьж орон нутгаас 703 ажиллах хүч авах захиалгаа өгөөд байна. Эдгээрээс 83 хүнийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр сургалтанд хамруулжээ. Гурвансайхан сумын нутагт Үнэст худгийн орчимд “Говь хурах” ХХК 5500 ккал илчлэгтэй 98 сая тоннын нөөцтөй хүрэн нүүрсний ордыг нээгээд ашиглах гэж байна. Эхний жилдээ 3 сая тонн нүүрс олборлож БНХАУ руу экспортолно. Энэ бүхэн зөвхөн эхлэл, урд хөрш шигээ мөнгө түгээж баярхах хэмжээнд хүрэх хараахан болоогүй.
Гэхдээ Дундговьд уран олджээ. Энэ бол “ноцтой”. Одоохондоо Дорнодын Мардайн дуулианд дарагдчихаад нэг их яригдахгүй байна. 1990 оны эхээр байгуулагдсан Канад, Орос, Монголын хамтарсан “Гурван сайхан” компани бүр Баянжаргалан, Өлзийт сумын нутаг дахь Гурвансайханы орд газарт ураны хайгуул явуулсаар 2008 оны байдлаар 20-25 мянган тонн ураны нөөц илрүүлжээ. Үүгээрээ Монголд Мардайн бүлэг ордын дараа орох хоёр дахь том ураны орд газар юм. Гагцхүү УИХ-аар батлагдах ураны хуулийг жил гаруй хүлээж байгаа. Хэрвээ хууль батлагдвал ашиглалтын лиценз авч ураны уурхай, боловсруулах үйлдвэрийг 2011 оноос ашиглалтанд оруулна. Одоо эхлээгүй байж лицензийн төлбөр, татвар хураамж төлж байгаа. Аймгийн татварын хэлтсийн даргын хэлснээр, “Гурвансайхан” компани энэ жил 600-700 сая төгрөгийг төсөвт төлсөн (харин аймагт ногдох хувийг Сангийн яам “мэдээж” өгөөгүй) байна. Дундговийн Оюутолгой энэ байж мэднэ шүү!
Дундговь аймагт ашигт малтмалын эрчимтэй хөгжил хожуу эхэлж байгаа нь бусад аймгийн алдаа онооноос сургамж авах боломж олгосон. Өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвлөгөөнийг хоёр удаа хийж, 2007 онд аймгийн ИТХ-аас “Ашигт малтмалын талаар баримтлах бодлого”, “Аймгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц, ач холбогдол бүхий 12 орд”-ын жагсаалтыг баталж анхнаасаа чанга хандахыг хичээж байх шиг. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын салбар зөвлөлийг 2009 оны 2-р сард аймгийн Засаг даргын орлогч С.Буджаваар ахлуулан байгуулжээ. Энэ салбар зөвлөл нь ОСИТБ-ын төлөө иргэний нийгмийн “Төлсөн авснаа нийтэл” эвсэлтэй хамтран дээрх уулзалтыг зохион байгуулсан юм.
Ил тод болсон зарим баримт санаа зовоохгүй байхын аргагүй. Өнөөдөр аймгийн бүх 15 суманд ашигт малтмалын нийт 313, үүнээс хайгуулын 275, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл 3565.1 мян.га талбайд олгогдсон байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 47.7 хувийг эзэлж байна. Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт сумдын бэлчээрийн талбайн 50-60 хувь нь тусгай зөвшөөрлөөр бүрхэгджээ.
Бусад бүх аймгийн нэгэн адил Дундговийн нутаг дахь лицензийг Улаанбаатарт олгодог. Орон нутгийн саналыг авдаг гэж зөвхөн нэр хэмээдэг тул “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал өгөх журам”-ыг батлан хаалт тавьж байхыг оролдсон ч нэмэр болоогүй гэнэ. 2008 онд аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын лиценз 143, ашиглалтын лиценз 4-ийг нэмж олгосны дотор аймгийн Засаг даргын өгсөн шийдвэрийг гуйвуулж, ИТХ-аас гаргасан журмыг нийтээр дагаж мөрдөх журам биш гэж үл тоомсорлон, нэг ёсондоо орон нутаг зөвшөөрөөгүй байхад 57 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Аймгийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, тэр ч бүү хэл зарим албан тушаалтан “тэр компаниуд үйл ажиллагаа явуулахгүй байх талаас нь бүх л арга хэмжээ авна” гэж байлаа.
Ойлгомжгүй компаниуд олон. Тухайлбал, Баянжаргалан сумын нутгийн Хөөтийн нүүрсний ордод 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй Монголын Алт (МАК) ХХК юу ч хийдэггүй, газрын төлбөр ч төлдөггүй бол Баянжаргалан сумын нутагт 10559А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Номин-Орд” ХХК яг адилхан зугтаж байгаад тусгай зөвшөөрлөө “Литиуммайнинг” ХХК-д үйл ажиллагаа явуулахгүй, бас орон нутагтай харьцахгүй байх аргатайгаа хамт зарчихаад сураг алдарсан байна.
Өнөөгийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын 90 гаруй хувь нь Улаанбаатарт бүртгэлтэй учраас тэдний орлого, татвар тэг чигээрээ гадагшаа урсаж байгааг харгалзан аймгийн ИТХТ-ийн 2007 оны 70 дугаар тогтоолоор ашиглалт явуулдаг компаниудыг аймгийн татварын албанд бүртгэлтэй болгох тухай шаардлага тавьж, энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Бас нүүрснээс бусад ашигт малтмалын үнийг зах зээлийн ханшнаас доогуур тогтоож, жишээлбэл жонш гөлтгөний агуулга бага, эсвэл зардал өндөр зэрэг шалтгаанаар борлуулалтын гэрээг аль 5-10 жилийн өмнөх үнэлгээгээр хийдэг тул 2009 оноос эхлэн “Ашигт малтмалын тухай” хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д зааснаар үнийн зөрүүгээр акт тогтоон төлбөр тавихаар болсон байна.
Уул уурхайгаас мөнгө олохоосоо өмнө нутаг орноо авч үлдэх хэрэгтэй. Замбараагаа алдах шинж тэмдэг хэдийнэ илэрчээ. Ашиглалтын лицензтэй нь ямар ч уулын ажлын төлөвлөгөөгүй, хаа дуртай газраасаа сорчлон олборлох, хайгуулын тусгай зөвшөөрөлтөй нь хууль бусаар олборлолт явуулж, ачилт хийн, ухагдаж эвдэгдсэн газартаа нөхөн сэргээлт хийлгүйгээр орхин, бэлчээрийг их хэмжээгээр талхалж байна. Иймд аймгийн ИТХ-аас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл” олгохгүй байх түүх соёлын дурсгалт болон, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц сонин тогтоцтой газар, эмчилгээний шинж чанартай хэрэглэгддэг рашаан, хужир, эмийн ургамалтай газар, отрын нөөц соргог бэлчээр нутаг, тахилга шүтлэгтэй уул овоо бүхий 134 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан бол Баянжаргалан, Говь-Угтаал, Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган тусгай зөвшөөрөлтэйгээс бусад бүх газраа орон нутгийн хамгаалалтанд авч кадастрын албанд бүртгүүлж, хамгаалахыг оролдож байна.
Өнгөрсөн хавар аймгийн Засаг дарга өөрөө мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнийг дагуулан хөдөөгүүр явж шалгалт хийж Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өлзийт сумдын нутагт жонш, гөлтгөнө, алт ухаж байгаад орхисон 1-ээс 20 метрийн гүнтэй 158.2 га газрын эзэн холбогдогчийг нь тогтоож нөхөн сэргээлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад хандаад байна. Баянжаргалан сумын нутагт Тайхар-Орд ХХК 8 хэсэг газарт 49,6 мян.м3, Жоншт газар ХХК Баянжаргалан сумын нутагт 2 хэсэг 13,7 мян,м3, мөн Говь-Угтаал сумын нутагт 18-20 м гүнтэй 2 цооног, 4 хэсэг газарт 102.8 мян.м3 нүх үлдээж нөхөн сэргээлгүй орхисон байна. Шалгалтын дүнд 19 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон. Жоншны хайгуул хийхдээ өрөмдөхийн оронд нинжа шиг сэндийчдэг явдал цөөнгүй гарчээ. Дундговь аймаг ч гэсэн өөрийн газар нутгийн эрлэг болсон компаниудтай ажээ.
Одоо л цэгцэлж авахгүй бол хожимдоно. Ар араасаа олон уурхай нээгдэж улам их нутаг дэвсгэрт хөрс онгичиж, хүдэр ачсан машинууд нааш цааш сүлжилдэхийн хэрээр байдал улам хүндэрнэ. Эхний дохио урд хөршөөс иржээ. Оюутолгой, Тавантолгойн хүнд даацын автомашинууд Дундговь аймгийн нутгаар дайрч өнгөрөхдөө олон салаа зам гаргаж хөрс эвдэн бэлчээрийг ихээр талхлах болсноос Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид Таван толгойгоос нүүрс ачсан хүнд даацын машинууд сумын нутаг дээгүүр дайран өнгөрөх замын маршрутыг тогтоон хяналт тавьдаг болсон гэнэ.
Анзаарвал, тус аймгийн ашигт малтмалын томоохон орд газрууд ихэнхдээ зүүн ба урд талын Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумдын нутаг дэвсгэрт оршино. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Сайншандын төмөр замд Өмнөговийн ордуудаас ч ойрхон, тэр ч бүү хэл Оюутолгой, Таван толгой руу төмөр зам салаалбал дахиад л тэр зам дагуу байх болно. Гадна дотнын хөрөнгө оруулагчид үүнийг тооцоолж байгаа нь лавтай. Хэзээ нэгэн цагт Зүүн урд Дундговь тэр чигээрээ уул уурхайн бүс болж магадгүй. Үүнийг угтуулан дээрх сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр Чойр хүртэл хатуу хучилттай зам тавиулах асуудлыг ярьж эхэлсэн байна.
Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг нэг мэдэхэд нутгийнх нь тэн хагасыг лицензээр нэгэнт авчихаад энд тэндгүй ухаж төнхөж эхэлсэн уул уурхайн компаниудаа Төв, Өвөрхангай аймгууд шиг хяналтаас алдах уу, үгүй юу гэдэг салаа замын уулзварт ирчихээд байна.
Сэтгүүлч Д.Цэрэнжав